Ойрхи Дорнод руу АНУ-ын Зэвсэгт хүчний нэмэлт хүч илгээх төлөвлөгөөгөө Пентагон Цагаан ордонд өргөн барьжээ. Тодруулбал, АНУ, Ираны харилцаа хурцадсантай холбоотойгоор энэ бүс нутаг руу 10 мянган цэрэг илгээх санал дэвшүүлж буй тухай Америкийн нэрээ нууцалсан түшмэдээс эш татан “Associated press” агентлаг болон CNN телевиз мэдээллээ.
Эхлээд тус бүс нутаг дахь АНУ-ын хүчийг зузаатгахаар 5000 цэрэг илгээх хүсэлтийг Зэвсэгт хүчний төв командлал нь Пентагонд тавьсныг “Reuters” агентлаг тодруулжээ. Тус командлалын хариуцдаг бүсэд Иран, Афганистан, Ирак, Сири, Йемен, Дундад Азийн Казахстан, Киргиз, Тажикистан, Туркмен, Узбекистан зэрэг 21 орон, Улаан тэнгис, Персийн булан, Энэтхэгийн далайн баруун хэсгийн олон улсын ус багтдаг.
АНУ-ын Батлан хамгаалах яам дэлхий даяар орших командлалуудаасаа нэмэлт хүчилгээх хүсэлт байнга авдаг ч үнэхээр шаардлагатай, эсэх хийгээд тоог нарийвчлан тогтоодог. 10 мянган цэргийн нэг хэсгийг нь Ираныг тогтоон барих арга хэмжээнд ашиглахаар яаралтай шилжүүлэн байрлуулж, нөгөө хэсгийг нь зөвхөн мөргөлдөөн гарсан тохиолдолд л тус бүс нутаг руу илгээж магадгүй.
Америкийн цэрэг рүү Иран халдаж, эсвэл цөмийн зэвсэг бүтээх ажлаа тус улс түргэтгэвэл 120 мянга орчим цэрэг илгээхээр Пентагон эхлээд сүрдүүлсэн. Дараа нь Персийн булан руу нисэх онгоц тээгч, десантынхаас гадна цэргийн таван хөлөг онгоц хэдийн илгээсэн билээ. Катар дахь Америкийн баазад бөмбөгдөгч “В-52” нисэх онгоцнууд очсон. Үүний сацуу Ираны болзошгүй халдлагаас сэргийлэн АНУ тус бүс нутагт баллистик, залуурт пуужин устгах чадалтай “Patriot” систем, тэрчлэн хамгийн сүүлийн үеийн нисэх онгоцнууд байрлуулжээ.
ХҮЛЭЭЦТЭЙ БАЙХЫГ МОСКВА УРИАЛАВ
Ойрхи Дорнодын байдлыг хурцатгахад хүрэхгүй байхыг Вашингтонд ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас уриалжээ. “Гол нь АНУ болон Персийн булангийн бүс нутаг дахь тус улсын зарим холбоотон шиг байдлыг өдөөх хэрэггүй. Үүнээс болж хэн нэгнийх нь тэвчээр алдрахгүй байгаасай хэмээн найдаж буй” гэж Оросын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков сэтгүүлчдэд мэдээлэв.
Д.ТРАМП ИРАНЫГ ДАЙНААР СҮРДҮҮЛЛЭЭ
“Ираныг устгаж ч болох юм” хэмээн энэ сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн. “Иран дайтахыг хүсвэл энэ нь тус улсын хувьд төгсгөл болно. Дахин АНУ-ыг бүү сүрдүүл” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ. Гэхдээ тус улсын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шэнахан хоёр хоногийн өмнө АНУ Ирантай байлдахгүй гэж батлан хэлсэн.
Дараа нь Тегеранаас холбоо баривал хэлэлцээ хийхэд бэлэн байна хэмээн тавдугаар сарын 21-нд Д.Трамп мэдэгджээ. Үүний хариуд “Шахалт, шаардлагаар Иран улс хэзээ ч хэлэлцээ хийхгүй. Хамтран ажиллахын тулд иранчуудыг сүрдүүлэх хэрэггүй” хэмээн тус улсын Гадаад хэргийн сайд Жавад Зариф CNN телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Үүний өмнө Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханигийн хэлснээр АНУ болон бусад улсын удирдагчид хэлэлцээ хийж эхлэхийг нэг бус удаа уриалсан, АНУ-ын Төрийн департаментаас албан ёсны найман хүсэлт илгээсэн гэнэ. Өнөөгийн нөхцөлд яриа хэлэлцээ хийж эхлэх нь зохисгүй хэмээн тэрбээр үзэж байна.
УЧИР ШАЛТГААН
Британи, Франц, Герман, Орос, Хятадтай хамтран байгуулсан Ираны цөмийн гэрээнээс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жилийн өмнө гарсан. Вашингтоны мэдээлснээр Иран гэрээгээ зөрчжээ. Үүний сацуу энэ гэрээний заалтууд хангалтгүй, Ираны цөмийн амбицыг хязгаарлахгүй байна гэж Д.Трамп мэдэгдсэн.
Уг гэрээнд зааснаар Иран уран баяжуулах хөтөлбөрөө хязгаарлаж, олон улсын шинжээчдийг нэвтрүүлэх ёстой байсан. Үүний хариуд АНУ болон бусад улс Тегеранд авсан хоригоо сулруулсан аж. Дараа нь Вашингтон гэнэт гэрээнээс гарч, хориг арга хэмжээгээ сэргээн Ираны гадаад худалдаанд хүндрэл учруулсан.
Урьд нь хориг арга хэмжээ үйлчилдэггүй байсан Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон, Турк өнгөрсөн дөрөвдүгээр сараас хоригт хамаарах болсон. Үүнтэй холбогдуулан АНУ-аас урьд өмнө байгаагүй дарамт шахалт үзүүлж байна Х.Роухани мэдэгджээ.
Мөн АНУ Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусыг террорист байгууллага хэмээн зарласан. Иран улс тус корпусыг олон улсад террорист кампанит ажил явуулах, цөмийн зэвсэг, баллистик пуужин бүтээх, Сири зэрэг улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоход ашигладаг хэмээн Цагаан ордон мэдэгджээ. Хариуд нь Тегеран АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалыг террорист байгууллагаар зарласан билээ.
Вашингтон Ирантай хоёр талын шинэ гэрээ байгуулахыг эрмэлзэж буй. Ийм замаар Тегераны цөмийн үйл ажиллагааг төдийгүй пуужингийн хөтөлбөр, хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулахыг нь хязгаарлахыг санаархаж байгаа аж. Хариуд нь Иран Персийн буланг далайтай холбодог Ормузын хоолойг хаахаар сүрдүүлсэн. Энэ хоолойгоор улс орнуудын хэрэглэж буй нефтийн тавны нэгийг дамжуулдаг. Тэрчлэн Тегеран 2015 оны гэрээгээр хүлээсэн үүргийнхээ заримыг биелүүлэхээс түр татгалзаж, уран баяжуулах ажлаа 60 хоногт сэргээхээр сүрдүүлжээ.
Үүний сацуу Иран Персийн булан дахь цэргийн хөлөг онгоцнууддаа цэнэгт хошуу суурилуулсан нь Арабын Нэгдсэн Эмират Улсын эрэг дэх шатахуун тээгч дөрвөн хөлөг онгоцонд хохирол учруулсан хэмээн Америкийн цэргийн шинжээчид үзэж байна. Энэ мэдээллийг Ираны эрх баригчид няцаажээ.
Тавдугаар сарын 19-нд Иракийн нийслэл Багдад хотын Ногоон бүс буюу Засгийн газрын байрууд болон гадаадын төлөөлөгчийн газрууд байрладаг газарт пуужин туссан. Тодруулбал, АНУ-ын ЭСЯ-ны хажуугийн хаягдсан барилгад тусжээ. Энэ үеэр хүний амь эрсдээгүй. Хаанаас, хэн харвасан нь тодорхойгүй ч АНУ-ын Төрийн департамент Ираныг буруушааж, дипломат ажилтнуудаа Иракаас татсан билээ.