Мaniaque буюу маньяк хэмээх франц гаралтай энэ үг улс болгонд ижил утгатай байдаг. Орчуулбал дон, донтох , дур сонирхол эсвэл үйлдлээ хязгаарлах чадваргүй хүн гэсэн үг аж. Хүн олон зүйлд донтдог. Нэр алдарт донтоно, албан тушаалд донтоно, идэх юманд донтоно, хөрөнгө мөнгөнд, архинд донтоно. Гэхдээ зөвхөн цуврал аллага эсвэл хүчирхийлэл үйлдсэн этгээдэд л Мaniaque \маньяк\ гэх үгийг хэрэглэж заншжээ. Монголчууд бид гаж донтон гэдэг.Хэзээ хаана анх гаж донтон бий болсон юм бол? Бодвол хүн төрөлхтөнх бий болсон цагаас л байсан биз. Гэхдээ эрүүгийн гэмт хэргийн түүхэнд 1560- 1600 оны хооронд Европт амьдарч байсан гүнгийн ахайтан Елизавета Батори гэгч эмэгтэйг хамгийн анхны гаж донтон алуурчин хэмээн үздэг юм байна. Тэрбээр хамгийн анхдагч гэдэг нэрээс гадна хамгийн их аллага үйлдсэн цуст алуурчин гэдгээрээ Гиннесийн номонд бичигджээ. Түүний алсан хүний тоо зургаан зуу давсан аж. Энэ аймшигт эмэгтэйн тухай ярихаасаа өмнө түүний удам судрыг сонирхоход илүүдэхгүй гэж бодлоо. Елизавета Баторийн жинхэнэ нэрийг Эржебет гэдэг байжээ. Одоогийн Словак улсад орших Чахтице хэмээх алдартай шилтгээн Османы түрэмгийллээс өмнө Унгарын нутаг дэвсгэрт оршин Чейт гэдэг мажар нэртэй байжээ. Энэ шилтгээн Батори удмынх аж. Баторийнхон дайн байлдаанд хэнтэй ч зүйрлэшгүй эр зоригтой байсны зэрэгцээ бас харгис хэрцгийгээрээ гайхагдсан хүмүүс байжээ. XVI зуунд Унгар нь Туркийн мэдэлд орсноор Баторийн удам Эчэд, Шомльо хэмээх хоёр удам болон салаалсан аж. Эчэд хэмээх удам нь Словакийн уулархаг хэсгээр нутагласан бол Шомльо удам Трансильванийг\одоогийн Румын\ эзлэн суурьшжээ. Трансильвани юугаараа алдартай вэ? Мэдээж нар бараг үздэггүй ой модтой газар нутаг, цус сорогч вампирууд, хүн чононуудын тухай домог яриагаараа. Мөн алдартай Дракула гүн энэ нутгийнх. Брем Стокэр өөрийн зохиолын баатар Даркулаг жинхэнэ бодит хүнээс сэдэвлэн бүтээсэн гэдэг. 1400 оны үед Трансиьванид амьдарч байсан Влад Басараб хэмээх гүн маш харгис хэрцгий зангаасаа болж Влад Цепеш гэж нэрлэгдэх болжээ. Цепеш гэдэг үгийг орчуулбал гадсан дээр суулгагч гэсэн утгатай аж. Тэрбээр өөрийн дайсан зарц хамжлагуудаа гадсан дээр суулгаж алдаг байжээ. Түүнийг бас Влад Дракула ч гэдэг байж. Румын хэл дээр лууг дракула гэдэг юм байна. Хамгийн сонирхолтой нь энэ харгис хэрцгий гүнгийн өвөг дээдэс урьд нь Батори удмынхантай ураг барилдаж байсан агаад Влад Дракула нь Эржебетийн холын хамаатан мөн аж.
Ингээд 1500 оны дундуур Шамльо удмын бүсгүй болох Анна Батори Эчэд удмын хүү Дьёрди Баторитай гэрлэжээ. Батори удмынхан хоорондоо гэрлэх явдал урьд нь ч гарч байж. Тиймдээ ч дундаас нь төрсөн хүүхдүүд урт насалдаггүй байсан гэдэг Харин Дьёрди, Анна хоёрын дундаас төрсөн Эржебет хамгийн урт насалжээ. Үүний хажуугаар Баторийнхныг саа өвчин үе дамжин зовоодог байсан гэлцдэг. Эржебет Батори ч мөн адил унадаг өвчтэй байжээ. Тухайн үеийн сурвалжит бүсгүйчүүдийн хувь заяа ижилхэн байсны дагуу Эржебетийг арван нэгэн настайд нь Ференц Надаши гэдэг гүнгийн хүүтэй сүй тавьжээ. Эржебетийн эцэг түүнийг бага байхад нас барсан бол ээж нь охиноосоо тусдаа өөр шилтгээнд амьдардаг байв. Засаж залруулах хүнгүй дураараа өссөн Эржебет арван дөрвөн настайдаа зарц залуугаас хүүхэд төрүүлсэн байна. Хүүхэд ч зарц залуу ч ор сураггүй алга болон харин Эржебетийг Надаши гүнтэй яаралтай гэрлүүлсэн аж. Баторийн удмын арван долоон том тансаг шилтгээний нэг болох Чейтэд шинэ гэрлэгсэд амьдрах болжээ. Эржебет маш баян инжтэй байсан учир Надаши залуу эхнэрийнхээ онгон бус биеийн талаар хэл ам гаргаагүй гэдэг. Тэгээд ч гүн хуримынхаа дараа удалгүй Туркүүдтай байлдахаар дайнд мордсон аж. Тэрбээр алдар нэрэнд туртай нэгэн байсан агаад дундад зууны үед зөвхөн дайн байлдаанд л түүнийг олох боломжтой байжээ. Тиймээс гүн амьдралынхаа ихэнх он жилүүдийг дайн байлдааны талбарт өнгөрөөн гэртээ бараг үзэгддэггүй байв. Хэдий тийм ч Эржебет дөрвөн хүүхдийн эх болж амжсан байна. Эржебет эхийнхээ адил хүүхдүүдээ өөрөө өсгөөгүй аж. Тэднийг өрлөг эх, асрагч нар нь тойглон, харин арван нас хүрэхээр нь өөр сурвалжит гэр бүлд хүмүүжүүлэхээр явуулдаг байжээ.
Эржебет үзэсгэлэнтэй бүсгүй байсан гэдэг.Тэрбээр амьдардаг бөглүү газраасаа явж соёлт ертөнц болох Вена, Пресбургт очиж өөрийнхөө гоо үзэсгэлэнг гайхуулахыг мөрөөддөг байв. Тэрбээр өглөө болгон мөстэй хүйтэн усаар нүүрээ угааж, гүргэмийн тосоор үсээ арчдаг байжээ. Эржебет морь унах дуртай байсан гэдэг. Хамгийн омголон аргамаг хүлгийн нуруун дээр тэрбээр айлгүй морддог байжээ. Ойр хавьд нь амьдардаг байсан хүмүүсийн яриагаар гүнгийн ахайтан нэг бус удаа шөнө дөлөөр хар зүсмийн морь унан галзуу мэт давхиж явахыг харсан байдаг. Эржебетийн бас нэг дуртай зүйл нь зарц нараа өөрөө шийтгэдэг явдал байв. Гэхдээ тэрбээр зөвхөн эмэгтэй зарц нараа л өөрөө шийтгэдэг байж. Нэг удаа Надаши гүн ээлжит аян дайнаасаа гэртээ иртэл цэцэрлэгт нь нэг чармай нүцгэн бүсгүй модонд хүлээстэй байх агаад бүх биеийг нь хорхой шавж бүрсэн байжээ. Гүнгийн гайхсан асуултад Эржебет “Тэр лийр хулгайлдаг байсан. Тэгээд сайн хашраахын тулд биед нь бал түрхчихсэн юм” гэж хээв нэг тайван хариулсан гэдэг. Надаши гүн ч өөрөө харгис хэрцгийгээрээ гайхагдсан нэгэн байсан ч тэрбээр энэ араншингаа зөвхөн дайснууддаа гаргадаг байжээ. Тэрбээр эхнэртээ өөрсдийн ард иргэддээ ингэж хандаж болохгүйг хэлсэн авч эзгүй хойгуур нь Эржебет харгислалаа үргэлжлүүлдэг байв.1604 онд гүн Ференц Надаши аян замдаа чичиргэн өвчнөөр нас баржээ. Батори хатагтайн харгислал улам ширүүсэж эхэлсэн байна. Эхэндээ энэ харгислал нь шийтгэлийн шинж чанартай байсан бол сүүлдээ зугаа болон хувирчээ. Эржебет багаасаа л үе үе багтартлаа хилэгнэдэг байсан агаад цус харахаараа ер бусын хөөрөлд автдаг байжээ. Гүнгийн ахайтны харгислал эцэстээ бэлгийн дур хүслийн шинжтэй болсон байна. Он жил өнгөрөх тусам гүнгийн ахайтны гоо үзэсгэлэн буурах болжээ. Эржебет хөгшрөлийн эсрэг бүхий л арга хэрэгслийг хайсаар байв. Эмч домчид хандан тэр байтугай ид шид, далдын хүчний тухай ном судар судлах болжээ. Нэг удаа түүн дээр тэр хавьдаа нэрд гарсан хар хүчний шидтэн Дарвуля нэртэй эмгэнийг авчирчээ. Үзэж харсныхаа дараа эмгэн “Цус хэрэгтэй ахайтаан. Эр хүний үзээгүй залуу охидын цусанд биеэ угаа. Тэгвэл залуу насны гоо үзэсгэлэн чинь чамайг орхихгүй” гэж Эржебетэд хэлсэн аж. Гүнгийн ахайтан эхэндээ эмгэний хэлсэн үгэнд балмагдсан гэдэг. Гэвч хэзээ түүний доторх хүн, араатан хоёрын зааг арилсныг мэдэхгүй. Удаж төдөлгүй шилтгээний ойр орчмын суурингаас залуухан охид алга болох болов. Харин ойролцоох ойн цоорхойд шинэхэн шарилууд бий болж эхэлсэн байна. Ажил хийлгэнэ гэсэн нэрийдлээр Чейт шилтгээн рүү хэд хэдээр нь авч явсан охид ч мөн ялгаагүй эргэж ирэхээ больжээ. Заримыг нь гэнэтийн саа өвчинд автан үхсэн, заримыг нь ажлын ачаалал даалгүй зугтсан, хаашаа зугтсаныг мэдэхгүй гэсэн хариулт гэрийнхэнд нь өгдөг байв. Тухайн үед дээдсийн хүрээнийхэн эн зэрэгцээ сурвалжит хүмүүсийнхээ хувийн амьдралд оролцох нь бүдүүлэг ес гэж үздэг байж. Үнэн худал нь мэдэгдэхгүй яриа хэсэг хугацаанд газар аваад тэгээд намждаг байв. Харин цаагуураа гүнгийн ахайтан Эржебет Баторийг хүний наймаа хийдэг байх гэж хоорондоо шивнэлдэнэ. Эржебет энэ аймшигт аллагаа ганцаараа хийдэггүй байсан нь мэдээж. Хамгийн гол туслах нь ордны алиалагч бөгтөр нуруутай Янош гэгч байв. Үзэшгүй муухай түүнийг хүн болгон шоолон доромжилдог байсан учраас тэрбээр эрүүл бас сайхан бүхнийг үзэн яддаг болсон аж. Янош ойролцоох тосгоноор явж өсөж том болж буй охидыг олж танддаг байсан бол дараа нь Илона Йо, Дорка хэмээх хоёр зарц авгай нар ажилдаа ордог байв. Тэдгээр авгай нар охидын эцэг эхтэй уулзан сайн шан харамжаар охидоо гүнгийн ахайтанд үйлчлэхийг ятгана. Мөн тэд Эржебетэд хөөрхий бүсгүйчүүдийг зодож жанчихад нь тусалдаг байсан агаад үхдэл болсон биеийг ойн цоорхойд булдаг байжээ.Шинэ охидыг ирэхэд нь Эржебет өөрөө тэднийг нэг бүрчлэн шалган хамгийн царайлаг хөөрхөн охидыг шилээд бусдыг нь ажилчин болгодог байв. Шилэгдсэн охидыг шууд доошоогоо хонгилд аваачин яраглан тарчлааж эхэлдэг байжээ. Хөөрхий хохирогчдын хашхирахыг сонсоод Эржебетийн сэтгэл нь хөөрөн өөрөө яргалж эхэлдэг байсан байна. Ахайтан заримдаа шүдээрээ тэдгээр бүсгүйчүүдийн махыг зулгааж байж ханадаг байсан гэдэг. Хөл дээрээ тогтож чадахаа больсон охидын судсыг огтлон цусыг нь ахайтны усанд ордог онгоцонд юүлдэг байжээ. Ахайтан Пресбург хотод яргаллын тусгай машин захиалсан байдаг. Эмэгтэй хүний дүрстэй дотроо хөндий төмөр харцаганд ээлжит бүсгүйг хийгээд дээшээ гинжээр өргөхөд хохирогчийн биеийг олон арван богино жад сүлбэх бөгөөд эмэгтэйн цус шууд усанд ордог онгоц руу Эржебетийн дээрээс урсдаг байв. Тэрхүү аймшигт төхөөрөмжөө Эржебет “төмөр бүсгүй” хэмээн нэрлэсэн гэдэг.
Аллага ганцхан Чейт шилтгээнд биш өөр хоёр ч шилтгээний хонгилд үйлдэгддэг байсан байна. Сүүлдээ Эржебет аллага үйлдэхгүйгээр хэдэн өдрийг ч өнгөрөөж чадахгүй болжээ. Тэрбээр Вена хотын Блютенштрассе гудамжинд байдаг байрандаа хүртэл гуйлгачин эмэгтэй нарыг дуудаж оруулаад аймшигт аллагаа хийдэг байсан гэдэг.Ойр орчмын нутгийнхан тэр чигээрээ “Чейт шилтгээний шулмын” гэмт хэргийн талаар ам дамжин ярьж байхад яагаад Эржебет олон жил зүгээр явсан байна гэдэг нь одоо болтол оньсого хэвээр үлджээ. Магадгүй Баторийн удмынхан үе үеийн хаан төрд үнэнчээр зүтгэн тусгайлан хүндлэгдсэнтэй холбоотой байж болох юм. Эржебетийн аймшигт аллага тун ч санаандгүй зүйлээс болж төгсгөл болжээ. Хэчнээн олон зуун охидын цусанд булхсан ч гүнгийн ахайтан зогсолтгүй хөгширсөөр байжээ. Гэхдээ тэрбээр залуу болох арга чарга хайсаар л байсан байна. Олон арга чарга туршилтад багагүй мөнгө хэрэгтэй болох нь мэдээж. Ингээд мөнгөний хэрэгцээнд орсон гүнгийн ахайтан олон шилтгээнийхээ нэгийг хоёр мянган дукатаар \тухайн үеийн алтан зоос\ барьцаанд тавьжээ. Гэтэл Эржебетийн хүүгийн асран хүмүүжүүлэгч болох Имре Медьери гэгч эзэн ахайтнаа гэр бүлийнхээ хөрөнгийг үрэн таран хийж байна гэсэн гомдол шүүхэд гаргажээ. Эржебетийг Пресбург хотын шүүхэд дуудсан байна. Тус шүүх хуралд бүх л ихэс дээдсүүд цугларсан агаад эзэн хаан Матиаса хүртэл өөрийн биеэр иржээ. Мөн Эржебетийн авга ах Дьёрдя Турзо ч ирсэн байлаа. Дьёрдя Турзо нь Эржебетийн алсан есөн бүсгүйн хойдохыг уншсан нэгэн ламтнаас аймшигт аллагын тухай мэдээлсэн захидал авсан байжээ. Авга ах удмын нэр төрөө бодон энэ хэргийг нуун дарагдуулах гэсэн боловч өөрийг нь илчилсэн захидал авга ахад нь хүрснийг мэдсэн Эржебет түүнд өөрийн гараар хийсэн амтат боов явуулжээ. Турзо хашир хүн байсан тул боовыг эхлээд нохойдоо өгөөд үзтэл хөөрхий амьтан тэр дороо амь хураасан байна. Уурласан аваг ах задарсан дүүгээ хуулийн байгууллагад өгөхөөр шийдсэн аж. Энэ удаа нотлох баримт үгүй учраас Эржебетийг буцаасан байна. Харин гүнгийн ахайтан гэртээ иртэл түүний өмнө элсэн чихэр хулгайлсан Дорица нэртэй үзэсгэлэнт бүсгүйг авчирчээ. Ахайтан тэвчилгүй нүгэлт үйлдлээ хийсэн аж. Тэрбээр өөрөө ядарч туйлдталаа зарц бүсгүйг ташуурдан эцэст нь улайсгасан төмөр барьж аваад Дорицагийн ам руу чихэж орхижээ. Хөөрхий бүсгүй үхсэн ч аймшигт Эржебет тайвширч чадахгүй байжээ. Тэр шөнөдөө гүнгийн ахайтан дахин хоёр зарцаа үхтэл нь зодож байж санаа нь амарсан гэдэг. Харин маргааш өглөө нь Дьёрдя Турзо цэргүүдийн хамт ирж Эржебет Баториг зугтах гэж байхад нь барьжээ. Тэд шилтгээнд нэгжлэг хийхэд гаргаж амжаагүй Дорицагийн цогцос бас амьтай голтой хоёр бүсгүйг олжээ. Шилтгээний доод хонгилд байсан яргаллын багаж хэрэглэл, нил цус болсон хана туурга, эвдэрч хэмхэрсэн “төмөр бүсгүй”-г хараад Турзо болон цэргүүдийн үс нь хөдлөх шиг болсон гэдэг. Өөр нэг хөдөлшгүй баримт бол гүнгийн ахайтны өдрийн тэмдэглэл байлаа. Тэрбээр аймшигт үйлдлийнхээ тухай дэвтэртээ бичдэг байжээ. Харамсалтай нь ахайтан хохирогчдынхоо нэрийг бараг санадаггүй байсан агаад “№ 169, намхан биетэй” эсвэл “№ 302, хар үстэй” гэх мэтчилэн зүгээр л дугаарладаг байсан аж. Энэ жагсаалтад нийтдээ 610 дээрх маягаар бичсэн нэрс байжээ. Хамгийн аймшигтай нь Эржебетийн авч явах гэж байсан цүнхнээс нь түүний хамгийн дуртай яргаллын хэрэглэлүүдийг олсон байдаг. Эржебетийг өвөг дээдсийнх нь дайн байлдаанд гаргасан гавьяаг бодолцон цаазаар аваагүй байна.Түүнийг үлдсэн насаар нь Чейт шилтгээнд нь хорих ял оногдуулжээ. Харин ахайтны гар хөл бологсдыг галд шатаасан байна. 1611 оны дөрөвдүгээр сард Чейт шилтгээнд чулууны ажилчид ирэн Эржебетийн өрөөний цонх хаалгыг чулуугаар таглан таваг шөл орох жижигхэн нүх л үлдээсэн аж. Тэрбээр үхэн үхтлээ нар сарны гэрэл харалгүй зөвхөн ус талхаар л хооллон, юу ч гуйдаггүй байсан гэдэг. Эржебет Батори 1614 оны наймдугаар сарын 21-нд нас барсан агаад шилтгээний хананд хохирогчдынх нь дэргэд оршуулсан ажээ