26 настай Жозафина Ривера нөхрөөсөө салснаас хойш гурван хүүхдээ тэжээх гэж нэлээдгүй зүдэрчээ. Хамгийн бага охин нь ясли цэцэрлэгийн насанд хүрээгүй тул ажилд орох боломжгүй аж. Жозафинад хаа нэг цагийн ажил олдоход, насан дээр гарсан ээж нь хаяадаа хүүхдүүдийг харж, тусалдаг байв. Харин сүүлийн сар охин нь хүндээр өвдөн, эмнэлэгт хэвтэн, эмчлүүлэх болсон нь гэр бүлийн өчүүхэн төсөвийг бүр хямралд оруулж орхив. Жозафинад гудамжинд гарч биеэ үнэлэх л үлджээ.
1986 оны нэгдүгээр сарын 26. Өдөржин бороо орсон, жихүүн өдөр байлаа. Жозафина өдөр болгон гудамжинд гарч биеэ үнэлдэггүй байлаа. Охиныхоо эм тариа, байр цахилгаан, хүүхдүүдээ тэжээх хэдэн өдрийн хоолны мөнгө олоод, маргааш ажил олдоно гэсэн найдлага тээсээр гэртээ харих аж. Энэ удаа ч мөн адил тийнхүү бодон зогсоно. Харин өөрийг нь түрүүнээс хойш нэг хүн ажиглан, анхны хохирогчоо болгох гэж байгааг тэрбээр мэдсэнгүй.
“Хорионд эхний өдөр Амьдрал чиний хүссэнээр болдоггүй нь харамсалтай. Сайн сайхан өдрүүд байхад, бас хар бараан үе чамайг тойрохгүй. Би задарсандаа биеэ үнэлээгүй. Үр хүүхдүүдээ гудамжинд гаргачихгүй гэж би эцсээ хүртэл явсан. Энэ бахархаад баймааргүй ажлыг ч даваад гарна гэж бодож байлаа. Тэр өдөр их хүйтэн өдөр байсан. Цагаан өнгийн кадиллак машин замын нөгөө талд ирж зогсоод, дуут дохиогоо дуугарган, намайг дуудсан. Хүрч очвол бусдаас юугаараа ч ялгарах юмгүй, байдаг л нэг залуу сууж байв. Өөрийгөө Гарри Хайднек гэж таницуулсан тэрбээр гэртээ очихыг санал болгосон. Ярианаас нь үзвэл тэрбээр үүгээр байнга эргэлддэг бололтой. Түүний машинд суугаад явахдаа аюултай гаж донтонтой нүүр тулгарсан гэдгээ гадарлаа ч үгүй билээ. Тэрбээр Филадельфи хотын хойд хэсэгт амьдардаг аж. Энэ дүүрэг манай хотын хамгийн аюултай дүүргүүдийн нэг. Тэнд ядуурал, хар тамхины наймаа цэцэглэж байдгаас гадна өдөр болгон шахуу буун дуу гардагт нь Сицили-2 гэж нэрлэдэг болсон юм. Харин Гарригийн гэр орон маш цэвэрхэн, дажгүй засаж тохижуулсан байр байв. Болдог зүйл болдгоороо болж дуусаад, би босож, хувцас хунараа өмсөж байтал, Гарри араас хоолойг минь гараараа боосон. Түүний гар яг л бахь мэт чанга тул би яаж ч чадалгүй хий тийчгэнэж байгаад ухаан алдлаа. Энэ мөчөөс миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн юм даа. Намайг ухаа ороход миний хоёр гарыг ар талд минь гавлажээ. Юу болоод байгааг би ойлгохгүй байв. Тэр солиотой эр намайг чирч, гулдарсаар өмхий чийг ханхалсан доод хонгилд оруулаад, хөлд минь ч гэсэн урт гинжтэй гав зүүж орхив. Амьдралд хүн хийсэн зүйлийнхээ үр дагаварыг амсдаг гэдгийг би мэднэ. Гэхдээ би хэнд ч хэзээ ч муу зүйл хийгээгүй шүү дээ” гэж л дотроо бодож явлаа. Гарри хөлд зүүсэн гавтай гинжнийхээ нөгөө үзүүрийг хонголын голд байрлах бүдүүн баганаас уяж, эрэг шургыг нь чангалж байхдаа намайг алдарт дуучин Даяна Росстой адилхан болохоор сонгож авсан, олон эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэж, хүүхэдтэй болж байсан ч бүгд хүүхдээ аваад салж, эцэст нь ганц бие гозон толгой үлддэг талаар надтай юу ч болоогүй юм шиг ярьж байсан. Гарри хонгилын голд багавтар ч нэлээд гүнзгий нүх ухаад намайг тийш нь оруулсан. Нэг бол зогсоогоороо эсвэл гар хөлөө атийлган бөмбөг шиг хэвтэх л боломжтой тэр нүхэнд би эхний удаа хорь гайруй цаг болсон юмдаг”
Гарри Хайднек гэр бүл, үр хүүхдүүдтэй болохыг туйлын ихээр хүсч байжээ. Энэ хүслээ тэрбээр ийнхүү хүч хэрэглэн биелүүлэхээр шийдсэн аж. Хайднек өөрийг нь хүмүүс хүндлэн дээдэлж, үгэнд нь үг дуугуй орохыг туйлын хүсдэг буюу өөрийгөө дөвийлгөх донтой аж. Чөлөөт цагаараа Хайднек оюун ухааны хомстолтой хүмүүст зориулсан газруудаар очих дуртай байж. Тэдгээр сул дорой хүмүүс Хайднекийн үгэнд орж, хүссэн зүйлийг нь амархан биелүүлдэг байсан тул тэрбээр тэр хүмүүсийн дунд өөрийгөө их дээгүүрт мэдэрдэг байв.
“Хоёрдох өдөр. Гаж донтон намайг нүхнээс гарган, гарын гавыг тайллаа. Тэрбээр олон юм ярьсангүй, харин тавиур дээрх радиог байдгаар нь чангалчхаад, гараад явчхав.Олон цаг хөдөлгөөнгүй байсан гар минь хөшиж орхиж. Гар минь суларсан юм чинь учиртай гэж би яагаад ч юм бодоод байв. Би энд үхмээргүй байлаа. Тиймээс эцсээ хүртэл тэмцэхээр шийдсэн юм. Эргэн тойрноо ажвал байдаг л нэг хонгилын өрөө. Харин нэлээд гүнзгий болохыг мэдээд, хашхираад нэмэргүй юм байна гэдгийг би ойлгов. Гэхдээ ямар нэгэн гарц заавал байх учиртай гээд ханануудыг сайтар судалтал хэсэг газар туннель маягийн зүйл байсан бөгөөд тэндээс агаар орж ирж байгаа нь илт мэдрэгдэв. Энэ гарц гэдэгт би эргэлзсэнгүй. Гэхдээ хамгийн түрүүнд хөлний гавнаасаа мултрах хэрэгтэй байлаа. Хэдэн цаг төмөр боолттой ноцолдсоны эцэст би өрөөсөн хөлийнхөө гавыг мулталж чадав. Хамаг хүчээ шавхан, тэрхүү жижигхэн туннелиэр мөлхсөөр, төгсгөлд нь хүртэл нимгэн фанер гарт мэдрэгдлээ. Түлхтэл нарны хурц гэрэлд нүд минь гялбах нь тэр. Мөлхсөөр гадагш гарлаа. Байшингийн ар талаар гарчээ. Байрны нөгөө талд, гудамжинд олон хүн байсан. Гэвч өрөөсөн хөлийн гинж хонгил доторх баганаас хэлхэгдсэн хэвээр тул би босож чадахгүй байв. Хүмүүсийн анхаарлыг татах гэж байдаг чадлаараа хашхирсан атал, нэг ч хүн над дээр ирсэнгүй. Амь эрсэн орилоонд энэ дүүргийн хүмүүс дүжирч орхижээ. Хашхирч байхдаа би ард гарах хөлийн чимээг сонссонгүй. Миний хашхираан намайг хулгайлсан гаж донтоны чихэнд л хүрчээ. Зугтах гэсэн энэхүү бүтэлгүй оролдлогын дараа өөр ямар аргаар суллагдаж болох вэ гэж би толгойгоо нэлээд гашилгах хэрэг гарсан юм. Гарри дахин алдаа гаргахыг хүсээгүй нь ойлгомжтой. Тэрбээр намайг нүхэнд дахин оруулж, гинжний төмөр боолтыг цавуудаж орхисон юм. Нүхний амыг модон хавтангаар таглаж, дээрээс нь шуудантай элс тавив. Хэдэн хоногийн турш нүхэнд байлгахдаа гаж донтон намайг цөөн хэдэн хором дээш гаргаж байгаад, буцаагаад нүхэнд хийдэг байлаа. Надад алдаг оног ус, талх өгнө. Гэртээ үлдсэн үр хүүхдүүд маань надад эндээс амьд л гарах юм шүү гэсэн бодол, найдвар төрүүлж байлаа.”
“Гурав дахь өдөр. Өглөө би нэгэн сонин чимээнээр сэрлээ. Бүсгүй хүний уйлах, “Сэнди дуугаа тат, битгий уйлаад бай. Чи намайг мэднэ шүү дээ” гэж Гарригийн орилох чимээ тодоос тод сонсогдох аж.”
Сэнди гэж Сандра Линдсей хэмээх 25 настай бүсгүй юутай нүүр тулгараад байгаагаа ойлгохгүй байв. Тэрбээр гаж донтоны гэрээс холгүй орших оюуны хомстолтой хүмүүст зориулсан сургуульд сурдаг байв. Хайднекийг хөршүүд нь нийтэч, эелдэг хүн гэж тодорхойлсон байдаг. Тэр хөөрхий бүсгүйг Гарригийнд ирж байхыг нэг биш удаа харжээ. Гаж донтон тэр бүсгүйтэй сургууль дээр нь танилцсан аж. Харин Сэнди Гарриг сайн найзаа гэж үздэг байв. Тэрбээр насаараа хэдий 25 хүрсэн ч оюун ухаан нь өсвөр насан дээрээ л гацаж орхижээ. Сэнди зөвхөн оюун ухааны хомстолтой төдийгүй, бие хөгжлийн бэрхшээлтэй нэгэн байв. Түүний хөл урт богино, бас ээрч ярьдаг аж. Сэнди Гарригийнд ирэн хэдэн цагаар юм ярьж суудаг байж. Харин энэ удаа Гарри түүнийг хонгилын өрөөндөө гавлаж орхижээ. Эцэг хүн болох донд автсан Гарри бүсгүйчүүдийг ээлж дараалан хүчинддэг байв. Өөрийнхөө эрхшээлд байлгахын тул зодож, жанчихаа ч мартдаггүй байж.
“Зургаа дах өдөр. Хайднек хаа нэг тийшээ явахдаа Сэнди бид хоёрыг нүхэнд хийгээд явдаг байв. Тэрбээр нүхийг арай томсгож ухсан ч хоёр хүн арай ядан багтах аж. Дээрээс модон хавтангаар таглахад, агаар дутагдан, амьсгалахад маш хүндрэлтэй болдог байв. Тиймээс Гарриг эргэж ирэхэд бид баярладаг болов.”
Энэ үеэр Сэндигийн гэр бүл бүсгүйн эрэлд гарч, цагдаад мэдэгдэж, найз нөхөд, танилуудаас нь сураглаж байлаа. Сэндигийн эгч дүүгээ Гарри Хэйдниктэй нөхөрлөн, уулзаж, учирдаг байсныг мэддэг аж. Түүнийг Гарри руу утасдан "Сэнди хаана байна" гэж асуухад гаж донтон хариу дуугаралгуй, утсаа тасалсан байдаг. Харамсалтай нь энэ хачирхалтай үйлдэлд хуулийн байгууллага ч, Сэндигийн гэрийхэн ч зохих анхаарлыг хандуулсангуй.
“26 дах өдөр. Бараг бүтэн сар хамар хашааных нь хонгилд хоёр бүсгүй тарчлан, зовж байгааг Гарригийн хөршүүд гадарлаа ч үгүй байв. Гаж донтонд хоёр бүсгүй багадсан бололтой. Аймшигт хонгилд хэд хоногийн зайтай дахин гурван эмэгтэй нэмэгджээ.19 настай Лиза бүсгүйг гаж донтон найзынх нь гэрт хүргэж өгье гэж хуураад машиндаа суулгаж дөнгөсөн бол 23 настай Дэбра, 18 настай Жаклин нар ойролцоох гудамжны биеэ үнэлэгчид байв. “56 дахь өдөр. Нүхэнд таван хүн яагаад ч багтахгүй болсон тул Гарри түүнийг шийтгэх зориулалтаар ашигладаг болов. Шуугьсан, чанга дуугарсан, үгэнд нь ороогүй, хүслийг нь биелүүлээгүй бол нүхэнд орно. Гарригийн урдаас эсэргүүцээд нэмэргүй бөгөөд нөхцөл байдлаа улам дордуулах юм байна гэдгийг би ойлгосон. Дэбра Хамгийн их эсэргүүцэл үзүүлдэг байлаа. Тэрбээр багаасаа амьдралын хатуу хөтүүг амсаж өссөн болохоор иймэрхүү түрэмгий байдлаар л өөрийнхөө юманд хүрч сурсан байв. Харамсалтай нь түүний энэ арга эсрэг үр дүнд л хүргэх аж. Биднийг дарамтлах тусам, Дэбра улам ихээр эсэргүүцсээр...Хайднек Дэбра хоёрын тэмцэл бид бүгдийн нөхцөлийг улам хүндрүүлсээр байлаа. Би Дэбраг тайван байхыг олон удаа гуйсан. Гаж донтонын өвчин цааш хир гүнзгийрч, хүндрэхийг бид мэдэхгүй шүү дээ. Амьд үлдэхийн тулд бид тэндээс ямар нэгэн аргаар л гарах хэрэгтэй. Харин яаж гэдэг дээр толгойгоо гашилгах хэрэгтэй. Миний энэ бодлыг бусад маань дэмжихгүй нь гачлантай. Тэд Гарри руу нэгэн зэрэг дайрч, боож алъя гэнэ. Харин энэ гав гинжнээсээ яаж салж, яаж гадагш гарах болж байна. Хайднек гав, гинжний түлхүүрүүдийг дандаа дээр үлдээж, чоно санаалдаг байсан юм. Гадагш гарах ганцхан арга байсан. Тэр нь гаж донтоны итгэлийг хүлээх. Тиймээс би түүний хэлсэн болгоныг биелүүлж, хүндэлж, дэмжиж байгаа дүр эсгэхээр шийдлээ.”
“80 дахь өдөр. Хуурамч зан байдал үр дүнгээ өгч эхлэв. Хайднек гадагшаа явахдаа намайг ахлагчаар үлдээдэг болов. Нэг хэцүү шалгуур нь үнэнчээ батлахын тулд би бусдыгаа зодох хэрэгтэй байв. Би үнэмшилтэй хирнээ аль болох өвтгөхгүй зодохыг хичээдэг байлаа. Заримдаа үнэнээсээ зодох шаардлага гарна. Ганцхан би ч биш, ер нь биднийг бие биеэ зодохыг тэрээр хүн болгонд тулгадаг байсан. Ийн аргаар гаж донтон биднийг өөрийнх нь эсрэг нэгдэхээс сэргийлдэг байсан гэж би боддог. Энэ бүх аймшигтай зовлон зүдүүрийг Сэнди их хүндрэлтэй давж байлаа. Түүний сэтгэл зүй туйлдан, идэж ууж ч чадахаа больсон. Анх ирэхдээ хөөрхөн бондгор охин байсан бол хоёр сарын дотор танигдахгүй болтлоо турж эцсэн дээ. Түүнийг юм идүүлэх гээд дийлэхгүй болохдоо Гарри охиныг гараас нь дүүжилж байгаад, ам руу нь идэх юм чихэн, залгихыг шаардан зодов. Сэнди эрүүний гажигтай байсан тул амаа гүйцэд хааж чаддаггүй байв. Тэрбээр хурдан зажилж чадахгүй зодуулсаар хахаад үхчихсэн. Хайднек түүнийг хэсэг харж байснаа "Бид нэгнийгээ алдчих шиг боллоо” гээд мушийсан. Энэ аймшигтай хонгилд ирснээр миний хувьд Сэндигээс өөр дотно хүн байгаагүй учир надад үнэхээр хэцүү байлаа. Тэгэхэд би Гарриг алах хүслээ арай ядан тэвчсэн шүү. Хайднек амьгүй болсон Сэндигийн биеийг чирэн, хонгилоос гарснаас хойш удалгүй огиудас хүрэм муухай үнэр хамар цоргилоо.”
Энэ өмхий үнэр тэр хавийн гудамжаар нэг тархсан байдаг. Хайднекийн хөршүүд юу болоод байгааг асуухаар Гарригийн хаалгыг тошгсон ч тэрбээр тайлж өгсөнгүй. Цагдаа дуудаж байж л гаж донтон сая нэг гэрээсээ гарч ирээд "Гахайн хавирга шарж байгаад түлчихлээ, та нар минь уучлаарай" гэж гэмгүй царайлсан байна. Түүний энэ тайлбар цагдаагийн офицерт хангалттай санагдсан бололтой орж шалах ч үгүй яваад өгч. Хэрэг дээрээ Хайднекийн гал тогоонд Сэндигийн махаар хийсэн таташ жигнэгдэж байжээ. Гаж донтон тэр татшаар хонгилд үлдсэн хэдийг тэжээж орхисныг хөөрхий эмэгтэйчүүд мэдээгүй байдаг.
“95 дахь өдөр. Хүлцэнгүй байсны минь төлөө гаж донтон намайг хааяа дээш гарган, усанд орохыг зөвшөөрдөг болов. Ингэхдээ би байшингийн зохион байгуулалт, хаалга үүдний цоож түлхүүр хаана байдгийг ажиглаж байв. Гудамж руу харсан цонхнууд томор хаалттай, гадна талын хаалга дотроосоо нэг өөр, гаднаасаа бас нэг өөр түлхүүрээр онгойдог аж. Түүний итгэлийг хүлээсэн цагт л бид амьд гарах боломжтой гэдэг нь батлагдав. Харин Жаклин, Дэбра хоёр гаж дотоны уурыг улам хүргэсээр байлаа. Тэд ихэнх цагаа нүхэнд өнгөрөөдөг болов. Би Гаариг дараачийн аймшигтай алхам хийх вий гэхээс болгоомжлохдоо түүнтэй хэдэн цагаар ойлгож байгаа дүр эсгэн ярьж суудаг байв. Тэрбээр Дэбраг авчирсандаа харамсах болжээ. Гарри хүний бие мах бодийг өвтгөөд зогсохгүй, сэтгэл зүйгээр нь сөхрүүлэхийг хүсдэг байв. Ингэхийн тулд тэрбээр Жаклин, Дэбра хоёрыг нүхэнд хийгээд дээрээс нь ус дүүргэсэн. Тэгээд тэдний гарны гавд цахилгааны утас холбоод, бага хүчдэлтэй цахилгаанд залгав. Эхлээд цахилгаан товчлуурыг дарахыг Лизад дараа нь надад тулгасан. Хэд хэд давтсаны дараа Жаклин тавцанг өргөөд “Дэбра үхчихлээ, Дэбра үхчихлээ” гэж орилж гарсан. Дэбра ингэж хорвоогоос хальсан даа. Хайднек бүсгүйг алахыг хүсээгүй ч, асуудал ингэж шийдэгдсэнд баярлаж байсан нь илт байв. Тэрбээр Дэбрагийн цогцсыг гялгар уутанд хийгээд, дээшээ аваад гарсан. Удалгуй үзэг цаас барьсаар буцаж ирээд намайг гарын үсгээ зурахыг гуйсан. Тэр цаасан дээр "Би Жозафина Ривера Гарри Хайднектай нийлэн, Дэбраг цахилгаанаар цохиж алсан" гэж бичсэн байлаа. Гарын үсгээ зурахгүй бол би дараачийн үхдэл болно гэдгийг зөнгөөрөө мэдэрч байсан тул би түүний хүссэнийг биелүүлсэн юм. Тэрбээр намайг энэ баримтаар хянана гэж бодсон бололтой тэр өдөртөө миний гар болон хөлний гавыг тайлсан билээ. Хайднек тэр өдрөөс хойш надад бүгдийг ярьдаг болов. Сэндигийн гэр бүлийнхэн охиныг хайж цагдаагийнхантай ирсэн, хөршүүд нь бас цагдаа дуудсан, Сэндийгийн цогцсыг яасан тухай нэг нэгэнгүй ярьсан. Түүний яриаг сонсож байхдаа би ухаан алдахгүйг л хичээж байлаа. Харин Гарри энэ бүгдийг надад яриад сэтгэл нь онгойх шиг болсон. Түүнд нэг үзэл бодолтой, нэг зорилготой хамтрагч хэрэгтэй юм байна гэдгийг би мэдэж авсан.”
“117 дах өдөр. Хэдий би гав гинжгүй, байшинд чөлөөтэй хөдөлж, явдаг болсон ч Гарри надаас хараагаа салгадаггүй байлаа. Надад зугтах боломж байсан. Гагцхүү хонгилд өөр хоёр бүсгүй байгаа шүү дээ. Гаж донтон тэднийг алж, ул мөрөө устгаж магадгүй тул зөвхөн өөрийнхөө амийг бодох эрх надад байгаагүй. Ингээд Хайднектэй би гадагшаа гарах өдөр ирсэн. Тэрбээр хөлдөөгчдөдөө олон хоног болгосон Дэбрагийн цогцоос салахаар болжээ. Энэ ажилдаа намайг ашиглахаар шийдэж. Тэр цогцсын тээшиндээ хийгээд хоёр цаг гаруй давхисаар, Нью-Жерси хотын ойролцоо ойд аваачиж хаясан. Тэр мөчүүд миний амьдралын хэцүүхэн үеийн нэг байлаа. Буцах замдаа Гарри зоогийн газраар ороод, юм идэж, сонин уншиж ер нь юу ч болоогүй юм шиш байж билээ. Би хэдэн сар олигтой хоол идээгүй ч, тэр өдөр хоолойгоор уснаас өөр зүйл давахгүй байв. Мөч болгон зугтах боломжийг хайж байсан ч би эрсдэл хүлээхээс болгоомжилсон юм. Би бүрэн эрх чөлөөтэй болоогүй байлаа. Тэр намайг өөрөөс нь ухаантайг мэдэрдэг байсан. Тэрбээр надад "Хэрэв цаг хугацааг эргүүлж болдог байсан бол, бас сонголт байсан бол би чамайг хэзээ ч гэртээ авчрахгүй байсан" гэсэн удаатай.”
“122 дах өдөр. Гарри надад улам итгэсээр ... Тэрбээр намайг дэлгүүр дагуулж, хувцас хунар авч өгөн, зоогийн газар орж, хамтдаа хооллолдог болов. Өөрөөр хэлбэл найз бүсгүй шигээ ханддаг болсон гэсэн үг. Тэр өдөр Гарри шинэ эмэгтэй авчрах хүсэлтэй байгаагаа надад хэлэв . Энэ л миний боломж гэж би тэр дороо ойлгосон юм. Би зөвшөөрсөн ч нэг болзол тавив. Гэр бүлийнхэнтэйгээ уулзмаар байна гэдгээ хэллээ. Би түүнийг зөвшөөрнө гэдэгт итгэлгүй байсан ч Гарри болзлыг хүлээж авсан. Би түүнтэй хамт явж гудамжнаас нэг биеэ үнэлэгчийг гэрт нь авчрав. Гаж донтон түүнтэй секс хийсний дараа хөөрхий бүсгүйг нэг хүчтэй алгадаад, гарыг нь гавлан, хонгил руу чирч оруулав. Доор хонгилд юу болж байгаа талаар би аль болох бодохгүйг хичээж, гагцхүү төлөвлөгөө минь л биелээсэй хэмээн бурханд залбирч байлаа. Тэр намайг сандарч байгааг мэдэх учиргүй тул би бас аль болох тайван байхыг хичээв. Гарри намайг шатахуун түгээх станц дээр буулгаад, хүүхдүүдтэйгээ уулзаад ирэхийг зөвшөөрлөө. “Одоохондоо би түүнийг гэрийнхэнтэйгээ танилцуулж чадахгүй учир нь бөөн худлаа тайлбар хийх болно” гэсэн минь түүний итгэлийг төрүүлэх шиг болсон. Би машинаас гаран гартлаа амьсгаагаа дарж байлаа. Бараг нэг гудамж өнгөрч, Гарригийн машин харагдахгүй болсон хойно л би миний зүрх цээжиндээ багтахгүй цохилж, нүднээс минь нулимс сул цутгаж билээ. Би ойр хавьд цагдаагийн эргүүлийн машин хайгаад олоогүй. Харин хажууханд автомат утас харагдаж, тэндээс 911 руу залган, дуудлага өгтөл диспетчер эмэгтэй миний үгэнд итгэхгүй байгаа бололтой ч дуудлагыг минь хүлээж авав. Цагдаагийн хоёр офицер 12 минутын дараа ирэв. Тэд ч бас эхэндээ миний ярианд үл итгэсэн байдалтай хандан, болсон үйл явдлыг хэд дахин яриулсны дараа "Та хөлөө үзүүлэхгүй юу" гэж гуйгаад, халцарч, соривжсон шагайг минь хараад нэг юм итгэсэн шүү. Арга ч үгуй биз дээ, сандарч айсандаа эрүүл галзуу нь мэдэгдэхгүй болсон хүүхэн Гарри гэгч гаж донтон хун хулгайлж, заримыг нь алж ойд хаясан, заримыг нь алж махаар нь бусдыг хооллосон тухай ярих нь тэр болгон тохиолдоод байдаггүй байх. Гэхдээ л хором болгон үнэтэй байлаа. Хэрэв Гарри намайг товлосон цагтаа ирэхгүй бол зугтаж хэмээн ойлгоод, бусад охидыг ална гэдэгт би эргэлзэхгүй байв. Цагдаа нарыг шатахуун түгээх цэг дээр очиход Хайднек тэнд намайг хүлээгээд зогсож байв. Цагдаа нар түүний гарт гав зүүсний дараа, намайг дуудан "энэ таны яриад байгаа хүн мөн үү" гэж асуухад Гарри над руу аймшигтайгаар ширтэн "Чамайг шууд л цааш нь харуулдаг байсан юм" гэж заналтай хэлж билээ. Би хүүхдүүдийнхээ төлөө амьд л гарах хэрэгтэй байсан. Би амьд гарсан.”
Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийн гэрт нэгжлэг хийхэд хөлдөөгчөөс нь хүний биеийн хэд хэдэн хэсэг, бас хонгилоос амьд хоёр бүсгүй олджээ. Тэдгээр бүсгүйчүүд Жозафинагийн ачаар амьд гарсан юм. Хийсэн хэргийнх нь төлөө Гарри Хайднект цаазаар авах ял оноож 1999 оны наймдугаар сард гүйцэтгэжээ. Харин Жозафина одоо нөхөрт гарч, дөрвөн ч ач зээтэй болж амар тайван амьдарч байгаа аж. Гэхдээ та бидний амар тайван гэсэн ойлголт Жозафинагийнхаас их л ялгаатай байх.