Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-нд Оросын Ардын жүжигчин Алексей Булдаков манай оронд жуулчилж яваад гэнэт нас барсан тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ. Өглөөний 05:00 цагийн орчим түүнийг зочид буудлынхаа өрөөнд ухаангүй байхыг хамт явж байсан хүн нь олжээ. Дуудлагаар ирсэн түргэн тусламжийн эмч жүжигчинг нас бараад 2-3 цаг болжээ гэж оношилсон байна. Задлан шинжилгээгээр Булдаковын үхлийг зүрхний титэм судас тасарснаас болсон гэсэн дүгнэлт гарсан аж. Оросын “Россия” телевизийн сувгийн “Прямой эфир” (“Шууд нэвтрүүлэг”) нэвтрүүлгийн сурвалжлах баг эл үйл явдлын мөрөөр манай улсыг зорьж Булдаковын явсан газар, уулзаж учирсан хүмүүсээс нь ярилцлага аваад зогсохгүй юу ууж идсэнийг нь хүртэл мөрдөн шалгах ажил явуулжээ.Юуны түрүүнд сурвалжлах баг жүжигчин эрийн буусан зочид буудлын хүмүүстэй уулзсан байна. Гэвч тэд Булдаковын үхлийн талаар ярих сонирхолгүй байлаа гэж сурвалжлагч тайлбар хийжээ. “Алексей Булдаковыг нас бардаг өдөр би ээлжтэй байсан. Гэхдээ энэ тухай ямар нэгэн ярилцлага өгөхийг манай удирдлага зөвшөөрөөгүй. Бид мэдүүлгээ болон камерын дүрс бичлэгүүдийг цагдаагийн байгууллагад өгсөн” гэж буудлын ажилтан залуу хэлжээ. Нэвтрүүлэг Булдаковыг чухам ямар зочид буудалд буусныг дурдсангүй. Харин Булдаковтай хамт манай орноор аялсан найз нь түүнийг ямар зорилгоор Монголд ирсэн талаар ярьсан юм. Тэрээр “Энэ аялал түүний мөрөөдөл байсан юм. Тэр түүх маш их сонирхдог. Тэгээд Монголын сайхан орон, Чингис хааны төрсөн нутгийг очиж үзэхийг хүссэн юм. Тэрээр мөрөөдлөө биелүүлээд явлаа” гэж хэлсэн байна. Нэвтрүүлэгт үзүүлж буйгаар бол Алексей Булдаков Гандантэгчэнлин хийд мөн Тэрэлжийн жуулчны баазуудын нэгнээр орсон бололтой. Тэнд жүжигчин Монгол үндэстний хоол,сархад зооглосон бөгөөд манай лапша тун их таалагдсан гэнэ. Харин түүний уусан хуванцар савтай архи сурвалжлах багийнхны сонирхлыг татаж, дээжийг аван Орос руу буцсан байна. Нэвтрүүлгийн нэр “Алексей Булдаковын үхлийн нууц” гэсэн нэртэй байсан бөгөөд хөтлөгч Андрей Малахов “Талийгчийн Монголд уусан архины дээжийн шинжилгээний шуугиан тарим үр дүнг танилцуулах болно” гэж байн байн сүржигнэн ярьж байлаа. Нэвтрүүлэг зүв зүгээр эрүүл саруул байсан хүн Монголд л үхчихлээ гэсэн өнгө аястай байснаас гадна үзүүлж байгаа дүр зураг оролцож байгаа хүмүүсийн яриагаар Монгол орон маань хөгжил дорой зэрлэгдүү Африкийн улс шиг л гарлаа. Монгол хүнийхээ хувьд тэрхүү шинжилгээнийх нь дүнг бараг ял сонсох гэж байгаа мэт сандран хүлээж сууснаа нуух юун. Гэвч Ардын жүжигчний уусан архи “дэлхийн стандарт нийцэж байна” гэсэн хариу гарчээ. 68 настай Алексей Булдаков зүрхний архаг ишими өвчтэй байснаас гадна дөрвөн жилийн өмнө хавдартай гэсэн онош тавьсан аж. Үүнээс гадна тэрээр Монголд ирэхээсээ өмнө Буриадын нутгаар орж “Загасчлалын өдөр” наадамд оролцсон юм. Орос хүнийхээ хувьд мөн найз нөхөд танилуудынх нь ярьж буйгаар бол Алексей Булдаков сархдыг “жинхэнэ Орос” хүн шиг хүртдэг байжээ. Иймд задлан шинэжилгээний дүнд эргэлзээд байх шаардлаггүй санагдах авч авъастай жүжигчнээ алдсан ард түмнийг ойлгож болох буй за.