Бүхэл бүтэн нэгэн үеийнхний шүтээн болсон баргар хөгжимчин, оюуны чадавх, мэдлэг хоёр нь амьдралынх нь хэв маягт огтхон ч нийцдэггүй үргэлж хэл ам шуугиан тарьж явдаг жүжигчин хоёрын харилцааг мэддэг найз нөхөд ойр дотнынхон нь “тэд хэзээ нэгэн цагт бие биенээ гэмтээж тахир дутуу болгох хүмүүс шүү” гэж сэтгэл зовнин ярьдаг байжээ. Алдарт “Нирвана” хамтлагийн дуучин хөгжимчин Курт Кобейн, Кортни Лав хоёрын амьдрал нэг иймэрхүү бодол олонд төрүүлдэг байсан юм. Тэд хэрүүл уруул, зодоон цохиотой зургаан жилийг хамтдаа өнгөрөөсөн билээ. Жирийн хүн бол там мэт ийм амьдралд зургаан жил битгий хэл зургаан цаг ч тэсэхэд бэрх санагдах авч жинхэнэ агуу хайр л тэднийг бие бие рүү нь татдаг байсан болов уу. Гэвч ...
Өрөөнд нь цагдаа нар орж ирэнгүүт бүхнийг ойлгосон Кортни зөвхөн “Яаж?” хэмээн л асуусан гэдэг. Цагдаагийн залуухан дэслэгч түүний нүд рүү эгцлэн харж чадалгүй “Тэр өөрийгөө буудчихжээ. Цогцсыг нь цэцгийн хүлэмжид хоёр өдрийн дараа олсон байна” гэж түгдчин хариулжээ. Хэдэн цагийн дараа Кортни Лос-Анжелесээс Сиетл руу нисэн очсон байна. Тэр онгоцны буудлаас харих замдаа гудамжаар сонин зардаг хөвгүүдийн “Хамгийн сүүлийн үеийн мэдээ. Курт Кобейн өөрийгөө буудан амиа егүүтгэжээ” хэмээн хашхирахыг сонсохгүйн тулд шувтан чихээ гарынхаа алгаар дарсаар явсан аж. Кортни бараг хоёр өдөр ухаантай ухаангүй хоёрын хооронд байв. Тэрбээр эр нөхрийгөө эрт орой хэзээ нэгэн цагт ийнхүү эмгэнэлтэйгээр төгсөхийг зөн совингоороо мэдэрч байсан хэдий ч “Ийм юм болох учиргүй ” гэж орилон, хүлэмж дэх цахирмаа цэцгийн дээрээс гашуун нулимс дуслуулан зогсоо зайгүй уйлсан гэдэг. Курт үнэхээр амьдралаас уйдсан нэгэн байлаа. Түүнийг хаа сайгүй сүүдэр мэт дагах хүний мууд дурлагч сэтгүүлчид, цонхных нь дор цугларах шүтэн бишрэгчид нь залхааж, завсар чөлөөгүй хийх аялан тоглолтууд нь туйлдуулж, ходоодны архаг өвчин нь сульдуулж, хар тамхины дон зовоож байв. Энэхүү сэтгэлийн дарамт нь түүнд нэг талаараа таалагддаг байсан үе бий. Учир нь Курт сэтгэлийн гутрал дарамттай үедээ л өөрийг нь дэлхий дахинд алдартай болгох дуунуудаа бичдэг байжээ. Тэрбээр нэг удаа “Би чамайг үзэн ядаж байна. Тиймээс би үхмээр байна” гэсэн дуугаа зохион дуулсны дараа дэлхийн бүх өсвөр үеийнхэн тэдгээр үгсийг давтах болсон юм. “Курт Кобейны шүтэн бишрэгч өсвөр насны нэгэн охин түүний дуунд хэт автан судсаа ханаж нас баржээ” гэсэн мэдээг Курт сониноос олж уншаад өөрийнх нь амьдрал хамаг утга учраа алдсан гэдэг.
Кортни энэхүү ширэлдсэн үстэй, сахал самбайдаа баригдсан, үргэлж баргар уйтгартай царайлан явдаг залууг амьдралдаа хэнийг ч хайрлаж байгаагүйгээр хайрласан билээ. Тэдний гал халуун дурлалын түүх зодооноор эхэлсэн юм. Кортни нэг удаа Сиетлд болсон “Нирвана” хамтлагийн тоглолтыг ирж үзжээ. Түүнд огт таалагдаагүй аж. Тоглолтын дараа Кортни хамтлагийн дуучин болох Курттэй бааранд тааралдан түүнийг их муу дуу бичдэг юм байна гэж шууд хэлж орхижээ. Энэхүү улаан цаймдаа гарсан бүсгүйн үг, түг түмэн шүтэн бишрэгч хүүхнүүдийн дунд муу зан сурсан Куртын хор шарыг малтаж орхисон нь мэдээж. Хоёул халамцуу байсан энэ танхайдуу хүмүүс ширүүхэн маргалдсан аж. Кортнийн дуу баараар нэг хадаж эхлэхэд Курт хэсэг харж сууснаа бүсгүйг тэвэрч аван уруул дээр нь маш удаан үнэсжээ. “Түүнийг дуугүй болгох гэж л үнэссэн юм” гэж Курт хожим сэтгүүлчдэд хэлж байсан бол найз нөхөддөө “Үнэндээ би түүнтэй танилцахыг хүссэн юм” хэмээн ярьж байсан билээ. Харин Кортнигийн хувьд бол Куртын дуунууд таалагдаагүй хэдий ч цэнхэр нүдтэй, сам огт хүргээгүй мэт боловч өвөрмөц харагдуулах үс толгойтой залуу анхаарлыг нь ихэд татсан гэдэг. Бас түүний бусад дуучдын адил тайзан дээр янз бүрээр маяглалгүй, танхимд цугларсан хүн болгонтой танил мэт биеэ авч явж байгаа байдал нь бүсгүйн гайхлыг төрүүлсэн ажээ. Энэ өвөрмөц учралын дараа Кортни Курт хоёр жил хагас нэг нэгнийгээ хараагүй байна. Ихэвчлэн өсвөр насны шүтэн бишрэгч охидоор хүрээлүүлсэн Курт найз нөхдөдөө “Би хэдэн жил хамт амьдрах тийм бүсгүйг олмоор байна. Би тайван итгэлтэй амьдрахыг үнэхээр хүсэж байна. Ганц хоёр сараас хэтрэхгүй энэ түр зуурын учралуудаас би үнэхээр залхаж гүйцлээ” гэж ярьж байжээ. Энэ үеэр “Нирвана” хамтлагийн бөмбөрчинтэй найз нөхдийн холбоо тогтоогоод байсан Кортни, тэрбээр тус хамтлагийн дуучин залууд ихээр таалагдсан төдийгүй цаадах нь түүнтэй уулзаж учрахыг ихэд хүсэж байгаа, мөн хүн болгонд л өөрийнх нь тухай ярьж явах болсон талаар сонсож мэджээ. Жил хагасын өмнө зүрх сэтгэлд нь тодоос тод мөр үлдээсэн залуугийн талаар сайхан мэдээ дуулгасан бөмбөрчинг Кортни барьж аван үнэсээд Куртад тусгай бэлэг бэлдэхээр гарч өгчээ. Тэрбээр эртний эдлэлийн дэлгүүрээс викторианы үеийн өндөр үнэтэй, зүрхэн хэлбэртэй хайрцаг худалдаж аваад түүнийгээ гэрт байгаа бүх л нарийн нандин зүйлээрээ дүүргэжээ. Тэр хайрцагт далайн хясаа, нарсны жижигхэн боргоцойнууд, цайны хатаасан сарнай цэцэгс, Кортнигийн хайртай гангар шаазан хүүхэлдэй, аяганууд багтсан аж. Дараа нь Кортни хайрцгандаа үнэртэй усны сайхан үнэр шингээн, торгон туузаар ороон “Минийх бол, минийх бол” гэж шивнээд шуудангаар илгээжээ. Гэтэл “Бодоод үз дээ. Тэр хөгийн залуу” \Кортнигийн үг.сурв\ хариу өгөөгүй аж.
Энэ үйл явдлаас хойш тэд хэд хэдэн удаа хамтарсан тоглолтод дээр нүүр учирсан юм. Бие биеээ элдвээр доромжлон, хэн нь илүү нэрд гарсан, хэн нь илүү том од болох талаар маргалдана. “Би гэрлээд эхнэртээ чиний нүднээс том очир алмаз бэлэглэнэ” гэж Курт Кортнигийн шарыг малтахад “Чам шиг юмтай толгой нь эргэсэн нэг нь л сууна” хэмээн бүсгүй хариу барьдаг байв. Бие бие рүүгээ тэмүүлэх сэтгэлээ иймэрхүү маягаар илэрхийлдэг этгээд сэтгэлгээтэй ч юм уу эсвэл өвөрмөц аргатай ч юм уу гэмээр хоёр ийн тааралджээ. Ямар ч байсан тэр хоёрын ээлжит учрал Кортнигийн гэрт ирснээр дууссан юм.Кортни өглөө сэрэнгүүтээ “Би чамд үнэхээр таалагдаж байна гэж үү дээ?” хэмээн нулимстай нүдээр ширтэн асуухад хөгжимчин залуу хүүхнийг тайвшруулан итгүүлэх үгээ олж ядан байжээ. “Намайг одоо хэн ч хайрлахгүй юм шиг санагддаг” гэж бүсгүйг уйлан хайлан үнэнээ хэлэхэд “Намайг ч бас” хэмээн Курт бувтнажээ.Тэд нэг нэгнийгээ маш сайн ойлгожээ. Энэ өдрөөс хойш Курт Кобеныг үхэн үхтэл тэд үргэлж хамт байх болсон юм. Тэр үед Курт хар тамхинд орчихсон байжээ. Хажуугаар нь үргэлж ханиалган, ходоодны архаг өвчин нь байн байн сэдэрдэг байв. Тэр яг л өвчтэй жаахан хүүхэд шиг арчаагүй өрөвдөлтэй харагддаг аж. Хажууд нь сар гаруй хоолны дэглэм барьсан Кортни түүнээс арван килограммаар илүү байсан гэдэг. Аз жаргалгүй, доройтон сульдсан Куртыг хараад Кортнигийн сэтгэл зүрх хүүхдээ хайрлах эхийн хайраар дүүрсэн гэхэд бараг хилсдэхгүй биз.
Курт,Кортни хоёр хуримаараа
Тэд 1992 оны хоёрдугаар сарын 24-нд Хавай арлын нэгэн хадан хясан дээр гэрлэсэн юм. Курт ногоон өнгийн унтлагын хувцастай харин Кортни Френсис Фармер гэгч жүжигчин эмэгтэйн хуучин даашинзтай байсан гэдэг. Курт хуримаа өргөн тэмдэглэхийг хүсээгүй ажээ. Учир нь тэр хуримынхаа үеэр уйлчих байх гэж айсан юм. Анхны хамтарсан ярилцлагадаа Америкийн хамгийн уйтгар гунигтай дуучин Кобейн “Би хайр дурлалдаа умбан заримдаа хамтлагтай гэдгээ мартчихдаг. Кортнигийн төлөө би хөгжмөө одоо ч хаяхад бэлэн байна” гэж баяр хөөртэй мэдэгдэж байжээ. Түүний хажууд хөл хүндтэйгээ мэдсэн жаргалтай эхнэр нь инээмсэглэн сууж байв. Шинэхэн хосууд цахирмаа бас цайны сарнай цэцгийн том цэцэрлэгтэй эртний байшин худалдаж аваад дундаасаа төрөх хүүхэдтэйгээ гурвуулаа жаргалтай сайхан амьдарна гэж мөрөөддөг байсан аж. Тэд яг л мөрөөдөж байсан байшингаа худалдаж авсан юм. Хоёр сарын дараа тэрхүү байшингийнх нь хуучирч муудсан муу усны шугам эвдрэн Куртын хайртай гитар, түүний уран бүтээлийн хэдэн арван диск, шүлгүүдээ бичдэг дэвтрийг нь шавар шавхайтай хутгаж орхив. Тэгэхэд л Кортни нөхрөө хэцүү зан ааштай хүн юм байна гэдгийг нь анх мэджээ. Курт хоёр долоо хоногийн турш сэтгэл санаагаар маш унаж гуньж гутран , хэнийг ч харахыг хүсэхгүй, юм л бол амиа хорлохыг завдсаар байв. Асар их авьяас нь хэтэрхий сул дорой биенээсээ дэндүү ихийг шаардан дээрээс нь хамгийн аюултай дайсан хар тамхитай нөхөрлөсөн Курт хэзээ нэгэн цагт үнэхээр амиа хорлох юм байна гэдгийг Кортни ойлгожээ. Эхнэр нөхөр хоёр эрүүл биш амьдралынх нь хэв маяг ирээдүйн хүүхдийнх нь эрүүл мэндэд нөлөөлөх бийвий гэсэн айдас хүйдэстэй есөн сарыг өнгөрөөсөн гэдэг. Тэд зэрэг эмнэлэгт хэвтсэн аж. Кортни төрөх тасагт харин Курт наркологийн хэсэгт эмчлүүлэхээр болсон юм. Кобейн эхнэр хүүхдээ амьдралаа бодон хар тамхинаас бүр мөсөн гарахаар шийдсэн аж. Олон жилийн муу зуршлаас салахад тийм ч амар байсангүй Куртын сул дорой бие өдрийн тунгаа шаардан тэсэхийн аргагүй өвдөн, үхлийн ирмэг дээр дэнжгэнэж байжээ. Тэрбээр заримдаа эхнэрийнхээ өрөөнд орж ирэн орон дээр нь суугаад өвчнөө тэсэхгүй уйлдаг байсан гэдэг. Кортнигийн төрөх цаг болоход бүсгүй түрдэг орон дээр хэвтсэн чигээрээ Куртын өрөө рүү аваачихыг тушаажээ. Тэрбээр нөхрийнхөө хөнжлийг хуу татаад “Алив одоохон бос. Би чамгүй ганцаараа үүнийг хийхгүй шүү” гэж хашхичсан аж. Өвчиндөө туйлдаж ядарсан Курт арай ядан эхнэрийнхээ араас салганан явсаар төрөх тасагт ирэн Кортнигийн өвдөж орилохыг хараад ухаан алдан унажээ. Маргааш өдөр нь Курт ухаан орон хаанаас ч юм бэ бүү мэд нэг буу олж авчраад “Амьдралдаа хийх ёстой зүйлээ хийчихлээ” гэж хэлээд амиа хорлохыг завдтал Кортни “Үгүй шүү.Би эхэлж энэ амьдралаас явна” гэж хэлээд тэр бууг нь булааж авчээ.
Курт Кортни хоёрын хайр үнэхээр чин сэтгэлийн агуу хайр байсан болоод л хөөрхөн эрүүл охин төрсөн байх. Тэд охиныгоо Фрэнсис гэж нэрлэсэн юм. Фрэнсис Бин Кобейн. Эцэг эх нь охиндоо асар их мөнгө зарцуулжээ. Хүүхдийг угжаар хөхүүлдэг, уйлахаар нь бүүвэйлдэг, олон янзын тоглоомтой тусгай тэрэг хүртэл захиалж хийлгэжээ. Тэд охиндоо зориулж дуу зохиож, өдөр болгон дүрс бичлэг хийн, МТВ-ийн шагнал гардуулах ёслолд хүртэл дагуулан явжээ. Америкийн нэртэй бүх л сэтгүүлд Кобейны жаргалтай эрүүл саруул гэр бүлийн зураг гарч байлаа. Тэр жилийнхээ наймдугаар сард “Нирвана” хамтлаг Британийн Рединг хотод болсон тоглолтод дээр Кобейн үзэгчдэд хандан охинтой болсноо хэлэхэд том цэнгэлдэх хүрээлэнд цугларсан олон түүнийг даган “Кортни бид чамд хайртай” гэж нэгэн зэрэг орилж байсан юм. Харин сарын дараа Курт эргээд хар тамхиндаа орсон билээ. Кортнигийн амьдрал тэр чигтээ тэмцэл болж хувирсан юм. Хайртай мөн өөрийг нь хайрлах хүнтэйгээ эрүүл саруул үр хүүхэдтэй амар амгалан амьдрахыг үргэлж мөрөөдөж байсан тэрбээр тийм амархан бууж өгөхийг хүсээгүй юм. Кортни өөрөө ч хар тамхийг чамгүй хэрэглэдэг байсан ч хөл хүндтэй болсноо мэдмэгц биеэ барьж чадсан аж. Тэрбээр эр нөхрийгөө сэтгэлийн дарамтад оруулахгүйн тулд бүх л нөхцөлийг бүрдүүлж байлаа. Нэг удаа Курт ажлын ширээн дээрээ маш олон захидал байхыг олж харжээ. Захидал болгонд түүнийг хар тамхинаасаа татгалзахыг гуйж зөвлөсөн зүйлүүд байлаа. Арван настай нэгэн жаал хүү муруй сарий үсгээр “Хэрэв та үхчихвэл би цаашид яаж амьдрах вэ?” гэж бичсэн байжээ. Эдгээр захидлыг Кортни нөхрийнх нь шүтэн бишрэгчдээс хэдэн зуугаараа ирдэг захидлаас шилж аваад, ширээн дээр нь тавьсан аж.
Кортни 2007 онд удаан эмчлүүлсний эцэст хар тамхинаас гарчээ
Хэсэг хугацааны дараа Кортни түүнийг профессор Стивен Чартофын удирдлага дор хийдэг сэтгэл зүйн эмчилгээнд явуулахаар шийджээ. Кортни өөрөө Курт мөн Курттай ажилладаг хүн бүр дуу бичлэгийн продюсер нь хүртэл бүгд тэр эмчилгээнд хамт явжээ. Хэрэв Курт хар тамхинаасаа гарахгүй бол бүгд түүнийг хаяна гэж ээлж дараалан сүрдүүлж байв. Куртын төлөө л энэ бүхнийг хийжээ. Эмчилгээ бүхэл бүтэн таван цаг үргэлжилсэн аж. Энэ хугацаанд Курт огт өөр юм бодсон шинжтэй сууж байсан гэдэг. Мэдээж эмчилгээ ямар ч үр дүн өгөөгүй юм. Кобейн олсон бараг бүх мөнгөө хар тамхи бас төрөл бүрийн буу худалдаж авахад зориулж байв. Кортни эцсээ хүртэл тэмцсээр иржээ. Тэр ямар нэгэн аргаар нөхрөө Лос-Анжелесын хар тамхины эсрэг эмчилгээний нэртэй эмнэлэгт хэвтэхийг ятгаж дөнгөжээ. Кортни Куртыг даган Лос-Анжелес рүү хамт нисэн хэрэв нөхөртэй нь ямар нэгэн юм болбол тэр даруй хажууд нь байхын тулд ойрхон зочид буудалд буужээ.Хэдэн өдрийн дараа Курт эхнэр рүүгээ утастан “Юу ч болсон би чамд хайртай гэдгийг санаж яваарай” гэж хэлээд утсаа тасалсан аж. Энэ үгс Кортниг яг л цахилгаанд цохиулсан мэт болгожээ. Айж сандарсан Кортни Лос-Анжелес хотыг бараг эргүүлчих шахсан гэдэг. Түүнийг нөхрийнхөө мөнгөний картыг хаалган, бүх найзууд руу нь тэр ч байтугай хар тамхи зардаг танилууд руу нь хүртэл утастан, гэрийг нь нэгжин, баар цэнгээний газруудаар галзуурсан мэт хайн давхиж байх хооронд Курт хэдийнээ гэртээ ирчихсэн, цахирмаа цэцэгс олноор ургах цэцгийн хүлэмждээ орон хэсэг бодлогоширч байгаад гар бууныхаа гохоо дарж орхижээ. Энэ ертөнц дэхь түүний там ингэж дууссан юм. Тэр мянга мянган шүтэн бишрэгчид, эхнэр хүүхэд, найз нөхдөө орхиод явжээ.Хагас автомат Remington M-11 20 гар буу ХХ зууны рок хөгжмийн нэгэн одын амьдралд ийнхүү цэг тавьсан юм.
Курт,Кортни хоёрын охин
Курт Кобейн Кортни Лав хоёрын охин Френсис хэдийнээ насанд хүрсэн бүсгүй болсон бөгөөд алдартай эцэг эхийнхээ замаар явахгүй гэж мэдэгджээ. Тэрээр мэргэжлийн зурагчин сэтгүүлч болохоор зэхэж буй аж. Нөхрийнхөө нас барсны дараа Кортнигийн амьдралд маш олон үйл явдал тохиолдсон. Тэр Америкийн хөгжмийн гол шагнал болох “Грэмми” , “Ард түмэн Лари Флинтын эсрэг” киногоороо “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртжээ. Гэхдээ эргээд хар тамхиндаа орсон юм. Тэр бас цахирмаа цэцгийг үзэн яддаг болжээ.