Замын түгжрэл болон усанд хэтэрхий түргэн автаж байгаа нийслэл Жакартаг нүүлгэхээр Индонезийн эрх баригчид шийдлээ. Тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо ийм шийдвэр гаргасныг Төлөвлөлтийн сайд нь уламжилжээ. Гэхдээ нийслэлээ хааш нь нүүлгэх нь тодорхойгүй байна. Тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд Борнео арлын Палангкарайя хотыг Жакартагийн халааг авах магадлал өндөртэйд тооцож буй.
БАЙРШЛАА СОЛИХ БОЛСОН ШАЛТГААН
Энэ нь өнгөрсөн сарын 17-нд болсон Ерөнхийлөгч, парламент, орон нутгийн хууль тогтоох байгууллагын төлөөлөгчдийн сонгуулийн дараа Жоко Видодогийн гаргасан эхний шийдвэрүүдийн нэг. Саналын хуудас тоолох үеэр хэт ядарсны улмаас Сонгуулийн комиссын 200 гаруй ажилтан амьсгал хураасан билээ. Ж.Видодо ялснаа зарласан хэдий ч сонгуулийн албан ёсны дүн энэ сарын 22-нд гарах юм. Индонезийн нийслэлийг нүүлгэх тухай удаан яригдаж байгаа бөгөөд замын түгжрэлийн улмаас ийм санаа анх гарчээ. Гурван жилийн өмнөх судалгаанаас үзвэл эл хотын замын түгжрэл дэлхийд хамгийн ноцтойд тооцогдож байв. Төлөвлөлтийн сайдынх нь хэлснээр нийслэлийн замын түгжрэлд жил бүр улсаас 6.8 тэрбум ам.доллар зарцуулж байна.
Үүний сацуу Индонезийн Засгийн газар төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг 20 дахь жилдээ хэрэгжүүлж буй гэнэ. Энэ нь бүс нутгуудад эрх мэдэл олгож, бие даалгах зорилготой. Палангкарайя хот нь Жакартаг бодвол арлынхаа төвд оршдог учир шинэ нийслэл болох боломжтой аж.
Эрдэмтдийн тооцоолсноор Жакарта 2050 он гэхэд усанд бүрэн автаж магадгүй. 13 голын огтлолцол дээр оршдог тус хотын хөрс нь намгархаг. Сүүлийн 10 жилд Жакартагийн хөрс 2.5 метр суусан бөгөөд энэ үзүүлэлт жилд 1-1.5 см хурдтай байгаа гэнэ. Нүүлгэн шилжүүлэх үйл явц 10 орчим жил үргэлжлэх нь. “Бразил улс нийслэлээ Рио де Жанейрогоос Бразилиа, Австралийн Канберра хот Сидней, Мельбурнийн хооронд оршдог бол Казахстан нийслэлээ улсынхаа төв рүү ойртуулсан байхад, Мьянмар нийслэлээ Нейпьидо руу шилжүүлсэн” гэж Төлөвлөлтийн сайд Бамбанг Броджонегоро хэлжээ.
ШИЛЖҮҮЛСЭН ТУРШЛАГА
Дэлхийн нийслэлүүдийн олонх нь газар зүйн байршлын хувьд улсынхаа төвд оршдог. Энэ нь аль ч өнцгөөс явж очиход амар төдийгүй бэлгэдэл, төдөөллийн үүргээ биелүүлэхэд тус болдог гэнэ. Испанийн Мадрид жишээлбэл, Иберийн хойгийн яг төвд оршдог. 1991 оноос Нигерийн албан ёсны нийслэл болсон Абужа нь шашин хоорондын мөргөлдөөн болон том газар нутагтаа тархан суурьшсан үндэстнүүдийнх нь эв нэгдлийг бэлгэдсэн тэг цэг дээр байгуулагджээ. Австралийн ойн нийслэл гэгдэх Канберра хотыг тус тивийн томоохон хотууд болох Сидней, түүний өмнөд өрсөлдөгч Мельбурн хоорондын дундын цэг болгон сонгосон гэдэг. Зарим түүхчийн үзэж буйгаар эргийн Мельбурн, Сиднейд зун хэт халдаг учраас Канберраг сонгосон аж.
Астана 1997 онд Казахстаны нийслэл болсон. Эл хотыг улсаа 1991-2019 онд удирдсан Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын амбицын бэлгэдэл гэдэг. Түүнийг огцорсны дараа тус хотыг Нур-Султан хэмээн нэрлэх болсон. Мьянмарын нийслэл Нейпьидо хотыг тус улс ардчилсан замаар замнахын өмнөхөн 2005 онд тухайн үеийн цэргийн Засгийн газар байгуулжээ. Газар зүйн хувьд тусгаарлагдсан Нейпьидогийн гудамж эзгүй шахам байдаг гэнэ.