Хойд хөршийн маань эртний нийслэл Санкт-Петербург хотод Усан цэргийн флотын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг аж. Чухамхүү энэ армийн хүчээр байгуулагдсан хот болохоор аргагүй ч биз. Энэ өдөр хотын боомтод Хойд болон Балтын тэнгисийн флотын бүх усан усан онгоцнууд цугларч баг бүрэлдэхүүнээрээ жагсдаг уламжлалтай аж. 2006 онд ч энэ баяр ёслол уламжлал ёсоороо болов. Усан цэргүүдийн сүр жавхлантай жагсаалыг хотын бараг бүх иргэд ирж үзэх дуртай. Харин оршин суугч Морозовынхон эл өдөр баярын жагсаалаа үзэж амжсангүй. Тэд ах дүү, хамаатнуудын хамт баярыг зуслан дээрээ тэмдэглэжээ. Хотын гэртээ орой болсон хойно ирсэн тэд унтах гэтэл дээд давхрынх нь хөршийн нохой хуцаад байв. Тэсгэл алдсан гэрийн эзэн хэл ам хийхээр гартал давхрын хоорондох шатан дээр амьгүй болсон залуу эмэгтэй хэвтэж байх нь тэр. Морозов бүсгүйг таньжээ. Тэр бол есөн давхрын айлын хамаатан охин байв.
Яна Шукина-Койвисто
Яна Шукина-Койвисто Финлянд улсын иргэн бөгөөд Санкт-Петербург хотод нагац эгчийн дээ ирж зочлоод байжээ.Тэрбээр эл хотод төрж өссөн ч арван настай байхад нь эх нь Финлянд хүнтэй суугаад охиноо аваад Хельсинки руу явсан аж. Орцын оршин суугчид бүгд нэг нэгнийгээ төдийгүй хамаатан садан, ирж очдог найз нөхдийг нь хүртэл мэддэг нийтэч улсууд байж. Баярын өдрүүдэд цагдаагийнхан ачаалалтай байдаг нь хаа газрын жам. Ихэнхдээ л танхай дээрмийн дуудлагууд ирдэг аж. Тиймээс мөрдөгчид эл хүн амины хэргийг хүчингийн, дээрмийн, хар тамхины тун хэтрүүлсэн гэсэн хэдэн хувилбар гаргажээ. Харамсалтай нь шинжээчдийн дүгнэлт дээрх хувилбарууд нотолсонгүй. Хохирогчийн эд зүйлс хэргийн газраас алга болоогүй байв. Хэтэвчин дэх хэдэн зуун ам.долларыг аваагүйг үзэхэд дээрэм биш нь лавтай. Охин бэлгийн хүчирхийлэлд автаагүй байв. Хамгийн сүүлд цусны шинжилгээгээр хар тамхи битгий хэл дусал согтууруулах ундааны төрөл ч илэрсэнгүй. Хэргийн газар ирсэн мөрч нохой үнэр аван дөрвөн давхрын хоёр хаалганы тэнд хэсэг эргэлджээ. Хонх дарахад аль ч хаалганаас нь хүн гарч ирсэнгүй. Нохой доошоо нэг давхар руу шогшоод орцын хаалганы дэргэдээс усан цэргийн малгай олоод буцаж дээш гаран цогцсын дэргэд очив. Энэ нь малгай хохирогчийн биед эсвэл гарт байсан гэсэн үг аж. Усан цэргийн баярын өдрүүдээр ийм малгай гудамжнаас худалдаж авч болох тул малгай Янагийнх ч байж болох юм. 12 цагийн дараа Санкт-Петербург хотод суух Финландын Ерөнхий консулын газраас ОХУ-ын Гадаад яаманд бичиг ирүүлжээ. Уг бичигт Финлянд улсын иргэний амь насыг хөнөөсөн уг гэмт хэргийг хамгийн богино хугацаанд илрүүлж өгөхийг хүсэхийн зэрэгцээ Санкт-Петербург хотыг аялал жуулчлал хийхэд аюултай хотын жагсаалтад оруулж магадгүйг анхааруулсан байв. Төсвийн багагүй хэсэг нь аялал жуулчлалаас бүрддэг эл хотод уг анхааруулга тийм ч таатай сонсогдсонгүй. Олон улсын шуугиан гарч магадгүй болов. Гэтэл мөрдөгчдөд нэг усан цэргийн малгайнаас өөр ямар ч баримт сэжүүр байхгүй байлаа. Хэрэг гарсан орцод, ойролцоох байрнуудад хойд усан цэргийн флотод алба хааж байсан хүн байгаа эсэхийг юуны түрүүнд шалгав. Тийм хүн олдсонгүй. Удалгүй шинжээчид малгайн дотор талд “Яков”,эсвэл “Яков” гэсэн дөрвөн үсэг бичсэн байхыг илрүүлжээ. Овог нэрийн хэсэг байх нь гарцаагүй. Баярын өдрүүдээр жагсаалд оролцсон, чөлөөгөөр явсан, эсвэл дураараа анги салаагаа орхисон албан хаагчдыг шалгах шаардлагтай байгаагаа Усан цэргийн флотын Санкт-Петербург хот дахь баазын удирдлагад тавьлаа. Гурав хоногийн дараа Хойд болон Балтын тэнгисийн флотын бүх баг бүрэлдэхүүний хувцас малгай бүрэн бүтэн, чөлөөгөөр явсан, дураараа анги нэгтгэл орхисон цэрэг үгүй гэсэн хариу ирэв. Үүний зэрэгцээ аллага гарсан орцын айлуудын судалгаа явагдсаар байлаа. Бүгд л юу ч хараагүй сонсоогүй гэсэн хариу өгсөөр. Хаа газрын байрны эмээ нар хамгийн их мэдээлэлтэй байдаг тул тус орцын Катя эмээтэй уулзсан аж. Катя эмээ нойр муутай нэгэн аж. Хэрэг гардаг шөнө түүний нойр мөн л хулжаад гарч салхилжээ. Цахилгаан шатаар доош буух гэтэл бариулаар онгойдог хуучны цахилгаан шатны хаалгыг онгойлгож чадсангүй. Бас хэн нэгэн дотор нь уухилаад байх шиг байж. Согтуу хүн байх гээд Катя эмээ ач холбогдол өгөөгүй байна.Мөрч нохой эргэлдсэн хоёр айлыг шалгахад 259 тоотод Санкт-Петербург хотын нэгэн дээд сургуулийн тооны доцент багш Вадим Дронов гэгч оршин суудаг аж. Хэрэг гардаг орой тэрбээр нойрны эм уугаад унтсан тул ямар нэгэн сэжигтэй дуу чимээ, тэр байтугай цагдаа нарыг хонх дараад байхыг сонсоогүй гэжээ. Харин нөгөө хаалга болох 258 тоотод Азербайжанаас ирсэн наймаачид хөлслөн суудаг гэнэ. Оршин суугчдын тодорхойлсноор бол нилээд шуугиантай төвөгтэй хөршүүд аж. Гэвч тэд хэрэг гарахаас долоо хоногийн өмнө нутаг руугаа буцсан нь тогтоогдов.
Янатай цуг сургуулийнх нь бүлэг сурагчид жуулчлалаар ирсэн аж. Тэдний ярьснаар бол Яна ихэвчлэн эндэх найз нөхөд танилуудтайгаа цагийг өнгөрөөдөг байжээ. Хамгийн сүүлд түүнийг баярын жагсаал дээр Андрей гэдэг найз хөвгүүнтэйгээ явж байхыг харсан байна. Андрейг эрж хайх хэрэг гарсангүй. Хөвгүүн өөрөө цагдаагийн газар ирсэн аж. Аллага болсон өдөр хосууд жагсаал харж орой нь кино үзсэний дараа Яна нагацынх рууга, Андрей эмээгийнх рүүгээ явжээ. Хөвгүүнээс усан цэргийн малгайн талаар асуухад тэрбээр юу ч мэдэхгүй, анх удаагаа харж байгаагаа хэлсэн байна. Усан цэргийн малгай ёслолын цагаан бүрхүүлгүй баясан болохоор эзэн нь халагдсан цэрэг байж болох юм гэсэн таамаг гарч ирэв. Цэргийн удирдах газрын архивыг судалж Яков, эсвэл Якоб гэж нэр овог нь эхэлсэн Хойд болон Балтын усан цэргийн флотод алба хааж байсан хүмүүсийг судлахад 100 гаруй нэрс гарчээ. Нэг хүнээс бусад нь хэрэг гарах үеэр өөр газар байсан нь баттай нотлогдов. 1965 онд төрсөн, Хойд усан цэргийн флотод алба хааж байсан Аркадий Яковлевыг тэр даруй оллоо. Хэргийн газраас олдсон малгайг түүнд үзүүлтэл Яковлев алга болгочихсон малгайгаа олдсонд учиргүй баярлан цагдаа нарт талархах нь тэр. Сэжигтний уг үйлдэл мөрдөгчдийг гайхшруулсан ч түүнийг саатуулах нь зөв хэмээн үзсэн аж. Аркадийн Яковлев хэрэг гардаг өдрийн 19 цагийн үед Больше-охотинскийн гүүрний орчим Хойд тэнгисийн усан цэргийн флотын хуучин цэргүүдтэй тааралджээ. Мэдээж хэрэг уулзалтыг тэмдэглэлгүй яах вэ. Тэгээд Яковлев хамгийн сүүлд ёслолын буудлага болж байсныг л санаж байлаа. Мөн Новочеркасын метроны буудлын ойролцоо санамсаргүй танилцсан нэгэн бүсгүйг хүргэж өгөх гэж хоргоож байсан нь ухаанд нь бүдэг бадаг үлдэж. Харин малгайгаа хаана хаяснаа огт санахгүй байлаа. Яковлеваас сорьц аван хохирогчийн хувцсан доторх бичил эдтэй харьцуулахаар болов. Мөн сэжигтний гэрт хийсэн нэгжлэгээр цус болсон усан цэргийн судалтай цамц олджээ. Шинжилгээний хариу гарах хүртэл мөрдөгчид орцын айлуудаар явж сэжигтний зургийг үзүүлжээ. Хэн ч тэр байтугай Катя эмээ ч Яковлевыг таньсангүй. Ганцхан 259 тоот хаалганд суудаг профессор л хэрэг гардаг оройн 24 цагийн үед орцын гадаа харсан байв. Цамцан дээрх цус Яковлевыг өөрийнх нь цус байлаа. Харин талийгчийн хумсан доорх бичил тэр цамцны бичил эдтэй яг тохирох нь тэр. Ингээд баримтад дарагдсан Яковлев бүсгүйг алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн баримт дээр гарын үсгээ зуржээ. Эрүүгийн хуульд сэжигтэнг хэрэг гарсан газар аваачин үйлдлээ яг яаж хийсэн гэдгийг нь үзэж туршдаг хуультай. Эл туршилт мөрдөгчдийг эргэлзэхэд хүргэжээ. Алуурчин хохирогчийг хананд шахаж байгаад гарын шуугаараа хоолойг нь шахаж алсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байтал Яковлев яг Отелло Дездемонагаа багалзуурддаг шиг хоёр гараараа шахаж үзүүлээд байлаа. Дээрээс нь юу ч санахгүй болтлоо согтсон тэрбээр хохирогчийг яаж дуу гаргалгүй барьж байсан байх нь вэ? Тэгэхээр цахилгаан шатан дотор Яковлев Яна хоёрын хооронд юу болсон байх нь вэ? Хамгийн хачирхалтай нь аллага цахилгаан шатан дотор болсон бол, яагаад хэрэгтний малгай нэг давхраас, харин цогцос 5 давхраас олддог байна?
Аркадий Яковлев
Мөрдөн байцаах ажил дөрвөн сар үргэлж байв. Финлянд улсын Консулын газраас ирэх дарамт улам ихэссээр. Мөрдөгчид нэг асуулт өмнөө тавьжээ. Хэргийн газраас хараал идсэн тэр малгай олдоогүй бол мөрдлөгийн ажил хаанаас эхлэх байсан бэ? Мэдээж хэрэг огт өөр өгөгдөхүүнээс эхэлнэ шүү дээ. Энэ тохиолдолд дахиад орцоос эхэлнэ. Хамгийн түрүүнд Катя эмээтэй уулзав. Орцын оршин суугчид Яковлевыг жинхэнэ алуурчин биш гэдгийг хэдийнээ мэдчихсэн, өөрсдөө алуурчин олж тогтоох судалгааны ажлаа эхлүүлсэн талаар Катя эмээ ярих нь тэр. Тэр ажилд 259 тоот хаалганд амьдардаг хүндэт профессор хүртэл идэвхтэй оролцож байгаа аж. Дронов сүүлийн үед талийгч охинтой их л нөхөрсөг харьцаатай байжээ. Нэг удаа Катя эмээтэй ярьж байхдаа “Хөөрхий минь дээшээ хараад хэвтэж байгаа нь одоо болтол нүдэнд харагдах юм” гэжээ. Хачирхалтай юм болох нь ээ. Нойрны эм уугаад хаалганы хонхоо дугаархыг сонсолгүй нам унтаж байсан тэрбээр яаж цогцсыг харсан байх нь вэ. Талийгчтай тийм нөхөрсөг харилцаатай байсан бол цагдаа нарын асуултад их л хайнга, хөндий хариулж байсан нь мөрдөгчдийн сэжгийг төрүүлэв. Дронов хохирогч охинтой үнэхээр нөхөрсөг харилцаатай байжээ. Энэ тухай Янагийн нагац эгч нь хүртэл мэдэж байж. Тэд орцын гадаа удтал ярьж зогсдог байжээ. Тэр байтугай Яна сэтгэл зүйн хичээлийн рефератаа Дроновт уншуулж зөвлөгөө авч байсан байна. Тэр рефератыг үзэх сонирхол мөрдөгчдөд төрсөн аж. “Гэр бүлд хэн голлох ёстой вэ” гэсэн Яна охины наснаас ахадсан сэдэвтэй реферат ёстой л эрдэм шинжилгээний ажил болсон байлаа. Үүнд Дронины туслалцаа орсон нь гарцаагүй байв. Вадим Дроновыг судлахаар шийдэв. Дронов хотын нэгэн дээд сургуулийн профессор багш нь үнэн аж. Гэрлээгүй ч сайн багш, авьяастай эрдэмтэн, хамт олныхоо дунд нэр хүнтэй гэж ажлаас нь тодорхойлов. Сэжүүр олдохгүй байлаа. Гэтэл мөрдөгчийн анхаарлыг Яна охины рефератын завсар байсан халаасны хуанли яагаад юм татжээ. 2006 оны тэр хуанлийн нэгдүгээр сарын 1-ний, мөн гуравдугаар сарын 8-ны өдрийг тэмдэглэж сурсан байв. Шинэ жил, эмэгтэйчүүдийн баярын өдрүүд. Гэтэл Яна энэ өдрүүдээр Санкт-Петербург хотод ирээгүй байв. Тэгэхээр энэ хуанли Янагийнх биш байх нь. Тэгвэл Дроновынх уу? Хэрэв Дроновых мөн бол яагаад бусад баярын өдрүүдийг тэмдэглээгүй юм бол. Жишээ нь Майн нэгний баярыг. Эсвэл Дронов өөр зүйл тэмдэглэсэн байх нь уу? Мөрдөгчдийн бодолд орж ирсэн таамаг тэднийг өөрсдийг нь айлгаж орхижээ. Гэхдээ бүх сэжүүр,таамгийг шалгах ёстой. Тэд Дотоод яамны мэдээллийн санд хандан энэ өдрүүдэд гарсан хэргийн бүртгэлийг хүсэв. Хэдэн зуун хэргээс 2006 оны нэгдүгээр сарын 1-нд Большевикийн өргөн чөлөөн дэхь нэг байрны орцонд 15 настай Наталья Завьялова охиныг хүчиндээд, дараа нь боож алсан хэрэг, тэр оны гуравдугаар сарын 8-нд Большеохотинскийн гудамжны байрны орцонд 17 настай Татьяна Горскаяг мөн л хүчиндэн боож алсан хэрэг яахын аргагүй сонирхол татав. Уг хэргүүдийн цөөхөн хэдэн гэрчийн мэдүүлгээр сэжигтний зурган төрхийг гаргасан ч одоо болтол түүнийг таньж харсан хүн үгүй аж. Татьяна Горскийн хэргийн гэрч аллага гарсны дараахан байрны гадаа нэгэн сонин эртэй таарсан байдаг. Тэр гэрчтэй уулзахаас өмнө мөрдөгчид Дроновын фото зурган дээр өмнөх сэжигтний сахал шиг сахал хийгээд үзүүлтэл “Байрны гадаа таарсан эр мөн гэдэгт 100% итгэлтэй байна” хэмээн хариулжээ. Дроновыг баривчлахад хэрэгтэн ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй ч мэдүүлэг өгөхөөс татгалзан хэд хоносон байна. Тав дахь хоног дээрээ “Миний хувьд энэ их эмзэг сэдэв. Ямар ч хөндлөнгийн гэрчгүй, дүрс бичлэг хийхгүй бол мэдүүлэг өгөхөд бэлэн” гэв. Түүний мэдүүлэг бүхэл бүтэн хүүрнэл болов.
Гэмт этгээд профессор Вадим Дронов
Дронов хүмүүжилтэй сайтай хүүхэд байж. Арван жилээ онц, Санкт-Петербург хотын Их сургуулийн тооны ангийн алтан медальтай төгссөн тэрбээр бүх л цаг заваа дуртай шинжлэх ухаандаа зориулсаар нэг л мэдэхэд эхнэр хүүхэд ч үгүй, найз нөхөд ч үгүй гуч гарсан ганцаардмал эр болжээ. Тооноос өөр зүйл боддоггүй байсан түүний сэтгэл зүй охид бүсгүйчүүдийн тал даар айдастай, өөртөө итгэлгүй болсон аж. Жирийн хүмүүс баяр болоход дуртай байдаг бол Дронов харин үгүй аж. Эл өдрүүдийг улам гунигтай болгохгүйн тулд тэрбээр театрт жүжиг үздэг байв. Олон хүмүүсийн дунд байхдаа тэрбээр ганцаардлыг тийм хурцаар мэдэрдэггүй байж. Ингээд нэг удаа жүжиг үзээд явж байтал зүс үзсэн бүсгүй түүнтэй толгой дохин мэндэлжээ. Тэр бол есөн давхрын хөршийнх нь хамаатан Яна Шукина-Койвисто охин байжээ. Жүжиг тараад Дронов охиныг гарч ирэхийг хүлээж байгаад хамт харьсан байна. Эл уулзалт түүний сэтгэлд мартагдашгүй ул мөр үлдээжээ. Тэр шөнөдөө Дронов унтаж чадаагүй байна. Нүднээс нь ялдамхан охины дүр төрх гарч өгөхгүй байлаа. Ингээд профессор өдөр болгон тэр охинтой уулзаж, учрахыг хүсэн хүлээдэг болжээ. Харин Яна Петербургт баярын өдрүүдээр л ирдэг байв. Баярын өдрүүдээр Дронов театр явалгүй , Янаг хүлээдэг болов. Тэрбээр охиныг ирэхэд уулзах гэж орцны үүдийг сахина. Баярын цөөхөн өдрүүдээр Янатай богинохон хугацаанд уулзаад өнгөрөхөд Дроновын биед урьд өмнө хэзээ ч үзэж байгаагүй тийм хүчтэй сонин мэдрэмж төрдөг болжээ. Гэтэл Яна ирэлгүй хэдэн сар болжээ. Дронов орох байх газраа олж ядах аж. Бүсгүйг санаж бэтгэрсэндээ тэрбээр түүнтэй анх уулзсан театрын орчмоор бэдрэн явах болжээ. Гэтэл 2005 оны араваннэгдүгээр сарын 7-нд буюу октябрийн баярын өдөр Дронов театрын үүдэнд Янатай маш адилхан бүсгүйтэй таарчээ. Тэр бол Юлия Леонова байжээ. Энэ өдрийн Дронов өөр нэг халаасны хуанли дээр тэмдэглэснийг хожим мөрдөгчид гэрээс нь олсон байдаг. Дронов Янаг байна гэж андууран хэсэг балмагдсан аж. Дараа нь андуурснаа ойлгожээ. Гэсэн ч яагаад ч юм бэ тэр бүсгүйг хойноос дагажээ. Өөрийн мэдэлгүй яг л нохой шиг нь тэр охиныг дагасаар гэрийнх нь гадаа иржээ. Юу ч мэдээгүй Евгения орц руу ороход профессор хойноос нь оров. Цагийн дараа цахилгаан шатнаас хүчиндүүлж, дараа нь боомилуулсан Юлиягийн цогцос олдох болно. “Би тэр мөчид хүсэн хүлээж байсан тэр таашаалаа мэдэрсэн” гэж доцент мэдүүлсэн байдаг. Сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа тэрбээр ингэж шийджээ. Дронов дараагийн баярын өдрийг тэсэн ядан хүлээх болсон аж. Тэр баяр нь 2006 оны нэгдүгээр сарын 1-нд таарчээ. Очих дуртай театрынхаа орчмоор алхаж байхдаа тэрбээр Янаг санагдуулах тэр танил биш бүсгүйг яахаа сайн мэдэж байлаа. Цуврал алуурчны дараагийн хохирогч нь 15 настай Наталья Завьялова охин болжээ. Харин эмэгтэйчүүдийн баярын аймшигтай бэлгийг 16 настай Татьяна Горскаяд барьжээ. Долдугаар сарын сүүлээр хүсэн хүлээсэн Яна нь ирэв. 28-нд Усан цэргийн флотын өдөр болов. Дронов Янаг найзуудтайгаа уулзаад буцаж ирэхийг нь цонхон дээрээ хэдэн цаг хүлээн зогссон аж. Харанхуй болж тэнгэрт ёслолын буудлага гэрэлтэв. Шөнө дунд өнгөрч байхад ашгүй Яна ирлээ. Гэвч ганцаараа биш усан цэргийн малгай, цамцтай нэг дальчигансан согтуу нөхөр орц руу даган оров. Дронов хар хурдаараа доош гүйн согтуу усан цэргийг хана мөргүүлж унагаад айж сандарсан Янаг тайвшруулах гэж тэвэрлээ. Лифтэнд орсон хойноо хайртай бүсгүйнхээ биед хүрсэндээ Дронов өөрийнхөө биеийг барьж дийлсэнгүй. Тэрбээр охиныг үнэсэж үглэн, хайр сэтгэлээ илчилж гарчээ. Яна түүнтэй ноцолдсоор цахилгаан шатнаас гарах гэтэл нь Дронов түүнийг явуулахгүйн тулд хананд шахахдаа хүчээ тооцолдсонгүй охины аминд хүрчихжээ. Гэхдээ хэрэгтэн ухаанаа алдаагүй байна. Тэрбээр охины цогцсыг цахилгаан шатнаас гаргаад өөрөө доошоо нэг давхар руу гүйжээ. Согтуу усан цэрэг хэдийнээ явчихсан байв. Харин малгай нь шалан дээр хэвтэж байх нь тэр. Энэ малгай өөрийнх нь аврал гэдгийг Дронов тэр даруй тооцоолжээ. Тэгээд ухаангүй хайртай байсан бүсгүйнхээ хөрч амжаагүй цогцсын хажуугаар хээв нэг алхаж өнгөрөн гэртээ ороод хаалгаа түгжиж орхисон аж. Дроновыг хагас жил сэтгэцийн эмч, эрдэмтэд шинжилсэн ч ухаан эрүүл, хэрэг хүлээх бүрэн чадвартай гээ оношилжээ. 2008 онд тус хотын дээд шүүх профессор Дроновт бүх насаар нь хорих ял оноосон аж.