ҮБХИС-ийн харьяа “Тэмүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн 44 сонсогч 2015 онд эх орны дайны ялалтын ёслолын жагсаалд оролцохоор ОХУ-ын Ангараск хотыг зорьж байлаа. Энэ бол монголчуудын хувьд бахархал байсан юм. Үүнээс гадна Монголын Зэвсэгт хүчнийг олон улсад таниулсан өчнөөн арга хэмжээнд тус сургуулийнхан оролцсоор ирсэн нь монгол цэргийн омогшлыг бадраасан үйл явдал юм.
Монголдоо цэргийн сургалттай ганц сургууль болох “Тэмүжин өрлөг”-ийн “цэргүүдийн” нэг өдөр хэрхэн өрнөдгийг тэргүүний 9а ангийн сурагч Отгонжаргалын Шаравжамцаар төлөөлүүлэн сурвалжиллаа. Өдгөө 16 настай тэрбээр сургуулийнхаа гуравдугаар давхарт байрлах дотуур байранд амьдардаг.
06.30 цаг. Гэр, сургууль хоёр нь ойрхон хүүхдүүд холоос явдаг сурагчдаас давуу талтай. Автобус хүлээхээс эхлээд цаг хугацаа алдахгүйн зэрэгцээ өглөөд илүү нойр авчихна. Хичээл эхлэхээс хэдэн минутын өмнө босож, “гялалзахад” л хонх дуугарахтай зэрэгцэн ангидаа орж амждаг шүү дээ.
Сургуулийн дотуур байрны сурагчид яг ийм давуу талтай болов уу гэж бодсон минь ташаа ойлголт байлаа. Хэдийгээр хичээлийнх нь танхим ойрхон ч хүүхдүүд өглөө тогтсон цагт босох шаардлагатай. Тэд зургаа хагаст босдог юм байна. “Тэмүжин өрлөг”-ийн дотуур байр таван өрөөтэй. Өрөө тус бүрт 30 “цэрэг” байрладаг. О.Шаравжамц өрөөндөө ангийнхаа 17 хүүхдээс гадна 9б, 8а-гийн хөвгүүдтэй амьдардаг юм байна. Бусад сургуулийн дотуур байрыг бодвол эднийх олуулаа байдгаараа онцлогтой. Мөн маш тохилог аж. Эндхийнхэн дотуур байраа казарм гэж нэрлэдэг.
“Тэмүжин өрлөг”-ийн казарм 150 хүүхдийн багтаамжтай, өнөөдрийн байдлаар 123 “цэрэгтэй” байна. Тэдний олонх нь орон нутгийнх. Нийслэлийн алслагдсан дүүргээс ирсэн сурагчид ч бий.
Хөвгүүд ороо цэмцийтэл хурааж, нүүр, амаа угаах зэргээр ариун цэврийн “манаанд” гараад, яаралгүй хувцаслалаа. Өглөөний хоолонд 07.00-07.30 цагт орж, энэ өдрийг халуун сайхан кашаар эхлүүллээ.
07.40 цаг. Сурагчид хэдийн цуглажээ. Энэ сургуулийн бас нэг онцлог нь өглөө бүр хичээл эхлэхээс өмнө гаднах талбайдаа жагсаж, төрийн далбаагаа мандуулан, ёсолдог. 08.00 цагт болдог өглөөний нэгдэлт буюу эл ёслолд ҮБХИС-ийн харьяа (Цэргийн ерөнхий сургууль, Аюулгүй байдлын болон Хөгжмийн сургууль, Удирдлагын академи, Эрдэм шинжилгээний хүрээлэн, “Тэмүжин өрлөг” дунд сургууль) зургаан нэгжийн оюутан, сонсогчид оролцоно. Дараа нь салбарын захирагч нар нь өдөр тутмын үүрэг, чиглэлээ өгснөөр хичээлдээ орцгоодог юм байна.
Ирээдүйн офицер, цэргийн дарга нар тун жавхаатай харагдана. Хар, ногоон өнгөтэй дүрэмт хувцас, хар малгайгаар жигдэрсэн “Тэмүжин өрлөг”-ийн “цэргүүд” жагсаад, ёслолд бэлтгэж байх зуурт цугларалтын цагаас хэдэн минут хоцорсон цөөхөн сурагч нэг “бүлэг” болон гүйсээр ирлээ.
Энгийн сургуулийнхан хоцорвол ангидаа уван цуван ордог. Харин эдний хүүхдүүд хэрхэн цэрэгжсэний наад захын жишээ нь энэ. Сургагч багшаас “Хоцорсон хүүхдүүдийг шийтгэдэг үү” гэхэд “Манай хүүхдүүд ер нь хоцроод байдаггүй. Хааяа хэдэн минут “чангаах” нь бий. Тэглээ гээд шийтгэж сүйд болохгүй. Дахиж ийм үйлдэл гаргахгүй байхыг анхааруулаад, жагсаалд нь оруулдаг” гэлээ.
“Тэмүжин өрлөг” сургууль 7-12 дугаар ангийн 13 бүлэгтэй. Өнөөдрийн байдлаар нийт 382 сурагчтай хичээллэж байна. Гурван жилийн өмнөөс тус сургуульд охид (тухайн элсэлтийн 10 хувь) элсэх боломжтой болжээ. Өдгөө 7-9 дүгээр ангид эмэгтэй сурагч 29 байна.
Хүүхдүүдэд “Цөм” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын суурь бүрэн дунд боловсрол олгохын зэрэгцээ цэргийн анхан шатны мэдлэг олгох хичээлийг нэмэлтээр долоо хоногт хоёр цаг заадаг гэсэн.
08.30 цаг. Хонх дуугарлаа. Эдний хичээл ҮБХИС-ийн цагийн хуваарийн дагуу 8.30 цагт эхэлдэг. Хүүхдүүд хичээл эхлэхээс 10 минутын өмнө анги танхимдаа орж, суудлаа эзлэх ёстой. 9а ангийнхан ч байраа эзэлжээ. Энэ өдрийн эхний хичээл биологи байлаа. О.Шаравжамц голын эгнээний эхнээсээ хоёр дахь ширээнд суужээ.
Анги 38 хүүхэдтэйгээс дөрөв нь эмэгтэй. Өнөө өглөө нэг сурагч ирээгүй нь эмчийн магадлагаагаар хичээлээс чөлөөлөгдөх болжээ. Энэ тухай ангийн дарга М.Улсболд багшид мэдээлэв. “Цэргийн” сургуулийнхан багштайгаа зүгээр нэг мэндлэхгүй. Нэгэн зэрэг, нэг хэмнэлээр “Багшийн амрыг эрье” хэмээх нь цэргийн жагсаалыг санагдуулам. Өнөөдөр 9а ангийнхан хоёр цагийн хичээл буюу 80 минутын турш биологоор “амьсгална”. Эхний хичээлийн сэдэв нь ургамлаас ус уурших үзэгдэл.
Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Нэг сурагч дэвтрээ мартаж, нөгөөх нь нойроо дийлж ядан “паакталсныг” эс тооцвол бусад нь хичээлдээ тун идэвхтэй байлаа. 09.15 цагт хонх дуугарч, таван минут завсарлаад, дараагийн хичээл орлоо. Энэ хичээлээр улсын шалгалтад бэлтгэв. Тест бөглөхдөө өгөгдлийг тогтож, маш сайн уншаад, няхуур хандахыг багш зөвлөсөн нь учиртай.
Жишээ нь, “Зүрхний нэг мөчлөгийн дундаж хугацаа хэд вэ” гэсэн асуултын хариулт болох хэд хэдэн хувилбараас зөвийг нь сонгох ёстой. Гэтэл шалгалтын тестийн номд “зөв” хариулт нь хүртэл буруу байж таарав. Тодруулбал, 0.8 секунд гэхийг 0.80 гэж бичсэн нь хүүхдүүдийг төөрөгдүүлэх нигууртай учраас хянамгай хандахыг анхааруулсан хэрэг. “Өнөөдөр” сонин сурах бичгийн агуулга, чанарын талаар цувралаар хөндөж байгаа билээ.
10.00 цаг. Гуравдугаар цагт орос хэлний хичээл оров. Хуваарийн дагуу бол математиктай байсан ч багш нь өвдсөн гэнэ. Тиймээс нөхөж орсон нь энэ. “Би ирээдүйн офицер, манлайлагч сурагч” гэсэн уриаг нийтээрээ оросоор хэлснээр хичээл эхэллээ. “Как ты и твои друзья проводять свободное время” гэсэн сэдвээр “цэргүүд” чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаараа ярилцлаа.
Энд нэг зүйлийг онцлон дурдахад, сүүлийн үед манай ерөнхий боловсролын сургуулиудад орос хэл сонирхон, сонгон сурах хүүхэд тун цөөрсөн учраас зарим сургуульд энэ чиглэлийн хичээл ордоггүй талаар эцэг, эхчүүд ярьдаг. Уг нь бусад хэлийг сурахад орос хэл суурь болдог талтай. Нөгөөтээгүүр, олон нарийн мэргэжлийн ном, сурах бичиг оросоор хэвлэгдсэн байдаг зэргийг харгалзан заавал үзэх хичээлийн хөтөлбөрт оруулахад болохгүй зүйлгүй санагдана. “Тэмүжин өрлөг”-т оросоос гадна англи хэл бас заадаг юм байна.
Хүүхдүүдийн дуудлага хатуу, буруу, зөв хэлж байсан ч ойлгох чадвар, үгийн сангийн хувьд харин харьцангуй сайн юм. Багшийн өгсөн даалгаврыг дор бүрнээ “гялалзуулж”, цагтаа амжин шалгуулахаар шамдах сурагчдыг хонхны дуу “үймүүлэв”.
Их завсарлага 10 минут үргэлжилнэ. Өглөөнөөс эхлээд жагсаал, хичээл гэсээр гол баатар минь “баригдахгүй” байсан учраас нүүр тулан ажиллаж чадсангүй. Тиймээс энэ 10 минутад түүнийг “олзлон” ярилцахыг хүссэн ч мөн л амжсангүй.
Цэргийн их эмч болох мөрөөдөлтэй түүнийг ангийнхан болон багш нар нь “хичээнгүй, хариуцлагатай” гэж тодорхойлсон юм. Тэрбээр завсарлагын үеэр ч хичээлээ хийгээд тун завгүй. Биологийн олимпиадад бэлтгээд сүүлийн үед зарим хичээлээ бүрэн хийж амжаагүй учраас нөхөж авахаар тийнхүү чармайж буй нь энэ аж.
Яаж ийж байгаад анхаарлыг нь сатааруулж ганц, хоёр асуултад хариулт авлаа. Тэрбээр “Цэргийн сургуульд сурснаар ёс суртахуунтай, зөв төлөвшиж, хүмүүжнэ. Манай гэр бүлд цэргийн хүн байхгүй ч аав, ээжийнхээ зөвлөснөөр “Тэмүжин өрлөг”-ийг сонгосон. Бүх хичээлдээ адилхан шамддаг. Хими, биологи, монгол бичгийн хичээлд илүү дуртай” гэж товчхон, тодорхой хариулах. Нэг бодлын жаахан хэнхэг “нөхөр” шиг санагдав.
Энэ үеэр сурагчид ангийнхаа даргын тушаалаар ширээ, сандлаа цэгцэлж, дараагийн хичээлдээ бэлтгэж байсан нь бас л сонин бөгөөд “хөөрхөн” дүр зураг. Энэ сургуулиас үргэлж цэргийн амьдрал “үнэртэж”, мэдрэгдэх юм. Энгийн сургуулийнхан ингэх болов уу.
10.50 цаг. “Эрхэм багшийн амрыг эрье” гэснээр үндэсний бичгийн хичээл эхэлж, хүүхдүүд үлгэр “орчуулав”. Монгол бичгээ мартах шахсан өмнөх нийгмийн “үлэг гүрвэл” миний хувьд босоо бичиг хувьсагчтай тооноос үл ялгаатай. Нөгөөтээгүүр, кирилл үсгээр бичсэн үлгэрийг монгол бичиг рүү хөрвүүлэх даалгавар учраас орчуулснаас ялгаагүй санагдав. Энэ хичээлд хүүхдүүд үнэхээр идэвхтэй байлаа. Даалгавраа гүйцэтгэснүүд нь нэг нэгээрээ багшид шалгуулах хооронд арын эгнээнд сууж байсан хөвүүн хажуу дахиа “цохисноо” гэнэт эргэж хараад “Эгч ээ, бид хоёр тоглож байгаа юм шүү” гэж учирлах нь тэр. Тоглоомыг нь шоглоомоор ойлгох вий гэсэндээ тийнхүү тайлбарлаж, бүлтэлзэх нь “хөөрхөн”. Гаднын хүн байгаа учраас тэд биеэ барин тоглоомоо ийнхүү өндөрлөлөө.
11.30 цаг. “Завсарлаарай” гэх хонхны хангинаан гоё сонсогдоно. Зарим хүүхэд ангиас гарч, нэг хэсэг нь үлдээд түрүүн тоглож байсан кендам хэмээх наадгайгаа үргэлжлүүлэв. О.Шаравжамц тэдний нэг байлаа. Жаахан амсхийх түүнд саад хийхээс татгалзан, ангийн “ховор эрдэнэ” болсон охидтой яриа өрнүүлэв.
“Эмэгтэй хүүхдэд энэ сургууль “чанга” хатуу биш үү” гэхэд “Алсдаа хүнд хэцүү зүйлтэй тулгарахыг үгүйсгэхгүй ч айж, шантрахгүй. Харин ч хатуужилтай, тэвчээртэй болохын тулд цэргийн сургууль сонгосон. Биднийг хэн нэгэн хүчлээгүй. Цэргийн хүн гоё шүү дээ, дүрэмт хувцастайгаа цэгцтэй, сүртэй гоё харагддаг” хэмээсэн Э.Энэрэлт, О.Халиунаа, Б.Анударь, Т.Маралмаа нар өдгөө 15 настай бөгөөд сургуулийнхаа анхны эмэгтэй сурагч болсноороо бахархдаг гэсэн. Охид цаанаа л адтай, цовоо цолгиун шүү.
Хичээл эхлэх болсныг илтгэх хонхны дуутай зэрэгцэн орос хэлний багш ангид орж ирлээ. Энэ удаа багш, сурагчид дасгал ажилтай “ноцолдоод”, 40 минут гойд онцлох зүйлгүй өнгөрөв. Дахиад л хонх жингэнэлээ.
Зургаан цаг хичээллэх байснаас нэг нь “цонхолсноор” 9а ангийнхан энэ өдрийн албаа өндөрлөж байгаа нь энэ. Гэхдээ тарах болоогүй. Дугуйлан, давтлага, уулзалт, бэлтгэл гээд өчнөөн ажил бий. Цонхолсон хичээлийн цагийг ашиглаад, физикийн багш давтлага өгсөн юм. Түүний дараа хүүхдүүд хэсэг чөлөөтэй болж, бид хөөрөлдлөө. Хэдийгээр тэд сурагч ч гэсэн ид шохоорхож, нэгнийгээ сонждог өсвөр насныхан. Тиймээс алжаал тайлах байдлаар, нөгөөтээгүүр энэ насныханд сонирхолтой сурвалжилга хийх, бас цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд жаахан “сахилгагүй” асуулт “шидлээ”.
-Олон охинтой сургуульд сурвал гоё гэж боддог уу?
-Гоё шүү дээ (нэгэн дуугаар).
-Тэгвэл цэргийн сургууль сонгосондоо харамсдаг байх нь ээ?
-Өө, ёстой үгүй шүү (зарим нь судлаасаа өндөлзөв).
-Охид оо, олон хөвгүүнтэй сургуульд сурсан бол дээр байсан гэж бодож байсан уу?
-(Хөвгүүд нирхийтэл инээлдэн, охидын өмнөөс хариулав) Энэ дөрөв эрэгтэй, эмэгтэй нь ч ялгагдахгүй болчихсон доо.
-Та нар мэргэжлийн урлагийн сургуулийн сурагчдаас ялгаагүй цагтай уралдан хичээллэж, өдрийг завгүй шахам өнгөрүүлдэг. Үүндээ бухимддаг уу?
-Бухимддаг гээд учиргүй инээсэн нэгнийгээ бусад нь “Наадах чинь ганцаараа л бухимдаад байдаг юм” гэх.
-Байнга дүрэмт хувцас өмсөхөөр залхмаар байдаг уу. Гоё, ганган хувцаслаад гудамжаар явахыг хүсдэг үү?
-Хүснэ шүү дээ. Гэхдээ энэ хувцастайгаа амар байдаг.
-Ангийн дарга Улсболд хэр чанга вэ?
Хариулт гэхээсээ илүүтэй инээдээр түрлэг хийсэн хүүхдүүд нэгнийгээ “ийм тийм” гэж дүгнэхээс зайлсхийж байгаа нь илт. Цэргийн хүнд байх ёстой нэг чанар энэ мөн болов уу.
Гэрээ биш, сургуулиа, тэр дундаа хоолыг нь санадаг хэмээсэн хүүхдүүд биеийн тамирын хичээлд илүү дуртай, дотуур байранд 18 нь амьдардаг гэхчлэн бид цөөхөн хоромд ихийг ярьж амжсан. Т.Эрхэмбаяр Шаравжамцтай компьютер тоглоом тоглож танилцсан гэнэ. Долдугаар ангид элсэх жилээ энэ сургуулийн “цэрэг” болоод, 14 хоногийн турш жагсаалын бэлтгэл хийж байсан нь хамгийн дурсгалтай үеүдийнх нь нэг аж. Мөн шөнийн жагсаалд алхаж, тангараг өргөсөн талаараа бахархан ярьцгаав. 12, 13 настай хүүхэд цэргийн тангараг өргөнө гэдэг үнэхээр бахархал, нэр төрийн хэрэг шүү.
“Цэрэг” хүүхдүүдээс “Эх орон гэж юу вэ. Эх оронч байх гэдгийг хэрхэн ойлгодог вэ” гэж асуухад “Бидний оршин байгаа нь л эх орон. Зөв хүнийг эх оронч гэнэ” хэмээн хариулсныг томчууд бид ч тунгаахад илүүдэхгүй буй за.
14.00 цаг. 07.40-13.45 цаг хүртэл хичээллэсэн хүүхдүүд хоёр ээлжээр үдийн хоолонд ордог юм байна. Үүнээс өмнө гаднах талбайг 2-3 тойрч гүйж, нийтээрээ дасгал хийж, биеийн чилээгээ гаргадаг уламжлалтай.
Сургуулийн нэгдүгээр давхарт байрлах хоолны газар уужим, саруулхан аж. Нэг эгнээгээр жагссан хүүхдүүд цэргийн ажилтны тушаалаар хоолны газарт ороод, ширээний хажууд зогсоцгоов. “Сандал гарга”, “Ширээнд суу”, “Хоолло” гэсэн тушаал өгөөгүй тохиолдолд ямар нэгэн хөдөлгөөн хийсэнгүй. Эндээс бас л цэргийн хуарангийн амьдрал “ханхална”.
Шар будаа, ногоотой шөл, шпагетти, барьсан талх, чихэртэй хар цай энэ үдийн хоолны ширээнд “залагдлаа”. Амт нь “тасархай”.
Нэг хүүхдэд өдөрт 2315 төгрөгийн хоолны төсөвтэй ч боломжийнхоо хэрээр хүүхдүүдийн нас, биеийн онцлог, ачаалалд тохирсон хоол хийхийг хичээдэг талаараа ахлах тогооч Ш.Мөнхзаяа ярилаа. Гал тогоонд зөвлөхөөс гадна тогооч, туслах тогооч, үйлчлэгч нийлсэн 11 хүн ажилладаг юм байна. Тэд өдөрт давхардсан тоогоор 600 гаруй хүний хоол хийдэг гэсэн.
“Тэмүжин өрлөг”-ийн сурагчид ид цэцэглэж, бялдаржиж, бойждог өсвөр насандаа яваа. Энэ үедээ хүүхдүүд иднэ гэж ёстой л “мангас” байдаг гэж ярьдаг. Тэр утгаараа 2000 гаруй төгрөгөөр өдрийн өл даана гэвэл барахгүй. Харин мэргэжлийн тогооч нарын сэтгэл, хүчээр тэд хагартлаа биш ч цадтал хооллодог талаараа ярьж байлаа. Заримдаа амралтаараа, сургуулиасаа хол явахдаа тогооч эгч нарынхаа хоолыг санадаг гэсэн шүү.
Хооллох үеэр сургалт хүмүүжлийн офицер П.Үнэнбатаас сургуулийн орчинд хориглодог зүйлийн талаар тодруулсан юм. Сурагчид хичээлийн үеэр гар утас барих хориотойгоос гадна анги танхимд чанга хашхирч, үймж шуугьж, гүйхгүй зэргээр хэвшүүлэх зүйл олон бий. Мөн хичээлээс бусад цагт ухаалаг утас ашиглахгүй, харин товчлууртай загварынхыг зөвшөөрдөг юм байна.
Тус сургуулийн сурагчид саяхан сайн үйлсийн аян өрнүүлж, Сонгинохайрхан дүүргийн Асрамжийн газрын хүүхэд, багачуудад хандив өргөжээ. Дэвтэр, ном, мөнгө гээд “цэрэг” хүүхдүүдийн сэтгэл шингэсэн бэлэг багадаагүй нь мэдээж.
15.00 цаг. БХЯ болон үндэсний аюулгүй байдал хангах чиг үүрэгтэй байгууллагуудад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хурандаа нарын санаачилгаар байгуулсан “Хурандаа” нийгэмлэгийн төлөөлөгчид энэ сургуулийнханд ном хандивлахаар иржээ. 2019 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуух эхний арга хэмжээ нь энэ юм байна. Өөрсдийн бүтээсэн, ашиглаж байсан мэргэжлийн болон уран зохиолын 300 гаруй номыг “Тэмүжин өрлөг” сургуулийн номын санд бэлэглэхээр “Урлаг” танхимд ахмад үеийн хурандаа нар орж ирэхэд сурагчид тунчиг хүндэтгэлтэйгээр угтлаа. Эндээс мөн л цэрэгжилт, сахилга бат энэ сургуулийн үндсэн имиж гэдгийг улам мэдрэв.
16.00 цаг. Арга хэмжээ дуусаж, хурандаа нарыг хүндэтгэлтэйгээр ёслон үдсэн цэрэг хүүхдүүдийн зарим нь гэртээ харихаар явж, нэг хэсэг нь дугуйландаа орлоо. Шаравжамц олимпиадад бэлтгэх, хичээлээ нөхөх гээд мөн л завгүй “нухсаар”.
17.00 цаг. Бид гол баатраа даган, дотуур байран дахь “гэрт” нь оров. Үйлчлэгч нар өрөөнүүдийг цэмцийтэл цэвэрлэжээ. Хүүхдүүд хувцсаа сольж, шүршүүрт ороод, амрахад “бэлэн” боллоо. Удахгүй оройн хоолоо иднэ.
Дотуур байрыг 17.00 цаг хүртэл түгждэг юм байна. Дэг журам, эмх цэгцтэй, хариуцлагатай байлгах үүднээс тэр. Өөрөөр хэлбэл, тэр болтол сургуулийн бусад анги танхимд хуваарийн дагуу дугуйланд хамрагдахаас эхлээд хичээл, даалгавраа хийж, давтлага авч, олимпиад, уралдаан, тэмцээнд бэлтгэх зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэн, боловсордог гэсэн.
Ташрамд дуулгахад, энэ сургуулийн сурагчид багаар тоглодог спортын олон төрлөөс гадна гар болон спорт буудлага, бокс, зохион бүтээх, урлаг уран сайхны зэрэг янз бүрийн дугуйланд сонирхлынхоо дагуу хамрагдах бүрэн боломжтой. Энэ мэт хичээлээс гадуурх үйл ажиллагааг нийгмийн ажилтан нь хариуцдаг аж.
Тухайн өдөр жижүүрлэх ээлжтэй цэргийн ажилтан дотуур байрыг нээснээр өдөржин хичээллэж ядарсан “цэргүүд” одоо орон дээрээ “таван хошуу болж”, зурагт үзэж, “дэмий чалчиж” жинхэнэ энгийн иргэн болно. Гэсэн ч тэд хайш яйш харагдсангүй. Цэргийнхэн үргэлж цэмцгэр, жимбэгэр байх ёстой гэсэн бичигдээгүй дүрэм бий.
О.Шаравжамц маань бас л хичээлээ хийнэ гэж мэл “гайхуулах” нь тэр. Зорилгодоо хүрэхийн тулд ингэж хөдөлмөрлөж буй түүний ирээдүй гэрэлтэй байх нь дамжиггүй. Түүнийг болон сургуулийн хүүхдүүдэд “Баяртай” гэж хэлэх цаг иржээ. Сайхан амарцгаагаад, маргаашийг бөөн эрч хүчтэй угтаарай.
Гэрээсээ хол, дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийг дөрвөн сургагч багш ээлжлэн, хариуцан хононо. Өглөө цэргийн албаны ажилтан буюу офицер жижүүрлэсэн сургагч багшаас үүрэг гүйцэтгэлийн тухай тайлан мэдээ авна. Ингээд сурагчдад өдөр тутмын үйл ажиллагааныхаа чиг үүргийг өгөх зэргээр эндхийн амьдрал яг л энэ өдрийнх шигээ буцлан, үргэлжилсээр.
17.30 цаг. “Тэмүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн захирал, хурандаа Элбэгсайханы Бямбажавтай цөөхөн хором ярилцлаа.
“Өнөөдрийн “Тэмүжин өрлөг” сургуулийн түүх 1925 оноос эхтэй гэж үздэг. Тухайн үеийн Цэргийн яамны сайд Магсаржавын санаачилгаар 10-15 насны хөвгүүдийг зургаан жилийн хөтөлбөрөөр сургах, Сүхбаатарын нэрэмжит сургууль байгуулж, 1954 он хүртэл үйл ажиллагаа явуулахдаа төр, нийгмийн олон зүтгэлтнийг сургасан байдаг.
Сонирхуулахад, Монголын нэр бүхий жанжнууд төрсөн эл сургуульд алдарт эмч асан Ж.Хайрулла ч сурч, төгссөн юм билээ. Мөн дэслэгч генерал Л.Моломжамц гуайг ч дурдаж болно. Түүнээс хойш үйл ажиллагаа нь түр зогсож, 2010 онд мэргэжлийн сургалттай, ерөнхий боловсролын “Тэмүжин” сургууль байгуулагдсан.
Тухайн үед ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн хоёр өрөөнд үйл ажиллагаагаа эхэлж, 30 сурагч, дөрвөн багштай байсан бол өнөөдөр өөрийн гэсэн барилгатай, ерөнхий эрдмийн хичээлийн 25 багштай, нийт 66 ажилтан, албан хаагчтай болж, өргөжин тэлсэн байна. Энд нэг зүйл дурдахад, “Тэмүжин” сургууль байгуулагдсанаас хэдэн сарын дараа нийслэлийн Засаг даргын 435 дугаар захирамж гарч “Өрлөг” бүрэн дунд сургууль нэртэйгээр сургалт эрхлэх зөвшөөрөл авсан.
2013 онд мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар “Тэмүжин өрлөг” бүрэн дунд сургууль болж, нийслэлийн Боловсролын газраас 2014 онд сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2026 он хүртэл хугацаатайгаар шинэчлэн авсан” хэмээн танилцуулсан хурандаа энэ өглөө сургуулийн үүдэнд зогсоод, сурагчидтайгаа ёслон, угтан авч байсан нь сайхан санагдсаныг онцлон дурдъя. Өглөө бүр “цэргүүдээ” ийнхүү ёсолж, угтах боломж, цаг хугацаа байдаггүй, учир нь ерөнхий боловсролын бусад сургуулийн захирлын адил сургалт, арга хэмжээнүүдэд хамрагддаг талаараа тэрбээр “тайлагнасан”.
18.00 цаг. Сурвалжилга хийнгээ сурагч насандаа “эргэн” очсон сайхан өдөр байлаа, зарим хичээлийн үеэр бага зэрэг үүрэглэснийг эс тооцвол. Эх орноо хамгаалагч эр цэргүүд, ирээдүйн офицер, хурандаа, генералуудын залгамж халааг бэлтгэдэг сайхан сургуулийн үйл ажиллагаатай танилцсан дурсамжтай өдрийг хамтдаа өнгөрүүлсэн “Тэмүжин өрлөг”-ийн хамт олонд талархъя.
“Нэг өдөр” сурвалжилгаа тус сургуулийн 9а ангийн сурагч, манай голлох хүн О.Шаравжамцын үгээр төгсгөе. Тэрбээр үеийнхэндээ хандан “Сурсан шиг сур. Өнөөдөр аясаараа явж хоёрын хооронд байснаар ирээдүйд сайхан мэргэжилтэй, цалин өндөр ажил хийх боломжоо үгүй хийж байгаагаас өөрцгүй. Хичээл, зүтгэлээр сайхан амьдралтай золгоно” гэсэн том үгийг “Өнөөдөр” сониноор дайсныг уламжилъя.
Ташрамд дуулгахад, тус сургууль сурагчдын зуны амралт эхэлсний дараа буюу зургадугаар сарын 20-ны үеэр нээлттэй сонгон шалгаруулалтаар, хамран сургах тойрог харгалзахгүй элсэлт авдаг. Тухайн жилдээ ерөнхий боловсролын зургадугаар анги төгссөн сурагчдаас математик, монгол хэлний шалгалт аваад, тэнцсэнийг нь эрүүл мэндийн үзлэгт оруулна. Үүнд болон хичээлийн сургалтад ямар нэгэн төлбөр авдаггүй, төрийн өмчит сургууль учраас.