Н.Энхбаяр
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын хөлбөмбөгийн зарим лигт өрнөсөн сонирхолтой үйл явдлыг танилцуулж байна.
ИСПАНИ
“Барселона” бямба гарагт талбайдаа “Леванте” багийг 1:0-ийн харьцаатай ялснаар гурван тойргийн өмнө улсынхаа аваргаар тодорлоо. “Атлетико” (Мадрид) өнгөрсөн долоо хоногийн дундуур болсон тоглолтод “Вальядолид”-ыг хожсоноор “Барселона”-гийн аваргын баярыг хэд хоногоор хойшлуулсан юм.
Энэ удаад талбайн эзэн баг эхний хагаст “Леванте”-гийн хаалга руу 13 удаа цохиж, гоол оруулах 11 боломж байсан ч тооны харьцаа 0:0 хэвээр үлджээ. Харин Л.Месси сэлгээгээр талбайд гарч ирээд багийнхаа “ир муутай” довтолгоог өөрчилж, 62 дахь минутад А.Видалийн дамжуулалтаар хожлын гоол оруулсан юм.
Ийнхүү “Барселона” сүүлийн 11 жилд найм, лидер Л.Месси нь 10 дахь удаагаа Ла лигийн аварга боллоо. Тус багийн түүхэнд ийм олон удаа улсынхаа аварга болсон тоглогч байхгүй бөгөөд тэрбээр сэлгээнээс гарч тоглохдоо 24 гоол оруулсан нь тус лигийн түүхэнд гараагүй амжилт аж.
Л.Месси Ла Лигийг хэрхэн эзэгнэж байгааг дараах тоон үзүүлэлтээс харна уу.
2018-2019 оны улиралд 32 тоглолтод оролцохдоо 34 гоол оруулж, гоолын 15 дамжуулалт өгсөн. Нийт 16 удаа тоглолтын шилдгээр нэрлэгдсэн. Тэрбээр Ла лигт 15 улирал тоглохдоо 450 гоол оруулж, 10 удаа аваргалжээ. Сонирхолтой нь, “Атлетико” (Мадрид) баг 116 жилийн түүхэндээ 10 удаа Испанийн аварга болсон юм.
Ла лиг
Баг Тт Х Т Хд Оноо
“Барселона” 35 25 8 2 83
“Атлетико” 35 22 8 5 74
“Реал Мадрид” 34 22 5 9 64
Бундеслигийн аваргын төлөөх өрсөлдөөн сүүлийн жилүүдэд энэ улирлынх шиг ширүүн болж байсангүй. Улирлын эхний хагаст лигийг тэргүүлж байсан “Борусси” (Дортмунд) он гарснаас хойш суусаар “Байерн”-д гүйцэгдсэн юм. Гэвч аваргын төлөө өрсөлдөөн өнгөрсөн бямба гарагт төгсгөл боллоо гэж хэлэхэд буруудахгүй. Учир нь “шар, харууд” талбайдаа заналт өрсөлдөгч “Шальке”-д 4:2-оор дийлдлээ.
“Борусси” хэдий эхний гоол оруулж, тоглолтыг урамтай эхлүүлсэн ч хаалгандаа гурван бөмбөг дараалан алдсан төдийгүй хоёрдугаар хагаст М.Ройс, М.Вольф нар улаан хуудас авч, багаа хөөдсөн юм. Ийнхүү тэд лигийг тэргүүлэгч “Байерн” багаас нэг оноогоор хоцорч эхэллээ. Гэхдээ Баварийн багт нэг тоглолт дутуу агаад “Нюрнберг”-ийг хожвол лигийг дөрвөн онооны илүүтэй тэргүүлэх болно.
“Борусси”-гийн дасгалжуулагч Л.Фавр ялагдлаа хүлээн зөвшөөрч “Аваргын төлөөх өрсөлдөөн дууссан. Итгэхэд хэцүү ч байдал ийм л боллоо” гэжээ.
Бундеслиг
Байерн (Мюнхен) 30 22 4 4 70
Борусси Дортмунд 31 21 6 4 69
Лайпциг 31 19 7 5 64
ФРАНЦ
Улсынхаа аваргаар нэгэнт тодорсон ПСЖ баг өнгөрсөн бямба гарагт Францын цомын төлөө “Ренн” багтай тоглолоо.
Эл тоглолтын өмнө Парисын багийн тоглогч Маркиньос “Хэрэв бид цом хүртэхгүй бол энэ улирлыг бүтэлгүйтсэнд тооцож болно. Бид “Аваргуудын лиг”, лигийн цомд түрүүлж чадаагүй. Тиймээс энэ цом бидэнд маш чухал” гэж өгүүлсэн юм.
ПСЖ тоглолтын эхний хоёр гоолыг оруулж, 21 дэх минутад 2:0-ээр тэргүүлж байсан ч Кимпембегийн авто гоол болон мозамбик хамгаалагч Мешерийн гоол тооны харьцааг тэнцүүлэв. Тоглолтын үндсэн болон нэмэлт 30 минутад гоол ороогүй учир торгуулийн цохилтоор цомын эзнийг тодруулахад “Ренн” илүү азтай байлаа. ПСЖ-ийн Нкунку хаалганы дээгүүр цохисноор баг нь 6:5-аар ялагдсан юм. Ийнхүү “Ренн” баг 1971 оноос хойш буюу 48 жилийн хугацаанд анхны цомоо хүртлээ.
Харин ПСЖ Францын цомын шигшээ тоглолтод таван жил дараалан шалгарч, дөрөв дараалан түрүүлээд байсан ч энэ жил бүтэлгүйтэв. Сонирхолтой нь, 2012-2013 оны улирлаас хойш улирал бүр багадаа хоёр цом хүртэж байсан тус багийн “уламжлал” энэ жил тасарчээ.