“Шинэчлэлийн эринд амьдраарай,чи!” гэх нь хятадуудын хувьд хамгийн аймшигтай хараал аж. Харин эл хараал Оросын эзэнт гүрний хамгийн сүүлчийн хаан II Николайд хүрсэн гэлтэй. Тэрбээр баруун хязгаарт нь нар мандаж байхад эсрэг үзүүрт нь шөнө болж байдаг агуу том гүрнээ түүхэн асар их өөрчлөлтийн үед захирах тавилантай байжээ. ХХ зууны эхэнд Орос оронд дэгдсэн хоёр дайн, хоёр хувьсгал эзэнт гүрнээ, эзэн хаантай нь устгасан билээ.
Хоёрдугаар Николай буюу Николай Александрович Романов 1868 оны тавдугаар сарын 16-нд Хааны тосгонд төржээ. Тэрбээр гуравдугаар Александр хааны ууган хүү болж төрсөн учир түүнийг анхнаасаа нь л дээдсийн гэгээнтэн хаан гэдэг байв. Оросын хаан ширээг залгамжлагчдын уламжлалт ёсоор II Николай боловсролыг гэрээрээ олсон байна. Ханхүүд тухайн үеийн агуу сэтгэгчид болох Сангийн яамны сайд Н.К.Бунге, түүхч В.И.Ключевский, Гадаад хэргийн сайд Н.К. Гирс, хөгжмийн зохиолч, цэргийн инженер Ц.А.Кюи, ерөнхий прокурор К.П Победоносцев нар онцгойлон бэлдсэн программын дагуу хичээл заадаг байжээ. Мөн цэргийн боловсрол заавал ч үгүй үзэх эрдмийн нэг байв. Цэргийн хичээлдээ II Николай хамгийн их дуртай байсан гэдэг. Энэ мэдлэг хожим ханхүүд маш хэрэг болсон билээ. Ханхүүг насанд хүрэхэд нь гадаад улсаар аялуулах нь зөв гэж хаан эзэн үзсэн тул II Николайн дэлхийг тойрох аялал эхэлсэн аж. Хэрэв Их Наран улсад нэгэн зүйл тохиолдоогүй бол Оросын ирээдүйн хаан дэлхийг тойрох нь дамжиггүй байсан биз. Японы үзэсгэлэнт хотуудын нэг болох Оцу хотоор зугаалж байх үеэр ханхүү Николай руу нэгэн самурай сэлэмтэй дайрчээ. Ханхүү толгойгоо холдуулж амжсан тулдаа сэлэм духыг нь шалбалаад өнгөрчээ. Ханхүүг дагалдаж явсан бараа бологчид бүгд сандран яах учраа олохгүй мэгдэж байх хооронд хоёрдугаар Николайн үеэл болох Грекийн ханхүү Георг нөгөөх самурайг таягаараа цохиж унагаан Оросын ирээдүйн эзэн хааныг аварсан байна. Үүгээр ханхүү Николайн дэлхийг тойрох аялал дууссан аж.
1894 оны аравдугаар сарын 20-нд Ливадад гуравдугаар Александр таалал төгсөж Оросын эзэн хаанаар II Николай тодров. Эцгийгээ нас барснаас хэдхэн хоногийн дараа шинэ эзэн хаан Гессен-Дармштадтын гүнж Алиса Елена Луиза Беатрисатай гэрлэжээ. Тухайн цаг үеийнхний үгээр бол энэхүү гэрлэлт хайр хүндэтгэлээр дүүрэн гэр бүлийг бий болгосон ч улс төрийн хувьд оновчгүй холбоо байжээ. Хаан ширээнд гарсан даруйдаа II Николай өөрийн хамаатан, төрөл төрөгсдийн зүгээс дарамт шахалтыг мэдрэх болжээ. 26 настай эзэн хаан тухайн үедээ ч их залуу хаанд тооцогдож байв.Тиймээс залуу хаанд их гүрнийг удирдах цохих бэлтгэл, туршлага дутагдаж байв. Үүнээс гадна залуу хаан мэргэ төлгийг хэт их сонирхдог байжээ. Тэр бүү хэл зарим чухал шийдвэр, алхмыг логик ухаанаар биш харин мухар шүшгийн үүднээс гаргадаг байсан гэдэг. Ийм хоцрогдсон арга барил ХХ зууны эхэнд шүүмжлэлд өртөх нь мэдээж. Хувь хүн ямар бодол санаатай байна хувь заяа түүнд тэр чинээний гэнэтийн бэлэг бэлдэнэ гэдэг нэг мэргэн үг байдаг.
Ханхүү Николай, гүнж Алиса
II Николайн хаанчлал нэгэн цуст үйл явдлаар эхэлсэн гэж болно. 1896 оны тавдугаар сарын 14-нд Москва хотын Успенскийн сүмд хоёрдугаар Николай Орос гүрнийг захирах бурхны зарлигийг хүлээж авах ариун ёслол болжээ. Эл үйл явдлыг тохиолдуулан хаан ард түмнээ үнэгүй идээ будаагаар дайлж, хишиг хүртээдэг заншилтай аж. Уг арга хэмжээг 17-ны өдөр Ходынкийн талбай дээр зохион байгуулав. Хааны хишгийг хүртээх цэгүүдийг хооронд нь зайгүй шахам байрлуулсан жижиг орон зайд хэт олон хүн цугларсны улмаас шахцалдаан үүсэж 1000 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуу хүн гэмтэл бэртэл авчээ. Ер нь арван долоогийн тоо Оросын эзэн хааны хувьд золгүй тоо байх болно.1917 оны хоёрдугаар сарын хувьсгал Николай Романоваг хаан ширээнээс зайлуулах бол, 17-ны өдөр түүнийг гэр бүлийнх нь хамтаар буудан хороох болно.
II Николайн хаан ширээнд залрах ёслол
Дараагийн эмгэнэлт ядал бол 1904 онд Орос гүрэн Японтой дайтсан явдал байлаа. Эл дайнд цэрэг зэвсгийн хувьд Японы тал илүү хохирол амссан ч Орос орон Алс Дорнод байрлуулсан хяналтаа бүрэн алдаж гутамшигтайгаар хожигдсон билээ. Оросын эл ялагдал дотооддоо үймээн самуун гарахад их нөлөөлсөн гэж түүхчид үздэг. Сэхээтний давхаргаас эхэлсэн улс төржилт яваандаа ажилчин ангийн тэмцэл болон хувирав. Шил шилээ даран гарах болсон үйлдвэрийн ажилчдын ажил хаялт 1905 оны цуст ням гаригийн үйл явдал болоход нөлөөлжээ. Нэгдүгээр сарын 9-ны ням гаригт 800 гаруй мянган ажилчид эзэн хааныхаа болон бурхдын хөргийг барин Санкт-Петерургийн гудамжаар жагсан Өвлийн ордныг чиглэжээ. Тэд хаанд ажилчин ангийн амьдралыг дээшлүүлэх, хүнд хөсөр ажлыг нимгэлэхийг шаардсан айлтгал бичиг барихаар явж байгаа аж. Жагсагчдыг лам Георгий Гапон гэгч толгойлж явлаа. Түүхчдийн бичсэнээр бол Нууц цагдаагийн алба уг жагсаал энхийн хэлбэртэй явагдана гэдгийг маш сайн мэдэж байсан хирнээ большевик хувьсгалчид үймээн самуун гаргаж, Өвлийн ордон руу дайрах оролдлого хийж магадгүй гэсэн цуу яриа дэгдээжээ. Ингээд энхийн жагсагчид руу гал нээснээр хэдэн зуун хүн нас барьж оросын ард түмэн эзэн хаандаа итгэл алдарчээ. Эл өдрийг “цуст ням гариг” хэмээн нэрлэгдэж II Николай ард түмний дунд “цуст Николай” гэгдэх болж. Энд дурдахад жагсагчдыг уриалан дуудсан Георгий Гапон гэгч цагдаагийн нууц мэдээлэгч байсан гэдэг баримт байдаг нь өөрийн эрхгүй сонирхол татана.
Хааны гэр бүл
Жагсаал болохоос хоёр хоногийн өмнө Хааны тосгон руу явсан эзэн хаан болсон үйл явдлын талаар худал хуурмаг мэдээлэл авчээ. Юу болоод өнгөрснийг хаан бүрэн ойлгоо ч үгүй аж. Тэрбээр өдрийн тэмдэглэлдээ “Хүнд өдөр байна. Петербургад ажилчид Өвлийн ордон руу дайрч орох гэж сүрхий үймээн дэгдээжээ. Цэргийнхэн буудахаас аргагүйд хүрсэн байна. Хотын гудамжаар буудалцаа болж хэдэн арван хүн амиа алджээ. Бурхан минь, ямар харамсалтай бас хэцүү юм бэ!” гэж бичсэн аж.Тэр жилийнхээ аравдугаар сард II Николай хаан Улсын дотоод дэг журмыг нарийн болгох тухай тунхагт гарын үсэг зуржээ. Уг тунхаг үндсэндээ эзэн хааны хэмжээлшгүй эрх мэдлийг хязгаарласан баримт байлаа. II Николай өөрийн эрх мэдэл бас үүргээ Төрийн Думтай хуваалцсанаар улс эх орныхоо эмх замбараагүй байдлыг эцэслэнэ хэмээн найджээ. Түүхчид энэ үйл явдлыг 1905 оны хувьсгал гэж тодорхойлдог. Энэ хувьсгал эзэн хааныг улс төрөөс аажмаар шахаж эхэлжээ. Ерөнхий сайд Столыпины зуслан дээр болсон дэлбэрэлтээс хойш Николай хааныг аюулгүй байдлын нэрээр Петергоф дахь шилтгээнд нь бараг хорионд оруулсан байна.
Хаан ширээнээсээ огцорсны дараа
Хаант Оросын түүхэнд ард түмэн, албат хамжлага бүгд эзэн хаанаасаа эмээдэг байсан бол II Николайс хэн ч айдаггүй байж. Тухайн үед Орост сууж байсан Францын элчин сайд Морис Палеолог “Хоёрдугаар Николай хаан огт гэмгүй хүн. Гагцхүү түүнд ганц дутагдал бий. Харамсалтай тэр хувь хүн биш аж” хэмээн дурссан байдаг. Үнэхээр II Николай хаан хүний хувьд хэтэрхий зөөлөн бас захирангуй бус хүн байжээ. Тэр дутагдлыг олон хүмүүс овжиноор ашигладаг байв. Тэр дундаа зөнч, анагаагч гэж алдаршсан Грегори Распутин гэгч II Николай болон түүний гэр бүлийнхэнд ихээхэн нөлөөтэй хүн байв. Сүүл рүүгээ төрийн сайд, түшмэдүүдийн албан томилгоонд хүртэл түүний санал нөлөөлдөг болсон аж. Дээрээс нь Распутины садар самуун эрүүл бус амьдралын хэв маяг хаан болон түүнийг гэр бүлийн нэр хүндийг унагахад ихээхэн нэрмээс болжээ. Түүнийг устгах нь Романовын овгийг аврах цорын ганц боломж гэж эл овгийн бусад гишүүд үздэг болов. Ингээд Юсупов вангийнд уригдсан Распутиныг тэнд нь хороожээ. Распутин алуулахаа мэдэж байв. Тэрбээр хатан хаанаар дамжуулан II Николайд “Оросын хаан, чи мэдэж ав. Хэрэв намайг танай төрөл төрөгсөд алах юм бол танай гэр бүлийн гишүүдээс нэг ч хүн хоёр жилээс илүү амьд явахгүй. Тэднийг оросын ард түмэн ална. Би бол хэдийнээ үгүй болсон. Залбир. Хатуу чанга бай” гэсэн аймшигтай гэрээс үлдээжээ. Распутиныг хааны төрөл төрөгсөд алж, аймшигт гэрээс биеллээ олсон юм. Харин эл өдрөөс эхлэн Орос оронд нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд хэн нэгнийг алах нь жирийн үзэгдэл болно.
II Николай Тобольск хотод охидын хамь
1914 онд Дэлхийн I дайн эхэлж Орос орон Балкан дахь ганц гарц болох Сербийг дэмжсэнээр хэдэн арван сая хүний амийг авч одсон энэхүү утгагүй дайнд татагдан орж Германтай дайтах болсон билээ. Дайны эхний жил II Николай цэрэг армиа авга ахаараа удирдуулсан боловч Оросын арми ар араасаа ялагдал хүлээх болжээ. 1915 онд эзэн хаан өөрөө цэргээ удирдах болов. Тэрбээр цэргийн хүн байсан. Түүний өвөг цэрэг, эцэг ч цэрэг байсан. Энд түүний цэргийн эрдэмд сайн суралцсан нь хэрэг болсон юм. Оросын арми давшилтад орж, алдсан газар нутгаа эргүүлэн авч, эзэн хааны дэргэд цэргүүд ч урам зориг оров. 1917 он гэхэд Оросын арми 8 сая цэрэгтэй, зэвсэг техникийн хувьд өндөр төвшинд байлаа. Орос энэ дайнд ялах нь гарцаагүй байж. Гэтэл дотоодын үймээн самуун газар авч хаан Петроград руу буцах болжээ.1917 оны хоёрдугаар сарын 23-нд “Талх өг, дайнаа зогсоо, хаант төр огцор” гэсэн лоозон барьсан Петроградын ажилчид гудамжинд гарав. Тэдний талд фронт явахыг хүсээгүй цэргийн нөөц анги, нэгтгэлүүд орлоо. Энэ эмх замбараагүй байдлыг бий болгохын тулд хэдэн долоо хоногийн өмнөөс хиймлээр талхны хомстол бий болгожээ. Мөн Хааны хатан Алекса́ндра Фёдоровна нь Герман гаралтай тул хамгийн түрүүн түүнийг Германы талын тагнуул гэсэн яриа газар авах болов. Ингээд дөрвөн өдрийн дараа бослого гарчээ. Энэ тухай мэдээ Эзэн хаанд хоцорч очсон ч тэрбээр бослогыг дарахыг генерал Ивановт үүрэг болсон аж. Цэргийн штабаа орхиж явсан нь хааны том алдаа байсан бөгөөд энэ мөчөөс эхлэн тэрбээр армиасаа бүрэн таслагдсан юм. Тэрбээр өөрсдийнхөө албатад итгэсээр байсан аж. Нийслэл орох замд эзэн хааны гал тэрэг саатжээ. Тэгэхэд хаан энэ бослого маш нарийн зохион байгуулсан ажиллагаа мөн бөгөөд цэрэг арми эзэн хаандаа итгэл алдархтай нийлэхээрээ хаант төрд төдийгүй гэр бүлд нь ч аюул учруулж болохыг ойлгожээ. Бүх холбоотнуудаасаа таслагдсан хаан дайснууддаа буулт хийхээс өөр аргагүйд хүрэв.Тухайн үеийн Оросын төрийн зүтгэлтэн Александр Михайлович Романов өөрийн дуртгалдаа “Өнөөдөр манай засгийн газар хувьсгалыг бэлддэг аппарат болжээ. Ард түмэн хүсэхгүй байхад, засгийн газар ард түмний дургүйцлийг төрүүлэх бүхий л боломжийг ашиглаж байна. Түүнийгээ ч маш сайн хийж байна. Бид хувьсгал доороосоо биш дээрээсээ гарч болох урьд өмнө үзэгдээгүй зүйлийн гэрч болов” гэж тэр үйл явдлын тухай бичсэн байдаг.
Удам залгах байсан ханхүү Алексей
1917 оны гуравдугаар сарын 3-нд II Николай олны дарамт шахалтын дагуу хаан ширээнээсээ огцорч дүү Михаилд шилжүүлсэн бол Михаил Александрович Романов нь эзэнт гүрнээ аврах өчүүхэн төдий оролдлого хийлгүйгээр маргааш нь л хаан ширээнээсээ татгалзсан билээ. Түүнийг ийм алхам хийнэ гэдэгт хэн ч эргэлзээгүй гэдэг. II Николай хаан Оросын уламжлалт төрт ёс, зан заншил үргэлжлүүлэн хадгалах үзэл бодлоор дүүрэн байсан бол тухайн үеийн сэхээтнүүд, хөрөнгөтнүүд түүнийг нь устгах үзэл бодлоор дүүрэн байжээ. II Николай хаан ширээнээс огцорлоо гээд оросын ард түмэнд жаргал авчраагүй юм. Шинээр байгуулагдсан Түр Засгийн газар одоогийн хэллэгээр мэргэжлийн шаардлага хангаагүй аж. Тэд найман сар засгийн эрх барих хугацаандаа Оросын төрт ёсыг бүрэн устгаж чадсан юм. II Николайн байдал үнэхээр хүнд байлаа. Түр засгийн газар Англи Улсад хандан огцорсон хааныг орогнуулахыг хүссэн боловч татгалзсан хариу авчээ. Ингээд II Николайг гэр бүлийнх хамтаар нийслэлээс хол Тобольск хот руу явуулсан байна. 1917 оны аравдугаар сард төрийн эрхэнд гарсан большевикууд Романовыхныг Екатеринбург руу шилжүүлэв. Түүнийг устгах санал Екатеринбургийн хувьсгалчдаас улбаатай гэдэг. Тэд экс эзэн хааныг алдчихвий гэдгээс үхтлээ айж байсан гэдэг. Мэдээж тэд төвтэй энэ саналаа зөвшилцсөн бөгөөд төв ч дэмжсэн байна. Устгах зарлиг дээр Яков Свердлин гарын үсэг зуржээ. Хэдий II Николай улс төрөөс арчигдсан байсан ч түүнийг нэрийг барин улс төр хийж магадгүй гэсэн болгоомжлол большевикуудад байсан аж.
Цаазын ялыг гүйцэтгэсэн комендант Я.Юровский
Екатеринбургт хааны эр бүлийг алдартай цэргийн инженер Ипатьевын байшинд хорьж байв. Ипатьевын нэрээр нэрлэгдсэн олон газар Орост байдаг. Тэртээ 1613 онд үймээн самуунд ядарч туйлдсан Орос орон ашгүй нэг хаантай болжээ. Догшин Иванаас хойш талцан хуваагдаж, улс төрийн хямралд ороод байсан энэ улсыг Михаил Романов хаан ширээнд сууснаар нэгтгэн захирч чаджээ.Тэрбээр хаан ширээнд суух бурхны ариун зарлигийг Костромской-Ипетьевын сумд хүлээн авчээ. Дөрвөн зууны дараа Романовын угсааны хамгийн сүүлчийн хаан II Николай Екатеринбург хот дахь Ипатьевын байшинд төгсгөлөө хүлээж суулаа. Хааны гэр бүлтэй цуг эцсийн мөч хүртэл тэдэнд үнэнч байсан эмч Е. С. Боткин, үйлчлэгч А. Е. Трупп, А. С. Демидова, тогооч И.М. Харитонов өөрийн туслах Л.Седнев нар байжээ. 1918 оны долдугаар сарын 17-ны шилжих шөнө II Николай болон түүний гэр бүл мөн дагалдагчдыг нь сэрээн яаралтай доод хонгилын өрөө рүү орохыг тушаасан байна. Үүнийгээ комендант Я.Юровский “Хот үймээн самуунд автаж болзошгүй байна” хэмээн тайлбарлажээ. Хааны гэр бүлийн долоон гишүүн болон эмч тогооч үйлчлэг гээд дөрвөн хүн гээд бүгд 11 хүн хонгил руу буув. Ханхүү Алексей бие нь муу байсан тул эцэг нь түүнийг гар дээрээ өргөн явжээ. Хонгилын өрөөнд ямар ч сандал ширээ, ор дэр байхгүйг хараад II Николай бүгдийг ойлгожээ. Тэднийг буудан хороох тушаал авсан цэргүүдийг жагсааж оруулаад Я.Юровский зарлигийг уншсан байна. II Николай “Дахин уншаад өгөхгүй юу” гэж хэлж амжсан гэдэг. Гэвч Я.Юровский буудах тушаал өгөн цэргүүд буудаж эхэлсэн байна. Зарим нэгэн эх сурвалжид 11 хүнийг бараг цаг гаруй буудсан гэсэн байдаг. Ямар ч байсан хонгилоос 700 гаруй сумны хонгио олджээ. Тэгсэн хирнээ ханхүү Алексей, хааны хоёр охин, эмч Боткин, үйлчлэгч Демидова нар шууд үхээгүй аж. Мөрдөн байцаалтын явцад тэднийг жадалж алсан нь тогтоогдсон байдаг. Энэ бол Оросын хаан ширээнд 400 жил ноёрхсон Романовынхны төгсгөл байлаа. Хувьсгалын үеэр Романовынхны бусад ихэнх гишүүд алуулсан бөгөөд амьд үлдсэн цөөхөн хэд нь гадаад руу дөрвөн гарсан аж.
Ипатьевын байшин
Хааны гэр бүлийн таван гишүүн болон эмч үйлчлэгч нарын цогцос 1991 онд Екатеринбург хотоос холгүй Хуучин Коптяковын замын дэргэдээс олджээ. Тэдгээр цогцос Романовыхан мөн гэдэг нь шинжилгээгээр нотлогдон, 1998 оны долдугаар сарын 17-нд Петропавловын дуганд оршуулсан байна. Харин ханхүү Алексей, вангийн гүнж Мария нарын цогцос 2007 онд л олдож мөн гэдэг нь нотлогдсон юм. 2000 онд II Николай үнэн алдартны жаягаар гэгээнтний дүрд тооцогдох болжээ.
Оросын сүүлчийн эзэн хааны алуулсан байшингийн суурин дээр боссон сүм