Эгнээндээ 150 аж ахуйн нэгж, 800 орчим иргэн, хоршоог нэгтгэсэн Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Манай салбарын үйл ажиллагаа аажмаар сайжирч байна. Дотоодынхоо бүтээгдэхүүнийг худалдаж авах, хэрэглэх иргэдийн үзэл сэргэсэн нь ихээхэн дэмжлэг боллоо” гэж ярив. Арьс, ширэн эдлэлийн үйлдвэрлэл сэргэж буйг тэрбээр ийн товчхон тайлбарлалаа. Үйлдвэрүүд технологийн шинэчлэл хийж, орчин үеийн сэтгэлгээтэй мэргэжилтнүүд туршлага суухын хэрээр арьс, ширэн эдлэлийн загвар хийц, чанар нь сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц сайжирсан.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээнээс гадна хэрэглээг хангахуйц болсон нь борлуулалт нэмэгдэхэд нөлөөлсөн биз. Манай үйлдвэрүүд өнгөрсөн онд савхин бээлий 367, хувцас 47, цүнх, түрийвч, жижиг эдлэл 185, гутал 960, нэхий дээл 38 мянган ширхгийг үйлдвэрлэжээ. Ингэснээр арьс, ширэн бүтээгдэхүүний жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 190 тэрбум төгрөгт хүрсэн байна. Зах зээлийн шуурганд уналтад ороод байсан салбар сэргэж буйн илэрхийлэл энэ.
Малаа нядалж арьс, ширийг нь авна, үсийг нь зумлаж хагас боловсруулна, химийн уусмалд идээлж, савхи болгоно, түүнийгээ будна, цардана. Ингэж эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гүн боловсруулсан материал бэлэн болдог. Түүгээр л дээрх хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хүний хэрэгцээг хангаж буй хэрэг. Арьс, ширний үйлдвэр уналтад ороод, зах зээлийн нийгмийн ширүүн өрсөлдөөн дунд хөл дээрээ бат зогсохоор тэмцэж байгаа учраас нэмүү өртөг шингээх дамжлага бүрт тулгарсан бэрхшээл бий. Энэ салбарынхны хамгийн том бэрхшээл нь өдгөө түүхий эдийн чанар болоод буйг дуулгаж байна.
Түүхий эд буюу арьс, ширний чанар хоёр шалтгаанаар доройтож байгаа аж. Эхнийх нь малын өвчлөл. Мал эмнэлгийн үйлчилгээг төлбөртэй үзүүлдэг болсноор малчид малаа эмчилгээнд хамруулахаа больсон. Ингээд стандартын цаг хугацаанд нь малдаа ариутгал, туулгалт, халдваргүйжүүлэлтийн эмчилгээ хийдэггүй болсноор малын арьс ихээхэн гэмтэх болжээ. Дулааны улиралд нядалсан үхрийн шир бүгд гууртай байгаа гэнэ. Зах зээлд нийлүүлж буй хонины нэхийний 80 хувь нь хачиг, хувалз, хамууны сорвитой байдаг аж. Ямааны арьс хамууны маш их сорвитой байгааг арьс, ширний үйлдвэрийн удирдлага дуулгав.
Малыг эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Монгол мал” хөтөлбөр боловсруулж, сум бүрт Мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулсан. Гэвч энэ байгууллага төдийлөн амжилттай ажиллаж чадахгүй байгаа нь малын өвчлөл газар авснаас харагдана. Уг нь арьс, ширний урамшууллаар дамжуулан, эрүүл малын түүхий эд зах зээлд нийлүүлэхэд хяналт тавих үүргийг тус тасагт олгосон юм. Гэвч тэд гэмтэлтэй арьс, шир зах зээлд нийлүүлэхэд нь хүртэл зөвшөөрөл олгож байгааг төрийн бодлого хэрэгжихгүй байна гэж үзэхээс өөр аргагүй.
Удаах шалтгаан нь нядалгааны үеийн гэмтэл. Идэш хийх, зах зээлд нийлүүлэх малын 90 хувийг гар аргаар нядалдаг гэсэн судалгаа бий. Сүүлийн үед мал гаргахдаа тарвагачилж өвчдөг болжээ. Өөрөөр хэлбэл, мохоо зүйлээр цохихгүй, хутгаар өвчсөөр арьсыг нь хуулдаг гэсэн үг. Ингэж өвчих явцдаа малын арьсыг том хэмжээтэй зүсэх тохиолдол элбэг болж. Дэлгэхэд том ширээний тавцанг бүтээх хэмжээний үхрийн шир байлаа гэж бодъё. Дунд хэсэгт нь хэд хэд зүсээд хаячихаар боловсруулахад дундаа цоорхойтой савхи болно. Ийм арьсаар том хэмжээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй. Үнэ нь ч хямдарна. Эцэстээ боловсруулах үйлдвэрийн зардал л нэмэгддэг аж. Хачиг, хувалз, хамууны сорвитой арьс, гууртай ширээр савхи үйлдвэрлэхээр муу материал болно. Муу савхиар чанартай, загвар сайтай бүтээгдэхүүн оёход бэрх. Ингэхээр бүтээг дэхүүний үнэлгээ ч буурна. Товчхондоо, шингээж буй нэмүү өртөг нь багасна гэсэн үг.
Одоо яах вэ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 оны сүүлчээр баталсан. Уг хуулийн дагуу малыг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулга, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр болоод буй. Малчдын халааснаас мөнгө гарахгүй учраас малаа дуртайяа эмчилгээнд хамруулах нь мэдээж. Ирэх жилүүдээс малын арьс хачиг, хувалз, хамууны сорвигүй болно гэж үйлдвэрлэгчид тооцоолж байна. Харин нядалгааны гэмтлийг яах вэ гэдэг бэрхшээл үлдэх нь.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Малыг үйлдвэрийн аргаар нядалж, арьсыг гэмтээхгүй авах бодлого баримталж ажиллана” гэж ярьсан. Салбарынхан үйлдвэрийн аргаар боловсруулбал, малын арьс, ширийг зүсэхгүй, гэмтээхгүй авах гарц шийдэл болно гэж харж байгаа аж. Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Ярих нэг хэрэг. Харин шийдвэр гаргах чухал байна. Тодорхой шийдвэр гаргаж ажиллавал тэр нь төрийн бодлого болох учиртай” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр стандартын шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэрт нядалсан малын махыг нийслэлийн худалдааны төвүүд, албан байгууллагад нийлүүлнэ гэсэн шийдвэр гаргавал энэ санаачилга хэрэгжих боломжтой гэсэн санал хэллээ. Мах бэлтгэх үйлдвэрүүд ч заримдаа мал нядлахдаа арьсыг нь гэмтээх тохиолдол гардаг байна. Тиймээс тус холбооныхон арьсыг нь гэмтээхгүй өвчих сургалт “Мах импекс” компанийн ажилчдад хийжээ. Мөн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 14 сумын малчдад арьс, ширээ хэрхэн гэмтээхгүй өвчих талаар сургалт хийсэн байна. Мөнөөх байгууллага нь дахин дэмжвэл хөдөө орон нутагт хийх сургалтаа өргөжүүлэх гэнэ.
Манайхан стандартын шаардлага хангасан үйлдвэрт нядалсан малыг хүнсэнд хэрэглэж, эрүүл аюулгүй байдлыг нь хангах талаар эрчимтэй ярьж буй. Гэвч тодорхой бодлого гаргаж чадахгүй, мах бэлтгэлийн тогтолцоог нь бүрдүүлэх учраа олохгүй байгаа. Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглох шийдвэр Засгийн газар гаргасан. Үүн шиг гар аргаар нядалсан махыг нийслэлийн худалдааны төв, хүнсний захуудаар худалдах, албан байгууллагуудыг хэрэгцээндээ авахыг хориглох шийдвэр гаргах хэрэгтэй гэж ярих үйлдвэрлэгч ч таарав. Ийм шийдвэр гаргах нь төр, засгийн бодлогоос хамаарах нь дамжиггүй. Малыг үйлдвэрт нядалдаг болбол арьс, ширээ гэмтээхгүй өвчинө, хүнсний аюулгүй байдлаа ч хангах нь ойлгомжтой. Гэмтэлгүй арьс, шир боловсруулбал манай үйлдвэрийн ашигт ажиллагаа нэмэгдэнэ. Чанартай бүтээгдэхүүн гарч, нэмүү өртөг ч ихээхэн шингэх нь гарцаагүй. “Хонины нэхий үнэгүй боллоо” гэж нэг хэсэг шогширсон. Түүхий эдийн чанар муудсан нь ч өмнөд хөршийн зах зээлд нэр хүндийг нь унагаасан гэж экспортлогчид тайлбарладаг. Тэгэхээр арьсаа гэмтээхгүй авах нь чухал аж.
Манай үйлдвэрүүд 2011 онд 6.3 сая ширхэг арьс, шир боловсруулжээ. Үүний 5.8 сая буюу 92.2 хувийг нь хагас боловсруулаад экспортолсон байна. Үлдсэн 7.8 хувийг нь гүн боловсруулсан гэсэн үг. Тэгвэл өнгөрсөн жил нийт 5.2 сая ширхэг арьс боловсруулсан аж. Үүнийхээ 3.4 саяыг нь хагас боловсруулаад экспортолж байна. Үлдсэн 1.7 сая буюу 33.1 хувийг нь гүн боловсруулсан гэсэн статистик бий. Өөрөөр хэлбэл, савхи болгосон гэсэн үг. Сүүлийн гурван жилд боловсруулсан арьсныхаа 30-аас дээш хувиар савхи үйлдвэрлэжээ. Энэ нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд арьс, ширээ тушаавал урамшуулал олгодог болсонтой холбоотой. Нөгөөтээгүүр, арьс, ширний үйлдвэрүүдэд 2014 оноос Хөгжлийн банк90 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон нь хөшүүрэг болжээ. Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Малаа эмчилдэг болоод арьс, ширийг нь гэмтээхгүй өвчдөг болчихвол, дээрээс нь дахиад хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлбэл манай салбар хөл дээрээ бат зогсоно. Одоогийн тооцоогоор 50-60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилт шаардлагатай байгаа” гэсэн юм. Малаа эрүүлжүүлэх нь хүнсний аюулгүй байдлын төдийгүй арьс ширний үйлдвэрлэлийн хөгжлийн тулгамдсан бэрхшээл болжээ. Энэ салбарт төрийн дорвитой бодлого үгүйлэгдэж байгаа нь илэрхий санж.