“Зууны” хэмээгдээд байгаа дээрэмд хоёр сар бэлтгэсэн гэнэ. Гэмт этгээдүүд бүгдийг нарийн төлөвлөж, хонгил ухан, дэлхийн алмаасны санд нэвтэрсэн ч ул мөргүй арилж чадаагүй байв. Тэд Бельгийн Антверпен хотын “BNP paribas fortis” банкыг цөлөмжээ.
Энэ оны хоёрдугаар сарын 3-нд тус банкны Эрдэнэсийн сангийн дохиолол ажиллав. Тэнд алмаас хадгалдаг олон зуун шүүгээ бий. Цагдаа нар ирж, банкны ажилтнууд тус сангийн хуягласан хаалгыг нээж, орох хүртэл дохиолол ажилласаар байж.
Алтан гулдмай энд тэндгүй хэвтэх сангийн шаланд том нүх гаргаж, хүхэрт устөрөгч ханхалж байсан гэнэ. Хүчилтөрөгчийн аппараттай цагдаа нар нүх рүү ортол гараар ухаж, гаргасан, дөрвөн метр урт хонгил бохир зайлуулах хоолойд хүргэжээ.
Хулгайч нар газар доогуур гаргасан энэ замын хамгийн өргөн хэсэг нэг орчим метр байсан нь өвдөглөн мөлхөхөд хангалттай зай гэнэ. 40 см нарийн хэсэгт элгээрээ мөлхөхөөр. Гэмт этгээдүүд бохир усны 400 гаруй метр урт хоолойгоор явахдаа эхлээд Эрдэнэсийн сан байрладаг Белгилел гудамж дагуу, дараа нь Нервиерсстраат гудамж доогуур мөлхжээ.
Эл гудамжны төгсгөлд хоолойноос хоёр метр гүнд бас нэг хонгил салаалсан аж. Тэнд модон сараалж, цахилгаан гэрэлтүүлэг байв. Уг хонгил Нервиерсстраат гудамжны булан дахь орон сууцны суурийн давхар дахь айлд хүрчээ. Унтлагын өрөөнд хонгил ухахад гарсан шороотой уутнууд, хажууд нь эмнэлгийн хүчилтөрөгчийн баллон хэвтэнэ. Үнэт эрдэнэс ч, гэмт этгээдүүд ч тэнд байсангүй.
АЛМААСНЫ ХОРООЛОЛ
“BNP paribas fortis” банкны эрдэнэсийн сан дахь төмөр шүүгээнүүдийн олонхыг еврей, энэтхэг гаралтай худалдаачид түрээслэдэг. Тэд дэлхийн алмаасны голт зүрх болсон төмөр замын ойролцоох долоон гудамжинд буюу Антверпен хотын алдарт дөрвөлжинд ажилладаг аж. Дэлхийд олборлосон, засаагүй алмаасны 70-90 хувь нь энэ хотоор дамжин өнгөрдөг.
Дундад зууны үеэс тус хороололд еврейчүүд суурьшдаг байжээ. Идиш эндхийн оршин суугчдын гол хэл одоо ч хэвээрээ бөгөөд алмаасны биржүүдэд еврей ресторанууд ажилласаар байгаа ба бямба гарагт иудей шашинтнууд ажиллахгүй, арилжаа наймаа зогсдог.
Тэнд харийнханд дургүй, үеэс үе дамжсан ёс журмыг юу юунаас илүү чухалчилдаг. Ингэх ч үндэс бий гэнэ. “Олон мянган еврогоор үнэлэгдэх алмааснууд гарах төдийд эзэн нь өөрчлөгдөх магадлалтай. Бүх хэлэлцээрийг гарын үсэг, гэрээгүйгээр байгуулдаг. Итгэл алдахгүй гэдгээ харуулахын тулд гар барьж, “мазель тов” гэхэд л хангалттай” гэж тэр хорооллыг олон жил судалж буй мэргэжилтан Дина Сигель бичжээ.
1980-аад оноос Антверпений алмаасны худалдаанд Энэтхэгээс гаралтай хүмүүс илэрхий оролцох болов. Франц, фламанд хэл мэдэхгүй тэд еврей маягаар амьдрах гэдэггүй. Энэ нь идиш хэлээр хэдэн үг сурах, Еврейн нийгэмлэгтэй сайн харилцаатай байхад саад болоогүй аж. Тэднээс гадна армян, ливанчууд алтны урчуудын дунд цөөнгүй байжээ.
Антверпений алмаасны захын ар талд гүрж, орос гаралтай худалдаачдын үнэт эдлэлийн дэлгүүрүүдтэй Пеликантстраат гудамж оршдог. Дина Сигель мэдээлэгчдээсээ эш татсанаар тэнд эрүүгийн хэрэг цэцэглэж, байнга буудалцаж, эсвэл цагдаагийнхан нэгжлэг хийдэг гэнэ. Цагдаа нар гэмт хэргийн гаралтыг еврей зургаан гэр бүлтэй холбож үздэг. Тэд Гүржээс ирсэн бөгөөд Пеликанстраатад хуурамч болон хулгайн бараа зардаг гэнэ.
ЕВРЕЙ МАЛГАЙТАЙ ГУРАВ
Нервиерсстраат гудамж дахь гэмт этгээдүүдийн хөрш нь хэдэн өдөр ямар нэг зүйл тогших чимээ сонсжээ. Удалгүй гэрийн эзэн ч олдов. Түүний мэдээлснээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцсээр еврей малгайтай гурван залуу байр түрээсэлсэн аж.
“Хослол өмсөж, ер нь л сайхан хувцасладаг. Тийм хүмүүсийг муу усны хоолойгоор мөлхөнө чинээ санаагүй” хэмээн гэрийн эзэн “Gazet van Antwerpen” сонинд ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ. Тэрбээр еврейчүүдтэй холбогдсон гэдэгтээ ч эргэлзээгүй гэнэ. “Байр хөлслөх гэсэн хүн дүүд нь хэрэгтэй байна гээд Марк Бюхман гэсэн нэртэй бичиг баримт үзүүлсэн. Хуурамч байж ч магадгүй” хэмээн тэрбээр хэлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн сар бүр 450 евро төлж байхаар тохиролцсон байна.
Өөрсдийн зардлаар засвар хийвэл эхний сар үнэгүй суухыг зөвшөөрчээ. Түрээслэгчид хоёр сар гаруй байсан ч өрөө төлөөгүй гэнэ. Энд л муу төлөвлөгөөгөө гүйцэтгэхээр бэлджээ. Банкны ажилтан байсан эмэгтэй телевизэд нэрээ нууцлан ярилцлага өгөхдөө “Гэмт этгээдүүд ганц том өрөөнд байгаагүй. Эрдэнэсийн сан дөрвөн хонгилтой. Газар доогуур зам гаргахын тулд санд орж үзсэн л байх ёстой” гэсэн аж.
Тэр эмэгтэй “BNP paribas fortis” банкны хамгаалалтыг шүүмжилжээ. Түүнийг 2012 онд тэнд ажилладаг байхад хяналтын камер байгаагүй гэнэ.
ГЭЭСЭН ЭД ЗҮЙЛ
Орон сууцнаас гадна цагдаагийнханд гэмт этгээдүүдийн гээсэн эд зүйлс бас нэг сэжүүр болжээ. Хэргийн газрын байдлаас үзвэл, хулгайч нар яарахдаа олон эд зүйл, тухайлбал, гудас, уртасгагч, алх болон Эрдэнэсийн сангийн шалыг нүхлэхдээ ашигласан өрмийн толгойг гээсэн байв.
Гэмт этгээдүүдэд баривчлагдахаас илүү аюултай байжээ. “Тэд яаж амьд мэнд гарсныг ойлгохгүй юм. Бохир усны хоолой маш аюултай. Нэг бол их азаар, эсвэл маш сайн бэлтгэсэн байх” гэж ус цэвэрлэх “Aquafin” компанийн инженер Элс Ликенс ярьсан байна. Цагдаагийнхан амьсгалын аппарат хүлээсэн нь зөв. Хүчилтөрөгчийн аппаратгүйгээр бохирын хоолойгоор явбал амьсгаа давчдаж, эсвэл үнэрт нь хордох аюултай. Бороо ч үхэлд хүргэнэ. “Бороо орж эхэлмэгц хоолой маш түргэн дүүрдэг” гэж Э.Ликенс тайлбарлажээ.
Хэрэг гарсныг мэдсэн үйлчлүүлэгчид цуглахад банкнаас хэчнээн эд зүйл алга болсон, хэн хохирсныг зарлаагүй байна. “Шүүгээнүүдэд юу байсныг банк мэдэхгүй” хэмээн төлөөлөгч нь “Rapaport news” сониноор дамжуулан хэлжээ. Цагдаагаас ч тодорхой мэдээлэл өгөөгүй. “Уг хэргийн цар хэмжээг шалгаж байгаа учир тодорхой тайлбар өгөх боломжгүй” хэмээн Прокурорын газраас мэдэгджээ.
Ийн нууцалж байгаа нь даатгалын компаниудын шаардлагатай холбоотой байж болох юм. Шүүгээнд юу байсан талаарх бүрэн жагсаалтыг эзэмшигч нь гаргаж өгөх хүртэл хулгайн хэргийн тухай мэдээлэх боломж банканд байхгүй. Эс бөгөөс даатгал авахын төлөө учирсан хохирлын хэмжээг хэт ихэсгэх магадлалтай байж.
НӨХӨР КОБА
Хяналтын камераас харвал нүүрээ халхалсан гурван эр Эрдэнэсийн санд нэвтэрчээ. Дохиолол ажилламагц алмайрч орхисон тэд хаалганы цаана цагдаагийнхан ирснийг сонсмогцоо зугтах болсныг ойлгосон аж. Тэр үед алтаа хаяж, үнэт эдлэл бүхий хар уутаа аваад нүх рүүгээ орсон байна.
Дахиад хоёр секунд болсон бол баригдах байжээ. Тэдний гол алдаа нь гээсэн багаж хэрэгсэл нь. Ховор төрлийн, серийн дугаартай өрөм ашигласныг мөрдөгчид анзаарч, Нидерландын Амстердам дахь багаж, хэрэгслийн дэлгүүрээр 27 настай, Коба гэдэг нэртэй, гүрж залуу үйлчлүүлснийг тогтоосон байна.
Тэрбээр Бельгид багаасаа амьдарч, ноцтой хэрэгт холбогдож байгаагүй нэгэн. Тус улсын хэвлэлд бичсэнээр, саяхныг хүртэл тэрбээр тээврийн компанид ажиллаж байгаад бизнес эрхлэхийг оролдсон ч амжилт олоогүй аж. Өнгөрсөн онд покерын хууль бус тэмцээнд оролцсон учир торгууль төлсөн нь түүнийг илрүүлэх цорын ганц сэжүүр болжээ.
Хоёр дахь сэжигтнийг хүчилтөрөгчийн баллонд үлдсэн хурууны хээгээр нь илрүүлсэн гэнэ. 28 настай Гиорги К. багаасаа Кобатай нөхөрлөж, тээврийн компанид цуг ажиллладаг байж. Чухам тэд хөлсөлсөн байрныхаа эзэнд хуурамч бичиг баримттай очсон бололтой. Гиорги тэр байранд очсоноо үгүйсгээгүй ч газар доогуурх хонгилын талаар юу ч мэдэхгүй гэжээ.
Кобаг өнгөрсөн сарын 4-нд, найзыг нь хоёр хоногийн дараа баривчилж, 7-нд Кобагийн эцэг, 45 настай Кахабер М. хоригдсон аж. Түүнийг юунд сэжиглэснээ цагдаагийнхан тодруулаагүй байна. Тэрбээр хүүтэйгээ ойлголцдоггүй ч хамтран бизнес эрхэлдэг гэнэ.
“BNP paribas fortis”-ын ойролцоо амьдардаг Кахабер компанийнхаа гарааны хөрөнгийг тус банканд хадгалуулсан байжээ. Энэ нь хэргийн өмнө судалгаа явуулахад тус болсон байж болзошгүй. Энэ гурав хэрэгт холбогдолгүй хэмээн мэдэгдэж буй. Хоёрдугаар сарын 8-ны баасан гарагт болсон шүүх хурлын шийдвэрээр Кобаг сулласан ч прокурор давж заалдсаны дараа хорионд хэвээр үлдээжээ.