Италийн Байгаль орчин хамгаалахын сайд Сержо Коста нэг удаагийн хуванцар сав, эд зүйл хэрэглэхийг хориглох хууль санаачилна гэдгээ мэдээлэв. Энэ сарын 1-нд Сардини арлаас олдсон, үхсэн халимны ходоодноос хоол, хүнс биш, дан хуванцар сав гарсан нь түүнийг эмзэглүүлэн, ийм алхам хийхэд хүргэсэн гэнэ.
Цахим хуудсандаа “Үхсэн халимны ходоодноос 22 кг хуванцар сав, сэрээ, аяга зэрэг зүйл гарчээ. Энэ бол тэр амьтны үхлийн шалтгаан. Бид “алуурчин” болсон хэрэглээнээсээ татгалзах цаг хэдийн болсон” гэж бичсэн сайд Кальяри хотын даргад эл хэрэглээг нэн даруй халах, хууль, захирамжаар хориглохыг үүрэгдсэн байна.
Италийн эрэг орчмын Неаполь зэрэг зарим хотод нэг удаагийн хуванцар хэрэглээг хориглосон хууль баталсан бөгөөд ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх юм байна. Өнгөрсөн гуравдугаар сард Европын парламент “Байгаль орчинд үзүүлэх хуванцар эд зүйлсийн нөлөөллийг бууруулах” сэдвийн хүрээнд санал солилцож, 2021 он гэхэд ийм хэрэглээнээсээ бүрэн татгалзсан байхаар шийдвэрлэжээ.