БНХАУ-тай хийж буй худалдааны дайныг жижиг асуудал хэмээн үздэг бөгөөд тус улсын удирдагч Си Зиньпинийг их хүндэтгэдэг ч Бээжинтэй “гайхалтай гэрээ” байгуулахын төлөө ажиллахаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгдсэн. Мөн өдөр тэрбээр гадаадын аюулаас АНУ-ын мэдээлэл, харилцааны дэд бүтцийг хамгаалахын тулд онц байдлын дэглэм тогтоох зарлигт гарын үсэг зурсан юм.
Үүний дараа Америкийн үндэсний аюулгүй байдалд нийцэхгүй үйл ажиллагаа явуулдаг хэмээн Хятадын “Huawei” компанийг хар жагсаалтад оруулах шийдвэрийг АНУ-ын Худалдааны яамнаас гаргажээ. Уг жагсаалтад “Huawei”-тэй холбоотой 70 компани бас бичигдсэн байна. Эл компанид ямар нэг бүтээгдэхүүн худалддаг Америкийн үйлдвэрлэгчид эрх баригчдаасаа тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болов. “Huawei” компанийн технологийг Хятадын тусгай албаныхан ашигладаг байж магадгүй гэж Вашингтон үздэг. Үүнийг тус компани эрс үгүйсгэдэг юм.
Бээжин уг арга хэмжээг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг хэмээн үзсэн бол олон улсын харилцаанд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах аюултайг БНХАУ-ын дарга Си Зиньпин сэрэмжлүүлжээ. “Өөрийнх нь арьсны өнгө, эсвэл соёл нь бусдаас илүү хэмээн хэн нэгэн үзэж, бусдыг өөрчлөгдөж, эсвэл алга болохыг шаардаж байгаа нь гамшиг дагуулж мэдэх тэнэг санаа юм. Бусдад хүндэтгэлтэй хандаж, яриа хэлэлцээ хийн, зэрэгцэн орших ёстой” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Үүний жишээгээр Си Зиньпин өөрийн санаачилсан “Бүс ба зам” төслийг нэрлэв. Харин Америкийн Төрийн тэргүүний зарлигийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа “Huawei” компаниас мэдэгдээд, “АНУ манай үйл ажиллагааг хязгаарласнаар тус улс илүү аюулгүй, эсвэл хүчтэй болохгүй. Харин ч эсрэгээр АНУ-ын сонголт хязгаарлагдаж, тэд чанар муутай бөгөөд илүү үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэхэд хүрнэ. Мөн гаргасан шийдвэрийнхээ улмаас АНУ 5G сүлжээ нэвтрүүлэх талаар хоцрогдох болно” хэмээжээ.
Ташрамд дурдахад, Хятадаас нийлүүлдэг нэмээд 300 тэрбум долларын бараа, бүтээгдэхүүнээс татвар авахаар төлөвлөж буй талаар АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер мэдэгджээ. Үүний өмнө тус улс Хятадын 200 тэрбум долларын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татвараа 10 хувиас 25-д хүргэн нэмэгдүүлсэн. Хариуд нь АНУ-аас экспортолдог 60 тэрбум долларын бараанаас ирэх сарын 1-нээс 5-25 хувийн гаалийн татвар авах болсон тухай БНХАУ-ын Сангийн яамнаас мэдээлсэн билээ.