“Заримдаа мөстэй усанд ороход “ямар хүйтэн юм бэ” гэсэн бодол төрдөг” хэмээн Британийн усанд сэлэгч Жэйд Перри өгүүлэв.
Түүний хэлсэн яах аргагүй үнэн. Мөстэй усанд сэлэлт бол зөвхөн тэсвэр, тэвчээрийн жирийн нэг сорилт биш юм. Хүйтэн усанд шумбах нь ямар ч хүний хувьд хүсэшгүй зүйл байдгийг бодолцож үзвэл Оросын ид хүйтэнд, нуурын усанд нэг км орчим зайд сэлж уралдах нь дэндүү адал явдал болох нь гарцаагүй.
Гэвч энэ сарын 14-18-нд ОХУ-ын Мурманск хотод болж буй 2019 оны дэлхийн аварга шалгаруулах мөстэй усанд сэлэлтийн тэмцээнд 34 улсын 400 орчим “зоригтон” оролцож байна.
Ингэхэд мөстэй усанд сэлэлт гэж юу вэ? Энэ бол 2009 оноос зохион байгуулалт, дүрэмтэй болсон шинэ экстрим спорт юм. Өөрөөр хэлбэл, 2009 онд Олон улсын мөстэй усанд сэлэлтийн холбоо (IISA) байгуулагджээ. Усанд сэлэгчид -5 болон үүнээс ч хүйтэн усанд тодорхой зайд уралдах бөгөөд уралдаан спортын ордон, цэнгэлдэх хүрээлэнд бус гадаа, ихэнхдээ нууранд болдог. Гадаа хасах 14-20 градус байх нь олонтоо. Гэсэн ч тамирчдыг нэмэлт хувцас, хүйтнээс хамгаалах тусгай өмсгөл өмсөхийг хориглодог агаад тэднийг усанд сэлэлтийн хувцас, малгай, хамгаалалтын шил хэрэглэхийг л зөвшөөрдөг.
Цахилгаан хөрөөгөөр нуурын мөсийг зүссэнээр тамирчдын уралдах усан зам бэлэн болно. Тэд зөвхөн шатаар дамжиж ус руу орох ёстой бөгөөд шууд шумбах эсвэл үсэрч орохыг хориглодог, хэрэв ингэвэл тэмцээнээс хасна. Учир нь хүйтэн усанд гэнэт орох нь тамирчдын эрүүл мэндэд тун халгаатай. Түүнчлэн бие хөрөх, хүйтний шоконд орох, уушгины багтраатай болох, маш их дагжин чичрэх зэрэг эрсдэл бий учраас зохион байгуулагчид аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, бэлтгэлээ сайн базаах шаардлагатай байдаг.
Тамирчдын хувьд сэргэх хугацаа нь уралдсан зайнаас шалтгаалж 20 минутаас гурван цаг байдаг гэнэ. “Бие махбод бүрэн сэргэх хүртэл уралдаанаа дуусгасан гэж тооцож болохгүй” хэмээн IISA-г үүсгэн байгуулагч, ӨАБНУ-ын иргэн Рэм Баркай өгүүлэв. Тэрбээр өмнө нь хедж сангуудад ажиллаж байсан бизнесмэн, аялагч, экстрим спортоор хичээллэгч юм. Антарктидад нэг км зайг сэлж туулсан, Өмнөд Африкт аварга загаснуудтай хамт сэлсэн гэх мэтчилэн түүний адал явдлууд нь тун алдартай.
“Тун хэцүү ийм спорт ямар хэрэгтэй юм бэ гэж хүмүүс надаас байнга асуудаг. Бүх зүйлийг яв цав бодолцдогийг тэд ойлгодоггүй юм. Аюулгүй байдлын бүхий л дүрэм журмыг мөрддөг. Бид амиа хорлох гэж байгаа хүмүүс биш. Зөвхөн булчин, эр зориг энэ спортод хангалтгүй, өөрийн хүч боломжийн хязгаарыг мэдэж, багийнхандаа итгэдэг байх нь чухал” гэж Р.Баркай нэмж өгүүлэв.
Түүний удирдаж буй холбоо мөстэй усанд сэлэлтийг олон улсад хүлээн зөвшөөрсөн спорт болгохоос гадна 2022 оны өвлийн олимпын наадмын хөтөлбөрт багтаах том амбиц өвөртөлж явна.
Эцэст өгүүлэхэд, энэ жил гурав дахь удаагаа болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь ганцаарчилсан 50, 200, 500, 1000 м-ийн чөлөөт сэлэлт, 50, 100 м-ийн мэлхий сэлэлт, 50 м-ийн эрвээхий сэлэлт болон багийн 4х50, 4х250 м-ийн буухиа зайд болж байна.