Реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэг ирэх сарын 19-нд бие даасан тоглолтоо “Крокус эвент холл”-д хийхээр болжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Ирэх сард тоглолтоо хийхээр болжээ. Ямар онцлогтой тоглолт болох вэ?
-Бие даасан анхны тоглолтоо 2012 оны арваннэгдүгээр сарын 30-нд “Нийслэл хүү” нэртэйгээр АСА циркт хийж байлаа. Түүнээс хойш бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй. Гурван сар орчмын өмнөөс энэ удаагийн тоглолтынхоо бэлтгэлийг эхэлсэн. Цахим хуудсаараа дамжуулан сонсогчдоосоо санал авч, тоглолтод дуулах дууныхаа жагсаалтыг гаргасан.
-Ямар хамтлаг, уран бүтээлчид оролцох вэ?
-Тоглолтод “Lumino”, “Татар”, “Vanquish” хамтлаг, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр, “Loi4ixсон” бүлгийнхэн оролцоно. Дуунуудаа амьд хөгжим, дижейтэй дуулна. “Compass” хамтлагийнхан хөгжимдөнө. Тоглолтыг “Ocean grey” продакшн зохион байгуулж байгаа.
-“220”, “Халзан толгой, хоёр соёо”, “2012”, “Нийслэл хүү” зэрэг цомгийг тань мэдэх юм байна. Эдгээрээс хойш цомог гаргав уу?
-Гаргаагүй. Уг нь цомог гаргахаар олон дуу бий. Жагсаалт гаргахад 200 орчим дуу байна. Ирэх сард хийх тоглолтынхоо дараа шинэ цомог гаргах бодол бий.
-“Fibonacci music” лэйбель байгуулж, залуу уран бүтээлчтэй хамтран ажиллаж байгаа гэсэн. Ямар уран бүтээл хийж байгаа вэ?
-Өнгөрсөн оноос энэ төрлийн ажил хийж байна. Өөрийн уран бүтээлээс гадна залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготойгоор студиэ байгуулсан. Одоогоор реппер Don Dior-той хамтран ажиллаж байна.
-Залуу уран бүтээлч дахин шалгаруулж, хамтрах уу?
-Ямар нэг шалгаруулалт зарлахгүй ээ. Юм хийхээр оролдож байгаа хүүхдүүдийг ажиглаж, дууг нь сонсож л байна. Үнэхээр дэмжмээр залуус таарвал санал тавина.
-“Хоёр гүүрний цаана” киноны продюсероор ажиллан, гол дүрд нь тоглосон. Түүнээс хойш энэ төрлийн санал ирж байна уу?
-Ирээгүй.
-Телевизийн олон ангит болон уран сайхны хэд хэдэн киноны дуу дуулчихав уу?
-Одоо ч киноны дуу хийлгэх санал ирдэг. Гэхдээ хүлээж аваагүй. Аливаа зүйлийн “тун” хэтрэх дэмий.
-Хэд хоногийн өмнө “Алив дансаа” нэртэй дуугаа “цацлаа”. Залуу репперүүдийн биеэ авч яваа байдал, хийж буй уран бүтээлд унтууцаж буйгаа илэрхийлсэн байсан.
-“Намайг байхад хип хопын босго өндөр байна” гэж хэлсэн. Сүүлийн үеийн репперүүдийн уран бүтээлүүд чанаргүй байгаа. Миний дууг сонсоод бухимдахаас илүүтэй дуугаа чанаржуулахад анхаараасай гэж хүссэн юм.
-Тоглолтынхоо өмнө дахин шинэ уран бүтээл сонсогчдод хүргэх үү?
-Дуучин Д.Уламбаяртай хамтарсан дуугаа “Ocean grey” студид бичүүлж байна. Тоглолтоос өмнө дүрсжүүлж, хүмүүст хүргэнэ.