Хятадын “Huawei” компанитай бизнес эрхлэхийг түр зөвшөөрснөө АНУ Худалдааны яамнаас мэдэгдэв. Гэхдээ ирэх наймдугаар сарын 19 хүртэл үйлчлэх эл шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон, БНХАУ-ын компаниудын талаарх онц байдлын дэглэмд нөлөөлөхгүй гэнэ.
Хоригийг хойшлуулсан нь “Huawei”, түүний түншүүдэд гэрээний дагуу программ хангамжаа шинэчилж, сайжруулах, сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах боломж олгоно гэж “France-presse” агентлаг мэдээллээ.
Үүний өмнө Хятадын теле харилцааны тус компани гар утаснууддаа зориулсан “Hongmeng” үйлдлийн системээ танилцуулсан. Үүнийг “Google” компанийн андройд үйлдлийн систем ашиглахад АНУ хязгаарлах арга хэмжээ авбал хэрэглэхээр боловсруулжээ. “Hong¬meng” нь МЭӨ III зуунд бичсэн Хятадын эртний “Жуан-зы” гэдэг зохиолын баатруудын нэгийнх нь нэр аж. Уг домогт дэлхийн үүсэхийн өмнөх эмх замбараагүй байдын тухай өгүүлдэг гэнэ.
АНУ-ын Засгийн газар “Huawei”-г хар жагсаалтад оруулсны дараа тус корпорацтай хийдэг бизнес, хамтын ажиллагаагаа бичил чип, программ хангамж үйлдвэрлэдэг “Google”, “Qualcomm”, “Intel”, “Broadcom” болон бусад компани өнгөрсөн ням гаргаас зогсоосон. Ингэснээр “Google”-ийн технологи болон программ хангамжид нэвтрэх эрх нь хязгаарлагдаж, “Android” үйлдлийн системийн шинэчилсэн хувилбарыг “Huawei”-гийн төхөөрөмжүүд хүлээж авахгүйд хүрсэн юм. Мөн ийм гар утас эзэмшигчид “Google play”, “Gmail” зэрэг программ ашиглах боломжгүй болсон билээ. Д.Трампын гаргасан шийдвэрийн улмаас зөвхөн “Huawei” хохироод зогсохгүй дэлхий даяар 5G сүлжээг мартах хэрэгтэй болох байсан гэнэ.