Улаанбаатарт, ер нь ганц Улаанбаатарт ч гэлтгүй манай улсад авто замын асуудал хүндрэлтэй. Төв, туслах, орон нутгийн, гэр хорооллын гээд зам бүхэн асуудалтай. Түүнийг нь ч дэлхий нийт “хүлээн зөвшөөрчихөж”. Учир нь өнгөрсөн жилийн хоёрдугаар сард болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр танилцуулсан авто замын чанарын судалгаагаар манай улс тивдээ сүүлээсээ гуравдугаарт жагсжээ. Ази тивийнхний дунд хийсэн уг судалгааны жагсаалтад манайхан Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба, Бүгд Найрамдах Бангладеш Ард улсыг ардаа орхисон юм.
Манай зам яагаад муу байгаа талаар хариуцсан мэргэжилтнүүдээс лавлахад үеийн үед нэг л хариулт хэлсээр ирсэн. Тэд “Манай улс хатуу ширүүн уур амьсгалтай, хэт халж, хөрдөг учраас замын эвдрэл гэмтэл гарах нь элбэг” хэмээн тайлбарладаг. Уг нь бусад улсынхны жишиг нь өөрийн орны цаг уурт тохирсон стандартаа тогтоож, түүндээ үндэслэн төсөв баталдаг. Гэтэл манайд дээрх жишиг эсрэгээрээ үйлчилж, төсвөө баталчихаад, түүндээ таарсан стандарт “зохиодог” талаар албаны нэгэн эрхэм дурдсан байдаг.
Муу дээрээс муу, муухай дээрээс улцан гэгчээр хүүхдийн зулай шиг нимгэн, ганц удаагийн борооноор чанараа таниулчихдаг Улаанбаатарын замыг эвдэлж, гэмтээх шалтгаан мундахгүй. Энэ удаад даац хэтэрсэн машин зорчуулдаг, дарга нар хагасыг нь “иддэг”, стандарт муу гэх зүйлсийг орхиё. Эдгээр түмэн асуудлаас гадна бас нэгэн зүйл байна.
Сүхбаатар дүүргийн XI хороо, Ногоон нуурын гудамжнаас “Хангай” хотхон орох зам дагуу байрлах “Сөүл” эмнэлгийн ойролцоох замыг эвдээд, одоо хүртэл янзлахгүй байгаа талаар иргэд манай редакцад гомдол ирүүлсэн юм. Тус замыг 2014 онд ашиглалтад оруулсан бөгөөд ямар ч эвдрэлгүй байжээ. “Сөүл” эмнэлгийн орчимд амьдардаг иргэдээс зам яагаад эвдэрсэн талаар лавлахад “Нэг шөнө зам хаагаад л ухаж эхэлсэн. Өглөө гэхэд ажлаа дуусгаад явчихсан байсан. Хэн үүнийг эвдсэнийг мэдэхгүй юм. Засахгүй олон сар болж байна” гэсэн юм.
Тус замаар автомашинтай иргэд зорчих нь яс хавталзмаар болсон гэдгийг ч хэллээ. Учир нь нэгийгээ өнгөрөөж байж заавал урсгал сөрөх хэрэг гардаг болсон гэнэ. Жолооч нарын хэлж буйгаар “үл мэдэх” хүмүүс ирж эвдсэний дараа үүнээс арай дээр байжээ.
Түүнээс хойш машин явах тусам зам эвдэрч, шороо ухагдсаар байгаа аж. Эл асуудлыг тус дүүргийн XI хорооны хэсгийн ахлагч н.Сарангэрэлээс тодруулахад “Зам эвдсэн эзэн нь одоо хүртэл олдохгүй байгаа. Шугам сүлжээний ажил хийсэн гэсэн сураг сонсогдсон. “Сөүл” эмнэлэгт л шугам сүлжээний засвар хийсэн байх” гэлээ. Оршин суугчдын олонх нь ч “Сөүл” эмнэлгийнхэн зам эвдчихлээ” гэж байв. Тиймээс тус эмнэлгийн менежер н.Энхбаатараас тодруулсан юм. Тэрбээр “Намар, нэг өглөө ажилдаа ирэхэд л зам эвдчихсэн байсан. Манай эмнэлгийн зүгээс ямар нэгэн засвар, үйлчилгээ хийгээгүй. Тухайн үед бүгд мэдээгүй юм билээ.
Оршин суугчдын хэлж буйгаар шөнө зам хааж, гэрэл асааж байгаад ухаж эхэлсэн гэсэн. Харин дараа нь манай энэ хэсгийн дахин төлөвлөлтийг хариуцсан “Бэрэн” компанийнхан ирж хяналтын камер шалгасан. Эзнийг олоогүй юм шиг байна лээ” гэв. “Хэнд ч мэдэгдэхгүй, хурдхан амжуулчихъя” гэсэн шиг шөнө дүлээр ажлаа амжуулсан нь иргэдийг төөрөгдүүлэх нь дамжиггүй. Харганы ноос түүж, дээс томдог үлгэрийн адил тус замыг хэн эвдсэн нь тэр хавиас сураглаад лав олсонгүй. Тиймээс нийслэлийн Авто замын хөгжлийн газрыг зорив. Тэд энэ талаар тоймтой мэдээлэл өгөөгүй бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дээрх асуудлыг хариуцаж, тус албаны даргын зөвшөөрлөөр шугам, сүлжээний ажил хийх зорилгоор ногоон байгууламж, зам талбайг ухдаг гэсэн юм.
Тэдний зөвлөснөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийнхэнтэй уулзаж, дээрх замын талаар тодруулахад “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн XI хороонд байрлах “Сөүл” эмнэлгийн хойд талын зам доор шугам сүлжээний ажил хийхээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн “Зүүн түгээх төв”-ийнхөн зөвшөөрөл авсан. Үүний дагуу засвар, үйлчилгээ хийсэн. Хүйтний улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд цахилгаан, дулаан, бохирын шугам сүлжээнд гэнэтийн осол, саатал гарсан тохиолдолд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргад хүсэлт гаргаж, зөвшөөрөл авдаг.
Ингэж авто болон явган замыг сэтэлсэн тохиолдолд нөхөн сэргээх үйл ажиллагааг тухайн байгууллага өөрсдөө хариуцах ёстой байдаг. Сэтэлсэн замыг нөхөн сэргээхгүй байгаа учир нь асфальтын үйлдвэр дулааны улиралд буюу тавдугаар сарын 15-наас ажлаа эхлүүлдэг. Мөн өвлийн улиралд асфальтан хучилт хийж болохгүй тул зөвшөөрөгдсөн хугацаа хүртэл сэтэлсэн замыг шороогоор хучих ёстой. Манайх зургадугаар сарын 1-нээс зөвшөөрөл авч, шугам сүлжээний ажил хийсэн цэгүүдийг шалгаж, хяналт тавьдаг” гэсэн юм.
Дээрх тохиолдол бол зөвхөн нэг жишээ. Өнгөрсөн өвөл засвар, үйлчилгээ хийх зорилгоор 30 гаруй цэгт зөвшөөрөл олгосон аж. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд өнгөрсөн өвөл гэхэд л 30 гаруй зам, талбайг эвдэж, сүйдсэн гэсэн үг. Уг нь зуны гурван сарын турш, заримдаа намрын сэрүүнд ч шугам сүлжээний ажил хийж, бараг орон сууц болгоны дэргэд нүх ухаж, зам хаасан байдаг. Үүнд ч бас л зам эвдэж, түүнийгээ нөхсөөр. Энэ бүхэнд татвар төлөгчдийн мөнгө урсаж, халаасыг нь тэмтэрсээр байгаа нь ойлгомжтой.
Уг нь өндөр хөгжилтэй орнууд шиг газар доогуур хонгил байгуулж, түүндээ шугам сүлжээний ажил хийдэг болчихвол арай гэж тэсэж буй замаа өөрсдөө эвдэж сүйдээд байх шаардлагагүй болох юм. Хуучны барилгууд биш юм гэхэд жилд хэдэн арваараа ашиглалтад орж буй орон сууцны хороолол, хотхон барьж буй эзэд байшин барихдаа газар доогуур хонгил хийж, шугам сүлжээгээ татах цаг нь болсон. Ингэхгүй бол цаашид ч замыг чанартай барих шаардлагагүй.