Сүүлийн үед манайхан зуны дэлгэр цагаар эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах нь нэмэгдсэн. Aмарч, зугаалахдаа айраг цэгээ, адууны мах, хорхог, боодог гээд “хүнд” хоолноос гадна лаазалсан, даршилсан бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг билээ, бид. Гэвч нүүдлийн ахуйгаас хотын соёлд шилжсэн монголчуудад эдгээр нь хоол гэхээсээ хор болж буйг эмч нар хэлж байна.
Дэлхий нийтээр зөв зохистой хооллохыг чухалчлах болсон өнөө үед манайх шиг “махчин” хэвээр буй ард түмэн цөөн. Амьдралын буруу хэвшил, хорт зуршил, зохисгүй хооллосныхоо төлөөсөнд бид ходоод, гэдсээ хавдарт “тушааж”, хагалгааны ширээнд хэвтэх болов. Зонхилон тохиолдож буй хавдрын тавдугаарт ходоодных жагсаж, дийлэнх нь эцсийн шатандаа оношлогдож буй нь идэж, уухдаа анхаарах цаг ирсний дохио гэлтэй.
Гэдэсний халдвараас сэргийлэх дэлхийн өдөр зургадугаар сарын 2-нд тохиох бөгөөд Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн үүнийг угтаж, жил бүр өдөрлөг зохион байгуулдаг. Өнөө жил “Ходоодны хавдрыг эрт үед нь оношилж, эмчилье” уриатайгаар иргэдэд үзлэг, оношилгоо хийж, гарын авлага, ухуулах хуудас тараан, зөвлөгөө өгч байна. Тус эмнэлгийн Гастро энтерологийн төвийн их эмч Б.Сумъяатай ходоод, гэдэсний өвчин, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Монгочуудын дунд хоол боловсруулах замын ямар эмгэг зонхилон тохиолдож байна вэ?
-Ходоод, нойр булчирхайн архаг, хурц үрэвсэл, шарх, хавдар, гэдэсний урхаг өвчин их байна. Мөн элэгний хатуурал, хавдар элбэг. Ходоодны эмгэгийн 85 хувийг архаг үрэвслээс үүдсэн өвчлөлүүд эзэлдэг. Манай улсын хүн амын талаас илүү хувь нь ийм өвчинтэй гэсэн судалгаа бий. Харамсалтай нь, 10-15 хувь нь л эмчид хандаж, эмчлүүлдэг.
-Ходоодны үрэвсэл, шарх юунаас шалтгаалж үүсдэг юм бэ?
-Нэг нь нөгөө өвчнийхөө суурь болдог. Энэ нь ходоодны хөнөөлт ба хамгаалах хүчин зүйлийн харьцаанаас хамаардаг. Анагаахын хэлээр, хөнөөлт хүчин зүйл гэдэгт давсны хүчил, уураг ялгарах нь ихсэх, ходоод, гэдэсний салстын гэмтэл, хөдөлгөөний алдагдал мөн хеликобактери багтана. Харин хамгаалах хүчин зүйлд ходоод, дээд гэдэсний салстын тэсвэрлэх чадвар болон хүчиллэг орно. Хөнөөлт хүчин зүйл давамгайлахад ходоодны салстын гэмтсэн хэсэг давсны хүчил, уургийн нөлөөнд дасан зохицохоо больж, хүчил ихсэх, салстын нөхөн төлжих чадвар буурч, улмаар хеликобактерид дарлуулснаар ходоод, дээд гэдсэнд шархлаа үүсдэг.
Эмчлүүлэхгүй удвал энэ нь архагшиж, хавдар болдог. Тодруулбал, ходоодны үрэвсэл, шарх, хавдар үүсгэх үндсэн шалтгаанд нянгийн (хеликобактери) болон нянгийн бус (эм, цөсний хүчил, химийн бодис) гаралтай зүйлс нөлөөлдөг. Эдгээр шалтгаанаас хамгийн элбэг буюу 67.7 хувь нь хеликобактери юм. Эл бактери нь ахуйн замаар халдварладаг тул хүн бүр үүнээс урьдчилан сэргийлэх ёстой. Хувийн эрүүл ахуйн дэглэм баримтлах нь хамгийн зөв арга. Тухайлбал, гэр бүлийн гишүүд тусдаа аяга, халбагатай байх, өөрсдөө болон бага насны хүүхдийг хооллохын өмнө, бие зассаны дараа гарыг нь сайтар угааж хэвшүүлэх, гал тогооны хэрэгслийг ариутгах, хүнсний бүтээгдэхүүнийг зөв, зохистой хадгалж, боловсруулах зэрэг наад захын энгийн соёлыг амьдралдаа хэрэгжүүлэх нь зүйтэй.
Түүнчлэн үйлчилгээний байгууллага, нийтийн хоолны газрууд эрүүл ахуй, ариун цэврийг сайтар сахих шаардлагатай. Иргэд мөн архи, тамхины хэрэглээг тэглэж, буруу хооллох, давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй болжээ. Хэт халуун, эсвэл хүйтэн, аргуу, хатуу хоол, хорхог, боодог, шарсан, хуурсан, хоносон, халаасан, лаазалсан, даршилсан, бүтээгдэхүүн хэрэглэснээр ходоодыг цочроож, өвчнийг улам хүндрүүлж байна. Хоолыг халаах тусам шөл нь өтгөрч, шим тэжээлийн чанар нь бууран, бактери үржих “таатай” нөхцөл бүрдүүлдэг.
-Ходоод, гэдэс өвдсөнийг ямар шинж тэмдгээр мэдэх вэ?
-Ходоодны үрэвсэл, шархлаа, хавдрын үед аюулхай орчимд базалж өвдөх нь элбэг. Ходоодны дээд хэсэг буюу амсар шархалсан үед хоол идсэнээс хойш 30 минутын дараа өвддөг. Энэ нь 1-2 цагийн дараа намдана. Өлөн байхад 00.00-03.00 цагт шинж тэмдэг голдуу илэрдэг. Харин ходоодны төгсгөл хэсэгт шарх үүссэн бол хооллосноос 1.5-2 цагийн дараа базалж, эсрэгээрээ “юм” идсэний дараа зовиур арилдаг. Үүнийг хожуу үеийн өвдөлт гэнэ. Гэхдээ өвчтөнүүдийн 10 хувьд шинж тэмдэг илрэхгүй байх нь бий.
Ийм тохиолдолд цээж гашуун, халуун оргих, хорсох, бөөлжих, огих, аюулхай орчмоор цанхайдаг. Хоолны дуршил голдуу ихсэх ч “юм” идэхэд өвддөг. Тиймээс олонх нь хоол идэхээс татгалзаж эхэлдэг. Өтгөн нь хар өнгөтэй гарвал ходоодны шархнаас цус шүүрч, дотуур цус алдаж байгаагийн шинж юм. Өвчин удаан үргэлжилбэл ядрах, бие сулрах, нойргүйдэх, цочромтгой болж, жин буурдаг. Хавдрын үед илэрдэг түгшүүрийн шинж гэж бий. Энэ нь ямар ч шалтгаангүйгээр огцом турах, хоолонд дургүй болох, цус багадах юм.
-Эдгээр зовиур илэрсэн тохиолдолд хаана хандаж, ямар шинжилгээ өгөх ёстойг хэлж өгөөч?
-Мэдээж харьяа дүүргийнхээ мэргэжлийн эмчид нэн даруй хандаж, шаардлагатай тохиолдолд хеликобактери, ходоодны уян дуран, рентген, шүүрлийн шинжилгээ хийлгэж, оношоо баталгаажуулна. Манайхан өвдөв үү, үгүй юү өөрсдийгөө дур мэдэн “эмчлэх” гэж оролддог. Тоохгүй явсаар эмнэлэгт хожимдож ирэх нь олонтоо.
Эдгээрээс болж өвчнөө тартагт нь тулгадаг. Ямар ч өвчин, эмгэгийн үед эрт оношлуулж чадвал эмчилгээ нь тодорхой, үр дүнтэй байдаг. Тэр тусмаа ходоодны хавдрыг эрт үед оношлуулж чадвал мэс засал, химийн эмчилгээ хийлгэхгүйгээр дурангаар эмчлэх боломжтой. Тиймээс хеликобактери илэрсэн тохиолдолд эмчийн хяналтад эмчлүүлж, устсан, үгүйг шалгуулан, өвчнөөс ямагт сэргийлээрэй гэж зөвлөе.
“Маастрихтийн таван зөвлөмж” хэмээх ходоодны архаг эмгэгийн оношилгоо, эмчилгээний талаарх олон улсын тунхаг бий. Манай эмч нар энэхүү зөвлөмжийн дагуу үзлэг, оношилгоо хийж, эмчилдэг. Мөн зөв зохистой буюу тогтмол цагт хооллох, хэт их идэхгүй байх, боломжтой бол гэрийн нөхцөлд, шинэ хүнс сонгон хэрэглээрэй.
Мэдээж унтахаас 4-5 цагийн өмнө ундлах, лаазалсан, даршилсан бүтээгдэхүүн, архи, тамхинаас татгалзах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмийг зөвхөн эмчийн заавраар, тогтмол хэрэглэх үед ходоод хамгаалах эм давхар уух шаардлагатай. Цөсөө эрүүл байлгах нь ходоодны үрэвсэл, шарх, хавдраас урьдчилан сэргийлэх сайн арга юм.
-Хүмүүс зөв зохистой хооллоно гэхээр нэг бол мах, гурилан бүтээгдэхүүн идэхээ болих, эсвэл мацаг барих нь элбэг. Зөв хооллохын ач тус, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг тодруулахгүй юу?
-Зөв зохистой хооллолтод олон хүчин зүйл багтана. Үүнд шим тэжээлээр баялаг, эрүүл, аюулгүй хүнсийг өдөр тутамдаа тохируулан хэрэглэнэ гэсэн үг. Дэглэм барилаа гээд ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг ор тас хорьж болохгүй. Манай орны цаг уурын онцлог зэргээс хамаарч монголчууд өдөрт дор хаяж таван нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүн заавал хэрэглэх шаардлагатай.
Үүнд үр тариа, гурилан болон мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, сүү, цагаан идээ багтана. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн дэх шимт тэжээл хүний биед дутагдсанаар зохисгүй, буруу хооллох хэвшил бий болдог. Орчин үед эрүүл амьдралын хэв маягийг хоёр зүйлтэй холбон тайлбарлаж байна. Нэгдүгээрт, зөв хооллох, хоёрдугаарт, идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг хүн төрөлхтөнд урилах болсон. Хослуулж чадвал эрүүл амьдарна.