2015 он. Салбарын мэргэжилтнүүд ойгоос ногоон байгууламжид ашиглаж байгаа шилмүүст модны худалдаа, төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт үнэлгээ, мониторинг дутагдаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ханджээ. Ямар нэг хариу өгсөнгүй. Арга хэмжээ авсангүй.
2018 оны гуравдугаар сар. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад уулын модыг хотод авчирч үхүүлж байгаа асуудалд анхаарлаа хандуулж, хязгаарлаж, хориглох асуудлаар хандав. Тодорхой хэлбэл, энэ ажлыг бүрмөсөн зогсоож, Монгол орны ойн санд учруулж буй хохирлыг тооцох талаарх саналаа хүргүүлсэн байна.
МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүд хяналт, шалгалт хийгээч хэмээн анхааруулав. Гэвч аль алинаас нь ямар нэг шийдвэр гаргасангүй. Арга хэмжээ ч авсангүй. Салбарын яамнаас гэхэд л “Энэ бол хотын асуудал, бид оролцохгүй” гэсэн хариу өгсөн гэх юм.
ЭСЭРГҮҮЦЭЛ
“Уулын модны бизнес” 2007 оноос эхтэй. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний ойн залуу моддыг ийм аргаар устгасныг тооцох гээд үзье. Мэргэжилтнүүдийн хийсэн тооцооллоор 2016-2017 онд Улаанбаатар хотын зөвхөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 4081 ширхэг үнэт зүйлийн шилмүүст моддыг ойгоос шилжүүлэн суулгажээ. Энэ нь барагцаалбал 15 га залуу ойтой (хөрстэй) тэнцэх юм байна. Эндээс харахад, ганцхан жилд авсан байгалийн моддын хэмжээ 15 га ойтой тэнцэнэ гээд бодоход сүүлийн арван жилээр тооцвол талийж өгөх нь.
-Уулнаас авчиран тарьж буй нарс бол 20-40 насны 6-8 м дундаж өндөртэй хамгийн зөв тэгш бүтэцтэй, зөв ургасан хамгийн шилмэл залуу модод юм. Ийм зөв бүтэцтэй нарс мод нэгдүгээрт ойн гүнд буюу шигүү ойд ургадаггүй. Харин нарсан ойн захаар болон сийрэг, тармаг байдлаар тэгш зөв бүтэцтэй титмийн хөгжил сайтай ургадаг.
Тэгэхээр жил ирэх тусам ийм сайн чанарын үр бий болгох боломжтой залуу нарс моддыг шилж, ухаж авах явдал нэмэгдсээр байгаа нь 50, 100, 200 жилийн дараа Монгол орны ойн сангийн нийт талбайн 6.5 хувийг эзлэн Хэнтий нуруу, Орхон-Сэлэнгэ мөрний бүс нутагт тархан ургаж байгаа нарсан ойн чанар муудах асуудал үүснэ. Энэ асуудал мөн л Улаанбаатарт нарс мод ухаж авчирч байгааг эсэргүүцэх үндэслэл гэж Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны удирах зөвлөлийн гишүүн Д.Өлзийбаяр анхааруулжээ.
Шилмүүст модны зөвшөөрөл олгосон Хэнтий, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Шарын гол, Төв аймгийн ойн нөхөн сэргээлтийн байдалд газар дээр нь очиж хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт гаргах шаардлага бий. Энэ ч утгаараа нь төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж батлан, ажлын хэсэг байгуулах талаарх асуудал өнгөрсөн онд нэлээд яригдсан. Гэвч ажлын хэсэг байгуулах нь бүү хэл, үүнийг ярьдаг, шүүмжлэлтэй ханддаг хүмүүс хүртэл жилээс жилд цөөрсөөр байна.
ТОДОРХОЙГҮЙ ТООЦООЛОЛ
Түүнчлэн ойн экологи, эдийн засгийн үнэлгээ, тухайлбал, нэг бодгалийн экологи, эдийн засгийн үнэлгээг бодитоор тогтоогоогүй. Ялангуяа ойн хөрсний үнэлгээг тогтоогоогүй байхад ногоон байгууламжид шилжүүлэн суулгах өртөг, үнэлгээг бодитоор тогтоох үндэслэлгүй гэдгийг ойчид сануулав. БОАЖ-ын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалаар нэг ширхэг зулзган, залуу модны экологи, эдийн засгийн үнэлгээгээр 4-5 метр өндөртэй нэг ширхэг нарс модыг 250 мянган төгрөгөөр үнэлсэн байдаг.
Гэхдээ энд хөрсний үнэлгээ ороогүй. Өөрөөр хэлбэл, уг үнэлгээг ойгоос зөвшөөрөлгүйгээр мод авч ашигласан тохиолдолд мөрддөг. Иймд энэ үнэлгээг ойн хөрс болон бусад экологийн бүрэлдэхүүнийг оролцуулан шинэчлэн тооцох шаардлагатай байгаа аж. Хөндөгдөөгүй хөрс нь экосистемд хамгийн чухал, үнэт зүйл билээ. Ойгоос модыг нь ухаж авах үед өртөж буй экологийн хохирлыг ч тооцох учиртай. Тэрчлэн байгалийн ойгоос шилмүүст мод шилжүүлэн суулгасан ажлын шинжлэх ухааны дүгнэлт, стандарт гэж алга. Зөвхөн тендерийн ажлын даалгавар, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж байгаа нь арай л хэтэрсэн асуудал биш гэж үү.
...Байгалийн залуу нарсыг хотдоо авчиран борцолж байгаа ажлаараа монголчууд дэлхийд байхгүй бүдүүлэг, зэрлэг арга хэрэглэсэн улсаар “тодорч”, түүхэнд хараар бичигдэж ч магадгүй болчихоод байна...
Тэгвэл 2007 оноос хойш энэ ажлыг “Амьд газар” болон “Тод газар” ХХК тендерт ялсан гэх давуу эрхтэйгээр өнөөдрийг хүртэл энэ бизнесийг гардан гүйцэтгэлээ. Ийм давуу эрхтэй компанийн тоо өнгөрсөн жилээс дөрөв болж нэмэгдсэн бөгөөд БД болон “Монгол тохь” нэртэй ХХК шинээр орж иржээ. Эдгээр компани Хэнтий, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Шарын гол болон Төв аймгийн нутгаас 20-30 настай нарс моддыг газар дээрээс нь авдаг.
Бүр тодорхой хэлбэл, 20-40 жил ургасан нарсыг уулнаас 1000-10 000 төгрөгөөр үнэлэн авдаг юм байна. Ийн ухаж авчирсан модоо нэг бүрийг нь 350 000-380 000 төгрөгөөр үнэлэн нийслэлийн төсвөөс авдаг. Мэдээж энд тээврийн зардал, усалгаа арчилгаа гэх мэт зардал багтаж буй. Энэ тооцоог харсан нэгэн бизнесмэн “Дэлхийд байхгүй ашигтай бизнес” хэмээн уулга алдахыг сонслоо.
Үнэндээ уг тооцооллыг хэрхэн яаж, ямар аргачлал, үндэслэлээр тогтоосон нь тодорхойгүй. “Улаанбаатар хотын хаврын тохижилтод зориулан 16 байршилд 2888 ширхэг мод суулгаж байна. Хад чулуулаг бүхий газруудад нүх ухаж суулгахад хүртэл зардал нэмэгддэг” хэмээн өнгөрсөн оны яг өдийд дээрх компанийн нэгэн ажилтан ярьжээ. Ингэхэд нарс мод элсэрхэг, зөөлөн хөрсөнд ургадаг шилмүүст мод гэдгийг мэддэг л баймаар.
НОГООН ҮХДЭЛ
2018 оны хоёрдугаар сарын 13. БОАЖЯ ойгоос нийслэлийн ногоон байгууламжид залуу, зулзган мод шилжүүлэн суулгах асуудалд мэргэжилтнүүд, мэргэжлийн төрийн захиргааны байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудын санал зөвлөмжийг шийдвэрийн төсөлд тусгах, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдөж, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр энэ ажлыг бүрмөсөн зогсоох, эсвэл түр хугацаагаар хориглож, үнэлэлт дүгнэлт өгч, эрх зүйн орчныг тодорхой болгох асуудлыг ярьжээ. Гэвч салбарын мэргэжилтнүүд ямар нэг тушаал, шийдвэр гаргуулж хүчирсэнгүй.
Ойн салбарынхны үзэж буйгаар Монгол орны эрс тэс уур амьсгал бүхий хот суурин газарт навчаа гээдэг, чимэглэлийн, цэцэглэдэг, навчит төрлийн мод, сөөгний төрлийн ургамал зохимжтой гэнэ. Ялангуяа хөрс, агаарын асар их бохирдолтой хотын хувьд хамгийн оновчтой шийдэл нь энэ. Тэрчлэн гадаадын орнуудын туршлагыг харахад, хотоо ногооруулахын тулд байгалийн ойгоос аль сайныг нь ухаж авчраад суулгадаг жишиг нэг ч үгүй. Хотынхоо ногоон байгууламжид тарих модоо тусгайлан үржүүлж, бойжуулаад шилжүүлэн суулгадаг технологитой.
Сүүлийн жилүүдэд ойгоос хотод авчран суулгасан нарс хэрхэн ургаж байгааг батлах шаардлага алга. НОГООН ҮХДЭЛ-үүд хотоор хаа сайгүй ёрдон байна. Гэтэл Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “2016-2017 онд Улаанбаатарын гудамжинд 4081 ширхэг нарс уулнаас авчирсан. Ургалт 99.6 хувьтай байна” хэмээн улайм цайм мэлзэх. Тэр бүү хэл, тэрбээр өнгөрсөн жил “Гурван жилийн дараа уулнаас авчирч суулгасан нарснууд ургахгүй бол би огцорно” хэмээн бардам мэдэгдэл хийсэн.
Үнэндээ байгалийн залуу нарсыг хотдоо авчиран борцолж байгаа ажлаараа монголчууд дэлхийд байхгүй бүдүүлэг, зэрлэг арга хэрэглэсэн улсаар “тодорч”, түүхэнд хараар бичигдэж ч магадгүй болчихоод байна. Ийм аллагад улсын төсвийг, татвар төлөгчдийн мөнгийг зориулаад байж болно гэж үү.