Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрээс гарч цөмийн зэвсэг болон пуужингийн туршилтаа дахин сэргээж магадгүй талаар тус улсын Гадаад хэргийн орлогч сайд Чхе Сон Хи мэдэгджээ.
Тэрээр гадаадын сэтгүүлчдэд эл мэдэгдлээ хийхдээ саяхан Ханой хотноо болж өнгөрсөн Дональд Трамп болон Ким Жон Ун нарын уулзалтын үеэр Америкийн тал “алтан боломжийг” алдсан гэж АНУ-г буруутгасан байна. Дээд хэмжээний уулзалтын өмнө БНАСАУ Ёнбон дахь цөмийг цогцолборыг татан буулгах боломжийн талаар хэлэлцэхийг АНУ-д санал болгосон аж.
Гэвч уулзалт хугацаанаасаа өмнө өндөрлөж, ямар нэгэн үр дүнд хүрээгүй билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Трампын мэдэгдсэнээр тэрээр Умард Солонгос цөмийн зэвсэг болон пуужингийн туршилт, үйлдвэрлэлттэй холбоотой бүх цогцолборуудаа устгахаас нааш эдийн засгийн хоригийг цуцлахыг татгалзсан аж. Түүний тавьсан үг дуугүй цөмийн зэвсгээ устгах нэг талыг баримталсан шаардлагыг Умард Солонгосын Гадаад хэргийн орлогч сайд “гангстерын” тулгалт хэмээн нэрлэжээ.
“Бид АНУ-ын эл шаардлагатай ямар ч хэлбэрээр санал нийлэхгүй бөгөөд иймэрхүү хэлэлцээрт оролцохыг хүсэхгүй байна” гэж Чхе Сон Хи хэлсэн байна. Мөн тэрээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ойрын хугацаанд АНУ-тай хийх ирээдүйн хэлэлцээрийн талаар өөрийн байр сууриа албан ёсоор мэдэгдэх тухай нэмж хэлжээ. Ханойн уулзалтын үеэр Умард Солонгосын тал Трампын мэдэгдсэнчлэн эдийн засгийн бүхэл хоригийг бус харин зөвхөн гол таван хоригийг цуцлуулахыг зорьсон гэж орлогч сайд мэдэгдэж байна.
АНУ “алтан боломжийг” алдах шиг боллоо. Тэд яагаад хэлэлцээрийг огт өөрөөр толилуулж байгаа нь ойлгомжгүй байна. Бид бүх хоригийг бүхэлд нь цуцлахыг хэзээ ч шаардаж байгаагүй” гэж Чхе Сон Хи мэдэгдлийнхээ төгсгөлд онцолжээ. Гэтэл Ханойн уулзалтын дараа Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн адил Умард Солонгосыг бүх хоригийг цуцлахыг шаардсан тухай маш тодорхой мэдэгдсэн билээ.
“Уулзалт хугацаанаасаа өмнө дуусах шалтгаан хоригийн тухай асуудал байлаа. Тэд бүх хоригийг бүхэлд нь цуцлахыг шаардсан бол бид түүнийг зөвшөөрөх боломжгүй байсан. Заримдаа зүгээр л босоод явчихсан нь дээр байдаг. Энэ удаа тэр үе нь байлаа” гэж хэвлэлийнхэнд мэдэгдэж байжээ. Уг уулзалтын дараа Вашингтон хоёр улсын хэлэлцээр цаашид үргэлжилнэ гэдэгт найдаж буйгаа нэг биш удаа мэдэгдсэн байдаг. “Ямар ч байсан Чхе Сон Хи Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хооронд тогтсон хувийн нөхөрсөг харилцааг магтсаныг онцлох нь чухал. Америкийн тал байр сууриа чангатгасан явдалд тэрээр Майк Помпео болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нарыг буруутгаж байна” гэж “BBC” агентлагийн сэтгүүлчийн бичсэнийг үзвэл асуудлыг дипломат аргаар шийдэх гүүр бүр шатчихаагүй бололтой.