Европын зарим орнуудад Европын парламентын сонгууль эхэллээ. Сонгуулийн хороод Их Британи болон Голландад өнөөдөр нээгдэж байгаа бол баасан гарагт /2019.05.24/ Ирланд, Чехийн иргэд саналаа өгөх аж. Энэ сарын 25-нд Латви, Мальт, Словак улс Европарламентын гишүүдээ сонгох юм байна. Европын холбооны бусад гишүүн орнуудад ням гарагт /2019.05.26/ явагдах аж. Эл сонгуульд нийт 28 орны 426 сая иргэд саналаа өгөх бөгөөд Европын холбооноос гарах нь шийдэгдээгүй байгаа Их Британи улс ч оролцох юм. Судалгааны төвүүдийн болон хэвлэлийнхний дүгнэлтээр бол Европын шинэ парламентын фракцуудаас “Европын ард түмний нам” хэдэн суудлаа алдаж магадгүй ч тэргүүлэгч байр суурийг эзлэх төлөвтэй аж. Хоёрдугаарт “Социалистууд ба ардчилагчдын дэвшилтэт холбоо” явж байгаа бол өмнөх парламентад суудлын тоогоороо дөрөвт бичигдэж байсан “Европын төлөөх либерал ба ардчилагчдын холбоо” хүчин удаалах янзтай. Эл хүчин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны удирддаг “Ренессанс” хөдөлгөөнтэй нэгдэх тохиролцоонд хүрснийхээ ачаар ийнхүү урагшилжээ. Харин өмнө нь хүндтэй гурав дугаар байрыг эзэлж байсан “Европын консерваторууд болон шинэчлэгчдийн” фракц хувь таамаглалаар хамгийн наанадаж дөрөвдүгээрт орох төлөвтэй аж. Уг фракцтай дөрөвдүгээр байрны төлөө хэт барууны “"Европын үндэстэн ба эрх чөлөө” хүчин, “Европын чөлөөт холбоо”-той хамтрах “Ногоон” намынхан мөн “Эрх чөлөө, шууд ардчиллын Европ” бүлгийн намууд ана мана үзэлцэх гэнэ. Намын жагсаалтаас (Spitzenkandidaten) Европын парламентын тэргүүлэгчийг сонгох зарчмын дагуу улс төрийн хэд хэдэн хүчин өөрсдийн нэр дэвшигчдээ танилцуулсан байна. “Европын ард түмний намаас” Германы Манфред Вебер, европарламентын тэргүүлэгчийн одоогийн нэгдүгээр орлогч Голландын Франс Тиммерсманс “Социалистууд ба ардчилагчдын дэвшилтэт холбооноос”, Европарламентын Өрсөлдөөний асуудлыг хариуцсан Данийн гишүүн Маргрете Вестагер “Европын төлөөх либерал ба ардчилагчдын холбоо” хүчнээс, “Европын консерваторууд болон шинэчлэгчдийн” намаас Чехийн Ян Захрадил нарын нэр Европын шинэ парламентын тэргүүлэгчид дэвшжээ.