Гавьяат дасгалжуулагч Б.Дамбатай ярилцлаа. Манай улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар олон жил ажилласан тэрбээр Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажилладаг юм.
-Наурызын баяр, монгол хүн сансарт ниссэн өдөр бид (гуравдугаар сарын 22-нд) ярилцаж байна. Ж.Гүррагчаа гуай сансарт нисэн, анхдагч болсон өдөр та юу хийж байв?
-Монгол хүн бүхэн тэр өдрийг сэтгэл догдлон хүлээсэн болов уу. Цас зөөлөн бударсан өдөр байж билээ. Тэр үеийг одоо ч өчигдөр болсон мэт санаж байна. Би тухайн үед “Барилгачин” нийгэмлэгт ажиллаж байлаа. Ж.Гүррагчаа, М.Ганзориг нарын хэнийг нь сансарт нисгэх тухай нухацтай ярилцаж, сонгон шалгаруулсан биз.
Тэгж, тэгж Ж.Гүррагчааг сонгосныг хүмүүс сайн мэднэ. Би төдийгүй монголчуудын магнайг тэнийлгэсэн, яах аргагүй түүхэн үйл явдал. Монгол хүн сансарт нисэж, эрдэм шинжилгээ, судалгааны салбарт томоохон гавьяа байгуулснаар нь бахархахгүй байхын аргагүй. Аав минь Булган аймгийн уугуул.
Монгол хүн сансарт анх ниссэн өдөр Наурызын баяр болдог нь сонин тохиолдол болов уу. Наурыз бол зөвхөн казахчуудын бус, монгол түмний баяр. Би эл баярыг их бэлгэшээдэг. Учир нь 2016 онд Наурызын баяраар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан юм.
-Та багадаа толгой сайтай хүүхэд байсан гэдэг. Бүр МУБИС-ийн физик, математикийн ангид элсэж байсан гэж дуулсан. Тооны хичээлд дуртай байсан таныг сагсан бөмбөгийн спортод хөл тавихад юу нөлөөлөв?
-Багадаа сагсан бөмбөг юм уу, хөлбөмбөг өшиглөж өсдөггүй хүүхэд ховор болов уу. Хаана л бол хаана сагсан бөмбөг тоглож явдаг хүүхэд байлаа. Эл спортод дурлаж, хөл тавихад ах минь их нөлөөлсөн. Би спортын мастер Хүрэлсүрэн дасгалжуулагчаар сагсан бөмбөг заалгасан юм.
14 настай байхдаа “Алдар” спорт хорооны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд V сургуулийн багт орж тоглоод дэд аварга болов. Анхны амжилт минь тэр. Би холбон тоглогчийн байрлалд өрсөлддөг байлаа.
-Олонх хүн Б.Дамба гавьяатыг дасгалжуулагч гэдгээр тань илүү мэднэ. Тамирчин байсан үеийнхээ дурсамжаас хуваалцана уу?
-Би 16 настайдаа ерөнхий боловсролын сургуулиа төгсөн, МУБИС-ийн физик, математикийн ангид элссэн. Физикийн хичээлд дуртай байсан тул тэгж шийдсэн юм. Тэмцээн, бэлтгэл гэж явсаар хичээлээсээ нэлээд хоцорч, нөхөж дийлэхээргүй болов. Тэгэхээр нь сольж, биеийн тамирын анги руу шилжсэн юм.
Тэнд нэгдүгээр дамжаагаа төгсөн, хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын биеийн, тамирын дээд сургуулийг дүүргэсэн. Монголдоо ирснийхээ дараа “Барилгачин” нийгэмлэгт ажиллан, багаа дасгалжуулахын хажуугаар тоглодог байлаа. Үүний сацуу “Барилгачин”-ы залгамж халааг бэлтгэхийн тулд өсвөр үеийн тамирчдыг дасгалжуулна.
Тэгж явсаар 1992 онд зодог тайлсан. Дунд нь ажлаа ганц нэг сольсоон, ШУТИС, МУБИС-д багшилсан. Дурсамжтай, санаанд үргэлж ордог олон тэмцээн бий. Тэдгээрээс 16 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлснээ дурсах дуртай. Тэгэхэд манай багийнхан алдааны асуудлаас болж хасагдсаар гурвуулаа үлдэв.
Дөрөвдүгээр үе ид үргэлжлэн, тоглолт дуусахад цөөхөн минут дутуу байлаа. Гурвуулаа таван хүний эсрэг өрсөлдсөөр улсын аварга болж билээ. Хувь тавилан гэж их сонин шүү. Хэрвээ физикийн мэргэжлээр төгссөн бол өдийд юу хийж яваа бол.
Нэг сургуульд багш, эсвэл албан байгууллагад мэргэжилтэн, ахлах ажилтан хийх байсан ч юм бил үү. Ямартай ч сагсан бөмбөгийн спортыг сонгосон нь оносон. Хэрвээ тэгээгүй бол Гавьяат дасгалжуулагч болж, олны хүндлэлийг хүлээхгүй байсан шүү дээ.
-Та УАШТ-д олон жил өрсөлдөж, жигд амжилт гаргасан мөртлөө дээд лигт яагаад тоглоогүй юм бэ?
-Мэдээж боломж байсан бол тоглохыг хүсэлгүй яах вэ. 1994 онд Монголоос анх удаа сагсан бөмбөгийн спортыг клубийн системд шилжүүлсэн. Тухайн үед Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Одонжил нар ажиллаж байлаа.
Тэд үүнийг санаачлан, хэрэгжүүлэхэд зургаан клуб байгуулагдан, дээд лигт өрсөлдсөн юм. Тухайн үед би “харьчихсан” байлаа. Тиймээс 1994- 2004 оны хооронд “Генералууд”, “Баганат өргөө” багийг дасгалжуулж, тамирчдаа дээд лигт хүч сориулсан. Бид түрүүлж чадаагүй ч мөнгө, хүрэл медаль олныг хүртсэн. Аваргын цомоос хоёр ч удаа атгаад алдсан шүү.
-Тийм олон жил дасгалжуулагчаар ажилласан ч дээд лигийн аварга болж чадаагүйдээ харамсдаг уу?
-Нэг их харамсдаггүй ээ. Харин ч эсрэгээрээ олон жил сайн тоглож, тогтмол амжилт гаргасан багийнхнаараа, шавь нараараа бахархдаг. Нэг жил манай багийнхан найз Г.Уртнасангийн минь дасгалжуулсан “Хараагийн харцага”-тай түрүү булаалдсан юм.
Тэгэхэд би “Баганат өргөө”-г удирдаж байв. Бид хоорондоо эн тэнцүү өрсөлдсөөр ялагч нь долоо дахь тоглолтоор тодрох болов. Дөрөвдүгээр үе дуусахад хэдхэн минут дутуу байхад манай багийнхан 10 гаруй оноогоор илүү байлаа. Гэтэл тэмцээн зохион байгуулсан ордны гэрэл нь унтарчихав. Нэлээд хүлээлээ, цахилгаан ирдэггүй ээ.
Тухайн үед МСБХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил сайд тоглолтыг хойшлуулж, маргааш нь үргэлжлүүлэхээр болов. Тэгэхэд Улаанбаатар тэр аяараа цахилгаангүй болж билээ. Хотын төвд мөртлөө хав харанхуй газраар алхах сонин байсан шүү.
Маргааш нь тоглолтыг үргэлжүүлэх бус, шинээр эхлүүлэхэд манай багийнхан гэлтгүй би хүртэл шоконд орсон. Туршлага багатай байсан болоод ч тэр үү, багийнхнаа сэтгэл зүйгээр дэмжиж, хурцалж чадаагүй нь миний буруу. Тэгж баараггүй шахам атгаад байсан түрүүгээ алдаж билээ.
-Дээд лигийн шилдэг дасгалжуулагч шагналыг та анх хүртсэн бил үү?
-Тэгсэн. 1998 онд эл шагналыг анх олгоход нь авсан.
-Таны дасгалжуулалтын гол онцлог, арга барил юу вэ?
-Орост мэргэжлийн сургууль төгссөн болохоор онолын мэдлэг гайгүй. Үүний сацуу бусад орны дасгалжуулагчийн туршлагаас судлахад хэлний бэрхшээл гардаггүй.
Тийм болохоор сагсан бөмбөгийн спортын шинэ дүрэм, содон хувилбараас хоцорч байгаагүй. Түүнийгээ багийнхаа тоглолтод хэрэгжүүлж, аль болох шинэ хувилбар, арга барилаар өрсөлддөг байлаа. Тэгж явахад оносон, алдсан юм их бий.
-Та Монголын сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн даргаар дөрвөн жил ажилласан. Тухайн үед эл спортын өнөөгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан ямар ажил хийв?
-2000-2004 онд МСБХ-ны ерөнхийлөгчөөр У.Барсболд сайд, ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Маргад-Эрдэнэ агсан, нарийн бичгээр би ажиллан, гадаад харилцааг Д.Ананд хариуцаж байлаа. Бид дөрөв тухайн жилүүдэд цалингүй шахам ажилласан. Ямар ч спортын хөгжилд дүрэм, шүүгч их чухал.
Азийн сагсан бөмбөгийн холбоотой ярилцаж байгаад олон улсын зэрэгтэй монгол шүүгч бэлтгэхээр болов. Гэтэл тухайн үед манай улсад англи хэлтэй нэг ч хүүхэд байгаагүй. Би “Ийгл” телевизээр сагсан бөмбөгийн тэмцээн тайлбарлах бүртээ “Олон улсын шүүгч бэлтгэх боломж бүрдлээ. Сагсан бөмбөг тоглодоггүй ч байсан хамаагүй. Англи хэлтэй, спортод дуртай хүүхдүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна” гэнэ. Гэвч нэг ч хүүхэд ирээгүй.
Улмаар ШУТИС-ийн багш, миний шавь Ганзориг, Мөнхзаяа хоёрын нэгийг нь явуулахаар болов. Хэлний бэрхшээлийн улмаас Мөнхзаяа сонгогдож чадаагүй. Тэгж Монголын анхны төдийгүй цорын ганц олон улсын зэрэгтэй шүүгч бэлтгэж билээ. Ананд бид хоёр сагсан бөмбөгийн олон улсын дүрмийг орчуулан, ном болгож хэвлүүлсэн нь өгөөжөө өгсөн.
Жилээс жилд дээд лиг хөгжихийн хэрээр өрсөлдөөн улам ширүүссээр байв. Гэтэл томоохон багууд хүчирхэгжин, сайн тамирчид нэгдэх болсон. Тиймээс Маагаа (Маргад-Эрдэнэ) бид хоёр ярилцаж байгаад лигийн бүх тамирчныг Монголд анх удаа драфталсан юм. Тэгснээр бүх багийн хүч тэнцэн, спортын хорхойтнуудын анхлаарлыг их татав. Дээд лигийн тэмцээнийг хүн их үзнэ, Спортын төв ордонд багтахгүй.
Байсхийгээд л ордны гадна, дотор талын хаалгыг эвдчихдэг. Ордон дүүрэнгүүт хаалгыг нь хаахаас өөр аргагүй. Зарим хүн уурлаад Спортын төв ордон руу чулуу шиднэ, хаалгыг нь цөм өшиглөнө. Тоглолт дуусангуут тэр олон хүн чинь гарах гэж бөөн юм болно. Биенээ хүлээхгүй, зэрэгцэж дайрсаар байгаад л хаалгыг нь эвдчихнэ (инээв). Маргааш нь хариуцсан хүмүүс нь “Танай тэмцээнийг дахиж ордондоо зохион байгуулахгүй” гээд дургүйцдэг байлаа.
Сагсан бөмбөгийн спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан хүний нэг нь Монголын үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Ж.Отгонцагаан. Тэрбээр Д.Маргад-Эрдэнэ, Алтанхуяг нарыг Азийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргатай Малайзад уулзуулж, орчуулагчаар ажиллаж билээ.
Тэгж манай улс Азийн сагсан бөмбөгийн холбоонд элссэн түүхтэй. Тухай үед тэдний зардлыг Д.Бат-Өлзий, Д.Хишигжаргал нар даасан. Хэрвээ тэгээгүй бол Азид хүлээн зөвшөөрөгдөх хугацаа хойшлох байв. Улмаар хэдхэн хоногийн дараа МСБХ Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-нд элсэж билээ.
-Монголын шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөхөд та дасгалжуулсан. Эрхээ аваад, тивийнхээ дэвжээнд өрсөлдөх боломж хэр байв?
-Бид бэлтгэлээ эх орондоо сар гаруй хийгээд Азийн АШТ-д оролцохдоо Солонгос, Хятад, Япон зэрэг орны шилдгүүдтэй өрсөлдсөн. Манай багийнхан эхний тойрогт эзэн орны тамирчидтай хүч сорьж тав бил үү, зургаан онооны зөрүүгээр хожигдов. Тэр тоглолтод Ц.Шаравжамц оролцож чадаагүй.
Тоглолтын дараа тухайн үед Японы шигшээ багийг дасгалжуулж байсан, серби дасгалжуулагч бидэнтэй уулзаад “Монгол хүн сагсан бөмбөг тоглохыг анх удаа харлаа. Та нарыг ганцаарчилсан төрлийн спортод л авьяастай гэж бодож явсан юм. Тийм биш байж, хичээгээрэй” гэсэн. Хятадыг хожсон япончуудад бид ганцхан оноогоор дийлдсэн шүү дээ.
Уг нь хожих боломж байв. Тоглолт дуусахад хэдхэн минут дутуу, тоглолтын онооны харьцаа тэнцүү явсан юм. Тийм чухал үед Г.Ихбаяр ганцаараа довтолсон ч алдчихсан. Тэгэхээр нь завсарлага авав. Багийнхандаа нэлээд зөвлөлөө. Гэтэл манайхан алдаа гаргаж, өрсөлдөгч багийн тамирчин торгуулийн хоёр шидэлтийнхээ нэгийг нь оруулсан. Хоёр дахь шидэлт нь цагариг дээр ойгоод Ц.Шаравжамц, Т.Түвшинбаяр хоёрын дунд буухад хэн нь ч аваагүй.
Хоёулаа гайхаж зогссоор байгаад өрсөлдөгч багийнхандаа алдчихсан. Хэрвээ тэр бөмбөгийг авч, довтолсон бол өрсөлдөгчөөсөө алдаа салгах боломжтой. Хоёр шидэлтийнхээ нэгийг нь оруулаад тэнцэх, хоёуланг нь хийгээд хожих боломжоо тэгж алдсан юм.
-Сагсан бөмбөгчдийн өнөөгийн хөгжил, тамирчдын ур чадварт та ямар дүн тавих вэ?
-Өндөр түвшинд хүрсэн гэж боддог. Манай тамирчид 3х3 төрлөөр л гэхэд дэлхийн дэвжээнд эн тэнцүү өрсөлдөн, Токиогийн олимпод оролцохын төлөө зүтгэж байгаад олзуурхдаг. Олон улсын тэмцээнд тогтмол оролцон, амжилтаа хадгалж, олимпын оноо цуглуулах шаардлагатай тэднийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, “М Си Эс Кока кола” компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав нар их сайн дэмжиж, санхүүгээр тусалж байгаа.
Өнөөгийн тамирчдын амжилт, ур чадвар эрс ахихад нөлөөлсөн хоёр томоохон хүчин зүйл бий. Нэг нь 2006 онд Монголд ирсэн Пак Сюн Кюн дасгалжуулагч. Солонгос хүн л дээ. Монголын сагсан бөмбөгийн спортод оруулсан түүний гавьяа асар их. Би түүнтэй хамт үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахдаа их зүйл сурсан.
Нөгөө нь легионер тамирчид. Манай улсын лигт гадаадын тоглогчид өрсөлдсөн нь зөвхөн тамирчид төдийгүй дасгалжуулагчид тэднээс суралцах, үлгэрлэх том боломж олгосон.
-Та 2013 оноос хойш Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын газарт ажиллаж байна. Ер нь сүүлийн үед сагсан бөмбөгийн спортоос нэлээд хөндийрч байгаа нь анзаарагдсан.
-Үнээн. Сүүлийн долоон жил тэмцээн бараг үзсэнгүй, сагсан бөмбөгтэй холбоотой арга хэмжээнд очоогүй. Дүүргийнхээ иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, боломж, нөхцөлөөр хангах нь манай байгууллагын гол зорилго.
-Тэмцээн зохион байгуулах, иргэдийг өргөнөөр оролцуулах амаргүй. Та бүхэнд тулгамдаж буй гол бэрхшээл юу байна вэ?
-Улсаас манай байгууллагад жилд 25.5 сая төгрөг төсөвлөдөг. Тэгэхээр сард 1.5-1.7 сая төгрөг ногдоно. Үйл ажиллагаагаа төсөвтөө тааруулж явуулах гэж нэлээд юм болно. Нэг тэмцээн зохион байгууллаа гэж бодоход зөвхөн медаль хийлгэхэд л 800-гаад мянган төгрөг зарцуулдаг.
Шүүгчийнхээ хөлсийг өгч хүрэхгүй нь энүүхэнд. Өнөөдөр захын шүүгч нэг өдөр багадаа 80 000 төгрөгөөр шүүдэг. Байсхийгээд л санхүүгийн бэрхшээл гардгийг нуугаад яах вэ. Тэглээ гээд юу гэж зүгээр суух вэ. Бид аль болох хүргэхийг, зохицуулахыг хичээдэг. Тэмцээн хийхээр болоход танхим хайхаас авхуулаад ажил ундарна.
Иргэдийг олноор нь хамруулахын тулд тэмцээнээ ихэвчлэн амралтын өдөр явуулна. Манай байгууллагынхан дарга, цэрэггүй бүгд очин, арын албыг нь хариуцдаг. Амралтын өдөр гээд хойш суухгүй. Нягтлан, нярваас эхлээд манайхан бүгд спортод дөртэй. Бүгд ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хөдөлмөрч.
Манайх өнгөрсөн жил Баянгол дүүргийн тэргүүний байгууллагаар шалгарсан. 100 хувийн саналаар шилдэг болсон нь ховор гэнэ лээ. Манай дүүрэгт удахгүй спорт цогцолбор барих гэж байгаа. Санхүүжилт нь гацсаны улмаас 2016, 2017 онд барилгын ямар ч ажил хийгээгүй. Тэгж сунжирсаар өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард санхүүжилт нь бүрэн шийдэгдсэн. Ер нь энэ жил ашиглалтад орчих болов уу.
-Алсдаа сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн ажлаа үргэлжлүүлэн хийх бодол бий юү?
-Анхандаа эвгүй санагдан, спортоо их үгүйлдэг байлаа. Одоо бүр дасчихаж. Ер нь лигийн баг дасгалжуулах сонирхол буурсан. Алсдаа өсвөр үеийнхнийг дасгалжуулах, багаас нь бэлтгэх бодол бий.
Манайх спортлог гэр бүл. Би хоёр охинтой. Хань минь Монголын ушугийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, шигшээ багийн дасгалжуулагч. Бага охин минь ушугаар хичээллэдэг байлаа. ДАШТ-д VI байрт шалгарсан амжилттай. Би ушуг ёстой сонирхож, хичээллэж үзээгүй.