Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Өмнөх өдөр нь уг хэлэлцүүлгийг хийх үеэр зарим зөрүү ойлголт үүссэний улмаас УИХ-ын дарга УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийн холбогдох зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл харьяалах байнгын хороо, ажлын хэсэгт өгсөн юм.
Үүний хүрээнд зөрүүтэй томьёоллуудаар санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Тухайлбал, уг төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг санаачлагчид нь буцаасан. Малчин, тариаланчдаас ус бохирдуулсны төлбөр авах зохицуулалтыг үүнд тусгасныг гишүүд эсэргүүцэж, дэмжээгүй юм.
Үүнээс гадна Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, үндсэн орлого, гүйлгээ, зарлагын 2019 оны төсвийн тухай тогтоолын төслийг хаалттай хэлэлцэв. Уг төслийг хэлэлцэхийн өмнө гишүүн Т.Аюурсайхан цаашид энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх санал дэвшүүлж, “Нууж, хадгалж, хамгаалах зорилготой ч нууж байгаад хулгайлдаг болсон. Уг нь энд нуух юу ч байхгүй. Сүр бадруулж нууцалсан Эрдэнэсийн санг хохироосон үйлдэл ч олон байна.
Ихэнх нь гэмт хэргийн шинжтэй. Ер нь Монгол Улсын Эрдэнэсийн сан хоосон шахам болсныг энэ танхимд сууж байгаа олон хүн мэдэж байгаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүртэл Эрдэнэсийн сангийн захирал бэртэйгээ нийлээд тус санг хохироосон талаар ажлын хэсгийн дүгнэлт бий. Хохирлын хэмжээ нь ч тодорхой. Гэвч “нууц” гээд дэлгэж болдоггүй. Шинээр томилогдсон улсын ерөнхий прокурор энэ сантай холбоотой асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Ажлын хэсгийн дүгнэлтийг би улсын ерөнхий прокурорт хүргүүлнэ” гэж байлаа.
Дараа нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн, дэмжлээ. Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд харшилбал Засгийн газар өөрөө, шаардлагатай гэж үзвэл УИХ хүчингүй болгох зохицуулалттай. Захиргааны хэргийн шүүхийн шатанд Засгийн газрын шийдвэрийг шүүх хянадаг талаар 2015 онд маргаан үүсгэсэн. Үүнийг Үндсэн хуулийн цэц хянаад, “Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй, харьяалахгүй” гэж шийдвэрлэсэн.
Гэтэл Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн заалтууд, Цэцийн шийдвэрийг зөрчиж, Засгийн газрын шийдвэрийг хянах оролдлого удаа дараа хийж ирлээ. Үүнийг харгалзан үзэж, уг төслийг санаачилсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар УИХ шийдвэрээ гаргасан. Дараа нь Засгийн газар ч холбогдох шийдвэрүүд гаргасан.
Гэтэл Засгийн газрын болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэрүүдийг хүчингүй болгох алхмуудыг Захиргааны хэргийн шүүх хийсэн. Ингэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс Үндсэн хууль, Цэцийн шийдвэрийг зөрчин, шийдвэр гаргасан учраас эл төслийг боловсруулсан” хэмээн онцлов. Уг төслийг Хууль зүйн байнгын хороо бараг жилийн өмнө буюу 2018 оны зургадугаар сард хэлэлцэн дэмжсэн байдаг.
Үдээс хойших хуралдаан ирц бүрдээгүй учраас болсонгүй. Энэ өдөр 20 гаруй гишүүн гадаад, дотоодод томилолттой болон чөлөөтэй байв. Улмаар Харилцаа холбооны, Радио долгионы болон Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм.