Дэвид Бекхемийн машин барих үеэрээ гар утсаар ярьсан гэж торгоод дээрээс нь жолоо барих эрхийг нь зургаан сараар хасжээ. Түүнийг өнгөрсөн 11-р сард “Бентли” машинаараа Лондон хотын замын хөдөлгөөнд орж байхдаа гар утсаараа ярьсан хэрэгт буруутгасан шүүх хурал өчигдөр болсон юм. Хөлбөмбөгч өөрийнхөө бурууг хүлээсэн байна. Бекхемыг Лондон хотын төвөөр явж байхад нь зургийг нь авсан гэрч түүнийг замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн талаар мэдүүлжээ. “Замаа харж явах ёстой атал тэрээр доошоо өвдөг рүүгээ тонгойгоод байсан” гэж прокурорын газрын мөрдөн байцаагч Матти Спратт Магистратын шүүх хуралдаан дээр гэрчийн үгийг иш татан хэлжээ. Алдарт тамирчинг 750 фунт стерлингээр (976$) торгохын зэрэгцээ шүүхийн зардлыг төлүүлэхээр болжээ. Британийн замын хөдөлгөөний дүрмээр Бекхемд өмнөх зөрчлийн зургаан торгуулийн оноон дээр дахин зургаа нэмэгдэх ажээ. Хөлбөмбөгчийн өмгөөлөгч Бэкхемийг тэр өдрийг мөн зөрчил гаргаснаа ч санахгүй байгаа авч өөрийнхөө бурууг хүлээж байгааг уламжилжээ. Мөн өнгөрсөн оны 9-р сард Дэвидийг хурд хэтрүүлснийхээ төлөө хэлбэр төдий шалтгаан заан шийтгэлээс мултарсан явдал ихээр шүүмжлэлд өртсөн юм. Дүрмэнд 40 милийн хурд заасан байтал Бекхем 59 милтэй давхижээ. Тэгэхэд тамирчин эрийн өмгөөлөгч Ник Фриман дүрэм зөрчсөн тухай мэдэгдэл хуульд заасан 14 хоногоос хэтэрч хоцорч ирсэн шалтгаан заан хариуцлага хүлээлгээгүй байна. 1999 онд мөн л энэ өмгөөлөгч Бекхемийг папарацциас зугтаж хурд хэтрүүлсэн гэж тайлбарлан найман сар жолооны эрхээ хасуулах шийтгэлээс аварч байжээ.