“Этүгэн ирвэсүүд” тоглогч, “Этүгэн” их сургуулийн оюутан Т.Их-Уул Европын “Public basketball” клубтэй гурван жилийн гэрээ байгуулжээ. Түүнээс өмнө Монголын сагсан бөмбөгчдөөс Гавьяат тамирчин Ц.Шаравжамц, ОУХМ Т.Санчир, Н.Батбаяр нар гадаадын багт хүчин зүтгэж байсан юм. Т.Их-Уулаас зарим зүйлийг тодруулав.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Төмөрсүхийн Их-Уул гэдэг. “Этүгэн” их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан. 201 см өндөр, 18 настай.
-“Public basketball” клубт тоглох гарцыг хэрхэн олов?
-Энэ жил оюутны лигт өрсөлдөж байхад тус клубийн төлөөлөгч надад санал тавьсан юм. Монголдоо сагсан бөмбөг тоглох уу, гадаадын лигт өрсөлдөх үү гэж нэлээд бодсон. О.Баярцогт багш, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад зөвшөөрлөө. Швейцар улсад төв нь байрладаг тус клубтэй гурван жилийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Европын лигт өрсөлдөөн их, шалгуур өндөр. Тэр хэрээр би туршлагажин, их зүйл сурах болов уу. Уйгагүй хичээн, бэлтгэлээ сайн хийвэл зорьсондоо хүрэх байх.
-Өмнө нь гадаадын багаас танд санал тавьж байсан уу?
-Өнгөрсөн жил Японы лигт тоглох тамирчныг Монголоос шалгаруулахад нь би тэнцсэн. Гэвч манай багийнхан дээд лигийн плей-оффт өрсөлдөж байсан тул татгалзахаас өөр арга байгаагүй.
-Сагсан бөмбөгийн спортоор хэчнээн жил хичээллэж байгаа вэ?
-Багаасаа эл спортод хорхойсон, гуравдугаар ангиасаа хичээллэж эхэлсэн. Мэргэжлийн түвшинд зургаан жил өрсөлдөж байна. Нуруулаг, олон талын тоглолттой нь миний давуу тал юм болов уу.
-Одоогоор гаргаад буй амжилтаасаа сонирхуулна уу?
-Энэ жил “Этүгэн ирвэсүүд” клубийн хамт оюутны дээд лигт түрүүлэхдээ бэлгэдлийн гарааны шилдэг довтлогчоор шалгарсан. Бас спортын мастер цолны болзол хангалаа.
-Нэг тоглолтод хамгийн олондоо хэдэн оноо авч байв?
-УАШТ болон бусад тэмцээнд олон оноо авсан амжилт цөөнгүй бий. Энэ жил оюутны лигт өрсөлдөхдөө “Сити” их сургуулийн эсрэг тоглолтод 37 оноо авсан.
-Хэзээ Швейцарыг зорих вэ?
-Тавдугаар сарын сүүлчээр явахаар төлөвлөж байна.