Германы хамгийн баян гэр бүлүүдийн нэг Рэйманныхан буяны үйлсэд 9,7 сая евро хандивлахаар шийджээ. Тэд уг шийдвэрийг өөрсдийнх нь өвөг дээдэс нацистуудтай нягт холбоотой байсныг судалж мэдээд нэг ёсны нүглээ наминчлах үүднээс гаргасан тухай Duetsche Well телевизийн суваг мэдээлжээ. Рэйманы гэр бүл өвөг дээдс нь фашистуудыг ихээр дэмжиж тэдэнтэй холбоотой байсан яриаг батлахын тулд 2010 оноос эхлэн түүхчдийг ажиллуулж, баримт цуглуулж эхэлсэн байна. Мөн Blind сэтгүүлд Рэйманы гэр бүлийнх өвөг болох Альбер Рэйман түүний хүү Альберт Рэйман нар Гитлерын засаглалын үеэр Людвигсхафен хотод байдаг үйлдвэртээ олзны хүмүүсээр боолын хөдөлмөр эрхлүүлдэг байсан тухай нийтлэгджээ. Тус нийтлэлд мөн хүү Альберт Рэйман SS-ийн удирдагч Хайнрих Химмлерт бичсэн захидалдаа өөрсдийн гэр бүлийн бизнесээ 100 зөвхөн ари цусны хүмүүс эрхэлж ирсэн тухай дурдаад ари үндэстэн бусад угсаатнаас илүү гэдэг үзэлд үнэнч болохыг илэрхийлсэн байжээ. Үүнээс гадна Рэйманы үйлдвэрт ажиллуулдаг олзны хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байсан ба тэднийг зодох, хүчиндэх тохиолдол түгээмэл байсныг баримтаар тогтоосон байна. “Бид энэ бүхийг олж мэдээд үг дуугарч чадахгүй балмагдсан. Ой гутмаар гэмт хэргүүд” гэж өнөөгийн Рэйманынхны төлөөлөгч Питер Харф хэлжээ. Рэйманны гэр бүлийн бизнес өнөөдрийг хүртэл үр ач нарт нь өвлөгдөж ирсэн байдаг. Өнөөдөр JAB Holding компанийг тэдгээрээс дөрөв нь удирддаг юм. “Forbes” сэтгүүлийн гаргаснаар Рэйманынхны хөрөнгийн хэмжээ 37,0 тэрбум $ орчим гэнэ. Харин хандивын мөнгө нь чухам хаашаа орох нь одоогоор тодорхой бус байгаа ажээ.