Монголчууд хүү мэндлэхэд хил манах хүүтэй боллоо хэмээн билэгшээдэг. “Далай орон минь дархан хилтэй, дархан хил минь дайчин харуултай” хэмээх монголчуудын сэтгэл зүрхэнд уяатай байдаг дууны эзэд болох хилчин эрс хугацаат цэргийн албанаасаа чөлөөлөгдлөө. Хилчин гэдэг хэн хүнд заяагаад байдаггүй ховорхон алдар.
Өчигдөр Монголынхоо дөрвөн зүг найман зовхисоос цуглан эх орны торгон хилийг манах албаа нэр төртэй хаасан цэрэг эрс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Сүлдэт багана” цогцолборт болсон цэрэг халагдах ёслолын ажиллагаанд оролцлоо.
Үе үеийн хязгаарын харуул, өвөг дээдсийн халуун амь бүлээн цусаараа тамгалан бидэнд үлдээсэн торгон хилээ манах албыг дүү нартаа хүндэтгэлтэйгээр шүлжүүлэн өглөө.
ХХЕГ-ын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн “Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ амжилттай биелүүлж, бусдыгаа манлайлсан алба хаагчдыг ХХЕГ-ын даргын тушаалаар шагнаж байна. Мөн нэг айлын хоёр хүү албаа нэр төртэй хаасан сайхан үйл явдал тохиолоо. Ардын хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ, дарийн утаа үнэртсэн Халх гол, эх орны үүдэн хил Замын-үүд болон эрийн хийморь шингэсэн Сүхбаатарын Онгон, Эрдэнэцагаанд албаа хаагаад ирсэн хилчин байлдагч нартаа халуун баяр хүргье” гэлээ.
“Сүлдэт багана” цогцолборын талбайд бүтэн жил уулзаагүй хүүтэйгээ, ач зээтэйгээ уулзахыг хүсэн хүлээсэн эцэг, эх, амраг бүсгүйчүүд баярын нулимстай зогсоно. Тэд цэрэг халагдах ёслолын ажиллагааг сүрлэг сайхан болдгийг бишрэн ярьж байв. Анд найзыгаа тосохоор хүлээсэн олон залуус энэ үеэр хилийн албанд мордохын сайхныг мэдэрсэн нь лавтай.
Хоёр хүүгээ цэргийн албанд мордуулсан Н.Нансалмаа “Нөхөр маань хилчин хүн байсан. Хоёр хүү минь цэргийн хүмүүмжлээр хүмүүжээд, дархан хилээ хамгаалаад ирж байгаад нь маш их бахархаж байна” гэлээ.
Хилийн 0184 дүгээр ангийн дэд түрүүч Х.Батхишиг “Хүү минь цэргийн албаа сайн хаагаад ирээрэй гээд баруун хацрыг минь үнсээд ижий минь сүү өргөн үдсэн тэр өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Ямар ч хурдан юм дээ. Өнөөдөр би эх орны торгон хил дээр эр хүнийхээ үүргээ биелүүлж, дархан хилийн манаанд дайчин онжавуудтайгаа мөр зэрэгцэн зогссон, гайхамшигтай дурсамжуудыг зүрхэндээ үлдээлээ” гэлээ.
Энэ үеэр бид “Хилийн төлөө” медалиар шагнуулсан Хилийн 0101 дүгээр ангийн ахлах түрүүч Л.Дашжамц ярилцлаа. Тэрбээр “Жилийн хугацаанд цэргийн албанд их зүйл сурсан гэж бодож байна. Тухайлбал, олон нийтийн газар биеэ зөв авч явах, хүнтэй хэрхэн зөв боловсон харьцах, хүнээс үг сонсох, цаг барих гэх мэт тоочоод барамгүй олон зүйл байна.
Хилийн отрядаасаа оройн тоогоо хийгээд гарч байхад сэтгэл хоосроод, их хэцүү санагдсан. Нэг жилийн хугацаанд гэрээсээ хол байхаар гэр бүлийнхнийгээ их санаж үгүйлдэг юм байна. Бас тэднийгээ улам их хайрлаж, хүндэлдэг юм билээ” гэв.
Тэрбээр цаашид цэрэгт татагдах дүү нартаа “Эх орныхоо дархан хилийн төлөө аливаад шантралгүй хичээгээрэй. Улсын хил дээр манаанд явахад сэтгэл огшмоор сайхан байдаг юм шүү” хэмээн захилаа.
Хилийн 0101 дүгээр ангийн түрүүч Б.Анхбаяр “Цэргийн амьдрал надад их зүйлийг өгсөн. Би илүү тэвчээр хатуужилтай болсон гэж бодож байна. Бас ямар ч даргын үгийг дааж сурсан. Хаана ч явсан захирах, захирагдах ёс байх ёстой, түүнийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх ёстойг ойлгосон.
Би мяралзан урсах Сэлэнгэ мөрний хөвөөнд хилээ манаж, олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн алхаж явснаараа мөнхөд бахархаж явах болно” хэмээн бардам хэлж байлаа.
Өчигдөрхөн салсан ч өнөөдөр үгүйлэх онжавуудаа, хилийн заставаа тэд энэ насандаа мартахгүй. Магад энэ насаараа үүрийн таван жингээр хилийн манаанд зогсож явлаа хэмээн омогшил, бардамнал дүүрэн ярих буй за. Тиймээ энэ гагцхүү хилчин хүүгийн хэлэх бардамнал юм.
Хилийн тэнгэр цэлмэг байж, хилчин эрсийн цуваа хэзээ ч тасрахгүй.