Германы 18-аас дээш насныхны дунд олон улсын зах зээлийн судалгаа, дүн шинжилгээний “You gov” болон “Statista” компаниас хамтран судалгаа хийхэд ажлын үеэр анхаарал сарних явдал гардгийг тус улсын иргэдийн олонх буюу 86 хувь нь хүлээн зөвшөөрчээ. Ердөө 12 хувь нь анхаарал огт сарнидаггүй гэв. Мөн талаас илүү буюу 64 хувь нь өдөрт 30 орчим минутыг бусдын хэрэгт зориулдгаа хүлээсэн байна. Судалгаанд оролцсон таван хүний нэг нь 30 минутаас нэг цаг, 10 хүний нэг нь өдөрт нэг цагаас илүү хугацаагаар зүгээр суудаг гэжээ.
Германчуудын хувьд оффис дээр анхаарал хамгийн их сарниулдаг хүчин зүйл нь хамт ажиллагсад аж. Тодруулбал, хэн нэг нь яаж амарсан, эсвэл автомашин худалдан авсан, нөгөө бол хүүхдийнхээ амжилтын тухай хувийн яриагаараа бусдын анхаарлыг татдаг. Ийм ярианд оролцогчдын дуу чимээ ажлын байранд хамт байгаа бусад хүний ч анхаарлыг сарниулдаг. Ажлаас сатааруулдаг зүйлсийн тоонд ухаалаг утас, интернэт, цахим шууданг нэрлэсэн байна.
АНУ-д жилийн өмнө “Salary.com” цахим хуудаснаас явуулсан ийм судалгаанд оролцогчдын бараг гуравны хоёр нь ажил дээрээ өөр зүйлд анхаардаг гэжээ. Мөн эрэгтэйчүүдийн 69, эмэгтэйчүүдийн 62 хувь нь өдөр бүр интернэтийг хувийн зорилгод ашигладаг гэжээ. Анхаарал хамгийн их сарниулдаг эх үүсгэврээр америкчууд “Facebook”, “LinkedIn”, “Yahoo!”, “Google+”, “Amazon.com”-ыг нэрлэжээ.