Хятадын эрх баригчид сүүлийн 10 жилийн хугацаанд иргэдээ мөшгөх системтэй болоход олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, зарим бүс нутгийн амьдралыг дүрс бичлэгийн ном болгосон тухай Өрнөдийн хэвлэлүүдэд бичжээ. Гэвч тэд үүгээр зогссонгүй нүүр царай таних системээ дэлхийн хэдэн арван улсын эрх баригчдад идэвхтэй борлуулж буй.
Нэг хувь заяатай хамтын нийгэмлэг байгуулах гэсэн Хятадын өргөн хүрээг хамарсан “Нэг бүс, нэг зам” санаачилгын хоёр дахь чуулга уулзалт өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон. Энэ төсөл хэдэн арван улсыг нэгтгэсэн бөгөөд гишүүдээ улс төр, эдийн засаг, худалдаа, нийгмийн нягт харилцаа, тэрчлэн нэгдмэл дэд бүтэцтэй болгож байна. Дэд бүтцийн асуудлыг Хятадын эрх баригчид хэдийн амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд манай гаргийн олон арван улс жишээлбэл, Хятадын интернэт холболт болон хөдөлгөөнт холбооны технологийг ашиглах болжээ.
Ташрамд дурдахад, сүүлийн үед БНХАУ холбооны хэрэгслээс гадна бусад улсад нүүр царай таних систем идэвхтэй нэвтрүүлж байна. Нийгмийг бүхэлд нь хянаж, мөшгөн хянахад эл системийг ашиглаж болзошгүй хэмээн хүний эрхийг хамгаалагчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн болгоомжилж буй.
АНУ-д төвтэй, улс төр, иргэний чөлөөт байдлыг судалдаг “Freedom house” байгууллагын мэдээлснээр Хятад улс хиймэл оюун ухаан ашигласан, нүүр царай таних системээ 18 улсад экспортолжээ. Тэдгээрийн дотор хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, Армен, Азербайжан, Казахстан, Киргиз, Узбекистан, Украин зэрэг улс багтсан. Удахгүй энэ жагсаалтад ОХУ орох гэнэ. Учир нь тус улсын Барилгын дэд сайд “Ухаалаг хот” төслийн хүрээнд төлбөрийг автоматжуулахын тулд нийтийн тээвэртээ Хятадын системийг ашиглахаа мэдэгджээ. “Freedom house” 65 улсыг хамарсан судалгаа явуулсан бол “Newsweek” Хятадын хүн мөшгөх системийн экспортын илүү нарийн мэдээллээс хүргэсэн байна. Уг сэтгүүлд бичсэнээр 54 улс Хятадын үйлчилгээг ашиглаж буй. Тухайлбал, Хятадын ZTE, “Huawei” компани Пакистан, Филиппин, Кенид “ухаалаг хот” байгуулж байгаа гэнэ.
Энэ жагсаалтад Руанда, Зимбабаве, Венесуэл, Эквадор гээд Африк, Өмнөд Америкийн олон улс багтдаг. “New York times” сонинд тайлбарласнаар Эквадорт цагдаагийн байгууллага нь төдийгүй Дотоодыг аюулаас хамгаалах алба нь тийм систем ашиглаж байна. 2017 онд албан тушаалаасаа огцорсон, тус улсын Ерөнхийлөгч асан Рафаэль Корреагийн улс төрийн сөрөг хүчнийхнийг мөшгөсөн болон тэдэнд халдсан олон тохиолдолд тус албаныхныг сэжиглэж байгаа билээ. Тус улс даяар иргэдийг мөшгөх нийт 4300 камер байдаг гэнэ. Тэдгээрийн дүрс бичлэг хяналтын 16 төвд очдог. Тийм төвүүдэд Эквадорын тусгай албаны 3000 орчим ажилтан ажилладаг байна.
Ардчилсан гэх Британи, Герман улс ч уг жагсаалтад бий. Улсыг удирдах орчин үеийн удирдлагын загварын хувиар ийм системээ Хятад өөрөө идэвхтэй хөгжүүлж буй. “Тэд үүнийг ирээдүйд улс удирдах систем, технологийн тусламжтайгаар иргэдээ хянах хэрэгсэл хэмээн борлуулж байна” гэж “Freedom house”-ын судалгааг удирдагч Адриана Шабаза хэлснийг “New York times” эш татжээ.
Хятад улс бусад орны Засгийн газрын төлөөлөгчдөд зориулсан уулзалт байнга зохион байгуулдаг. Өнгөрсөн хоёр жилд тийм арга хэмжээнд 36 улсын төлөөлөгч оролцсоныг “Freedom house” мэдээлжээ. Тус улс дотооддоо төдийгүй гадаадад нэвтрүүлж буй дээрх технологиосоо санхүүгийн мэдэгдэхүйц ашиг олж байгаа аж. Нүүр царай таних систем тийм ч хямд биш, 200 сая ам.долларын үнэтэй. Тиймээс олон улс зээлээр авдаг гэнэ. Жишээлбэл, Эквадор улс эдийн засгийн хамтын ажиллагааны тухай 19 тэрбум ам.долларын багц хэлэлцээрийн хүрээнд энэ системийг авсан байна. Тус улс нефтийнхээ 80 хувийг экспортлох эрхийг Хятадад олгох замаар ийм хэмжээний зээл авчээ.