Мэдээж Цукерберг биднийг шоолохгүй. Бас өөрийг нь хамгийн том боссоор, сайн “ах”-аар өргөмжилсөн монголчуудын талаар мэдэхгүй. Тэр тусмаа монголчуудыг фэйсбүүкт регистрийн бүртгэлээ оруулж, эсвэл хурууны хээгээ уншуулж нэвтрэх зохицуулалт бүхий хуулийн төсөл хэлэлцэж байгаа талаар зүүдэнд нь ч ороогүй яваа. Харин ийм төсөл боловсруулж буй тухайгаа танилцуулсан УИХ-ын гишүүд сүүлийн хоёр өдөр фэйсбүүк хэрэглэгчдийн анхаарлын төвд орж, амны бай болов.
Нэр, нүүрээ нууцалдаг гэмт этгээдийг, бусдыг элдвээр доромжилдог, гүтгэдэг нөхдийг регистрийн дугаараар нь хөөж, барьж, цэгцлэх юм гэнэ. Үнэндээ ийн бүртгэсэн, бүртгээгүй цахим сүлжээний хандалт, хайлтаар тухайн хүн хэн болохыг, хаана амьдардаг, юу сонирхдог гээд бүх мэдээллийг олоод авчих бүрэн боломжтой болсон.
Тэрчлэн фэйсбүүкийн хаяг нээхэд гар утасны дугаараа буюу тухайн хүний хувийн мэдээллийг багтаадаг баримтыг заавал хийж байж нээдэг. Энэ хангалттай биш гэж үү. Тодорхой хэлбэл, нийгмийн сүлжээтэй холбоотойгоор гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг холбогдох үүрэн холбооны компаниудтай хамтран хийж байгаа аж. Энэ үеэр 2016 онд улсын хэмжээнд бүртгэлгүй 650 мянган дугаар иргэдийн гар дээр байгааг тогтоожээ. Харин өнөөдрийн байдлаар 42 мянга болж буурсан хэмээн мэдээлсэн байна.
Үүнээс гадна байршлын тохиргоогоо хийчихвэл биедээ GPS суулгаснаас ялгаагүй. IP хаягийг ухахад л бүх мэдээллийг товч тодорхой харчихна гээд давуу тал их, хянах боломжууд ч нээлттэй байна. Гэтэл хуулийн хүрээнд шинээр бүртгэлжүүлнэ хэмээн санал хэлж, сэдэл төрүүлж эхэлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд зогсохгүй бөөн хардлагыг араасаа дагуулав. Ийм хяналтад оруулахад тухайн иргэний нууцлалыг нарийн чанд хадгалах программчлал, цаашлаад үүнийг ажиллуулах чадвартай мэргэшсэн инженерүүд шаардлагатай зэрэг олон асуудал сөхөгдөнө хэмээн жиргээчид сануулжээ.
...Улстөрчдийн алдаатай шийдвэр, болчимгүй үйлдэл, буруу бодлогыг нийтэд ухуулан ойлгуулах, урьдчилан сэргийлэх, хожмын эрсдэлээс хамгаалахад фэйсбүүкчдийн үүрэг, оролцоо тун чухал болсныг өдгөө Монгол төдийгүй хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөөд байна...
Ингэхэд фэйсбүүк хэрэглэгчдийн амыг барьж, эрхийг нь хазаарлах сонирхол хэнд байна вэ. “Ердөө л улс төрийн бүлэглүүдийн том эрх ашиг энд хамаатай” гэж олон нийт дүгнэжээ. Тэгвэл улстөрчдийн алдаатай шийдвэр, болчимгүй үйлдэл, буруу бодлогыг нийтэд ухуулан ойлгуулах, урьдчилан сэргийлэх, хожмын эрсдэлээс хамгаалахад фэйсбүүкчдийн үүрэг, оролцоо чухал болсныг өдгөө Монголд төдийгүй хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөөд байна.
Цаашлаад нийгмийн хандлагыг эерэг зүгт эргүүлэх, бодол санааг нь сэнхрүүлэх сайн дурын ажилтнууд хэдэн зуугаараа цахим ертөнцийн эл орчинд ажиллаж байна. Бүр тодорхой хэлбэл, иргэдийг хогоо хаяхгүй, гудамж талбай бохирдуулахгүй байх, олон нийтийн газарт биеэ зөв авч явах хэв хэвшлийг сошиал орчноор дамжуулан ухуулах ажил чухам энэ хуудсаар өрнөх болсон.
Өвдсөн зовсон, өнчирсөн ганцаардсан нэгэндээ туслах их аяныг монголчууд өмнө хийж байгаагүйгээр өрнүүлж чаддаг боллоо. Байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, гал түймэр, ослоос үүдэлтэй хохирол, зовлонг Монголын түмэн олон хамтдаа үүрдэг болжээ. Угтаа ийн нэгдэж бусдыгаа, хөршөө, эх орноо хайрлан хамгаалах, харамлан өмөлзөх чин сэтгэлийг чухамхүү энэ фэйсбүүкийн “хүчээр” суулгаж байгаа нь үнэн.
Эсрэгээрээ сөрөг тал ч их бий. Хэн нэгнийг амьдрах хүсэлгүй болтол чичлэн буруушааж, адлан гадуурхдаг аймшигтай зэвсэг фэйсбүүкчдийн гарт байдаг. Хулгайч, луйварчин, алуурчин, худалчийн аль нь мэдэгдэхгүй тэдний үгээр хөдөлж, амьсгалж, чарлан тийчигнэдэг хэсэг ч бий болсон. Хүний хувийн амьдралд хошуу дүрээд зогсохгүй хөнжилд нь шургаад “хэвтчихдэг” цайрсан нөхөд ч байна, фэйсбүүкт. Тэрчлэн хэн нэгнийг сонгон авч, гутаан доромжлохдоо гэр бүл, үр хүүхдийнх нь нандин холбоо, нэр хүнд, ирээдүйг хайр найргүй гишгичин бузарладаг явдал ч нүүр номны хуудсанд өрнөж байна.
Үзэн ядалт, өш хонзонгоор өдөр бүр амьсгалж, нэгнээ амьдаар нь булшилж, галдан шатаадаг аймшигтай үг, үйлдлийг сошиалд идэвхийлэн түүчээлдэг хүмүүсийн бүлэг ч хэдийн бий болжээ. Эцэстээ тэрхүү үзэн ядалт, эрээ цээргүй доромжлол нь “оорк” хэмээн нэрлэдэг боловсролгүй, бүдүүлэг, аль муу муухайгийн жишиг болсон хүмүүсээс бүрдсэн өнөөгийн нийгмийн нэгэн өнгө болон ялгарч байна. Хамгийн гол нь оюун санааг хүчлэн түрэмгийлэх тэдний үйлдэл өсвөр насныхан хийгээд сэтгэцийн их, бага хэмжээний гажигтэй хүмүүст маш хүчтэй нөлөөлдгийг мартаж болохгүй.
Троллинг буюу интернэт тролл нь цахим сүлжээний харилцааны соёлын хэм хэмжээг зөрчиж, бусдын харилцаа, танин мэдэхүй, мэдлэгийн солилцоо, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах, ярианы сэдвээс хазайж уншигчдын сэтгэл хөдлөлийг ашиглан талцуулж, маргаан үүсгэж буй үйлдлийг хэлнэ хэмээн олон улсад тодорхойлдог юм байна.
Манай улсын цахим орчны хэрэглээ 2017 онд 2.6 сая, фэйсбүүк хэрэглэгчийн тоо 1.7 сая байв. Харин өнгөрсөн жил энэ тоо хоёр саяыг давсан бөгөөд бараг 70 орчим хувь нь 18-34 насныхан байгааг судалгаагаар тогтоожээ. Чухам энэ утгаараа нийгмийн сүлжээний эл орчинд тодорхой хяналт тавьж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх, өдөөн турхирахаас сэргийлэх нь чухал. Гэхдээ болзошгүй эрсдэлээс сэргийлнэ гээд иргэдийнхээ регистрийн дугаар, хурууны хээгээр “тоглож” болохгүй. Хурууны хээний сан гэдэг нь тухайн улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм.