Британийн 70 мянга орчим иргэн жилд цаг бусаар хорвоог орхидог нь ажил дээрээ болон гэртээ суусаар зургаа, түүнээс олон цаг босоогүйтэй холбоотой аж. Тус улсын Квинс, Ольстерийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаанаас үзвэл британичуудын 30 хувь нь ажлын өдрүүдэд зургаа болон түүнээс олон цаг суудлаасаа босдоггүй, 37 хувь нь амралтын хоёр хоногт буйданд “шигддэг” гэнэ. Олонход нь 10-18 цаг суух тохиолдол гардаг байна.
Байнга удаан сууснаар нуруу өвдөж, таргалдаг төдийгүй тархи (сэтгэл санаагаар унаж, ой санамж, сэтгэн бодох чадвар муудан, оюуны хомсдолтой болдог), дотоод шүүрлийн булчирхай (биологийн идэвхтэй бодис нийлэгжүүлдэг, бие махбодын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй эрхтэн), бодисын солилцоонд нөлөөлдөг. Улмаар зүрх, судасны өвчин, хоёрдугаар төрлийн чихрийн шижин, янз бүрийн хорт хавдар, архаг үрэвсэлтэй болох эрсдэл ихсэж, нас богиносдог аж. Судалгаанаас үзвэл чихрийн шижинтэй хүмүүсийн 17, зүрх, судасны өвчинтэй иргэдийн тав, уушгины хорт хавдар тусагчдын 7.5 хувь нь хөдөлгөөнгүй, суугаа амьдралын хэв маягтай холбоотой байв. “Зүрхээ эрүүл, бие махбодоо хэвийн ажиллагаатай байлгахын тулд биедээ бага зэрэг ачаалал өгөх хэрэгтэй” гэж дээрх судалгааг удирдсан, Квинсийн их сургуулийн эрдэмтэн Делни Херон тайлбарлажээ. Долоо хоногт 150 минутын дасгал, хөдөлгөөн хийхэд л эрүүл мэнд муудах эрсдэл багасах гэнэ.
Эрдэмтдийн үзэж буйгаар нөхцөл байдал ямар байгааг ажилтан өөрөө төдийгүй ажил олгогч ч ойлгох ёстой. Ажлын дундуур дасгал хөдөлгөөн хийх, дараа нь нэг цаг эрчимтэй алхах боломж гаргах, эсэх нь олон талаар ажил олгогчоос шалтгаалдаг. Мөн амьдралын суугаа хэв маягаас татгалзвал улсын эдийн засгаас наанадаж 700 сая фунт стерлинг хэмнэх аж. Хөдөлгөөнгүй байсны улмаас үүссэн эмгэг, тухайлбал, зүрх, судасны өвчин (жилд 424 сая фунт стерлинг), хоёрдугаар төрлийн чихрийн шижин (281 сая фунт стерлинг)-г эмчлэхэд жил бүр улсаас өндөр зардал гаргадаг аж.