“Uber” компанийн JUMP хэмээх цахилгаан унадаг дугуйг Лондонд өнгөрсөн баасан гаргаас эхлэн ашиглаж эхэлсэн тухай “Reuters” уламжиллаа. Тодруулбал, Британийн нийслэлд ийм 350 дугуйг түрээслэх боломж бүрдүүлжээ. Үүнээс өмнө АНУ, Канад болон Европын тухайлбал, Берлин, Парис зэрэг хотод JUMP дугуйг түрээслэн унах үйлчилгээг нэвтрүүлээд байв. “Uber”-ийн аппликэйшнийг ашиглан уг унадаг дугуйн түгжээг нэг фунт (1.27 ам.доллар)-ээр “гаргах” боломжтой бөгөөд эхний таван минутад ямар нэгэн төлбөргүй, дараагийн минут тутамд нь 12 пенс төлөх ёстой аж.
Сонирхуулахад, “Uber” компанийн анхны ажилтнуудын нэг Райн Грэйвес Захирлуудын зөвлөлөөс огцорсныг баасан гарагт мэдээлэв. Өмнө нь тэрбээр тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. “Uber” энэ сарын эхээр IPO хийн, найман тэрбум ам.доллар босгосон билээ. Өдгөө тус компанийн зах зээлийн үнэлгээ 70 орчим тэрбум ам.долларт хүрээд буйг theatlantic.com-д бичжээ.