Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажил хоёр жил гаруй үргэлжилж буй бөгөөд энэ хаврын чуулганаар “Эцэг хууль”-ийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай сүүлийн гурван удаагийн парламент дамжин ярьж, тусгай комисс, ажлын хэсгүүд гарч ажиллан, судалгаа тооцоо хийсний үндсэн дээр “Өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл, шаардлага байна” гэсэн дүгнэлтэд эрдэмтэн, судлаачид болон улстөрчид санал нэгдээд буй. Харин яг ямар өөрчлөлт оруулахаа өнөө хэр эцэслэн тогтоогүй, анхаарал татсан хэвээр байгаа билээ. 2017 оны хавар УИХ-аас байгуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн, Үндсэн хууль судлаач Д.Ламжавтай ярилцаж, “гал тогоо”-ных нь сонин хачнаас хуваалцлаа.
-Энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн зорилго тавиад, нэлээд тууштай зүтгэж байна. Үр дүнд хүрэх болов уу?
-Улс төрийн амьдралд өрнөөд буй хурц үйл явдлуудаас болоод энэ ажил явахгүй гэж харж буй хүмүүс бий. Минийхээр бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил нэг л хөдөлбөл үр дүнд хүрэх боломжтой. Учир нь энэ парламентад хоёр муугаас арай дээрийг нь сонгох шаардлага тулгараад байна. Гарцаагүй хоёр муу зүйлд тулаад, аль бага хортойг нь сонгож авахаас өөр гарцгүй болсон, энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн үг.
-Юу гэсэн үг вэ. Жаахан тодруулаач?
-ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг хууль, хяналтын байгууллага шалгаж, арга хэмжээ авах ёстой, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, татах хэрэгтэй гэсэн байр суурьтай нэг хэсэг байна. Үүнийг шийдэх эрх бүхий газар нь УИХ. Эндээс УИХ гишүүдээ татуулчихаад, унасан нэр хүндтэй, улс орон олон асуудалтайгаа үлдэх үү гэдэг асуулт ургана. Гишүүдээ татуулсны дараа УИХ-аар Үндсэн хууль өөрчлөх тухай ярих улам хэцүү болно. Тэгэхээр эднийгээ хадгалж байгаад Үндсэн хуульд тулгамдаад буй өөрчлөлтүүдээ хийгээд авсан нь арай дээр сонголт болж байгаа юм.
-Ийм байдлаар сонголт хийж байгаа гэвэл албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн толгойг илээд үлдээх нь ээ?
-Нийгэмд ийм хардлага, эргэлзээ үлдээхгүйгээр шийдэх гарц бий. Манай улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн. Хуулийн хамгаалалтад байх өндөр албан тушаалтан авлигын хэрэгт холбогдвол хамгаалалтаас гартал нь хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэх тухай уг конвенцод бий. Хуулийн хамгаалалтад байхад нь хөөн хэлэлцэх хугацааг зогсоогоод, хамгаалалтаас гарахаар нь тоолж эхэлнэ, ингэхдээ бусад хэргийн хөөн хэлэлцэх хугацаанаас ч уртаар тогтоох ёстой гэсэн байдаг. Манай улс конвенцод нэгдсэний хувьд бүх хууль тогтоомжоо түүнд нийцүүлэх үүрэгтэй. Миний санаж байгаагаар Авлигын эсрэг хууль батлагдахад өндөр албан тушаалтан авлигын хэрэгт холбогдвол хуулийн хамгаалалтад байхад нь хөөн хэлэлцэх хугацааг нь түдгэлзүүлэх тухай заалт ороогүй. Энэ хуулийг санаачилж, батлаад, цааш явж болно. Хууль санаачлах эрхтэй олон субъект бий шүү дээ. Ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлэгчийнхээ хувьд үүнийг санаачлах бүрэн боломжтой. Ингэвэл авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд, тухайлбал, ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохгүй өнгөрөөх нь, одоо л эргүүлэн татаж, хариуцлага тооцохгүй бол бүрэн эрх нь дуусахад хөөн хэлэлцэх хугацаа нь ч дуусна гэх хардлага үгүй болно.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болж байна уу, ямар шатандаа явна вэ?
-УИХ дахь олонх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг чиглүүлж, хэт олон биш, амьдралд тулгараад байгаа цөөхөн зүйлийг өөрчилье гэсэн байр суурьтай байна. Яг одоо бол төсөл эцсийн байдлаар бэлэн болоогүй, хэлэлцүүлгийн шатанд явна. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг эрдэмтэн, судлаачид, олон нийтээс гарсан саналыг хэлэлцэж, ярилцаад, авахыг нь авч, УИХ-д төсөл бэлтгэж өгөх үүрэгтэй. Энэ ажлаа хийж байгаа.
-Хамгийн сүүлд өнгөрсөн оны хавар ажлын хэсгийн боловсруулсан саналыг олон нийтэд танилцуулсан. Үүнээс хойш багагүй зүйл өөрчлөгдсөн гэж сонссон. Анхаарал татсан заалтууд хэрхэн өөрчлөгдөж буй талаар мэдээлэл өгөөч. Тухайлбал, “давхар дээл”-ийн асуудлыг яаж шийдэх гэж байна вэ?
-Судлаачдаас “Ерөнхий сайд болон танхимын дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болно” гэсэн заалт оруулъя гэж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын таван гишүүн “давхар дээл”тэй байж болно гэсэн үг. Энэ нь өнгөрсөн жил танилцуулсан төсөлд “Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь “давхар дээл”-тэй байж болно” гэснээс илүү оновчтой томъёолол гэж үзээд, бид дэмжиж байгаа. Явцуу сонирхол янз бүрээр илэрдэг. “Гуравны нэг нь давхар дээлтэй байж болно” гэхээр сайд болох хүсэлтэй хүмүүс Засгийн газрыг 21 яамтай болгочихож болно, эсвэл янз бүрийн асуудал эрхэлсэн, яамгүй сайдууд нэмэхийг үгүйсгэхгүй. Үүнээс яаж сэргийлэх вэ гэж бид янз бүрээр ярилцсан. “Яамдын тоо, Засгийн газрын бүтцийг хуульчилъя” гэсэн санал гарсан ч энэ нь бас асуудал дагуулна гээд дэмжигдээгүй. “Давхар дээл”-тэй сайдын тоог өсгөх боломжийг нээлттэй үлдээх “гуравны нэг” гэсэн хязгаарлалтаас 4-5 гэж тодорхой тоо заасан нь оновчтой, ингэвэл хэрэгтэй хэрэггүй яам байгуулж, сайдын тоо өсгөх сонирхолд хөтлөгдөхгүй гэж үзээд дээрх саналыг бид дэмжиж байгаа.
-Сонгуулийн тогтолцоог УИХ тогтоохоор төсөлд тусгасан нь шүүмжлэл дагуулж байсан. Үүнийг хэрхэн шийдэх бол?
-Төсөлд сонгуулийн тогтолцоог УИХ шийдэхээр тусгасантай би санал нийлэхгүй байгаа. Бидэнд гашуун туршлага бий шүү дээ. Сонгуулийн тогтолцоог хангалттай тодорхойлохгүй бол яадгийг өмнөх түүх маань харуулсан. Парламентад олонх болсон нам бүхэн “Дараагийн сонгуулийг ямар байдлаар хийвэл бид ялах вэ” гэсэн эрэлд гардаг. Манай найзууд ч “Ингэчихвэл л манай нам ялна” гэж Сонгуулийн хуулийг өөрчлөөд, ялагдаж байсныг би мэдэх юм. Хамгийн сүүлд л гэхэд 2016 онд юу боллоо доо. Говь-Алтай, Булганд ганц мандат хуваарилчихаад, “Хэнтий Чингисийн төрсөн нутаг” гэж байгаад гурван мандат авсан шүү дээ. 1992 оноос хойших сонгууль бүрээр олонх дараагийн сонгуульд дахин ялахын тулд ингэж бужигнуулсан. Энэ нь асар хортой.
Үндсэн зарчмаа хангасан сонгуулийн тогтолцоог тодорхой болгож, нэг мөр тогтоох нь ингэж дэмий зүйлээр хөөцөлдөх явдлыг үгүй болгоно. Үүнийг дагаад улс төр төгтворжиж, намуудад төлөвших бололцоо нэмэгдэнэ. Тиймээс сонгуулийн тогтолцоог хүссэн үедээ өөрчлөх эрхийг УИХ-д үлдээж болохгүй.
-Танд ямар нэг санал байгаа юу?
-Дэлхий нийтэд парламентыг бүрдүүлдэг мажоритар, хувь тэнцүүлсэн гэсэн хоёр тогтолцоо бий. Энэ хоёрыг түмэн аргаар хольж болно. Би бол Германы эрдэмтэн Нолены санал болгосон хувилбар манайд тохирно гэж үздэг. Профессор Нолен 2000-аад оны эхэн үед манай улсад ирж судалгаа хийсэн. Дараа жил нь ирэхдээ тэрбээр “Монгол шиг өргөн уудам газартай оронд шууд төлөөллийг үгүй хийсэн цэвэр хувь тэнцүүлсэн тогтолцоо тохирохгүй” гээд манайд тохирох хувилбарыг санал болгосон. Тэр нь мажоритар, хувь тэнцүүлсэн хоёрын дундын, холимог хувилбар байсан юм.
-2012 онд хэрэглэсэн холимог тогтолцоо юу?
-Эрдэмтэн нэр зүүсэн биш, жинхэнэ эрдэмтэн хүний хийсэн юм түүнээс шал өөр. Нолен профессорын гаргасан ерөнхий санаа гэвэл, парламентын гишүүдийн тал орчим нь тойрогт нэр дэвшиж шууд сонгогдоно, үлдсэн нь пропорционалиар орж ирнэ. Тодруулбал, Монгол Улсыг нэг мандаттай тойргуудад хувааж, тэнд намын нэр дэвшигч, бие даагчид өрсөлдөөд, ямар нэг босго гэхгүйгээр, хамгийн олон санал авсан нь сонгогдоно. Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын өгсөн саналыг нам, намаар нь бөөгнүүлж, тооцоолоод, авсан саналынх нь тоонд дүйцэх суудлыг намуудад хуваарилна. Ер нь хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулж ирвэл улс төрийн намыг дэмжих, парламентын тогтолцоог бэхжүүлэх талдаа ач холбогдолтой.
Манай хуульд сонгогчдын төдөн хувиас дээшихийн саналыг аваагүй бол ялалт байгуулсанд тооцохгүй гэсэн утгатай заалт бий. Өөрөөр хэлбэл, бусад өрсөлдөгчөөсөө олон санал авсан ч хуульд заасан босгыг давахгүй бол ялагч тодордоггүй. Нолен гуай үүнийг “Дахин сонгууль явуулж, зовлон үүсгэхээс өөр үр дүнгүй” гэсэн. Нөгөө талаас, хэрэв сонгогчдын 50-иас дээш хувь ирж байж сонгууль хүчинтэй болох заалт байгаа юм бол ирээгүй сонгогчдод хариуцлага тооцох, заавал ирүүлэх албадлагын механизм байх ёстой гэдгийг бид бодолцох ёстой юм.
Энэ бол миний л санал. Бусад маань ямар санал гаргах, ажлын хэсэг дээр явах, эсэх, УИХ хэрхэхийг одоо хэлэхэд эрт байна. Ямар ч байсан энэ асуудлыг тавих ёстой.
-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах заалт байсан нь үгүй болсон дуулдсан.
-Ерөнхийлөгчийн эрхэнд халдахгүй л гээд байна. Би Х.Баттулга Ерөнхийлөгч болсон учраас үүнийг яриад байгаа юм биш. 2015 оны тавдугаар сарын 2-нд эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавихдаа энэ саналаа хэлж байсан. Надаас өмнө өөр хүн ч энэ талаар ярьсан байхыг үгүйсгэхгүй. Үнэндээ манайд Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах шаардлага байгаа юм. Наад зах нь Засгийн газарт чиглэл өгөх нь “Үүнийг хүлээж авахгүй бол чамайг огцруулна шүү” гэж дарамтлах маягтай болсон. Хэрэв манайх парламентын бүгд найрамдах улс мөн л юм бол Ерөнхийлөгч бүдүүн тоймоор хэлэхэд наториатын үүрэг гүйцэтгэхэд хангалттай. Наториатын баталгаа шүүхэд очиход баримт болдог шүү дээ. Үүн шиг ямар нэг асуудал гарвал “Тэр үед тэгсэн шүү дээ” гэсэн баталгааг үзүүлэх зорилгоор батламжилдаг байхад болно гэсэн үг. Тийм байдал руу нь явуулах ёстой. Манайд томоотой Ерөнхийлөгч хэрэгтэй. Одоо манайх хоёр Засгийн газартай мэт болчихсон, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр эрх мэдлээрээ өрсөлдөөд байгаагаас олон асуудал үүсэж байна. Үүнийг хязгаарлаад, Ерөнхийлөгчийг бүртгэгч шахам болгочихвол гүйцэтгэх эрх мэдлийн чадвар нэмэгдэнэ.
-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд насны босго тогтоох заалт хэвээрээ байгаа юу. Нас, хүйсээр ялгахгүй гэсэн зарчмаа зөрчиж байгаа юм биш үү?
-Сонгох эрхтэй бол сонгогдох эрхтэй гэсэн зарчим байдаг. Гэхдээ улсууд янз бүрээр хаадаг л юм билээ. Төсөлд ийм заалт бий. Олон нийтээс гарсан энэ саналыг авах нь зөв гэж бид үзсэн. УИХ яаж шийдэхээ мэднэ биз.
-Хуралдаа суугаагүй гишүүнийг эргүүлэн татах заалт олон нийтийн талархлыг хүлээж байсан. Энэ орж чадах нь уу?
-Энэ их эгзэгтэй заалт шүү. Хоёр чоно, нэг хонь хуралдаж, орой юу идэхээ шийдэхээр ярилцаад, хонио идэхээр болсон гэдэг шиг олонх нь цөөнхөө “идэх” арга болчихож мэдэх юм. Аврах гэснээ томилолттой, өвчтэй гэж аргалаад, явуулах гэснийгээ аль болох тасалснаар бүртгэж, түлхэж унагаад байх шалтаг болчих вий гэх болгоомжлол надад байгаа. Үүний оронд санал хураалтад оролцсон, эсэхийг нь харж шийдэх арга байж болох юм.
-Чуулганы үргэлжлэх хугацааг уртасгаж, ирцийг өндөрсгөх заалт хэвээрээ юу?
-Дордуулсан долоон өөрчлөлтөөр нэг удаагийн чуулган 75 өдөр хуралддаг байсныг 50 болгосон. Үүнийг буцааж хэвэнд нь оруулах юм. Байнгын ажиллагаатай парламентын гишүүний үндсэн ажил нь чуулганд сууж, хууль тогтооход оролцох шүү дээ. Тэгэхээр ажлаа хийх л ёстой.
-Улс төрийн намтай холбоотой ямар заалт оруулах санал гарсан бэ. Намыг хөөн тараах тухай ярьж байгаа гэл үү?
-Санхүүжилт нь ил тод байх, намыг хөөн тараах тухай заалт оруулах хүсэлтэй байгаа.
-Ямар тохиолдолд хөөн тараана гэж?
-Үндсэн хуульт байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулсан , татан буулгах үндэслэл байна гэж ҮХЦ тогтоовол намыг бүртгэсэн газар нь бүртгэлээс хасаж, хөөн тараах юм. Бид ангийн тэмцэлд уриалсан намтай байж хаширсан улс шүү дээ. Тэр утгаараа ажилчны, гэр хорооллын гэх мэтээр нийгмийг хагалахуйц, нэг хэсгийг онилсон биш, нийтлэг эрх ашигт чиглэсэн байх ёстой.
-Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх, бие даан ажиллах, хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлэх нь энэ өөрчлөлтийн гол зорилго. Энэ талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Ерөнхий сайдыг УИХ томилно гэдэг парламентын засаглалын том эрх мэдэл. Үүнээс гадна Засгийн газрын бүх сайдыг парламент томилдог нь байж болшгүй зүйл. Үүгээр Ерөнхий сайдыг барьцаанд оруулдаг. Манай засаглалын хямралын нэг гол шалтгаан нь энэ. Нөгөөх нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр эрх мэдлээ булаацалддаг явдал. Засах ёстой гол зүйл нь энэ. Одоогийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилдог болно. Үүнийг нь Ерөнхийлөгч батламжилна. Манайхан яаж ч мэдэх улс шүү дээ. Бүх эрх мэдлийг ганц хүнд өгчихөөр нэг сайд томилсноо маргааш нь цаасаа урж шидээд, өөр хүн томилоод байж магадгүй. Үүнээс сэргийлж, томилсон сайдыг Ерөнхийлөгчөөр батламжлуулна. Ерөнхийлөгч батламжлахгүй гэдийх, буцаах эрхгүй, “Үүнийг чинь батламжлахгүй, үүний оронд түүнийг томил” гэх боломжгүй, шууд л тамгаа дарна гэсэн үг. Энэ мэтээр гайгүй цэгцлээд авах оролдлого хийж байгаа.
-УИХ-ыг тараах эрхийг Ерөнхийлөгчид өгөх юм уу?
-Энэ их чухал асуудал. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх асуудлыг УИХ хэлэлцээд, итгэл үзүүлэхгүй гэвэл Ерөнхий сайдыг огцруулна гэж ойлгоно. Парламент ийм шийдвэр гаргасан бол долоо хоногийн дотор шинэ Ерөнхий сайдаа томилох ёстой. Ингэж чадахгүй бол огцорсон Ерөнхий сайд УИХ-ыг тараах хүсэлт Ерөнхийлөгчид тавьж болно. Ерөнхийлөгч тараах шийдвэр гаргана гэсэн заалт оруулах санал байгаа. Гэхдээ энд хугацааны талаар дахин ярилцана.
Бидний Үндсэн хуульд хийсэн “УИХ нийт гишүүний гуравны хоёрын саналаар тарж болно” гэсэн заалт бол тун тэнэг, бүдүүлэг зүйл шүү дээ. Яасан гэж парламент тарах юм бэ. Эрүүл саруул ухаанаар бодоход гишүүд хэзээ ч өөрсөө санал гаргаж, тарахгүй. Нөгөө талаас нь харвал, энэ заалтыг ашиглаад муу зүйл хийж болно. Улсаа худалдаж, асар их авлига авчихаад тараад явчих ч боломжтой. Юу ч болж болно шүү дээ. Гишүүдийн гуравны хоёр нь хүчинд автаж, дарамтанд орохыг хэн байг гэх юм бэ. Тэгэхээр олонхын саналаар тарах боломжийг хязгаарлах ёстой.
-Та Үндсэн хуулийн хамгаалалтыг дотор нь хийх ёстой гэж ярьдаг хүмүүсийн нэг. Энэ удаагийн өөрчлөлтөөр үүнийг хийхгүй нь ээ дээ?
-Үндсэн хуулийн хамгаалалт дотроо байх ёстой ч 1992 онд Үндсэн хууль батлахдаа бид хийгээгүй. Сүүлд гаднаас нь хамгаалалт хийхийг оролдож, 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Гэвч жирийн хуулийг парламентын олонх хүссэн цагтаа өөрчилчихнө шүү дээ. Энэ парламент уг хуульд зөвлөлдөх санал асуулгын тухай нэмсэн, дараагийн удаа яаж ч өөрчилж болно. Өөрчлөлт сайн ч байж болно, муу ч байж мэднэ. Эхний удаад сайнаар өөрчиллөө гэж баярлавал дараагийн удаад муу зүйл оруулахыг зөвшөөрсөнтэй ялгаагүй. Ийм учраас хамгаалалтыг дотор нь хийх ёстой гээд байгаа юм. Үүнийг энэ удаагийн өөрчлөлтийн хүрээнд ярихгүй байна. Дараагийн үед үлдээж байгаа юм байлгүй.
-Эрдэмтэн, судлаачдаас төсөлд тусгачихаар авууштай өөр санал гарч байна уу?
-УИХ-ын даргыг намаас нь түдгэлзүүлэх санал эрдэмтдээс гарсан. Үүнийг бид тун зөв санал гэж үзээд дэмжсэн. Намын дарга УИХ-ын дарга байхаар юу болдгийг бид хангалттай харлаа. Сүүлийн хоёр парламентад намын дарга нар УИХ-ын даргаар ажиллалаа. Намын ажил, УИХ-ын ажил холилдлоо, асуудалд намын ялгаатай хандлаа гэж гишүүд нь хардаад, үнэхээр тийм ч юм шиг харагдаад явах зохисгүй л байна шүү дээ. Зарим оронд парламентын дарга намаасаа түдгэлзээд зогсохгүй бүрмөсөн намаасаа гардаг, санал хураалтад оролцдоггүй, гишүүдийн дэмжсэн, дэмжээгүй санал тэнцсэн тохиолдолд өөрөө хүсвэл шийдвэрлэх санал өгдөг туршлага байдаг юм билээ. Энэ бол авууштай механизм.
Энэ мэтийн олон санал байгаа ч Журмын тухай хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулах хэмжээг заачихсан байдаг.