АНУ-ын “Pew” байгууллагынхан тус улсын залуусын 25 хувь нь 50 нас хүртлээ ганц бие явах нь гэсэн таамаглал гаргажээ. Ганцаараа байх нь тус улсад амьдралын жирийн хэв маяг болтлоо “хөгжсөн” учраас ийн дүгнэсэн байна. Монголд ч ийм хандлага ажиглагдах болсныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг цухас дурдлаа.
Тодруулбал, манай улсын иргэдийн гэрлэх нас жилээс жилд хойшилж, гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах хэв шинж ажиглагдах болжээ. Нийт хүн амын 12.8 хувийг хамтран амьдрагч буюу хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй иргэд эзэлж буй. Тэдний олонх нь 20-35 насныхан.
1989 оны судалгаагаар дөрвөн залуу тутмын нэг нь гэрлээгүй гэх үзүүлэлт гарч байж. 2013 онд дээрх үзүүлэлт өөрчлөгдөж, гурван хүн тутмын нэг нь огт гэрлээгүй гэх судалгааны дүн гарсан байна. Орчин үед залуус бусдад “өмчлөгдөж” амьдрах бус, ганц бие, эсвэл хамтран амьдрагчтай байхыг илүүд үзэх болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн судалгааны материалд онцолжээ.
Энэ нь орчин үеийн хүмүүс уламжлалт буюу нийлмэл амьдралыг таашаадаггүй болсонтой холбоотой гэнэ. Нийлмэл гэдэг нь залуу хос дангаараа бус, ээж, аав, эмээ, өвөө, ах, дүүтэйгээ амьдрахыг хэлдэг аж. Нөгөө талаар залуус ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй, амьдралын чөлөөт хэв маягийг илүү таашаах болсон аж.
Товчхондоо, залуус “Сайн уу, хүнтэй суусан уу?” гэх асуултаас цэрвэж, айхаа больжээ. Тэд ийм асуулт тавьсан найз нөхөд, ах, дүүс, эмээ, өвөөгийнхөө өөдөөс “Байр, машинтай болчихоод гэрлэнэ”, “Боловсролдоо эхлээд цаг зарцуулна”, “Надад гэрлэх хүсэл алга” хэмээн ичиж, нэрэлхэлгүй чөлөөтэй хариулдаг болсон. “Энэ нь манай улсын гэр бүлийн бүтэц, харилцаа, боловсролын асуудлыг системтэй, шинжлэх ухааны үндэстэйгээр судлах шаардлагатайг илтгэж байна” хэмээн судлаачид онцоллоо.