Их хотын амьдралын амин чухал бүрэлдэхүүн хэсэг ногоон байгууламжийг арчилж, “сувилдаг” ногоон хантаазтануудын ажлын нэг өдөртэй танилцахдаа бүтэн өдөр амрах шиг болов. Өглөө хэрэндээ эртлэн цэцэрлэгчдийн ажлын байранд очлоо гэтэл оройтсон байв. Тэдний ажил 05:00 цагт эхэлдэг ажээ. Хотын хөдөлгөөн эхлэхээс өмнө, шороо, тоос багатайд ажлаа эхлэхэд бүтээмж өндөртэй байдаг бөгөөд өдрийг өөдрөг өнгөрөөж, орой бага алжааж гэртээ харьдаг аж.
Улаанбаатар хотын Цэцэрлэгжүүлэх трестийн уугуул алба хаагчдын нэг, өдгөө ногоон байгууламжийн арчилгаа, үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Охь мандал” компани байгуулан ажиллаж буй Жавзан захирлын нэр зааж өгснөөр ажилдаа хариуцлагатай, бусдадаа үлгэртэй цэцэрлэгч П.Цолмонгийн ажлын нэг өдрийг уншигчдадаа танилцуулж байна.
Тус компани нь Нийслэлийн Захирагчийн ажлын албатай гэрээтэй ажиллаж, хотын ногоон байгууламж өнгөтэй, өөдтэй байх, эсэхийг хариуцдаг байгууллагуудын нэг юм.
08.30 цаг. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Сансарын аюулгүйн тойрог буюу Эвтэй дөрвөн амьтны хөшөөтэй уулзварт “Охь мандал”-ын цэцэрлэгчид зогсоо чөлөөгүй ажиллана. Унаагаа хол зогсоогоод, тэдний ажлын талбарт хүрч очлоо. Гартаа багаж “зэвсэг” бариагүй хижээл насны хүн зааж зааварлаж байгаа нь инженер Энхболд ажээ. Гэнэн, бас тэнэг юм бодсоноо нуугаад яах вэ. Гудамжны мод, зүлэг янзлахад инженерийн хэрэг байдаг л юм байх даа гэсэн бодол зурсхийн орж ирсэн шүү. Цэцэрлэгчдийн ажлын нэг өдөртэй танилцсанаар ингэж бодсондоо ичсэн.
Сурвалжилгын гол баатар П.Цолмонтойгоо уулзлаа. Өдөржин гадаа ажилладаг гэхээргүй цэвэрхэн царайтай, нүдээрээ инээсэн бүсгүй юм. Шахуургатай хоолойгоор мод усалж байснаа түр амсхийлээ. Орчин тойрон чийгтэй, цэнгэг агаар сэнгэнээд, цээж дүүрэн нөөцлөөд авмаар. П.Цолмон ажлынхаа тухай ярихдаа өөриймсөг, манайхан, бид л гээд байх юм. Зүүн дөрвөн замаас хойш, Сансарын аюулгүйн тойрог хүртэлх ногоон байгууламж бүхий талбайг тус компани хоёр дахь жилдээ хариуцан ажиллаж байгаа аж. Тэднийг ирэхээс өмнө энэ хавийн цэцэрлэгийн моднууд налмайгаад уначихсан, зүлэг гэх юмгүй улаан шороо байсан гэнэ. Нийслэлийн захиргааны өмнө үүрэг хүлээсэн хамт олон засаж, сэлбэх, арчилж, сайжруулах ажлыг хуваарийн дагуу хийж эхэлснээр өнөөдөр хавь ойрынхны хараа булааж, сэтгэл татсаар байна.
Тэд хамгийн түрүүнд намхан хайлаас тарьжээ. Мөн өмнө нь байсан, хэвтээгээрээ ширэлдсэн моднуудыг янзалжээ. Хаяхыг нь хаяж, авахыг нь авсан гэнэ. Арчилж ургуулахаар авч үлдсэн моднуудаа тайрахыг нь тайрч, нөхөхийг нь нөхжээ. Мод, бутыг үхжиж эхэлсэн, ургах найдваргүйгээс нь чөлөөлөхгүй бол бусдадаа гай болдог гэнэ. Нэг доор, нэг өдөр тарьсан гэх атал нэг нь ногоороод, дэвжээд бараг л өөдөөс “инээмсэглэж” байхад, нөгөөх нь дөнгөж нахиалах төдий, арайхийж онд орсон мал шиг ядруу байгаагийн учир юу болохыг асуув.
П.Цолмон “Элдэв хортонд хамаг шим шүүсээ соруулаад, дөнгөж амьтай, голтой байсан мод нахиалахаар удаан байх шиг. Өвчтэй мод гэсэн үг юм даа. Ер нь бол иймэрхүү нарийн зүйлийг инженерээс асуугаарай. Бид түүний удирдамжаар ажилладаг улс. Хий гэснийг нь хийдэг, боль гэхээр нь больдог, тэр бүү хэл хэзээ тарахаа хэлүүлдэг “цэргүүд” шүү дээ” гэсэн юм.
П.Цолмон ажлаа түр зогсоон, ярилцаж байгаа нь энэ. Би яриандаа болоод манай хүн хэзээ мод хэлбэржүүлж эхэлснийг нь анзаарсангүй. Нэг мэдэх нь ээ, өндөр хайлаасны орой хэсэгт хайч нь гятлтганаж байсан. Түүнээс “Таны ажиллаж байгааг харахад үсчин санаанд орлоо. Ер нь төстэй юм биш үү” гэхэд “Хүмүүс яг тэгж хэлдэг. Заримдаа зам бөглөрсөн үед жолооч нар цонхоороо яриа өднө. “Эгч ээ, үс засаад өгөөч” гэнэ шүү дээ. Ер нь мод хэлбэржүүлэхэд хаагуур нь ч хамаагүй хайчлаад, тайраад байж болохгүй, ямар хэлбэр гаргахаас хамаараад ур, эв дүйтэй ханддаг” гэж байлаа. Жолоочийн хэлсэнчлэн ногоон байгууламжийн цэцэрлэгчин гэдэг бол мод, бутны “үсчин” л юм даа.
11.00 цаг. П.Цолмон “Бага үдэд бид тэнд харагдаж байгаа төмөр ногоон шонд тороос татах ажил хийх байх” гэж байсан ч, инженер зүлэг тариулах ажилд бүгдийг нь орууллаа. Өглөө Эвтэй дөрвөн амьтны хөшөөний тэнд байхад хоёр талаар сүнгэнэх машинуудын дуу чимээнд олигтой ярьж чадахгүй байсан болохоор энэ удаа инженерээс нь зөвшөөрөл авч гол баатартайгаа зайдуухан суугаад ярьсан юм. Гол нь цэцэрлэгчийн ажил амьдралын талаар сонирхож байлаа.
Цалин чамлахааргүй. Илүү цаг боддог. Цалингаараа оюутан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг гэнэ. Тэрбээр Архангай аймгийн Өгий нуур сумд дунд сургуулийн наймдугаар анги төгсжээ. Нөхөрт гарч, олны дунд амьдрахаар 1999 онд Улаанбаатарт ирсэн бөгөөд хэдийгээр дөрвөн хүүхэдтэй болсон ч, таарч тохирохгүй болохоор нь нөхрөөсөө салсан гэж байлаа. Хотод ирмэгцээ л мод, зүлэг арчилдаг цэцэрлэгч болсон, өнөө хүртэл нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсээр яваа юм байна.
“Манай ажил гоё. Агаар, хүчилтөрөгч сайн гэж үнэн байх, ажил ихтэй байсан ч ядрах нь бага байдаг” гэх зэргээр ярианы чигийг өөрчлөх гээд байхаар нь хувийн амьдралынх нь тухай үүнээс илүү асуухыг хүссэнгүй. Ууган болон удаах охин нь хоёул нөхөрт гарч, тусдаа айл болсон аж. Хүргэд нь Булган аймгийн Дашинчилэн сумынхан. Охид ээжийгээ таван зээтэй болгожээ.
12.30 цаг. Үдийн хоолны цаг боллоо. Болзсон ёсоор Зүүн дөрвөн замын уулзварын зүүхэн талд байх ажилчдын амралтын өрөөнд очлоо. Өглөө ажилд гарахын өмнө, орой тараад хувцсаа сольдог, өдөр нь хоол идэж, шаардлагатай бол хэн нь ч гэсэн түр амарч, алжаал тайлдаг энэ жижигхэн өрөө цэцэрлэгчдийн хоёр дахь гэр ажээ. Тогооч Энхтуяа энэ удаа төлөвлөсөн ёсоор гоймонтой шөл хийсэн байв.
Ургах нартай уралдан босож, ажилдаа шуурхайлсан нөхдөд том том аягаар өгөхөд, бүгд амтархан идэв. Хоолны чанар ямар байгааг асуухад “Манай тогооч туршлагатай. Дандаа гоё хоол хийдэг юм. Хэзээ ямар хоол идмээр байгааг биднээс асуудаг. Ер нь ажлын дараа идсэн хоол бүхэн амттай байдаг даа” гэж гол баатар маань хэлэв. Хоолны дараа цаг гардаг тул хөзөр тоглож, шатар нүүдэг юм байна.
Цэцэрлэгчид өглөө эртлэн ирээд орой 20.00, 21.00 цаг хүртэл ажилладаг. Шаардлагатай бол 22.00 хүргээд гэртээ харьдаг ажээ. Хэдэн цагт ч харьсан өглөө босдог цагаасаа хоцрохгүй.
15.00 цаг. Цэцэрлэгчид Сансарын туннелийн зүүн талын автобусны буудал орчимд зүлэг тарих ажлаа үргэлжлүүлэн хийлээ. Газрыг сайтар тэгшилж, чийглэж бэлтгэсэн бөгөөд ерхөг, согооврын үрийг улингийнхтай (бас нэгэн төрлийн ногоон, гялтганасан өвс) хольж цацав. П.Цолмон “Бид янз бүрийн ажил хийнэ ээ. Ногоон шон гэж түрүүн заагаад байсан, төмөр тороос татах шонг ч бид суулгасан. Заримдаа эрчүүд л барах ажлыг бүсгүйчүүд аялуулна шүү дээ” гээд инээж байлаа. Өнөөдөр цацсан үрийг сайн услаад өгвөл долоо хоногт зүлэг ургах гэнэ. Манай гол баатар “Хятадаас оруулж ирдэг, эмзэг биш, жинхэнэ монгол зүлэг ургана” гэж хэлсэн. Манай уншигчид санаж байгаад, тэр хавиар явбал анзаарч харах нь лавтай.
Зүлэгний үрлэгээ хийхийг харж зогсох зууртаа амжуулаад тэнд хэн хэн ажиллаж байгааг бүртгээдхэв. Хамгийн залуу нь “Охь мандал” компанид цэцэрлэгчнээр ажилд ороод гурван сар болж буй Л.Цэцэгсүрэн. Тэрбээр ажилдаа дуртай, ядардаггүй, ажлынхан нь эв найрамдалтай гэж байлаа. 17 настайгаасаа эхлэн 10 гаруй жил цэцэрлэгчнээр ажиллаж буй И.Одонтуяа гэж бүсгүй байна. Б.Алтантогоо мөн 10 гаруй жил зүлэг ногоо, мод, бут арчлах ажил хийж буй. “Тэтгэвэр тогтоолгосон ч ажлаа үргэлжүүлэн хийнэ, эндээс хөөтөл нь байна” гэх Л.Бямбасүрэн гуайтай танилцлаа. А.Ганчимэг гэж залуу бүсгүй энэ хамт олонтой нэгдээд удаагүй байгаа. Д.Аюурзана бас 10 гаруй жил ажиллаж байгаа аж. Хүмүүсийн нэрийг бичиж дуусаад байтал нэг нь “Даваа хаа байна аа” гээд хайгаад байлаа. Тэгснээ “Өө, тэнд элс хүрздээд зогсож байна. Хоцрох нь байна шүү дээ” гээд дуудаж ирүүлэн нэрийг бичүүлэх нь амь нэгтэйн шинж буй за.
17.00 цаг. Цэцэрлэгчид үрлэгээ хийж байхад инженер Энхболд ирсэн юм. “Цэргүүд” нь түүнийг сайн дарга, “Алтан гадас” одонтой гэх зэргээр магтсан. Энэ удаа гол баатартай тулж ажиллаж байгаа тул удирдагчаас нь түүний тухай л асуулаа. “П.Цолмон манай сайн ажилчдын нэг. Ажлыг хийсэн шиг хийх сэтгэлтэй хүмүүс байдаг даа, тэдний л нэг. Гүйцэтгэл сайтай, хамт олондоо эерэг нөлөөтэй, залууст зааж, зааварлана. Тийм ч болохоор нь хамгийн залуу цэцэрлэгч Л.Цэцэгсүрэнг шавь оруулсан юм. Тэр хоёрыг ажилд дандаа хамт хуваарилан гаргаж байгаа. Уг нь болж өгвөл ажлаа 04.00 цагаас эхэлбэл сайн байгаа юм. Өглөө эрт эхэлсэн ажил өөдрөг, үр дүнтэй өндөрлөдөг” хэмээн тэрбээр өгүүлсэн. Түүнд “Танай П.Цолмон заримдаа ажлаа зүүдэлдэг гэж байна лээ” гэхэд “Тэгнэ, тэгнэ. Ер нь бид бүгд л нэг мод, бут, сөөгний төлөө гэх сэтгэлээр ажилладаг улс” гэсэн.
Энхболд инженер Сэлэнгэ аймийн Алтанбулаг суман дахь Хөдөө аж ахуйн ойн техникумд суралцаж төгссөн, ногоон байгууламжийн чиглэлд 41 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны харьяа Хот тохижилт, цэцэрлэгжүүлэх трестээс ажлын гараагаа эхэлсэн тэрбээр тэтгэвэрт гараад байхад нь “Охь мандал” компанийн захирал, мөн ногоон байгууламжийн мэргэжилтэн Жавзан байгууллагадаа инженерээр ажиллахыг урьсан байна.
21.00 цаг. Утас дуугарав. Цэцэрлэгчин П.Цолмон ярьж байна. Тэрбээр ажлаас бууж байгаа тухайгаа мэдээллээ. Цэцэрлэгчдийн ажиллаж буй талбайг 18.00 цагт орхиж явахдаа түүнд “Ажлаас буух хүртэлх хугацаанд шинэ, содон үйл явдал болбол хэлээрэй, ажлаас хэдэн цагт бууснаа мэдэгдээрэй” гэсний дагуу ийнхүү залгажээ. Хариуцлага гэж энэ ажгуу.