Г.Равжаа
-Г.Шүрэнхишигийг яллагдагчаар тооцон цагдан хорьжээ-
“Тавантолгойн ордоос 340 мянган тонн нүүрс алдагдсан, үүнийг нь холбогдох байгууллагууд нотолсон” хэмээн УИХ-ын гишүүн Л.Энхболд мэдэгдсэн нь тухайн үедээ дуулиан тарьж байв. Гэвч шил шилээ дарсан, олны анхаарлыг татсан үйл явдлуудын өрнөлд дээрх дуулиан мартагдах шахаж байгаа билээ. Энэ тухай мэдээллийг дээрх гишүүн 2018 оны гуравдугаар сард АТГ-ынхнаар шалгуулахаар хандаж байсан бөгөөд тус газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар бид прокурорын байгууллагын эх сурвалжуудаас тодруулан мэдээлж байв.
“Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсгэж, өөрийнэзэмшлийн “Тавантолгой транс”-д нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлсэн.
2010-2017 онд “Тавантолгой транс” ХХК-иас авах авлагаас хоорондын тооцоо нэрээр 17.8 тэрбум төгрөг авалгүй хаасан, тус тээвэрлэгч компанийн экспортолсон нүүрсний хэмжээ “Тавантолгой” ХК-ийн борлуулсан хэмжээнээс зөрүүтэй гарсан” зэрэг үйлдлийг шалгаж байгаа. Санхүүгийн нэлээд олон зүйл шалгах учраас хугацаа шаардах байх” хэмээн тухайн үед мэдээлж байв.
Тэгвэл АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаж, нэлээд хэдэн ноцтой үйлдэл тогтоосон учраас зарим хүнийг эхнээс нь цагдан хорьж, шалгаж эхэлсэн юм. Тухайлбал, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигийг мөнгө угаасан үндэслэлээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хууль сахиулагчид саатуулсан талаар бид дөрөвдүгээр сарын 29-ний даваа гаргийн дугаартаа мэдээлсэн билээ.
Улмаар энэ долоо хоногийн эхээр үргэлжлүүлэн цагдан хорих санал прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлснээр түүнийг яллагдагчаар 20 хоногийн хугацаанд цагдан хорих захирамжийг шүүгч баталсан аж. Түүнийг ийнхүү баривчилсан нь Тавантолгойгоос нүүрс алга болсон хэргийн учгийн үзүүрээс хууль сахиулагчид атгасны дохио бололтой.
АЧААНЫ 4000 МАШИН “ХООСОН” ГЭХ БҮРДҮҮЛЭЛТТЭЙ БНХАУ-ЫН ТАЛ РУУ ОРЖЭЭ
Тавантолгойн ордоос нүүрс алга болсон хэргийг 2013 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж эхэлсэн бөгөөд тухайн үед прокурор, цагдаагийн байгууллагыг удирдаж байсан хүмүүсийн өгсөн үүрэг даалгаврын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх. Харин энэ дуулиан дэгдсэнээс хойш орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийгээд багагүй хугацаа өнгөрч буй юм.
Тавантолгойн орд газарт 1966 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн “Тавантолгой” компанийнхан 2013-2017 онд нийтдээ 12 сая тн нүүрс олборлосноос 1.8 сая буюу 15 хувийг нь “Тавантолгой транс” компани худалдан авч, өмнөд хөрш рүү экспортолсон гэх тайлан байгаа аж. Харин шалгалтаар тухайн жилүүдэд худалдан авсан нүүрснээсээ 300 мянган тн-оор илүү буюу нийтдээ 2.1 саяыг нь хилээр гаргасан гэх баримт хууль сахиулагчид болон Сангийн сайдын ахалсан ажлын хэсгийнхэнд байгаа аж.
Тэр жилүүдэд “Тавантолгой транс”-ын нэр дээр бүртгэлтэй, нүүрс тээвэрлэдэг хүнд даацын ачааны машинууд хамгийн олон буюу 300 гаруй удаа “хоосон” гэсэн гаалийн бүрдүүлэлт хийлгэж хилээр нэвтэрч байсныг тогтоожээ. “Тавантолгой транс” ХХК-ийн дийлэнх хувийг “Ажнай корпорац”, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ эзэмшдэг гэдгийг хэн хүнгүй мэдэх болсон. Түүгээр ч зогсохгүй орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд ч байдгийг уншигчид гадарлана.
Тэгэхээр хилээр 300 удаа хоосон гарсан асуудлыг Д.Бат-Эрдэнэ гарцаагүй мэдэж байгаа нь лавтай. Түүнээс гадна “Тавантолгой транс” компанийн захирал Д.Дагвадорж бүр ч ихийг мэдэх хүний нэг. Түүнийг хууль сахиулах байгууллагаас удаа дараа дуудан шалгаж байсан ч төд удалгүй асуудал намжиж байсан билээ.
Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалт, дээрх онуудад хоосон машинууд хилээр гарч, БНХАУ-ын талд очоод нүүрс ачсан гэх бүрдүүлэлтээр нэвтэрдэг байсныг анх шалгахдаа тогтоож, улмаар “Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Тавантолгойн уурхай дахь ажлын байрнуудад нэгэн зэрэг нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг нь шалгахаар үзлэг дөнгөж эхлээд байхад нь цагдаа, прокурорын байгууллагын удирдлага алба хаагчдадаа “Наад ажиллагаагаа боль” гэсэн үүрэг өгч, байцаан шийтгэх ажиллагааг зогсоолгож байсан гэдэг.
Зөвхөн “Тавантолгой транс”-аар тогтохгүй, нүүрс тээврийн 20 гаруй аж ахуйн нэгж 2013-2017 онд худалдан авсан нүүрснээсээ илүү хэмжээтэйг хилээр гаргасан бөгөөд хүнд даацын 4000 орчим машин Монгол Улсын хилээр нэвтрэхдээ “хоосон” гэсэн бүрдүүлэлт хийлгэж, өмнөд хөрш рүү орохдоо 100-гаас илүү тн нүүрс тээвэрлэж яваа гэсэн бүрдүүлэлт хийлгэж байсан аж. Тэгэхээр УИХ-ын гишүүн Л.Энхболдын яриад байсан 260 мянган тн нүүрсний тодорхой хэсэг нь ийм замаар алга болсон байж болзошгүй учраас 2013 онд хэрэгсэхгүй болгож, хаасан хэргийг хууль сахиулагчид сэргээн шалгаж эхэлсэн юм байна.
АТГ, цагдаа, прокурорын байгууллагынхнаас энэ талаар тодруулахад, “Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсгэж, өөрийн эзэмшлийн “Тавантолгой транс” ХХК-д нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлсэн. 2010-2017 онд “Тавантолгой транс” ХХК-иас авах авлагаас хоорондын тооцоо нэрээр 17.8 тэрбум төгрөг авалгүй хаасан, тус тээвэрлэгч компанийн экспортолсон нүүрсний хэмжээ “Тавантолгой” ХК-ийн борлуулсан хэмжээнээс зөрүүтэй гарсан” зэрэг үйлдлийг шалгаж байгаа. Санхүүгийн нэлээд олон зүйл шалгах учраас хугацаа шаардана” гэсэн юм.
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг нэгэн ярилцлагадаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг ажлаа эхлээгүй байхад баруун, зүүн, хойд талаас нь манай компани нүүрс олборлосон тал бий. Гэхдээ энэ нь 2011 онд “Эрдэнэс-Тавантолгой” үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө гэсэн үг.
Харин ажлаа эхэлснээс хойш хоёр компани албан ёсоор комисс гаргаад тусгай зөвшөөрлийн хилдээ шав тавьсан. Ингээд 268.3 мянган тн нүүрсний асуудалд хоёр талаас комисс гарч акт үйлдсэн. Түүнээс бус, хэвлэлүүдээр бичээд байгаа шиг манай компани илтэд дээрэм хийгээд, эсвэл улсыг хохироогүй, МХЕГ-аас нүүрс тээврийн машинууд хилээр хоосон гарсан асуудлаар танилцуулга үйлдсэн байдаг” хэмээсэн нь бий.
Г.ШҮРЭНХИШИГ НОТЛОХ БАРИМТ УСТГАСАН УУ
Орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй нэг ангид сурч байсан Г.Шүрэнхишигийг их хэмжээний хөрөнгө завшиж, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй. Түүний хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь “Шүрэн хотхон”, “Прайд групп”, “Харвест холдинг”, “Прайд майнинг”, “Суусар Алтай” зэрэг компанийнх нь данс руу “Тавантолгой” компаниас, эсвэл ӨМӨЗО-ы нэг иргэнээс, мөн “Номин даатгал” компаниас гээд олон удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлж байсан гэнэ.
Тухайлбал, 2009-2018 оны хооронд олон удаагийн гүйлгээгээр Г.Шүрэнхишигийн төгрөгийн хувийн данс руу мөнгө орж байснаас гадна валютынх руу нь 30 000-100 000 юань шилжиж байж. Хүүгийнх нь данс руу ч бас их хэмжээгээр мөнгө орж байсан баримт АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчдөд олдсон гэнэ.
Эдгээрээс гадна Г.Шүрэнхишиг болон “Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд хөрс хуулалтыг хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээрээ хийлгэдэг гэх мэдээллийг ч хууль сахиулагчид шалгаж эхэлсэн сурагтай. Тухайлбал, дээр өгүүлсэн ерөнхий нягтлангийнх нь хамаарал бүхий “Суусар Алтай” ХХК нь уг ажлыг хийдэг гэх мэдээлэл бий. Сангийн яам, мэргэжлийн хяналтын байгууллагынхны хийсэн шалгалтаар 2013-2017 онд 49 401 000 шоо метр хөрс хуулахад 228 тэрбум гаруй төгрөг зарцуулсан аж. Ингэхдээ дандаа хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдтэйгээ шууд гэрээ байгуулсан гэнэ. Уг нь хуульд зааснаар сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан аж ахуйн нэгжээр хийлгэх ёстой юм билээ. Гэвч үүнийг зөрчин Г.Шүрэнхишигээс гадна “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хамаарал бүхий “Язгууртны говь” гэх компани ч дээрх ажлыг хийжээ.
Хууль сахиулагчид Г.Шүрэнхишигийг цагдан хорихоор шийдвэрлэсэн нь нотлох баримт устган мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн үзсэнээс болсон гэнэ. Түүнийг өмнөд хөршийн компанийн нүүрс худалдан авсан баримт, бүртгэлийг устгаж, олгох ёстой мөнгийг нь өөрийн компани руу гүйцэтгэх захирал Р.Сэддоржоор гарын үсэг зуруулж шилжүүлсэн байж болзошгүй, түүгээрээ “Шүрэн хотхон” бариулсан, “Прайд” гэх ББСБ-аараа мөнгийг нь эргэлдүүлсэн гэж үзэн шалгаж байгааг эх сурвалжууд мэдээлэв.