АН-аас хөөгдсөн Ж.Батзандан, гарсан Л.Болд нар улс төрийн нам байгуулахаа сар гаруйн өмнө мэдэгдсэн. Харин намаа Шударга иргэдийн нэгдсэн эвсэл гэж нэрлэхээ өчигдөр зарлав. Товчилбол, ШИНЭ нам гэгдэх шинэ намдаа нэрийг нь улсын бүртгэлийн байгууллагаас ч авсан сурагтай. Удахгүй Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлэх ёстой. Учир нь, хүчин төгөлдөр үйлчилж буй Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.
УИХ-ын ээлжит сонгуулиудын санал хураалтыг зургадугаар сарын сүүлийн хагаст зохион байгуулж ирснийг тооцвол хамгийн цаад тал нь зургаан сарын өмнө буюу 2020 он гарав уу, үгүй юү Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн байж таарах нь.
Гэхдээ ШИНЭ нам байгуулах, Монголын улс төрд шинэ хүчин мэндлэх зам хэр дардан байх бол. Сонгууль бүрийн өмнө гар хүрдэг учраас хууль, эрх зүйн орчин нь өөрчлөгдөхгүй гэх баталгаа алга. Тэгээд ч УИХ-ын энэ удаагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл багтсан. Хэлэлцэх асуудлын дараалалд бичигдэхээс хэтрэлгүй хэд хэдэн чуулган дамжсан эдгээр хуулийг өөрчлөх, эсэхийг шийдэх боломжит үе нь ч одоо.
Өөрөөр хэлбэл, өөрчлөх магадлал өндөр гэсэн үг. Уг нь Сонгуулийн тухай нэгдсэн хуулийг салгаж, УИХ, Ерөнхийлөгч болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг тус тусад нь хуулиар зохицуулахаар ярьж буй. Гэвч агуулгаасаа хальж, хаа хамаагүй зүйлийг ч өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчилж мэдэх хүн манай хууль тогтоох байгууллагад олон бий. Жишээ нь, одоо салгаж, задална гээд байгаа Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн парламент бүрдсэн даруйд ярьж ярьж, 2016 онтой уралдах шахам баталсан байдаг. УИХ, Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийг тус тусад нь хуулиар зохион байгуулж байсныг нэгтгэсэн хэрэг.
Ингэхдээ холимог буюу 26 тойргоос 48, намуудын жагсаалтаас 28 мандатыг сонгосон хувилбараас хэлбэрэлтгүй хазайж, жижиг 76 тойрог буюу 100 хувь мажоритар тогтолцоог хуульчилсан. Уг нь 2012 оны сонгуулийг зохион байгуулсан холимог хувилбараа улам тордож, тойрог болон намын жагсаалтаар хэд хэдэн мандат сонгох вэ гэсэн тоог л эргэж харна гэж итгүүлж байсан ч эцсийн мөчид З.Энхболдын удирдсан УИХ тэс өөр шийдвэр гаргасан нь тэр.
Мэдээж үүнийг парламент дангаараа хийчихээгүй. Үндсэн хуулийн цэцийн оролцоотойгоор, АН, МАН-ынхан үгсэн хуйвалдах маягтай, “жүжиг” тавьсан гэж тухайн үед УИХ-д суудалтай намууд тус тогтолцоог эсэргүүцэж байсан. Жижиг 76 тойрогт сонгууль явуулах нь АН, МАН-аас бусдад нь ээлгүй учраас арга ч үгүй биз. Үнэхээр ч “жижиг” гэгддэг, парламентад суудалгүй намуудад дараагийн сонгуулиар боломж олгохгүйн тулд АН, МАН-ынхны бодож олсон хувилбар нь 100 хувь мажоритар тогтолцоо байсан нь олон зүйлээр нотлогддог.
Үүн шиг одоогийн хуульд байгаа “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй” (Сонгуулийн тухай хуулийн 12.1 дэх заалт) гэсэн заалтыг үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй өнөөгийн эрх баригчид өөрчилж цөхөх зүйл үгүй. Тэгээд ч хөөгдсөн Ж.Батзандан, хаяж яваад бүлэггүй болгосон Л.Болд хоёр нам байгуулахад АН-ынхан баярлах шалтгаан үгүй. Долдугаар сарын 1 гэхэд хаах ёстой хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө дээрх заалт дахь “180” гэсэн тоог “365” болгочиход л 2020 оны сонгуулиас өмнө ШИНЭ нам байтугай шинэ хүчин мэндлэх боломж бараг л хязгаарлагдана.
Нөгөө талаас Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ч тэднийг дөнгөчихөж мэднэ. Тухайлбал, уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт гишүүн “Намыг бүртгэх, татан буулгах эрхийг Сонгуулийн ерөнхий хороонд хариуцуулахаар төслийн үзэл баримтлалаа боловсруулсан. Улс төрийн намын үзэл баримтлал, дүрэм зэргийг цэгцтэй байлгах, хариуцлагажуулах, хяналт тавих эзэн байхгүй учраас дуртай бүхнээ ярьж, харсан зүг рүүгээ хазайж байна.
Дээд шүүхэд бүртгэлтэй 27 намаас гурав нь л одоогийн УИХ-д суудал авсан. “Угжны хурга” шиг хэн нэгнээр тэтгүүлээд, сонгууль болохоор популизм хийж, амь ороод, бусад үед усанд хаясан чулуу шиг сураг алдардаг намуудад өндөр шалгуур тавих нь чухал” хэмээсэн байна лээ. Намуудыг Дээд шүүх бус, Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж, шинэ хүчнийг хүлээн зөвшөөрөх болзол, шалгуурыг өндөрсгөх нь үүгээр тодорхой болж байх шиг. Өдгөө Дээд шүүхэд бүртгэлтэй нам 31 болсон.
Гуравхан сая хүнтэй Монголын гучин хэдэн намаас гурав нь л УИХ-д суудалтай болж байгаа нөхцөлд С.Бямбацогт гишүүний хэлж байгаа зүйл зүйтэй байж мэднэ. Нөгөө талаас зөвхөн УИХ-д суудалтай бус, сонгуулиар авсан саналд нь тодорхой босго тавьж, түүнийг давсан намуудад ч төсвөөс дэмжлэг олгохоор ярьж буй энэ үед тэдэнд ногдуулах үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ энэ нь 2020 оны сонгуулийг хоног тоолон хүлээж байгаа Л.Болд, Ж.Батзандан нарын хүмүүст тээг болохыг үгүйсгэхгүй.
Сонирхуулахад, Бразилд намуудад жил бүр олгох төсвийн санхүүжилтийн таван хувийг бүртгэлтэй бүх намд тэгшитгэн хуваагаад үлдсэнийг нь парламентад суудалтайд нь зохих ёсоор өгдөг хууль батлаад буй. Гэтэл мөнгөний төлөө нам байгуулах нь ихсэж, одоо 70 орчим нам бүртгүүлэхээр холбогдох байгууллагад хүсэлтээ гаргаад байгаа аж. Үүнээс өмнө тус улсад 35 нам л албан ёсоор бүртгүүлээд байсан юм байна. Улмаар тэд уг хуулиа өөрчилж, сонгогчдын 1.5 хувийн санал авсан намд төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт олгох төсөл санаачилжээ. Үүнийгээ шат дараатай өсгөсөөр 2030 он гэхэд сонгогчдоос гурван хувийн санал авсан намд л мөнгө өгөхөөр болж буй юм байна.
Энэ мэтчилэн хууль өөрчилж, хуйвалдахаас гадна зориуд хааж, боохыг үгүйсгэхгүй. Тухайлбал, одоогоор отгон нь гэгдэж буй Гэр хороолол хөгжлийн намыг өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Дээд шүүх бүртгэсэн . Хэдийгээр нам бүртгүүлэх хүсэлтээ уламжилснаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой ч тус намынхан анх 2017 оны зургадугаар сард Дээд шүүхэд хандсан байдаг.
Ийнхүү Дээд шүүхээс хэд хэдэн удаа татгалзсан хариу сонсож, бараг хоёр жил хөөцөлдсөний эцэст сая бүртгүүлсэн нь энэ. Дээд шүүхийн зүгээс шаардлагатай баримт бичиг дутуу гэдэг шалтгаанаар тэдэнд татгалзсан хариу өгч байсан ч Гэр хороолол хөгжлийн намынхан “Биднийг зориуд боомилж, санаатайгаар бүртгэхгүй байна” хэмээн мэдэгдэж байв.
Юутай ч нам, тэр тусмаа АН, МАН гэх нэрийг сонсоод жийрхдэг нь олширсон энэ цагт шинэ хүчин, хүмүүсийг эрэлхийлэх хандлага газар авч байна гэлтэй. Эл эрэлтийг мэдэрсэн зарим нь улс төрийн нам байгуулахаар хошуурч байж болох. Хууччуул ч байр сууриа хадгалж үлдэхийн тулд бүхий л аргаар хөдлөх нь тодорхой. Тэд хуучин технологио ашиглаж шинэ хүчинд “бэлэг” баривал битгий гайхаарай.
ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ. Намыг улсын бүртгэлд бүртгэх
9.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1-д заасны дагуу тухайн нам үүсгэн байгуулагдсан өдрөөсөө хойш ажлын 10 хоногт багтаан бүртгэх байгууллагаас баталсан маягтын дагуу бүртгүүлэх өргөдлөө Дээд шүүхэд гаргана.
9.2. Бүртгүүлэх өргөдөлд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.2-т заасан мэдээллийг тусгана.
9.3. Нам нь Дээд шүүхэд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1- д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
9.3.1. намыг бүртгүүлэхийг хүссэн намын даргын гарын үсэг бүхий өргөдөл;
9.3.2. намын нэр, бэлгэдэл, далбаа;
9.3.3. намын дүрэм;
9.3.4. намын мөрийн хөтөлбөр;
9.3.5. намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байгаа хууль ёсны хаяг;
9.3.6. засаг захиргааны нэгж буюу аймгуудийн гуравны нэгд намын байгууллага байгуулсан тухай шийдвэр, тэдгээрийн оршин байгаа хууль ёсны хаяг;
9.3.7. намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг);
9.3.8. намын санхүүгийн асуудал эрхэлсэн эрх бүхий удирдах ажилтан (менежер, ерөнхий нягтлан бодох)-ны бүртгэл (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэх болон регистрийн дугаар, оршин суугаа газрын болон гэрийн хаяг, гарын үсэг)
9.3.9. намын хөрөнгийн мэдээ;
9.3.10. хуульд заасан бусад баримт бичиг.
9.4. Дээд шүүх намыг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш энэ хуулийн 6; 9.2- 9.3-т заасан зүйлийг нягтлан үзэж, ажлын 30 хоногийн дотор тухайн намыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгох бөгөөд энэ тухай нийтэд мэдээлнэ.
9.5. Дээд шүүх намыг бүртгэхдээ энэ хуулийн 9.3-т болон холбогдох хуульд зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно.
Улс төрийн намын тухай хуулиас