АТГ-ын удирдлагыг өчигдөр томиллоо. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг хойно албан тушаалтнууд ирж, буцаж л байдаг. Гэвч энэ удаагийн томилгоог хуулийн хүрээнд хийсэн, эсэх эргэлзээ, парламентын гишүүдийн олонхын дэмжлэгтэй УИХ-ын дарга алх цохих хүртэл хуралдааны танхимд эсрэгцэв. Энэ нь “Үндсэн хуулийн цэц ажлаа хийж байна уу” гэх асуулт ч дагууллаа.
ЭРХ БАРИГЧДЫН ЭЭЛЖИТ УРВАЛТ
Сая АТГ-ын даргаас чөлөөлөгдсөн Х.Энхжаргалыг 2016 оны долдугаар сард томилсон. 2011 онд томилогдсон дарга Н.Ганболд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг 2016 оны дөрөвдүгээр сард ёсоор болгож, Х.Энхжаргал түүний халааг авсан хэрэг. АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа зургаан жил. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга түрүү жилээс тус байгууллагын удирдлагыг чөлөөлж, томилох санал дэвшүүлснээр хамаг маргаан дэгдсэн гэхэд болно.
Өөрөөр хэлбэл, 2011 онд томилогдсон хүний халааг авсан Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа хэдийн дууссан гэж нэг хэсэг нь үзэж байхад 2016 онд тушаал нь гарсан бол 2022 оны зун хүртэл ажиллах ёстой хэмээн нөгөө тал тодорхой үндэслэлүүд хэлж ирсэн. Одоогоос яг жилийн өмнө Ерөнхийлөгч түүнийг чөлөөлж, оронд нь Д.Даваа-Очирыг томилуулахаар нэр дэвшүүлэхэд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дээрх үндэслэлээр хэлэлцэлгүй буцааж байсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард Төрийн тэргүүн эл саналаа УИХ-д дахин хүргүүлсэн.
Тэр үед парламент дахь олонхын бүлэг “АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаатай холбоотойгоор иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн байна. Эрх зүйн хувьд маргаантай байгаа асуудлыг УИХ шийдэх боломжгүй” хэмээн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэлгүй, хойшлуулж байв. Харин сая эрх баригчид үүнийг мартсан бололтой, олон юм ярилгүй, зүгээр л томилчихлоо.
Ингэхдээ МАН-ын бүлгийн зүгээс “Авлигын эсрэг хуулийн 21.1-т АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацааг зургаан жил гэж заасан. 21.5-д АТГ-ын дарга, дэд даргыг нөхөн томилбол бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн 21.1-т заасан хугацааг дуустал үргэлжлэхээр хуульчилсан. Үүний дагуу Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-нд дуусгавар болсон гэж үзэж байгаа. Дэд дарга Ц.Нямдоржийн бүрэн эрхийн хугацаа ч дууссан. Тиймээс ажлаа өгөх хүсэлт өөрөө гаргасан” гэх тайлбар хийснийг зориуд тэмдэглэе.
Өөрөөр хэлбэл, АТГ-ын удирдлагыг “авлах” аян өрнөснөөс хойш Ерөнхийлөгчийн санал, Авлигын эсрэг хуулийн холбогдох заалт нь ч өөрчлөгдөөгүй атал гагцхүү эрх барьж буй Ардын намынхны байр суурь л хачин их ганхаж, савлалаа. Хэлсэндээ хүрдэггүй, байр суурь нь барьцгүй, загасных шиг ой санамжтай эрх баригчид, үе үеийн улстөрчдийн ээлжит урвалт гэлтэй.
ЦЭРЭГ ШИГ ЦЭЦ
Харин АТГ-ын удирдлагын бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргааныг Цэц яагаад үл тоов. Юутай ч Цэц хэлэлцэх ёстой байсан маргааны талаар товч тодруулъя. УИХ 2016 онд Х.Энхжаргалыг томилохдоо 07 тоот тогтоол баталсан байдаг. Уг тогтоол нь Үндсэн хуулийн 1.2 буюу “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчиж буй талаар иргэн О.Дарханбаатар Цэцэд өнгөрсөн оны зургадугаар сарын сүүлчээр мэдээлэл гаргасан байдаг.
Иргэн О.Дарханбаатар нь АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нар нь 2011 онд томилогдсон хүмүүсийн оронд “ирсэн” учраас бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэж үзэн Цэцэд хандсан байгаа юм. Тэрбээр мэдээлэл гаргахдаа “УИХ Авлигын эсрэг хуулийн 21.1 буюу АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн заалтыг үндэслэн томилгоо хийсэн ч тус хуулийн 21.5-д зааснаар “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-т заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэсэн хэсгийг баримтлалгүй Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг, 1.2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчиж байна” гэжээ. Түүний гаргасан мэдээллийн дагуу Цэц долдугаар сарын 10-нд маргаан үүсгэсэн байна.
Өөрөөр хэлбэл, уг маргааныг Цэц хянан хэлэлцэхээр болсон хэрэг. Түүнчлэн иргэн О.Дарханбаатарын гаргасантай төстэй агуулга бүхий мэдээллийг үндэс болгон өөр иргэд ч Цэцэд хандсан юм билээ. Тэдгээр мэдээллийг нэгтгэн, хуралдаанд бэлтгэж буйгаа Цэцээс холбогдох хүмүүст нь хэлсэн гэнэ. Тэр ч бүү хэл, УИХ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө гишүүн Ш.Раднаасэдийг томилж, шаардлагатай баримт, мэдээллийг Цэцэд хүргүүлсэн юм байна. Гэвч долоо, найман сарын турш таг чиг. Цэцэд дуудагдсан УИХ-д ч, мэдээлэл гаргасан иргэдэд ч дуулгасан зүйл алга.
Уг нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар иргэний гаргасан мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн бол дунд суудлын хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх аж. Гэхдээ тухайн маргаан ээдрээ, төвөгтэй гэх шалтгаанаар дээрх хугацаанд хуралдаанд бэлтгэж амжихгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болохоор хуульчилжээ. Үүний дагуу тооцвол өнгөрсөн оны есдүгээр сарын эхээр л Цэц хуралдчих ёстой байж.
Үндсэн хуулийн манаач, дээрээ хөх тэнгэрээс өөр юу ч үгүй гэдэг нь Цэцийн эрх, үүргийг товойлгож буй тодорхойлолт. Гэвч Цэц сайнаасаа саар хэлэгдэх нь олон болж. Эрх барьж буй хүчинд үйлчилдэг, үеэ өнгөрөөсөн улстөрчид орогнодог, тушаал, захиалгаар шийдвэр гаргадаг гэх шүүмжлэлд Цэцийнхэн дөжирч байгаа биз. АТГ-ын удирдлагыг чөлөөлж, томилсон энэ удаагийн явдал ч тэднийг тушаал авсан цэрэг шиг ажиллалаа гэж хардахад хүргэж байна. Цаг авах гэсэн мэт “аашилсан” цэцийнхний цагаандаа гарсан үйлдлийг эрх баригч МАН-ынхны эргэж, бусгасан байр суурьтай хамтад нь харвал эрхгүй нэг танил дүр бууж буй биз ээ.
Юутай ч Цэц шийдвэр гаргаагүй байхад АТГ-ын удирдлагыг чөлөөлж, томилчихлоо. Тиймээс Цэцэд үүсгэсэн маргааныг хэлэлцэх шаардлагагүй болж байх шиг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболдыг УИХ-ын дарга байхад нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд гомдол гаргаад байсан бөгөөд түүнийг албан тушаалаас нь чөлөөлснөөр тус маргааныг хэлэлцэх шаардлагагүй болж байсан юм.
Хэдийгээр О.Дарханбаатар нарын гаргасан мэдээллийн дагуу Цэц ийн хуралдахгүй өнгөрч болох ч өчигдрийн томилгоо нь Үндсэн хуулийн шүүхэд дуудагдаж болзошгүй. Үүнд “Цэцийн шийдвэр гараагүй байхад чөлөөлж, томилсон” гэх мэт үндэслэл байхыг үгүйсгэх аргагүй. Тэр үед эрх баригчид асуудлыг яаж завааруулж, холион бантан хутгахыг дахиад харж мэдэх л юм, бид.