Шорон бол гэмт хэрэгтнүүдийг хорьж, нийгмээс тусгаарладаг газар. Тиймээс торон хашаа, төмөр хаалга, гав гинж, үсийг нь хуссан ялтнууд, тэднийг харгалзагч хуягууд гээд шоронг илтгэх дүр зураг “имиж” бий. Тэгвэл Энэтхэгийн Ганди мужийн Санганер тосгонд камер, тусгаарлах өрөө байхгүй, өөрөөр хэлбэл, хоригдлуудыг нэг доор байлгах барилгагүй шорон байдаг аж.
Дан хүн амины хэрэгтэн ялаа эдэлдэг тус газрын харгалзагч нар дүрэмт хувцаснаас татгалздаг. Учир нь ялтан ч гэсэн хүн учраас шоронд байгаа мэдрэмжээс салахгүй шанална гэж тэр. Ингэж хүнлэг ханддаг учраас хоригдол, харгалзагч гэлтгүй холилдон хооллож, ахан дүүс шиг амьдардаг байна. Хүүхдүүд гүйлдэж, авгай хүүхнүүд ахуйн ажлаа хийж, үхэр малаа хариулдаг жирийн л нэгэн тосгонд хоригдлууд гэр бүлийнхэнтэйгээ, бүр өөрийн гараар босгосон, эсвэл худалдан авсан байшиндаа амьдардаг байна. Байшин ч гэж дээ оромж. Энэтхэгийн ядуусын амьдардаг жирийн нэгэн оромж. Өдгөө тэнд 450 ялтан бий бөгөөд олонх нь гэр бүлтэйгээ амьдардаг гэнэ. Заримынх нь гадаа мопед “уяатай” харагдана. Үхэртэй айл ч олон. Нэлээд “баян” нь автомашинтай, Гэхдээ цөөхөн.
Тэдний оромж харин байшин маягтай болж ирнэ. Ихэнх айл зурагттай гэнэ. Ялтнууд ус, цахилгааны хэрэглээгээ өөрсдөө болгох журамтай. Тэнд таван настан ахалдаг. Тэдний нэг нь “мээр” гэсэн үг. 2004 оноос “мээр”-ийн алба хашиж буй Шармагийн аав цагдаагийн ажилтан, нэлээд хөрөнгөтэй хүн байжээ. Ахлах ангид байхдаа нэг хүнийг 30 удаа хутгалж алсан талаараа “Надад сонголт байгаагүй. Одоо ч харамсдаг” хэмээн ярьсан Шарма өдгөө олон төсөл хэрэгжүүлж, хэдэн сая рупи халаасалдаг бизнесмэн болсон гэнэ. Тосгондоо анх удаа тэрбээр сүм бариулж, суурин утасны бүхээг байршуулах зэргээр олон сайн үйл хийсэн байна.
Санганерын хоригдлуудын олонх нь эл газрыг диваажин, эрх чөлөөт амьдралын бүсээс илүү амар тайван хэмээн тодорхойдог. Учир нь тэд хөдөлмөрлөснийхөө хөлсөнд чамлахааргүй мөнгө авч, түүнийгээ хуримтлуулж, үржүүлэх боломжтой гэнэ. Тосгоны хажууханд бага сургууль, оёдлын жижиг үйлдвэр бий. Тиймээс “хөөрхөн” орлоготой байх боломжтой. Хамгийн ядуу хоригдол гэхэд л сардаа 1500 рупи олдог, усан сан байгуулаад. Хэдийгээр орлого гайгүй ч олонх нь тарчигдуу амьдралыг сонгодог. Учир нь мөнгөө хуримтлуулаад үр хүүхдэдээ боловсрол олгох, эрх чөлөөтэй амьдралд очихдоо хэрэглэх гэж тэр.
Энэ газарт хоригдлыг шүүхийн танхимаас шууд илгээдэггүй аж. Тухайн хоригдол шүүхээс сонссон ялынхаа 2-3 жилийг хаалттай шоронд эдэлсэн байх ёстой. Мөн хүчингийн хэрэгтэн, цуврал алуурчин, мансууруулах бодис наймаалсан, хэрэглэсэн шалтгаанаар “аавын” хаалга татсан гэмтнүүдэд Санганер хаалттай.
Тус шоронгийн түүхэнд 1996-2004 оны хооронд гурван ялтан хөл хорионы цаг зөрчсөн байдаг аж. Тэдний нэг нь хэдэн өдрийн дараа өөрөө ирсэн бол өөр нэгийнх нь цогцсыг олсон байна. Тэрбээр архинд хордож үхсэн гэнэ. Гурав дахь этгээд нь сураггүй болжээ. Тэндхийн хоригдлууд хэрэв хэв журам алдаж, танхайрвал эргүүлээд хаалттай шоронд явуулдаг, “диваажиндаа” дахин очих боломж олгодоггүй гэнэ.
Хоригдол хүсвэл хот руу явж болно, гэхдээ зөвхөн өдрийн цагаар. Ялынх нь хугацаа нь дуусах үед хоригдлууд уйлж, суллагдахаас татгалзах нь олон аж. Тосгонд хоолны газар огт байхгүй учраас хоригдлууд өөрсдөө хоолоо хийнэ. 06.00-19.00 цагийн хооронд тосгоны орчимд 10 км-ээс хэтрэхгүй хэсэж, юу хүссэнээ хийж болно, мэдээж хуулийн хүрээнд. Орчиндоо хог хаяхыг тэнд харин хориглоно. Тиймээс хоригдлууд байнга шүүрдэж, угааж, цэвэрлэж, арчиж зүлгэнэ. Ялтнуудын ар гэрийнхэн хөл хорионы цагт хавчигдахгүй орж, гарна.
Азийн анхны нээлттэй шорон хэмээх “гуншинтай”, тосгоныхоо нэрээр “овоглодог”, 40 мянган ам метр талбай эзэлдэг тус газарт ихэвчлэн эрэгтэй хоригдлууд “цөлөгддөг”. Сүүлийн үед эмэгтэй ялтныг тийш илгээх болжээ. Тэндхийн хоригдлууд бүгд хүн алсан. Шалтгаан нь аргагүй хамгаалалт хэтрүүлсэн, санамсаргүй тохиолдлоор. Итгэл эвдсэн эхнэрээ, эсвэл эгч, дүүсийг нь хуурсан өөдгүй эрчүүдийг ёс заншлынхаа дагуу хөнөөсөн өшөө авагчид ч бий.
1958 онд Болливудад бүтээсэн, хүчирхийлэлтэй тэмцэхэд нь хоригдлууддаа тусалдаг шоронгийн захирагчийн тухай өгүүлдэг “Хоёр нүд, 12 хуруу” нэртэй киноноос үүдэн Санганерыг байгуулсан түүхтэй бөгөөд тиймээс кино шиг газар хэмээн нэрлэдэг аж.
1996 оноос өмнө тус газарт гурван оромж л байсан бөгөөд түүнд 35 хүн хоригдож, тариалан эрхэлдэг байжээ. Ийм нэгэн нээлттэй шоронгийн тогтолцоог эхэндээ туршина гэж байсан ч эцэстээ сонгодог жишээ болон хөгжжээ. 1996 онд шоронгийн захирагчаар томилогдсон Арун Дугар хэмээх залуу хоригдлуудын амьдралыг эрс шинэчлэхээр шийдэж, нэлээд эрсдэлтэй алхам хийх санаагаа дээд газартаа мэдээлээд, хариу хүлээж үл тэвчин, өөрийн дураар хийж эхэлсэн нь өдгөөгийн Санганерын дүр төрхийг бий болгосон юм байна. Эцэстээ засаг захиргаа нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн нь тэндхийн хоригдлуудад төсвөөс нэг ч рупи зарлагадахгүй амар болсонтой холбоотой.
Энэтхэгт нээлттэй шорон 61 байна. 4000 орчим хоригдолтой тэдгээр газрыг Санганертай зүйрлэшгүй. Тэнд харгалзагч, камер гээд олон зүйл нь шорон “имиж”-тэй. Киноноос үүдэлтэй тус шоронд гэмээ ухаарах, засарч хүмүүжих, итгэх, өөрийн хүчинд тулгуурлах гэсэн дөрвөн зарчим үйлчилдэг гэж өдгөөгийн захирагч нь ярьж байна. Энэтхэгт нээлттэй шоронгийн тогтолцоог өргөжүүлэх талаар судлаач Смита Чакрабурти дээд шүүхдээ хандаад буй гэнэ.