“Хүмүүсийг мэдэх тусам би нохдыг илүү хайрлах юм.” А.Гитлер
Өнөөдөр буюу 4-р сарын 30-ны энэ өдөр Гитлерийн нас барсан өдөр. Энэ хүн дөрөвдүгээр сард төрж, дөрөвдүгээр сард гэрлэж, дөрөвдүгээр сард амиа хорлож нас барсан. Хорвоогоос одоод хагас зуун жилээс илүү хугацаа өнгөрсөн атлаа энэ нэр хүмүүсийн сэтгэлийг сэрдхийлгэvty хэвээр л байна. Гитлерын өдөөсөн дайн 60 гаруй сая хүний амийг авч одсон төдийгүй эрэл хайгуулын явцад энэ тоо жилээс жилд өссөөр байгаа билээ. Түүний намтрын талаар маш олон ном зохиол бичигдсэн ч хувийн амьдрал ялангуяа гэр бүл, хайр дурлалын талаар тун цөөхөн дурдсан байдаг. Олон хүмүүс Адольфыг яагаад гэрлэдэггүй юм бэ хэмээн асуудаг байжээ. Энэ асуултын хариулт Адольфын амьдралын явцад өөрчлөгдсөөр байсан юм. Түүний улс төрийн амьдрал дөнгөж эхэлж байх үед Гитлер “Намайг хэзээ ч хамаагүй шоронд хийж магадгүй байна. Тиймээс би яаж гэр бүлийн талаар бодох вэ” гэж хариулдаг байсан бол 1934 онд “Би Герман оронтой сүй тавьсан” хэмээн индэр дээрээс хэлжээ. Дэлхий нийтээрээ Гитлерийн цорын ганц бүсгүй бол Ева Браун гэж саяхныг болтол бодсоор ирсэн.
Гитлер бага насандлаа
Үнэн хэрэгтээ Гитлер амьдралдаа маш олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож байжээ. Хөгжмийн үйлдвэрийн эзний охин Елена Бехштайн, гүн фон Гогенлоэгийн салсан эхнэр гүнж Стефания фон Гогенлоэ, АНУ-ын элчин сайдын охин Марта Додл, оросын алдарт зохиолч Антон Чеховын зээ жүжигчин Ольга Чехова, өөрийнх нь жолоочийн дүү Жени Гаут гээд гарал үүсэл, царай зүс, насаараа ялгаатай олон хүүхнүүдийг нэг л зүйл нэгтгэж байсан нь Гитлерт өгсөн ухаангүй хайр дурлал. Харин Адольфын хувьд хамгийн том агуу жинхэнэ хайр нь түүний зээ дүү Гели Раубаль гэгч байсныг тэр болгон мэдэхгүй билээ.Ийнхүү цусан төрлийн хамаатантайгаа холбогдох нь тэдний гэр бүлийн хувьд анхных нь биш байлаа. Адольфын эцэг Алоис Гитлер гурван удаа гэрлэсэн бөгөөд хамгийн сүүлд өөрийн үеэл дүүгийнхээ охин Кларе Пёльцль гэгчтэй суужээ. Өөрийн хамаатантай холбогдсон тул Алоис түүнтэй гэрлэхийн тулд бүр Ватиканаас зөвшөөрөл авсан гэдэг. Өмнөх гэрлэлтээсээ Алоис хүү охин хоёртой байсан бөгөөд Клара тэр хоёр дундаасаа зургаан хүүхэд төрүүлсэн аж. Адольф тэдний гурав дахь хүү байв. Гитлер гэр бүлийнхээ цус ойртолтыг мэддэг байсан төдийгүй эцэг эхийнхээ тухай тун товч бас бүрхэг ярьдаг ажээ. Харин бусдыг тэрээр гарал үүслийнхээ талаар дэлгэрэнгүй бичиж түүнийгээ баримттайгаар нотлохыг шаарддаг байв.1921 оноос эхлэн Адольф өөрийнхөө гарал үүслийн талаар огт ярихаа больжээ.
Гелли Раубаль
1925 онд Гитлер Баварийн Берхтесгаденд намынхаа шугамаар очжээ. Тэрбээр төр засгийн эсрэг жагсаал зохион байгуулан оролцсоныхоо төлөө хэдий 5 жилийн ял авсан ч есөн сар суугаад гарсан байлаа. Тэрхүү жагсаал Германы түүхэнд “шар айрганы бослого” гэсэн нэрээр тэмдэглэгдсэн байдаг. Учир нь Гитлерийн байгуулсан Германы Ажилчдын Үндэсний Социалист Нам Мюнхэн хотын шар айрганы газруудад бүрэлдсэн гэж хэлж болох юм. Харин түүнийг шоронд байх хооронд нам нь үндсэндээ тарж бутарсан байлаа.Тиймээс тэрээр бүхнийг шинээр эхлэн Германы хот мужаар явж, намынхаа бодлогыг сурталчилж эхэлсэн байна. Харин Берхтесгаден хотхонд түүний эцэг нэгт эгч Ангела Раубаль хоёр охинтойгоо амьдарч байв. Ангелагийн том охин Гели хотхоныхоо хамгийн том алдартай шар айрганы газар үе үе дуулдаг байжээ.
Гелли,Адольф хоёр
Чухам тэнд л Адольф Гелитай учран түүний залуу нас, гайхалтай инээмсэглэл, уянгалаг хоолойд дурласан ажээ. Гэвч энэ удаад тэр хоёрын харьцаанд ямар нэгэн өрнөл олоогүй байна. Гурван жилийн дараа буюу 1928 оны зун Гитлер Оберзальцбергед удаан хугацаагаар суурьшихаар шийдэн тэндхийн нэгэн үйлдвэрийн эзний бэлэвсэн эхнэрээс ” Вахенфельд” хэмээх жижиг шилтгээнийг түрээсэлжээ. Энэ үед Гитлер өөрийн гэх хөрөнгөтэй, нам нь ч багагүй сан хөмрөгтэй болсон байв. Сүүлд Адольф Германы канцлер болсныхоо дараа уг байрыг худалдан аваад шинээр засаж өргөтгөн “Бергхоф” хэмээх нэртэй тансаг шилтгээн болгосон юм. Тэрбээр “Би одоо л энэ миний гэр гэж хэлэх өөрийн байшинтай боллоо” гэж бахархалтай ярьж байжээ.
Гелли, Гитлер хоёрын хамт авахуулсан сүүлчийн зураг
Ганц бие гоонь эрийн аж ахуйгаа залгуулах зорилгоор Гитлер өөрийн эцэг нэгт эгч Ангела Раубалийг Вена хотоос дууджээ. Адольф энэ эгчдээ их итгэдэг байсан гэж ойр дотнынхон нь ярьдаг ч тэрбээр нэг сумаар хоёр туулай агнахаар шийдсэн байжээ. Гэрийнхээ аж ахуйг даатгах өөрийн гэсэн хүнтэй болохоос гадна Ангела ганцаараа ирэхгүй гэдгийг Адольф сайн мэдэж байв. Түүний тааварласнаар эгч нь Гели мөн Фридл хэмээх хоёр охинтойгоо иржээ. Гели тэр үед сонгодог дуурийн дуучин болох мөрөөдлөө орхилгүй Вена хотод дуулаачийн хичээл заалгаж байсан аж. Тэрбээр нөлөө ихтэй нагац ах нь алдартай дуучин болоход нь тусална гэсэн найдвар өвөртлөн эхийгээ даган ирж. Тэр үед Гитлер гучин найман настай харин идэрхэн Гели дөнгөж арван ес хүрч байв. Өтгөн сайхан алтан шаргал үстэй,ялдам хөөрхөн царайтай, уянгалаг сайхан хоолойтой, үргэлж баяр хөөртэй явдаг идэрхэн Гелид эрчүүд дурлахгүй байхын ч аргагүй бүсгүй байлаа. Адольф ч мөн адил сэтгэл алдран өмнөх бүх бүсгүйчүүдээ мартжээ.
Гелли Раубалийн баримал
Тэр үед Адольф Германы агуу хөгжмийн зохиолч Вагнерын ач охинтой янаг амрагийн холбоотой байсан төдийгүй гэрлэх дээрээ бараг тулаад байсан аж. Тун удалгүй Адольф Гелийг жагсаал цуглаан, хурал, уулзалт, хүлээн авалт, зоогийн газар, театр үзвэр гээд хаа л бол хаа дагуулж явдаг болжээ. Үргэлж гэрт байх Ангела тэднийг илүү дотно харьцахад тээг болдог байсан тул хосууд олон цагаар ой модоор зугаалан явдаг байсан аж. 1929 онд Адольф Баварийн нийслэл Мюнхен хотын хамгийн үнэтэй тансаг гудамж болох Принцрегентштрассед нэгэн байшин түрээслэхээр шийджээ. Есөн өрөө бүхий энэхүү тансаг байшинд Гитлер, Гели хоёр амьдрах болсон байна. Энэ бүхэн олны анхаарлыг татан жирийн хамаатан ах дүүгийн харьцаанаас хальсан зүйл болж байна гэж Гитлерийн эргэн тойрных нь сэжиглэх болсон байна. Намын нөхөд нь түүнийг энэхүү ёс суртахуунгүй холбоогоо таслан, нийгэм ард түмэндээ эрүүл саруул Герман гэр бүлийн үлгэр жишээ болж, зохих бүсгүйтэй гэрлэхийг шаардах болжээ. Дээрх шаардлагыг тавьсан намын нөхөд нь ээлж дараалан намын удирдах ажлаасаа солигддог байв. Адольф Гелигээс салах бодолгүй байв. Тэр ч байтугай тэрбээр Гелитэй гэрлэхээр шийдэн сүмээс зөвшөөрөл хүсэхээр зэхэж эхэлжээ.
Ева Браун
1930 онд Адольф Ева Браун гэдэг бүсгүйтэй танилцжээ. Тэрхүү уулзалтыг Адольфыг Гелигээс салгахын тулд албаар зохион байгуулсан гэж үздэг бүлэг хүмүүс ч байж. Гитлер шинэ танилцсан бүсгүйтэйгээ Еватай зоогийн газар үзэсгэлэнгийн танхимд үе үе очдог ч үдэш оройг зөвхөн Гелитэй өнгөрөөдөг байв. Нагац ах зээ дүү хоёр бие биенээ асар ихээр харддаг байжээ. Гели Адольфыг өнгөрсөн үеийн бүсгүйчүүдтэй нь харин Адольф Гелийг өөрийн жолоочтойгоо. Удалгүй Гелигийн сонорт Ева Брауны тухай мэдээ хүрснээр Гитлер тэр хоёрын хэрүүл даамжирчээ. 1931 оны есдүгээр сарын 17 өглөө хардалт, уур хилэнгээ дийлэхээ байсан Гели Вена хот руу буцаж дулаачийн хичээлээ үргэлжлүүллээ гэж мэдэгдэхэд Гитлер түүнийг явахыг хатуу хориглоод, хаалга саван оджээ. Энэ өдөр тэрбээр сонгуулийн ажлаар Гамбург хот явах ёстой байжээ. Өглөө болгон Гитлерийг ажилдаа явахад нь Гели тагтан дээрээс түүнийг “Ади,Ади хурдан ирээрэй ” гэж хэлээд гараа даллан инээмсэглэн үддэг байв. Адольф ч ялагаагүй бүсгүй рүү агаарын үнсэлт илгээгээд машиндаа суудаг байсан бол тэр өглөө байдал өөр байв. Гели тагтан дээрээ гарсан ч урьдын адил инээмсэглэсэн ч үгүй гараа ч далласангүй харин доголон нулимстай нүдээр Адольфын хойноос ширтэн хоцорчээ. Адольф Гамбург хот орох замдаа Нюрнбергт “Дойчер Хоф” гэдэг зочид буудалд хоноглосон байна. Харин өглөө түүнийг Үндэсний-Социалист намын үзэл сурталын нарийн бичгийн дарга Рудольф Гесс утастан сэрээжээ. Тэрээр Адольфын Принцрегентенплац дахь гэрээс залгаж байв. “Таны зээ дүү Гели хүндээр шахарджээ. Хажууд нь гар буу хэвтэж байсан. Түүний биеийн байдал хүнд байна. Цагдаагийнхан орох зөвшөөрөл хүлээж байна” хэмээн мэдэгдэв. Гитлер тэр даруй эргээд Мюнхен рүү буцсан ч Гелитай уулзаж амжаагүй байна. Түүнийг ирэхэд бүсгүйн аль хэдийн амьгүй болсон биеийг сүмийн дуганд аваачсан байв. Адольф Гелигийн хөрсөн биеийг хараад шууд өөрийгөө буудах гэж завдсан гэдэг. Хажууд нь байсан сүмийн лам арай гэж бууг нь салгаж авчээ. Албан ёсны дүгнэлтээр бол Гели Раубаль амиа хорлосон ажээ. Хайрт бүсгүйгээ нас барснаас хойш Гитлер хоол унднаас гарч, улс төр, эргэн тойрныхноосоо хөндийрөн асар их сэтгэлийн хямралд орсон байна. Түүнийг ийм байдалтай байхыг гэр бүл найз нөхөд нь урьд ч хожим нь ч хараагүй гэдэг. Тэр өдрөөс хойш Гитлер цагаан хоолтон болсон гэдэг. Тэрээр ахиж хэзээ ч амьтны гаралтай хоол идээгүй билээ. Адольф хайрт бүсгүйнхээ цээж баримлыг тухайн үеийн алдартай уран барималч Йозеф Торакт захиалж хийлгэсэн байдаг. Хожим тэр баримал шинэ рейхын ажлын өрөөг чимжээ. Харин “Бергхофе” шилтгээний хамгийн хүндтэй газар Циглер зураачийн зурсан Гелигийн хөрөг байрлажээ.
Ева Браун, Адиольф Гитлер нар хуримын өдрөө
1938 оны тавдугаар сарын 2-нд Гитлерийн өөрийн гараар бичсэн гэрээслэлд Гелийг дурдсан байдаг. Түүний амьдарч байсан өрөөнд хэн ч орох эрхгүй бөгөөд тэрхүү өрөөг доторх тавилга бүх зүйлтэй нь түүний ээж өөрөөр хэлбэр эгч Ангела Раубалийн мэдэлд шилжүүлэхээр гэрээсэлжээ. Гели Раубал болоод түүний үхлийн талаар дэлхий нийт 2000 оноос хойш л мэдэх болсон юм. Энэ хэргийн эргэн тойронд янз бүрийн яриа явдгийн нэг нь бүсгүйн аллагад Үндэсний-социалист нам тэр дундаа Рудольф Гесс оролцсон гэх таамаг өргөн тархсан ажээ. Мөн Адольф Гитлерийг бэлгийн хэвийн бус амьдралтай гэж олон түүхчид үзсэн байдаг. Энэ таамаг Ева Брауны нэгэн найздаа бичсэн захидлаас үүджээ. Тэрбээр захиандаа “Чи намайг ямар дарамтанд амьдарч байгааг төсөөлөх ч үгүй. Түүний хэцүү зан араншингаас гадна бэлгийн гаж сонирхол намайг үнэхээр залхааж байна. Энэ тухай өгүүлэхэд миний ам үзэг хоёр эвлэж өгөхгүй байна” хэмээн бичсэн байдаг. Адольф Гитлертэй янаг амрагийн явдлаар холбогдсон хэд хэдэн бүсгүйчүүд амиа хорлох гэж завдаж байсан нь бас хачирхалтай. Харин гүйцэтгүүлсэн нь Гели л байсан юм. Гели Раубаль өөрийгөө буудан амиа егүүтгэснээс хойш 15 сарын дараа Ева Браун амиа хорлох гэж завдсан юм. Гэвч энэ бол огт өөр түүх юм.