Өнгөрсөн жилийн хавар монголчууд хүүхдийн хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ тэмцэж, хүүхдийн эрхийн төлөө "Дахин тэвчихгүй" жагсаалыг зохион байгуулсан. Тухайн үед энэ төрлийн гэмт хэргийг Ерөнхийлөгч, Засгийн газрын хэмжээнд анхаарч байсан билээ.
Тухайлбал, хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгт цаазаар авах ялыг сэргээх асуудлыг судалж үзэх саналыг тавьж байжээ. Ерөнхийлөгчөөс албан ёсоор санал тавьсан учраас энэ тал дээр холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсэг нэг сар гаруй хугацаанд ажиллахдаа цаазаар авах ялыг Монгол Улсад дахин сэргээх хууль зүйн үндэслэл байхгүй хэмээн 100 хувь санал нэгтэй дүгнэжээ. Ингээд манай улс цаазаар авах ялыг сэргээх асуудлыг дахин сөхөхгүй байхаар болов. Гэтэл саяхан үүсээд буй ар араасаа цуварсан хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргүүд ард иргэдийг дахин цочирдууллаа. Хүүхэд хүчирхийлүүлээд, амь насаа алдсаны дараа монголчууд хэсэгтээ шуураад л мартдаг. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд цаазын ялыг сэргээхийг дахин шаардаж эхлэв.
Ажлын хэсэг цаазын ялын тухайд дээрх дүгнэлтийг гаргасан нь ийм учиртай байжээ.
Монгол дахь Европын холбооны Төлөөлөгчийн газрыг түр хамаарагч Марко Ферри ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяртай уулзах үеэрээ "Европын холбоо өөрийн гишүүн 28 орны өмнөөс танай Засгийн газарт цаазын ялыг сэргээх эсэх асуудлаар байр сууриа мэдэгдсэн байгаа. Энэхүү мэдээлэлдээ цаазын ялыг сэргээх нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн тодорхой тогтоолууд болон Европын холбоотой байгуулсан хөтөлбөртэй зөрчилдөх асуудал үүснэ" хэмээн мэдэгдэж байжээ.
Юутай ч Монгол Улсад цаазын ялыг сэргээвэл НҮБ болон Европын холбоотой зөрчилдөх асуудал үүсэх нь дамжиггүй. Улмаар өрнөдийн орнуудаас манай улс руу чиглэсэн хүмүүнлэгийн болон санхүүгийн буцалтгүй тусламжууд саарахыг ч үгүйсгэхгүй. Иймд эрх баригчид энэ асуудалд болгоомжтой хандах нь аргагүй юм. Харин ард иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд хүүхэд хүчирхийлсэн, эх орноосоо урвасан этгээдүүдийг цаазаар авдаг байхыг шаардсаар байна.