85 настай эзэн хаан Акихито өнөөдөр хаан ширээнээс буух ёслол, зан үйлээ хийж гүйцэтгэлээ. Уламжлалт ёслолын хувцастай Акихито үдээс өмнө анхны эзэн хаан болон өөрийн эцэг Хирохито нарын бунханд хүндэтгэл үзүүлж, дараа нь Шинто шашны шүтээн, өвөг дээдэс, Нарны бурхан Аматэрасүд зориулсан гурван ариун сүмд очиж хаан сэнтийгээс буух болсноо бурхдад уламжилжээ. Дараа нь хаан ширээнээс буух гол ёслол Токио дахь эзэн хааны ордны Мацү но Ма танхимд эхэлсэн байна. Уг ёслолд Японы Ерөнхий сайд, Парламентын хоёр танхимын тэгүүлэгчид, Дээд шүүхийн шүүгч, Засгийн газрын гишүүд тэргүүтэй 330 зочид төлөөлөгч оролцлоо. Ерөнхий сайд Шинзо Абэ ард иргэдээ төлөөлж үг хэлжээ. Ерөнхий сайдын талархлан үгэнд “Сүр жавхлант эзэн хаан өнөөдөр тусгай хууль тогтоомжийн дагуу эрх мэдлээ өгч байна. Энэ 30 жилийн турш эзэн хаан болон хатан хаан нар ямагт ард түмэнтэйгээ хамт байсныг бид санаж байна. Энэ боломжийг ашиглан чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийг хүсч байна" гэсэн байна. Дараа Акихито хаан ард түмэндээ хандаж хамгийн сүүлийн удаа Япон улсын эзэн хааны хувиар үг хэлжээ. Хууль ёсны дагуу Акихито 00.00 цаг хүртэл эзэн хаан хэвээр байх юм. Тэрбээр сэнтийгээсээ буусныхаа дараа олон нийтийн ямар ч арга хэмжээнд оролцохгүй, олны нүднээс далд амьдрах юм. Бүр маргааш удам залгах ууган хүү Нарухитогийнхоо хаан ширээнд залрах ёслолд ч оролцохгүй гэнэ. Ийнхүү амьд сэрүүн хоёр эзэн хаантай Япон улс маргааш Рейвэ шинэ эритэй золгох аж.