-Хөхөлцөгийн говь устаж байна-
Өнгөрсөн онд Монгол Улс 34.6 сая тонн нүүрс экспортолсны 90.2 хувийг Өмнөговь аймгийн нутаг дахь ордуудаас олборлон гаргажээ. Тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг. Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайт зэрэг стратегийн ордууд тус аймгийн нутагт бий. Бахархмаар байгаа биз.
Гэвч хөрсөн доороо асар их баялагтай нутагт төрснийхөө төлөөсөнд амьдрах, аж төрөх орчноо сүйтгүүлж, өдрөөс өдөрт шахагдан буй говийнхонд дээрх тоон мэдээ баярлаж, бахархах зүйл биш болжээ. Өмнөговь аймгийн баруун сумд, Алтан өвөр говийн сав газар, Тост, Тосон бумбын нутгаар явахдаа уул уурхай говь нутгийнханд хэрхэн нөлөөлж буй, тулгамдаж байгаа нийтлэг асуудлыг өөрийн харсан өнцгөөс буулгаснаа хүргэе.
ГОВИЙНХОН УУХ УСГҮЙ ХАРАНГАДАЖ, БУУХ НУТАГГҮЙ ЦАГААЧЛАХААС АЙЖ БАЙНА
Говь нутагт уул уурхайтай холбоотой үүсээд буй асуудлуудыг эрэмбэлэхэд хамгийн хурцаар тавигдаж буй нь усных гэсэн дүн гарчээ. “Хар ус харамладаггүй”, “Усыг хайран гэж хэлдэггүй” хэмээн цамаархдаг хангайнхны дэргэд говийнхон “Ус чандмань эрдэнэ” гэдгийг эд, эс бүхнээрээ мэдэрдэг. Жилдээ тоотойхон шивэрдэг борооны дусалд магнайгаа хагартал баярлаж, хэдэн арван км туулж байж тааралдах худаг, өдрийн од шиг ховорхон булаг, шанд, баянбүрдээ аминаасаа илүү хайрладаг тэд нүүрсний уурхайн ёроолд цөөрөм үүсгэн тогтсон шүүрлийн ус, тусгай зөвшөөрлийн талбайд багтаж, ухагдсан булаг, нүүрс угаах үйлдвэрийн ашиглаж буй гүний усны төлөө чин сэтгэлээсээ харамсдаг юм билээ.
Хотод суугаа эрхтэн дархтан, их мэдэгчид нэмүү өгтөг бий болгох нь ямар ашигтай тухай цэцэрхэж, нүүрс угаах үйлдвэр барьсан компанийн гавьяаг магтан дуулж байхуйд говийнхон балга усныхаа төлөө элэг нь эмтэрч, гол нь харлаж суудаг аж. “Ингэж ихээр байгаль орчноо сүйтгэн байж нэмүү өртөг бүтээх шаардлага байна уу” хэмээн эргэлздэг олон хүний нэг нь Гурвантэс сумын тавдугаар багийн иргэн Д.Цэндээхүү. Тэрбээр “Манай нутагт 2004 оноос уул уурхай эрчимжсэн.
Үүнээс хойш Нарийн сухайтын шанд, Дов, Хэлтгий малгайт, Хөх дов, Хөх толгой, Хуруун хайрхан, Суварга, Балгант, Энгэрийн дэрс, Ухаагийн худаг, Баруун, зүүн Хөв, Хаяа гээд маш олон гол, горхи үгүй боллоо. 15 жилийн дотор 20 гаруй гол, горхи ширгэнэ гэдэг харамсмаар байгаа биз. Уул уурхайнхан бол байгалийн хуурайшилтаас болсон гэж тайлбарладаг. Үгүй шүү дээ. Говь өнөөгийн өнгө төрхөө олоод хэдэн мянган жил болж байгаа юм, тэр хугацаандаа ийм л хуурай байсан. Өвөг дээдэс минь хэдэн үеэрээ нутаглахад гол, горхи нь хатаж ширгээгүй өнөөг хүрсэн. Гэтэл 15-хан жилийн дотор, манай энэ хавьд л гэхэд 20 гаруй гол, горхи нүдэн дээр үгүй боллоо. Ийм хурдтайгаар усгүй болбол удахгүй энд амьдрал үгүй болно.
Уул уурхайн нөлөөлөл 5-10 км гэж компанийнхан хэлдэг. Нутгийн бидэнд бол 30-40 км-т нөлөөлж буй нь харагдаж байна. Хөхөлцөгийн говьд хулан, зээр битүү бэлчдэг, машинтай явж байгаад зогсож зам гаргахаас аргагүй болдог байлаа. Одоо ганц ч гөрөөс харагдахаа больсон. Бэлчээр, усгүйгээс ан амьтан дайжиж одсоныг уул уурхайн нөлөөлөл гэхгүй юу гэх вэ. Хөхөлцөгийн говь минь устаж байна” хэмээн халаглаж байлаа.
Гурвантэс сумын Тост багийн иргэн Ч.Цогтбаатар “Манай суманд “Саусгоби сэндс” МАК, “Өсөх зоос” гэсэн гурван уурхай нүүрс угаах үйлдвэр барьсан. Тэд тооцоо судалгаагаа хангалттай сайн хийж, энэ нутгийн байгаль экологи, хүн зон, мал амьтны эрхийг хөндөхгүй, ээлтэй байх талаас нь бодолцсон, эсэхэд эргэлзэж байна. Говьд нүүрс угаах үйлдвэр ийм ойрхон, ийм олон ажиллуулахад хүрэлцэх усны нөөц байгаа гэж үү. Өнгөрсөн жил Ерөнхий сайд өмнөд хөршид айлчлаад “газраар” буцаж, ирэхдээ манай аймгаар дайрсан.
Монголын говь сарны гадаргуу шиг амьдралгүй болоход ойрхон байна. Гурвантэс. 2019.05.27
Тэгэхэд нь гурвантэсийнхэн бөөнөөрөө очин, гүний усаа ашиглуулахгүй гэдгээ хэлж, учир зовлонгоо ярьсан. Үүний дагуу УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар манай сумд ирсэн ч уурхайн талд шийдвэр гаргаад буцсан нь харамсалтай. Энэ олон уурхай, нүүрс угаах үйлдвэрийн нөлөөгөөр нутаг минь усгүй цөл болж, ухсан нүх, овоолсон шороо үлдвэл эзэд нь хаачих вэ. Энд нутагладаг малчдын үр удам нутаггүй болж, байнга хөөгдөж, туугдаж амьдрах уу. Компанийнхан баялгийг нь ухаж аваад явна, бид үлдэнэ шүү дээ.
Монгол Улсад монгол хүн эзэн нь биш мэт боллоо. Монгол Улсын өмнөд хилийг хамгаалдаг Овоотын отрядын Хөвдийн заставын газрыг хүртэл “Саусгоби коэл транс” компанид лиценз болгоод өгчихсөн. Ийм нөхцөлд улс орны аюулгүй байдал гэж ярих хэрэг байна уу. Энэ улсад төр, засаг гэж байна уу” гэсэн асуултыг манай сониноор дамжуулан эрх мэдэлтнүүдэд дайсан. Говийнхон уух усгүй болж харангадахаас, буух нутаггүй болж цагаачлахаас айж байна.
ГОВИЙГ ТАМ БОЛГОЖ БУЙ НҮҮРСЧДИЙН ЗАМ
Говийнхныг говь шигээ амгалан, тайван улс гэдэг. Гэвч хүн, байгаль, ан амьтан, мал ахуйд ээлгүй, хариуцлагагүй уул уурхай говийн ч, говийнхны ч тайван байдлыг нэг мөсөн үгүй хийжээ. Явуулын хүн ирвэл цайлаад яваг хэмээн хаалгаа цуургагүй орхидог говийнхон өдгөө бэлчээрийн хэрүүл хийж, нэгнээ хажигладаг болж. Гурвантэс сумын таван багийн гурав нь уул уурхайд эзлэгдсэн учраас бэлчээр хомстож, малчдын хооронд нутаг ус булаацалдсан хэрүүл тэмцэл тасрахаа больсон талаар нутгийн иргэд хэлж байв.
Уул уурхайгаас болоод малчид манай, танай тал болж, цусгүй дайн өрнүүлэх дээрээ тулсан байна. Уурхайн ашиглалтын талбайд өвөлжөө бууц нь орсон, тухайн компаниас нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн төлбөр нэртэй ч ам хамхих зорилготой хэдэн төгрөг аваад газраа чөлөөлсөн айлууд үүнийхээ төлөө нутгийнхандаа адлагдаж, гишгэх газаргүй болж эхэлжээ. Мөнгө авч, нутагтаа уурхай эхлэхийг зөвшөөрсөн айлуудыг бусад нь “Нутгаа худалдсан” хэмээн гадуурхаж, ойр хавиасаа хөөж туудаг гэнэ.
Нутгийн иргэд тэдний тухай “Сайндаа л хоёр жил болоод дуусах мөнгөнөөс болж юу хийснээ өөрсдөө ойлгосон байлгүй. Малаа маллаад нутагтаа байвал бүх насаараа, хэдэн үеэрээ нүүр бардам амьдарна шүү дээ. Хэдэн халтар цааснаас нутгаа худалдсан хүмүүс одоо нутаггүй хөөгдөж явахаас яах вэ” хэмээн тавлаж байв.
Харин нутгаа худалдсан гэсэн зэм сонсож, айл айлын хаяанаас хөөгдөж, туугдан өдөр хоногийг өнгөрөөж яваа хэсэг нь “Малчдад хуулийн мэдлэг, зөвлөгөө хэрэгтэй байна. Мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болоод хэдэн цаасны сураг дуулаад хууртсан тал бий. Бид тэр мөнгийг авсан ч, эс авсан ч өвөлжөө бууцыг маань ухах л байсан. Нэгэнт тусгай зөвшөөрөл гээд өгчихсөн газрыг бид яаж ч хамгаалж чадахгүй” гэж учирласан.
Нүүрсний уурхайнуудын хэдэн арван км үргэлжилдэг, нүсэр том тусгай зөвшөөрлийн талбайгаас гадна олборлосон нүүрсээ хил рүү зөөх тээврийн зам нь бэлчээр нутаг сүйтгэх гол дайсан аж. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгойн ордод “Оюутолгой”, Цогтцэций сумын нутаг дэх Тавантолгойн бүлэг ордод “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Тавантолгой”, Гурвантэс сумын нутагт байдаг Нарийнсухайтын ордод МАК, “Чинхуа МАК”, “Өсөх зоос”, “Саусгоби сэндс” компани үйл ажиллагаа явуулж байна. Стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй дээрх компаниудаас гадна Гурвантэс суманд “Саусгоби коэл транс”, “Жавхлант орд”, Ноён сумын нутагт “Терра энержи” зэрэг томоохон уурхай тогтмол ажиллаж буй. Тэдний олонх нь шороон замаар нүүрсээ зөөдөг.
Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолоор нүүрс тээврийн замыг тусгай зориулалтын гэх ангилалд оруулсан бөгөөд уг тогтоолын 2.3-т “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг холбогдох стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу хатуу хучилттай барина” гэж заасан. Түүнчлэн тусгай зориулалтын замын ангилал, чиглэлийг төрийн захиргааны төв байгууллага ЗТХЯ тогтоох ёстой.
Нүүрс тээвэр байгаль экологи, ан амьтан, бэлчээр, ургамалд аюул учруулж буйг иргэд олон жил учирлаж, үглэсний хүчинд төр засаг ийм шийдвэр гаргасан хэрэг. Гэвч олон жил шаардуулж байж гарсан уг шийдвэр хэрэгжтэлээ бас л удахаар шинжтэй. Шороон замаар нүүрс тээвэрлэж буй компаниуд дуртай газраараа зам гаргаж, том оврын, хүнд даацын машинууд нь тоос бужигнуулан давхилддаг хэвээрээ, Засгийн газрын тогтоолыг яагаад хэрэгжүүлэхгүй байгааг нь лавлахад “Хатуу хучилттай зам барих төлөвлөгөө бий” гэсэн үгээр ам таглаад сууж байна.
Тостын нурууны өвөр бэлд хэл амтайхан олборлолтоо эхлүүлээд буй “Саусгоби коэл транс” компани л гэхэд нүүрс тээврийн замын трасс тогтоолгоогүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, орон нутгаас зөвшөөрөл аваагүй гэх мэтийн олон зөрчилтэйгөөр шороон замаар нүүрс тээвэрлэж буй аж. Шороон замаар нүүрс тээвэрлэж, Засгийн газрын шийдвэрийг зөрчиж буй компаниуд “Тэднийх ингэж байхад манайх яагаад болохгүй гэж” хэмээн бие биетэйгээ барьцсаар суугааг нь харахад хатуу хучилттай зам тавих талаар төлөвлөж буйд нь ч эргэлзмээр. Тэднийг ингэж суух хооронд Монголын говь үхмэл, амьгүй цөл болох эхлэл аль хэдийн тавигдсан байдаг шүү.
Улсын хэмжээнд зам, замын трасстай холбоотой асуудал замбараагүй явж ирсэн. Хэн дуртай нь хүссэнээрээ газрын хөрс эвдэн зам гаргаж давхидаг байдлыг цэгцлэх цаг нь болсоныг говийн хөрсний эвдрэл, доройтол, тоосжилт харуулж буй. Гэтэл Засгийн газар гаргасан шийдвэрээ ажил хэрэг болгоход анхаарал тавих бүү хэл өөрсдөө 379 дүгээр тогтоолоо зөрчин, Тавантолгойгоос Улаанбаатар хот руу утаагүй түлш нийлүүлэхдээ Цогтцэцийгээс засмал зам руу нийлтэл 59.6 км шороон замаар явж байгаа юм билээ.
Төр, засаг энэ мэтээр бодлого шийдвэрийнхээ эсрэг ажилладаггүй байхыг, хөл толгойгүй олгосон лицензийг цэгцэлнэ гэсэн амлалтаа хэрэгжүүлж, хариуцлагагүй уул уурхайг хазаарлахыг, шинэ уурхай нээж газар нутгаа сэглэхээс илүүтэй нэгэнт эхлүүлсэн, улсын эдийн засагт нөлөөтэй томоохон ордуудаа үр өгөөжтэй ашиглах, хяналт, хариуцлагыг нь дээшлүүлэхэд анхаарахыг өмнийн говийнхон чин сэтгэлээсээ хүсэж буйг сурвалжилгынхаа төсгөлд уламжилъя.