Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг нийслэл хотод “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 29 жилийн дараа, өргөн зохион байгууллаа. Энэ хүрээнд газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед нийслэлийн иргэдийг харьяа дүүргийн аюулгүй хуаран руу яаралтай нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн болон бусад тусламжаар хангах зэрэг сургуулилтыг явууллаа.
Гамшиг тохиодсон үед иргэд харилцан бие биендээ тусламж дэмжлэг үзүүлдэг байх, мөн гамшгийн үед төр захиргааны байгууллагуудын удирдлага зохицуулалтыг сайжруулахын тулд уг сургуулилалтыг зохион байгуулжээ. Иж бүрэн сургуулилтын хүрээнд иргэдийг нийслэлийн зургаан дүүрэгт байгуулсан түр хуаран руу автобусаар нүүлгэн шилжүүлэв. Зургаан дүүргийн хороо бүр цуглах цэгтэй байх бөгөөд нийт 111 цэгийг онцгой байдлын албанаас товоллоо.
Гамшгаас хамгаалах дуут дохио өглөө 8 цагт дугарлаа. Энэ үеэр иргэд өөрт ойрхон аюулгүйн талбай руу цугларав. Онцгой нөхцөл байдал үүссэн үед иргэд сандарч, балмагдахгүйгээр заавар зөвөлгөөний дагуу ажиллах ёстой гэдгийг Онцгой байдлын албан хаагчид анхааруулж байлаа.
Гэвч нийслэлийн зарим хэсэгт дуут дохио сонсогдохгүй байна гэсэн яриа иргэдийн дунд их байна. Тухайбал, Монгол HD телевизийн фэйсбүүк хуудсаас 20 мянга гаруй иргэнд явуулсан судалгаагаар иргэдийн ердөө 37 хувь нь дуут дохио сонссон бөгөөд үлдсэн хувь нь сонсоогүй гэж хариулжээ. Дээрх үзүүлэлтээс харахад бодит байдал дээр гамшиг осол тохиолдсон үед иргэдийн дийлэнх нь дохио сонсож чадахгүй байх нөхцөл байдал үүсэх нь тодорхой байна. Уг дуут дохио нь нийслэлийн хэмжээнд 60 ширхэг суурилагдсан байдаг ажээ. Иймд үүнийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг судалгаа харуулж байна.
14 цагийн орчимд Хүй долоон худагт хээрийн эмнэлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаа. Энэ үеэр гамшиг осолд нэрвэгдсэн иргэдэд түргэн шуурхай эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаа зохион байгуулагдлаа. Анхан шатны тусламжаас эхлээд бүхий л төрлийн мэс заслын хийхээр зохион байгуулжээ. Иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлсний дараа дараагийн эмнэлэгт хүргэх ажлыг зохион байгуулах зорилготой аж. Сургуулилалтанд улсын томоохон эмнэлгүүдээс гадна ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтарсан эмнэлэг, цус сэлбэлт судлал, сэтгэцийн эрүүл мэндийн төв явуулын эмнэлэг байгууллаа.
Дээрх иж бүрэн сургуулилалттай холбоотой дэлгэрэнгүй видео сурвалжилгыг хүлээн авна уу.