“Тоттенхэм” (Англи)-
“Ливерпуль” (Англи)-0:2 (0:1)
ГООЛ: Салах, 2 пенальти (0:1).
Ориги, 87 (0:2).
“ТОТТЕНХЭМ”: Ллорис, Триппьер, Алдервейрелд, Вертонген, Роуз, Алли (Ллоренте, 81), Уинкс (Лукас Моура, 66), Сиссоко (Дайер, 74), Эриксен, Сон Хюн Мин, Кэйн.
“ЛИВЕРПУЛЬ”: Алиссон, Александр-Арнолд, Матип, ван Дейк, Робертсон, Фабиньо, Хендерсон, Вайналдум (Милнер, 62), Салах, Роберту Фирмино (Ориги, 58), Мане (Гомес, 90).
ШҮҮГЧ: Скомина (Словен).
VI.I Мадрид. “Ваньда Метрополитано” цэнгэлдэх. 30 хэм. 63 272 үзэгч
2018-2019 оны улирлын “Аваргуудын лиг”- ийн хасагдах шатыг тус тэмцээний түүхэн дэх хамгийн шилдэг, бас дуулиантай нь гэж нэрлэж болно. Тиймээс шигшээ тулаан энэ бүхний оргил, хөлбөмбөг огт сонирхдоггүй хүмүүсийн хувьд ч олон жилийн дараа яригдахаар агуу тулаан болоосой гэж хүсэх хүн өчнөөн байсан биз ээ. Ялангуяа тоглолтын эхний минутад словен шүүгч “Ливерпуль”-ийн талд торгуулийн цохилт зааж, М.Салах эхний гоол оруулснаар эл хүсэл нь бодит байдал болох дөхөв.
Гэвч энэ нь зэрэглээ байжээ. Эхний хагасын төгсгөл хэрд Мадридын халуун агаарт тоглолт бүрэн унтаа байдалд шилжлээ. Хоёрдугаар хагаст тоглолт сэргэж, хурд нэмэгдсэн төдийгүй Алиссон хоёр удаа багаа аварсан хаалт хийсэн ч өмнөх шатуудтай харьцуулбал хэтэрхий уйтгартай тоглолт байлаа.
Магадгүй энэ бүхний шалтгаан нь “Тоттенхэм” байж болох юм. Хэн ялах, өвдөг шороодох нь бараг л тодорхой нөхцөлд ялагдах магадлалтай нь хэрхэн тоглохоос тухайн тулааны өрнөл, хувь заяа ихээхэн шалтгаалдаг. Тэд ямар нэг арга мэх зохиож, эсрэг багаа гайхашруулж чадах уу?
Харамсалтай нь “Тоттенхэм” тэгж чадсангүй. Тоглолтын хувь заяаг өөрчлөх боломжтой Кэйн, Эриксен, Алли нарын хувьд энэ удаад сайн тоглосонгүй. Цуцашгүй Соны хүчин зүтгэл багаа ялалтад хөтлөхөд дутлаа.
Мэдээж “Ливерпуль”-ийг шүүмжлэх хангалттай үндэслэл бий. Тэд эхний минутад гоол оруулснаас хойш үлдсэн 89 минутад тоглолтоо эрс өөрчилж, аль болох уйтгартай болгоход хамаг анхаарлаа хандуулав. Ийм агуу баг Европын хамгийн нэр хүндтэй цомыг ийм ичгэвтэр аргаар авах ёсгүй байлаа. Магадгүй ийм яриа тэднийг нэг хэсэгтээ дагах бололтой.
Гэвч үнэндээ “Ливерпуль”-ийг ойлгохоос өөр аргагүй. Сүүлийн жилүүдэд эл баг ямар олон шигшээ тулаанд ялагдав даа. Тийм болохоор Ю.Клоппын багийнхан зөвхөн ялахыг л хүссэн биз ээ. Яаж ялах нь тэдэнд чухал биш байлаа.
Нэг жилийн өмнө “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод ялагдсаны дараа Ю.Клопп финалд ахин шалгарч, түрүүлнэ гэж амласан. Тэрбээр хэлсэндээ хүрлээ. Одоо түүнд Премьер лигийн цом дутуу байна. “Ливерпуль” баг хамгийн сүүлд Английн аварга болсны 30 жилийн ой ирэх жил тохионо. Түүхэн ойгоор Ю.Клопп багтаа бэлэг барьж чадах болов уу? Герман дасгалжуулагч Премьер лигийн сүүлчийн тойргийн дараа өөртөө, багийнхандаа юу гэж амласан нь сонирхол татаж байна. Хэрэв тэрбээр нэг жилийн дараа аваргын цом авна гэж амласан бол Премьер лигийн шинэ улирлыг үзэх шалтгаан бас нэгээр нэмэгдэх нь гарцаагүй.
Ташрамд дурдахад, “Аваргуудын лиг”-т зургаа дахиа түрүүлсэн “Ливерпуль” клубийнхэн UEFA-ийн “Супер цом”-ын төлөө “Европа лиг”-ийн аварга “Челси”-тэй тоглох боллоо.
44 дэх удаагийн “Супер цом”-ын төлөөх тулаан ирэх наймдугаар сарын 14-нд Туркийн Истанбул хотын “Водафон Арена”-д эхэлнэ.
Н.Энх