Олон улсын Хөдөлмөрийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулагдлаа. Уг өдөрлөгийн зорилго нь Хөдөрмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд цогц үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхэд оршино.
Өдөрлөгт төрийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, ажил олгогч томоохон аж ахуй нэгжүүд болон хөдөлмөрийн хувийн биржүүд оролцож, өөрсдийн үйлчилгээг иргэдэд хүргэлээ.
Өдөрлөгийг нээж ХНХ-ын сайд С.Чинзориг: Засгийн газраас хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ХНХЯ хичээн ажиллаж байна. Төсөв, санхүүгийн байдал нэг үеэ бодвол дээрдэж, улсын төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давлаа. Гэхдээ улсын төсөв, санхүү эмзэг хэвээр байгаа. Ийм хэдий ч дэвшүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байна. Эдийн засгийн өсөлт гарч байгаа бол иргэн бүр үр шимийг тэгш хүртэх ёстой гэсэн бодлогыг Засгийн газраас барьж байна.
Тухайбал, 2016 оноос хойш нэмэгдээгүй байсан төрийн албан хаагчдын цалинг 27 хувиар нэмж, ажилгүйдлийг тодорхой хэмжээнд буурууллаа. Японд монгол залуусыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллах санамж бичиг байгуулсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар гэдэг бол ядарсан иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлж байгаа үйлчилгээний байгууллага юм. Энэ салбарт бусдын төлөө өөрийгөө зориулъя гэсэн сэтгэлтэй хүмүүс ажилладаг. Та бүхэн өөрт хэрэгтэй байгаа асуудлаараа зөвлөгөө авч, үйлчлүүлээсэй гэж хүсэж байна.
Арга хэмжээны үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр судалгаа, мэдээллийг танилцуулж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд шинээр элсэлт зохион байгууллаа. Энэ талаар ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа “Бид хөдөлмөрийн зах зээлд ямар ажил мэргэжил эрэлттэй байгааг судалж байгаа бөгөөд эрэлтэд тулгуурласан элсэлтийг зохион байгуулж байна. Иймд цаашид ажилгүйдэл буурах шинж ажиглагдаж байна. Засгийн газраас МСҮТ-д суралцаж байгаа хүүхдүүдэд сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа. Энэ нь залуучуудын санал, санаачилга, ур чадварыг хөхүүлэн дэмжсэн чухал бодлого гэж би хувьдаа үзэж байна” хэмээн онцоллоо.
Мөн тэрбээр ирэх жил төсвийн боломж хүрэлцвэл ерөнхий газраас тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгааг хэллээ.
Өдөрлөгийн үеэр зорилтот үйлчлүүлэгч нараас санал асуулга авах, сэргээн засах, эрт илрүүлгийн үзлэг оношлогоо хийх, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа ч явагдаж байлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Б.Хуурцэцэг: Манай байгууллагаас энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгт Сэргээн засах төв, Протез-ортопедын үйлдвэрийн хамт оролцож байна. Бид төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа иргэдэд танилцуулж, мэдээлэл хийлээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс протез-ортопедын хэрэгслийн захиалга авлаа. Сэргээн засах төвийн зүгээс иргэдэд сэргээн засах эмчийн үзлэг, хөдөлгөөн заслын зөвлөгөө, сэргээн засалтын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй, шуурхай үзүүлж байна. Түүнчлэн иргэдэд тулгамдаж байгаа асуудлаар хуулийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай хөнгөлөлт тусламж, хөдөлмөр зуучлалын үйлчилгээг үзүүлэв.
Арга хэмжээний үеэр ХБХХЕГ-т харьяалагддаг Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургууль нь шинээр элсэлт явуулж байсан бөгөөд оюутнууд нь хийсэн бүтээлээ олны өмнө танилцуулсан юм.
Мөн түүчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний талаар мэдээлэл зөвлөгөө өгч байв. Энэ талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмч Н.Уранчимэг хэлэхдээ “Олон жил уул уурхай болон хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан хүмүүст мэргэжлээс шалтгаалах өвчин үүсдэг. Өнөөдөр зөвлөгөө авч байгаа хүмүүсийн дийлэнх нь уул уурхайн болон барилгын хүнд нөхцөлд ажилласнаас болоод уушгиндаа янз бүрийн өөрчлөлт авсан хүмүүс байна” гэсэн бөгөөд тус байгууллагаас иргэдэд хэрхэн урьдчилан сэргийлэх, өвчин үүссэн үед ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө өглөө.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Наранбаяр: Иргэд нөхөн даатгалын тухай их асууж байна. Тухайлбал, энэ даатгалын үйлчилгээнд тухайн хугацаанд хамрагдаж чадаагүй иргэд дахин хэрэгжүүлэх тал дээр санал, бодлоо хуваалцлаа. Мөн жил нь хүрэхгүй байгаа иргэд тэтгэвэрт гарах боломжтойгоо, хэрхэн хамрагдах вэ гэдгээ тодруулж байлаа. 1990 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон зарим ахмадууд тэтгэвэрээ нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
Үүнийг батлах мэт тэнд нийгмийн даатгалын талаар зөвлөгөө авч байгаа ахмадууд тэтгэврийг ялгавартайгаар нэмж байгаад сэтгэл дундуур байгаагаа тус яамны мэргэжилтнүүдэд илэрхийлж байсан юм.
Сонирхолтой нь, тус өдөрлөгт ЦЕГ болон Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид оролцож, “Хүүхэд хамгаалагч” төсөл болон “Зөв тусгал” хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа танилцуулав.
Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Энхбаясгалан: Өнөөдрөөс хүүхэд хамгааллын чиглэлээр төсөл хэрэгжиж эхэлсэн. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд хэрэгт өртөж хохирсон. Иймд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дан ганц цагдаагийн байгууллагаас ч бус улс даяараа анхаарах ёстой. Энэ ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгосон. Уг шийдвэр нь хүүхдийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэж буй ажлуудыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахаар “Хүүхэд хамгаалагч” төсөл болон “Зөв тусгал” хөдөлгөөнийг нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг эхлүүлж байна. Өнөөдөр нээлтийн арга хэмжээнд НЦГ, ЦЕГ болон бусад холбогдох байгууллагууд хүүхдийн ирээдүй, сайн сайхны төлөө хамтын хүчээр нэгдэн оролцож байна хэмээв.
Ташрамд дурдахад, цагдаагийн байгууллагаас сургууль бүрт сэтгэл зүйч ажиллуулах саналыг Засгийн газарт өргөн барьсан нь дэмжигдэж байгаа. Ингэснээр хүүхдүүд гэмт хэрэг гэж юу болох, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой талаар ойлголттой болж, гэмт хэргээс өөрсдийгөө хамгаалж чадна.