ХЭҮК-ын ажлын хэсэг Дархан-Уул аймагт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 435, 445 дугаар ангийнхан хүний эрхийг хангаж байгаа, эсэхийг шалгаад иржээ. Ажлын хэсгийн ахлагч, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хорих ангиуд хүний эрхийг хэрхэн хангаж байна вэ?
-Хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлдэг, эсэхийг голчлон шалгалаа. Хоригдлуудыг төр сул тэжээж байна гэх ойлголт нийгэмд бий. Шалгалт хийсэн хоёр ангид ялтны хөдөлмөр эрхлэлт сайн байсан. Гэхдээ засаж сайжруулах зүйл бий.
Хорих 435 дугаар анги малчдаас ноос, арьс, шир худалдан авч, хоригдлууд бэлэг, дурсгалын зүйл хийдэг. Мөн “Дархан нэхий” үйлдвэртэй гэрээ байгуулж, нэхийгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Жишээ нь, хоригдлууд хүүхдийн бойтог, бээлий, хантааз зэргийг нэхийгээр урлаж байсан.
Харин хорих 445 дүгээр ангид хүмүүжиж буй хоригдлууд мэргэжлийн багшийн удирдлага, зааварчилгааны дагуу сийлбэр хийхийн зэрэгцээ хөөрөгний даалин, аяганы хавтага зэргийг оёдог юм билээ. Хоригдлуудыг ажлын байраар хангасан нь сайн ч тэдний хөдөлмөрийг зүй ёсоор үнэлээгүй зөрчил илэрсэн.
-Хоригдлууд хэдэн төгрөгийн цалин авдаг юм бол?
-Хоригдол гэхээр л үнэгүй ажиллах юм уу, бага хөлс авна гэж ойлгож болохгүй. Тэдний хөдөлмөрийг шударга үнэлэх ёстой. Аж ахуйн нэгжүүд бага зардлаар их бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хорих ангийн удирдлагатай ажиллах хүч авах гэрээ хийдэг юм билээ.
Дархан-Уул аймгийн цөөнгүй аж ахуйн нэгжээс ийм зөрчил илэрсэн. Сард дунджаар 130 000-200 000 төгрөгийн цалин өгч ажиллуулаад, бүтээгдэхүүнээ зах зээлд өндөр үнээр борлуулж, ашиг олдог. Үүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага анхаарах ёстой.
-Хорих ангийн удирдлага хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг мөрдөж байна уу?
-Хорих 435 дугаар ангийн байрыг хэт хуучирсан гэх дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан. Өөрөөр хэлбэл, хоригдлууд эрүүл, аюулгүй орчин бүрдээгүй газарт ажиллаж байна. Хорих 445 дугаар ангийнхан өмнө нь орос цэргүүд байрлаж байсан байшинд үйлдвэрлэл явуулдаг.
Стандартад нийцээгүй, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломжгүй байранд хоригдлууд модон эдлэл, ноос, оёмол бүтээгдэхүүний цех ажиллуулж байна. Ийм орчинд ажиллахад хөдөлмөр хамгаалал алдагдахаас гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.