Зүүн гар талаас Ө.Үнэнбүрэн, Г.Оргил нар
Тэргэнцэртэй туялзуур сэлэмний спорт манай улсад хөгжөөд удаагүй ч тамирчдын амжилт, ур чадвар ахисаар байгаа. Үүний сацуу Монголын тэргэнцэртэй туялзуур сэлэмний холбооныхон үйл ажиллагаагаа Азид төдийгүй дэлхийд тэлж, бусдад үлгэрлэх олон ажил хийж эхэлжээ.
Тэд “JCI прогресс” байгууллагынхантай хамтран “Тэргэнцэртэй баатрууд” төсөл хэрэгжүүлж, паралимпийн эрх авахаар хөдөлжээ.
Монголын туялзуур сэлэмний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын тэргэнцэртэй туялзуур сэлэмний холбооны тэргүүн, “Флеш фенсинг” клубийн эзэн Ө.Үнэнбүрэн, “Нью логистик” компанийн захирал, “JCI прогресс” Төрийн бус байгууллагын 2019 оны ерөнхийлөгч Г.Оргил нараас зарим зүйлийг тодрууллаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан арга хэмжээ, тэмцээн Монголд харьцангүй цөөн болдог. Эл орон зайг нөхсөн, зөвхөн пара тамирчдад зориулсан тэмцээн хийхээр төлөвлөсөн гэж дууллаа. Энэ талаараа сонирхуулна уу?
Г.Оргил (Г.О):- Манай байгууллага Монголын тэргэнцэртэй туялзуур сэлэмний холбоотой хамтран өнгөрсөн жилээс “Тэргэнцэртэй баатрууд” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд тэргэнцэртэй туялзуур сэлэмний тамирчдад зориулсан тэмцээнийг энэ сарын 30-нд Яармагийн “Porsche show¬room”-д хийнэ.
“Прогресс кап-2019” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Porsche Mongolia”-гийнхан ажиллаж байгаа. Бид эл тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохиохоор төлөвлөсөн.
Ө.Үнэнбүрэн (Ө.Ү):- Тэргэнцэртэй туялзуур сэлэмний спортыг Монголд хөгжүүлэхийг олон жилийн өмнөөс зорьж, түүндээ хүрэхийн тулд “Флеш фенсинг” клубийг өнгөрсөн гуравдугаар сард нээсэн. Манай клуб тэргэнцэртэй тамирчдаар дагнасан дасгалжуулагч, шүүгчтэй.
Бид өмнө нь тэмцээнээ Монголын туялзуур сэлэмний холбооны үндсэн тэмцээнтэй хамтатган хийдэг байлаа. Хоёр ч тэмцээнийг тэгж хийсэн. Энэ удаагийнх зөвхөн тэргэнцэртэй тамирчдад зориулсан, дагнасан гэдгээрээ онцлог. Тамирчдад чансааны оноо олгох, Токиогийн паралимпийн эрх авах хэмжээний тамирчныг эртнээс бэлтгэх, сонгон шалгаруулах, туршлагажуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, спортод дурлуулах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилготой.
Тэмцээнд одоогоор 26 тамирчин оролцохоор бүртгүүлээд байна. Зөвхөн тамирчин бус, өрсөлдөхийг хүссэн хүн бүхэн хүч сорих боломжтой.
Г.О:- Тэргэнцэртэй сэлэмний холбоо хөгжлийн төлөвлөгөөгөө 2027 он хүртэл гаргачихсан байгаа юм билээ. Үүнд нь уялдаж ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй 105 мянга орчим хүн Монголд бий. Бид “Тэргэнцэртэй баатрууд” төслийн хүрээнд, спортоор дамжуулан энэ жил дахин 200-гаад хүнийг хөгжүүлэх, тэднээр дамжуулан бусдад үлгэрлэх, нийгэмд гэрэл гэгээ түгээхийг хичээж байна.
Туялзуур сэлэм өртөг өндөртэй, хувцас хэрэгсэл нь үнэтэй спорт. Тиймээс эл төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн хувцас, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тамирчдаа хангах, паралимп, ДАШТ-д оролцох, амжилт гаргах хэмжээнд бэлтгэх зэрэг олон зорилго тавьсан.
Юуны түрүүнд тэргэнцэртэй тамирчид өрсөлдөх зориулалтын замтай болох нь чухал байсан тул монгол хүнээр хийлгэсэн. Хэдийгээр жин, хэлбэр, хийцийн хувьд ойролцоо ч олон улсын стандартад хараахан хүрэхгүй.
-Дотоодынхоос бусад тэмцээнд өрсөлдөхөд олон улсын стандартад нийцсэн хувцас, хэрэгсэл өмсөх, тэргэнцэртэй байхыг тамирчдаас шаарддаг. Үүнийг хангасан тамирчин Монголд бий юү?
Ө.Ү:- Хэдийгээр бүх тамирчин зориулалтын хувцас, хэрэгсэлтэй ч олон улсын стандартад нийцсэнийг нь бус, энгийнийг хэрэглэдэг. Түүнийгээ өмсөөд Монголынхоо тэмцээнд оролцож болно. Өөрийн гэсэн хувцас, хэрэгсэлгүй тамирчин түрээслэх боломжтой.
Харин олон улсын дэвжээнд өрсөлдөхөд стандартад нийцсэнийг нь өмсөх зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид тамирчдаа олон улсын тэмцээнд хүч сориулах, бүр цаашлаад паралимпийн эрх авхуулахын тулд юуны түрүүнд өмсгөл, хэрэгслийг нь шинэчлэх нь чухал байна.
-Ямар болзол хангаж, шалгуурыг нь давсан туялзуур сэлэмний тамирчин паралимпийн эрх авах вэ?
Г.О:- Тэмцээнд тогтмол оролцон, чансааны оноо цуглуулах шаардлагатай. Токиогийн паралимпийн эрх олгох гурван тэмцээн зургаа, ес, арванхоёрдугаар сард болно. Хэрвээ манай тамирчид паралимпийн эрх авч чадахгүй бол цагаан хуудсаар оролцох боломжтой. Ямартай ч цөөндөө нэг тамирчнаа “Токио-2020”-д өрсөлдүүлэхээр зорьсон.
-Ивээн тэтгэгч олох, хамтран ажиллах байгууллагынхаа хүрээг тэлэх нь ямар ч төрлийн спортынхонд амаргүй даваа байдаг. Монголын тэргэнцэртэй туялзуур сэлэмний холбооноос тавьсан саналыг та хэрхэн хүлээж авав?
-“JCI прогресс” зургаан жилийн өмнө Монголд байгуулагдсан. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан, олон нийтэд чиглэсэн ажил зохион байгуулдаг.
Монголын туялзуур сэлэмний холбооноос хамтран ажиллах санал тавихад бидэнд татгалзах шалтгаан байгаагүй. Тиймээс бид хамтран “Тэргэнцэртэй баатрууд” төсөл хэрэгжүүлж байгаа. Төсөл маань цаашид олон жил үргэлжлэн, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
-Та хоёр туялзуур сэлмээр хичээллэдэг үү?
Ө.Ү:- Бид хоёр спортод элэгтэй, дуртай. Хоёулаа эл спортоор хичээллэдэг. Бэлтгэл хийхээс өмнө туялзуур сэлэм амархан спорт юм шиг санагддаг байлаа. Гэтэл тийм биш юм билээ. Туялзуур сэлэм нь хүнээс маш олон зүйлийн чадвар шаарддаг, хүний олон чадварыг хөгжүүлдэг. Түүнээс гадна туялзуур сэлмийг хөдөлгөөнт шатар гэдэг.
Тулалдаж байхад хүний бүх булчин ажилладаг болохоор эрүүл мэндэд асар их тустай. Гар нь саажилттай, булчингийн зангиралтай байсан нэг хүн эл спортоор хичээллээд эрүүл болсон тохиолдол бий. Тийм болохоор энэ спортоор дамжуулж нийгэмд олон төрлийн эерэг өөрчлөлт бий болгож чадна гэж боддог.
Г.О:- Хоёр жилийн өмнө нэг тэмцээнд оролцсон минь санаанаас ер гардаггүй юм. Эхний тойрогт 50 гаруй настай тамирчинтай учраа таарсан. Нэлээд хэдэн өдөр бэлтгэл хийчихсэн, насаар залуу тул ялна гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэтэл би 15:4-өөр ялагдсан. Хурд, хөдөлгөөнөөс илүү туршлага, тактик чухал гэдгийг тэгэхэд ухаарсан.