Италийн зохиолч Карло Коллодигийн бичсэн үлгэрийн баатар дэггүй Пиноккио буюу Буратиногийн түүхийг бид бүгд мэддэг шүү дээ. Гэтэл зохиолч анхандаа үлгэр биш харин модон хүний эмгэнэлтэй хувь заяаны тухай роман бичих гэж байсныг тэр болгон мэдэхгүй болов уу.
Чулуун дээрх оньсого
Гэгээн Сан-Миниато-аль-Монтегийн сүм Италийн төв хэсэг болох Тоскан нутгийн өндөрлөгт XI зуунаас хойш сүндэрлэж байгаа гайхамшигтай барилга билээ. Ялангуяа жаргах нарны туяанд уулын оройд байдаг эл сүм бүүр ч үзэсгэлэнтэй төрхтэй болдог аж. Мөн тэрхүү уулын орой дээрээс хот яг алган дээр байгаа мэт харагддаг. Хэзээ ч юм алдарт Микеланжило бэхлэлтийн цайз болгож байсан эл сүм жуулчдын сонирхох дуртай газрын нэг аж. Чухамхүү ийшээ 2001 онд Флоренц, Пизын орчим малтлага хийж байсан америк, италийн хамтарсан хайгуулын анги иржээ. Тэд алдарт Карло Коллодигийн шарилын дэргэд хэсэг зогсоод явах гэтэл холгүй өөр нэгэн булш байхыг олж харжээ. Тэрхүү булшны чулуун дээр “Пиноккио Санчэс. 1790-1834” гэж сийлсэн байх нь тэр. Үлгэрийн баатар бодит хүн байж таарав уу эсвэл зүгээр ижил нэртэй хүний шарил уу? Эрдэмтэд үүнийг судлахгүй зүгээр орхиж чадсангүй.
Юуны түрүүнд эрдэмтэд шарилыг ухаж гарган шинжилгээ хийхээр шийджээ. Ингэхийн тулд тэд шинжээч Джефри Фикшныг урьсан байна. Шинжилгээний дүн бүгдийг гайхшруулсан аж. Булшин дотроос гаргаж ирсэн Пиноккио Санчес гэгчийн тал бие нь модон байж. Түүний хөл хиймэл модон байгаад зогсохгүй хамраа хүртэл модоор орлуулсан байв. Нэг модон хөл дээр нь Карло Бестульджи мужааны тэмдэг тавьжээ. Ганцхан үүгээр учир явдал тайлагдахгүй нь ойлгомжтой тул судалгааг үргэлжлүүлэхээр болсон байна.
Пиноккио Санчесийн цагдаагийн газар бүртгэгдсэн зураг
1970 онд Санчесынхны гэрт мэндэлсэн хүүхдийг Пиноккио хэмээн нэрлэжээ. Тоскан нутгийн аялгаар бол Пиноккио гэдэг нь “нарс модны самар” гэсэн үг аж. Пиноккио бусад хүүхдийн адил Флоренцийн нарийхан гудамжаар гүйж өсжээ. Харин ялгарах нэг зүйл нь үеийнхнээсээ арай давжаа биетэй байв. Цаг хагацаа өнгөрөх тусам Пиноккио одой юм байна гэдэг нь тодорхой болов. Хэдий 130 см өндөртэй ч Пиноккио эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх дайнд 18 настайдаа мордож, хорооны бөмбөрчин болжээ. Түүний хувьд дайн 15 жил үргэлжилж, нутагтаа тахир дутуу болчихсон буцаж иржээ. Хэрэв тэрбээр гайхалтай зүйлийг үзүүлдэг Карло Бестульжи гэдэг эмч домчтой учраагүй бол хөөрхий хөлгүй, одой эр өдөр хоногийг яажшуухан өнгөрөөх байсныг бодоход ч гунигтай. Тэрхүү эмчийг сүнсээ чөтгөрт худалдсан гэсэн цуу тархсан байсан ч бөмбөрчинд алдах зүйл үгүй байлаа. Пиноккио өөрийнхөө бие дээр туршилт хийхийг дуртайяа зөвшөөрсөн байна. Бестульжи түүнд модон хөл, модон хамар хийж өгснөөр Пиноккио модон ч гэсэн бүтэн биетэй болжээ. Амьд хүүхэлдэй шиг болсон Санчес олны сонирхлыг ихээр татдаг байв. Баяр наадмын үеэр амьд хүүхэлдэй маань янз бүрийн үзүүлбэр ч үзүүлдэг болж. Гэвч нэг удаа үзүүлбэрийнхээ үеэр алдаа гаргаж, өндрөөс унан нас барсан аж. Тийм ч өрөвдөлтэй арчаагүй үхэл биш байж.
Үлгэрийн зохиолч хүүхдэд дургүй хүн байв
Зохиолч Карло Коллодигийн зураг
Одоо Карло Лоренцини гэдэг хожим модон хүний тухай үлгэр бичсэн өөр нэгэн хөвгүүний тухай өгүүлье. Тэрбээр 1826 онд төржээ. Төрсөн он цаг үеэс нь үзвэл Лоренцини хүүхэд ахуй насандаа баяр наадмаар модон циркчний үзүүлбэрийг хаа нэгтээ харсан байж болох юм. Карлогийн төрсөн газар Флоренц гэж бүртгэгдсэн байдаг ч хүүхэд насаа зохиолч Флоренцээс арай зайдуу газар өнгөрөөжээ. Түүний ээж нь Гарцони хэмээх удамт баян айлд зарцлагдан хүүхдүүдээ тэжээдэг байв. Эцэг эхийнхээ шаардсанаар Карло шашны сургуулийг дүүргэсэн боловч номын санд ажилд ороод удалгүй сэтгүүл зүйгээр оролдож эхэлсэн байна. Тэрбээр театрын шүүмж, улс төрийн фельетон, роман хүртэл бичжээ. Тэрбээр уран бүтээлээ Карло Коллоди гэдэг нэрээр бичдэг байв. Шарль Перрогийн гайхамшигт үлгэрүүдийг итали хэл дээр Карло Коллоди хөрвүүлсэн байдаг. Энэ саналыг түүнд хэвлэлийн газрын хүн санал болгосон аж. Орчуулга гайхалтай сайхан болжээ. Коллоди бяцхан уншигчдын сонирхлыг татахуйц ойлгомжтой хэллэгтэй нь илэрчээ. Гэтэл тэрбээр өөрөө хүүхдэд дургүй, тодруулбал бүр тэвчдэггүй нэгэн байж. Тэгэхээр Италийн анхны хүүхдийн хэвлэл “Хүүхдийн сонин”-д цувралаар гарах болсон “Пиноккио буюу модон хүүхэлдэйн түүх”-ийг сэтгэлийн хөдлөлөөр бус харин мөнгөний хэрэгцээ гарсан тул бичсэн гэдэг. Өөрийнхөө үзэл бодлын эсрэг бүрэн байж чадаагүй болохоор Карло зохиолынхоо баатрыг хүмүүжилгүй, дэггүй, худалч зан байдалтайгаар бичсэн байдаг. Тэр байтугай зохиолынхоо төгсгөлд “Ингээд муур, үнэг хоёр Пиноккиогийн гарыг ард нь хүлээд, хүзүүнд нь олс уян, царс модноос дүүжилж орхив. Ширүүн салхи ууртай исгэрэн шууран, хөөрхий модон хүүхэлдэйг ийш тийш савуулах аж...” гэж бичсэн байдаг. “Дуулгаваргүй хүүхдүүдэд сургамж болог” хэмээн Карло боджээ. Гэтэл түүний бодсоноор болсонгүй. Дэггүй модон жаалхүү уншигчдад учиргүй таалагдаж, хөөрхий Пиноккиог аврахыг гуйсан захидал хэвлэлийн газрыг дарах болжээ. Зохиолч Пиноккиог хүмүүжин томоожиж, жинхэнэ хүн болж амар сайхандаа жаргахыг ёстой л шүдээ зуун бичсэн гэдэг. Модон хүн Карлог дэлхийн алдарт хүргэсэн билээ. “Пиноккио буюу модон хүүхэлдэйн түүх” дэлхийн 260 хэл дээр хэвлэгдэн гарсан байдаг. 1883 онд нэг ч хүүхэдгүй бүдүүрч, нас суусан Карло Коллоди “Хүүхдийн сонин”-ы ерөнхий эрхлэгч болсон байна.
Үнэнийг нээсэн захидал
Зохиолч Карло Коллодио, одой Пиноккио Санчэс хоёр холбоотой байсан гэдгийг гэгээн Сан-Миниато-аль-Монте сүмийн оршуулгын газар зэргэлдээ байх тэдний булш аль ч утгаараа илтгэхгүй байлаа. Эрдэмтэд бууж өгөхийг хүссэнгүй. Тэд судалгаагаа цааш үргэлжлүүлсээр байв. Гэтэл нэг өдөр тэдний амьдарч байсан зочид буудалд орон нутгийн сонины нэг сурвалжлагч ирээд алга дарам цаас өгчээ. Тэр цаасан дээр “Би Карло Лоренцинигийн үеэлийн удам байна. Манай удамд захидлаа устгадаггүй юм... Нийтлэлийг уншаад, эрдэмтдийн хайж буй зүйл надад байгааг ойлго” гэж бичсэн байлаа. Үнэхээр Лоренцинигийн гэр бүлийн архиваас Карло Коллодогийн захидал олдов. Зохиолч үеэл эгчдээ бичсэн захидалдаа “Хайрт үеэл минь. Чи надаас ойрын төлөвлөгөөний минь талаар сонирхжээ. Өнгөрсөн захидалд би Пиноккио Санчэс гэдэг өрөвдөлтэй ч, эрэлхэг хүний тухай дурдсандаа. Тэр хүний тухай бичихийг маш их хүсэж байна. Эхлээд бодлого агуулсан роман бичье гэж бодож байсан атлаа яагаад ч юм хүүхдийн үлгэр хийж эхэлсэн. Яагаад гэдгээ өөрөө ч ойлгохгүй байна. Пиноккиогийн амьдрал эмгэнэлтэй байсан болохоос биш үлгэр шиг байгаагүй шүү дээ. Ямар уран бүтээл болохыг хэлж мэдэхгүй нь...” гэжээ. Эл захидал үлгэрийн баатар модон хүүхэлдэй болон бодит Пиноккио Санчэс хоёрын хооронд холбоос байсан гэдгийг нотлох аж. Пиноккиогийн тухай ном 500 удаа хэвлэгдсэн байдаг. Харин бяцхан модон хүн Италийн алдартай бэлэг тэмдгүүдийн нэг болжээ. Улаан хүрэм, улаан малгайтай урт хамартай хүүхэлдэйг Италийн бэлэг дурсгалын бүх дэлгүүрүүдээс авч болно. Үүгээр зогсохгүй Пиноккиогийн шүтэн бишрэгчид хүүхэлдэй худалдаж аваад зогсохгүй тэрхүү бодит зөгнөлийн ертөнцөд шумбах боломжтой аж.
Коллодигийн цэнгэлдэх хүрээлэн 1956 онд Флоренцоос холгүй, дохиол төрсөн газар нээгдсэн байна. Тэнд модон хүүхэлдэй хийдэг урлан, Пиноккиогийн маш өндөр модон хөшөө, үлгэрийн бусад баатруудын барималтай гудамж хүртэл бий аж. Уушийн газар хоол идэнгээ Базиолио муур, Алиса үнэг хоёртой таарч болно гэнэ шүү. Цэнгэлдэх хүрээлэнтэй бараг залгаа хотын өөр нэгэн түүхийн дурсгалт зүйлийг харж болох аж. Урьд нь Карлогийн ээж зарцлагдаж, зохиолч өөрөө бага насаа өнгөрөөсөн таван давхар, гайхамшигтай тансаг 40 өрөөтэй, барокко хэв маягийн усан оргилуур, өргөн шат, баримал зэрэгтэй Гарцонигийн шилтгээнийг өдгөө Пиноккиогийн байшин гэдэг аж. 2000 онд эл шилтгээнийг Гарцинигийн удмынхнаас дэлхийн хамгийн ууган тоглоомын үйлдвэрлэгчдийн нэг Энрико Перциози худалдаж авсан байна. Тэрбээр Пиноккиогийн цэнгэлдэх хүрээлэнтэй хамтраад нэг төрлийн Диснейлэнд байгуулахыг зорьсон ч төсөл хэрэгжээгүй аж.